СУДАЛААР ОНОШЛОХОД ТАВАН МАХБОДИЙН ХУУЛИНД ҮНДЭСЛЭХ НЬ
Нэг улирлаас нөгөө улирал руу шилжихэд хүний биеийн дотоод харьцаа өөрчлөгдөн хувьсаж тэр нь мөн судлаараа илэрдэг. Үлгэрлэвээс хавраас малын үс ноос хөндийрч, хөвсийж гуужсаар зунаас дахин ахар хатгаж ургаж, сэргэж өтгөрсөөр өвлийн эхлэхүй үеэс үс ноос нь гүйцэхийн ижил болой. Энэ өөрчлөлт нь нар, дэлхий, од гаргийн харилцан нөлөөллийн үр дүн. Арга-билгийн харилцан шилжих нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн тэтгэсний илрэл юм. Жилийн турш биеийн дотоод харилцаа нь бие биенээ тэтгэх, саатуулах үйлчлэлтэй байдаг. Тэр нь таван мах бодийн хуулинд захирагддаг. Тэгэхээр судас түшиж оношлох, өвчний явц, тавиланг тогтоох, хүний эрүүл мэнд, хийморь цог тухайн улиралд ямар саад тотгор тохиож болохыг урьдчилан мэдэхийн тулд таван мах бодийн хуулинд тулгуурлахаас сайн арга үгүй. Эмчийн хурууны өндөг нь газрын гүний эрдэнэ хайгч шиг хурц соргог мэдрэмжтэй байхын дээр уян хатан хөдөлгөөнтэй сэтгэх мэдрэмж, бясалгалаар алсын саланга, бутархай мэдээлэл, дохиоллыг сайтар тунгаан нэгтгэж нэг цогц үзэл дүгнэлт болгож суралтай. Улирал бүрт эрүүл харилцаат судал, эмгэг илааршихуй хялбар зөнт судал, эмгэг өвчин илааршин эдгэрэхүй бэрх ёрт гурван янз судалын аль нэг баригдана. Үүнийг ялгаж андалгүй таньдаг болохоос эхэлнэ. Судалын улирал бүрийн харилцааны өөрчлөлтийг ялгаж сурахын тулд
- Судалын дэлгэрэл гэж юу болох
- Цул, сав эрхтэний эх, хүү, нөхөр, дайсны харилцааг таван мах бодийн хуулийн дагуу мэдэх зэрэг суурь мэдлэг дадлага олж ав. Ингэж гэмээ нь дараачийн алхам хийх нөхцөл бололцоог олох нь тэрээ Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос