СУДАЛААР ТӨЛӨГЧЛӨХҮЙ
Юман түрүү манхаг руугаа ухас дөхөс хийх нь сайн эмчийн шинж биш. Бүх өвчний дөрөөний нэг нь өөрөө эдгэж, дөрөвний нэг нь заслаар илааршиж, дөрөвний нэг нь эм тангаар эдгэрнэ. Үлдсэн дөрөвний нэг нь хүндэрсэн өвчин байх бөгөөд эдний нэг хэсэг нь эм, засал авахаас өнгөрсөн байдаг гэжээ.
Дөрвөн өвчтөний нэгэнд зөвхөн зөвлөгөө өгч, хоёр дахьд нь засал дом хийж, гурав дахийг эм тангаар эдгэрүүлж дөрөвдэхийг онцгойд үзэж түүнд бүх л арга ухаанаа уудлан, сэтгэл зүрхээ өвчтөний төлөө бүрнээ зориулах учиртай. Энэ эмгэг өвчинд ямар засал эмчилгээ хийх вэ? гэдгийг нарийвчлан тогтоох нь нэг ёсны эмчийн төлөгчлөл юм. Өвчтөнд идээ, ундаа, явдал мөр, зан заншлын зөвлөгөө өгөөд өвчин илаарших нь үү? Эсвэл хөнгөн заслаар өвчин эдгэрэх нь үү? Хэрэв тийм бол ямар заслыг хэдий хугацаанд хэрхэн яаж хийхийг урьдчилан тунгаан төлөвлөөд хийх ёстой. Эм тан өгөх болбоос улам нарийн төвөгтэй болох нь мэдээж. Наад зах нь халуун хаана байрласан эсвэл оронгүй халуун уу? Тийм бол яаж орогнуулах, ямар эмээр зам мөрийг нь оруулж тэрний дараа яаж арилгах зэрэг логик дараалалтай бодож төлөвлөх, төлөгчлөх болно. Тэгэхийн тулд судалаар төлөгчлөх уламжлалт арга, ухааныг мэдэх хэрэгтэй. Төлөгчлөх нь таван мах бодийн хуулинд түшиглэдэг. Энэ аргыг сайн эзэмшиж чадвал цаашдаа "Гайхамшигт долоон судал" буюу билэгдлийн судалаар оношлох, төлөгчлөх аргыг эзэмдэхийн анхны дөтлөл болно. Ном сударт тэмдэглэсэн Жанцан багшийн ярьсныг харьцуулан үзэж сийрүүлбэл:
Аль нэг эрхтэний судалд эмгэг мэдрэгдэж байвч эх мах бодийн эрхтэний судал бүрэн дүүрэн эзлэн дэлгэрч, хүү мах бодитой эрхтэний судал хэвийн байсаар завсрын 18 хоногийн дараа залган дэлгэрч нөхөр мах бодитой эрхтэний судал тогтвортой хэвийн, дайсан махбодитой эрхтэний судал дайрч үл дэлгэрвээс эмгэг өвчин өөрөө илааршина. Ийм хүнд идээ, ундаа, явдал мөр, сэтгэл санааны засал хийх хэрэгтэй. Аль нэг улиралд тухайн эрхтэний судал дэлгэрч байсан ч дайсан мах бодитой эрхтэний судал зэрэгцэн эрчимжиж байвал тэр улирлаас хүнд өвчнөөр өвчлөх буюу архаг өвчин нь сэдэрч үгдэрхийн дохио мөн. Ийм үед билэг талын судал нэг буюу хэд хэдэн оронд арга талаасаа суларсан байвал өвчлөх нь бүрч мадаггүй. Тухайн улиралд тэр эрхтэний судлын дэлгэрэлт хүү мах бодитой эрхтэний судал зэрэгцэн эрчимжвэл бие мах бодийн эрчим хүч сайн буйн шинж болой. Судалаар өвчний явц, хүндрэл, төгсгөлийг төлөгчлөхөөс гадна билэгдлийн-судал түших гэж бий.
Эцэг, эхийн судалын байдлаар хүүхдийх нь өвчнийг оношлох, хүүхдийнх нь судлыг түшин эцэг эхийн өвчнийг оношилдог. Эмч залахаар ирсэн улаачийн судалаар цаад хүний өвчнийг оношлодог байжээ. Биеийн амрыг бодож ийм юм байж болохгүй гээд харанхуй суух уу. Ийм боломж юунаас болдог вэ? гэж эрэл хайгуул хийж эргэцүүлж махаа идэж, ясаа нимгэлэх нь зөв үү?. Хүн гэдэг яс, мах цус, дүрс төдий юм биш. Орчлонт ертөнцийг тусгах арга нь ердөө танин мэдрэхүйч биш. Танин мэдэхүй нь зөвхөн мэдэрхүй оюун дүгнэлт ухамсараас өөр байж болохгүй гэж үү. Гадаад дотоод ертөнцийн бидний хүлээж авдаг цочруулаас доогуур түүнээс хавьгүй нарийн сэрээгүүр хуримталсаар цочроох босого хүртэл арвиждаг. Зохиолчид түүнээ онгодын танин мэдэхүй эсвэл мэдрэмж гэдэг. Босогоос доор түүнд хүртлээ хэдэн жил арвижиж мэдэх тийм нарийн мэдээллийг хүн хүлээн авах бүрэн боломжтой. Ингэхийн тулд дасгал сургууль хэрэгтэй. Өөрийн амин соронзон, амин цахилгаан, гэрлийн цацралын, хэт авиан, хэт гравитацын тэмтрүүлээ хөгжүүлж түүнийхээ эргэх мэдээллийг хүлээн авч, тэр гүн далдын билгийн түвшнээс нааш татан аргажуулж бидний ухамсарын түвшинд буулгаж сурах зэрэг урт удаан хугацааны нягт нямбай, тасралтгүй үргэлжилсэн итгэл бишрэлтэй хичээл зүтгэл хөдөлмөр хэрэгтэй.
Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос