Сошиаль медиа бол зар сурталчилгааны хэрэгсэл биш
Сошиаль медиаг ашиглах гэж байгаа хэд хэдэн маркетеруудтай уулзлаа. Тэдний хамгийн түрүүнд асуудаг асуулт нь "Хэдэн хүнд хүргэж чадах вэ?" гэсэн нэгэн хэвийн л асуулт байх юм. Эсвэл энэ сурталчилгааг л олон хүнд хүргэчихмээр байна гэж тарни мэт давтдаг ганц үгтэй. Би та бүхэнд нэг л зүйлийг онцлон хэлмээр байна "Сошиаль медиа бол зар сурталчилгааны хэрэгсэл биш". Өдөр бүр зар сурталчилгаа үзэж, харж бухимдлаар дүүрэн байгаа хэрэглэгчдийг дахиж битгий бухимдуулах зүйл хийгээрэй. Дуртай кино, хэрэгтэй нэвтрүүлэг дундуур нь хүүхэд зочоон хүүхэн гарч ирээд юу яах гээд байгаа нь мэдэгдэхгүй чалчиж гарахад гөлийгөөд л хараад суугаад байдаг нь цөөхөн байх. Сувагаа солих эсвэл 00, хөргөгчрүү явах цаг болгож ашиглах нь мэдээж. Ухаандаа реклам гармагц солиод үзээд яваад байхад 2 суваг дээр 2 кино үзчих жишээтэй.
Асар их мэдээ мэдээлэлд дарагдсан цаг үеийн онцлогоос болоод ач холбогдол багатай зар сурталчилгаанаас улам бүр залхах хандлага бий болж байна. Тиймээс алсын хараатай бизнесменүүдийн үзэж байгаагаар зар сурталчилгаанаас PR-руу, ач холбогдолгүй рекламнаас хүнд хэрэгтэй агуулгаруу, нэг талт мэдээллээс харилцааруу гэсэн хандлага нь урт хугацааны үнэ цэнэтэй хэрэглэгчтэй болох стратеги болж байна.
Зар сурталчилгаа бол харилцаа биш нэг талт мэдээлэл. Сошиаль медиа бол харилцаа. Зар сурталчилгаа нь хүнийг хүсээгүй үед нь гэрт нь орж ирдэг зочинтой адил бол харин сошиаль медиа нь хүн хүссэн үедээ харилцаж мэдээ, мэдээлэл авах нээлттэй боломжийг бий болгосон харилцааны хэрэгсэл. Мэдээж галзуу хүн л биш бол гудамжны самбар, ТВ-ээс шууд юм асууж, тодруулж чадахгүй шүү дээ. Харин сошиаль медиа бол шууд харилцах боломжийг бий болгосоноороо бусад мэдээллийн сувгуудаас эрс ялгаатай юм. Тиймээс сошиаль медиаг мөн л буруу ашиглаж хэрэглэгчийн залхаасан талбар биш жинхэнэ харилцааны талбар болгож ашиглахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. Хамгийн сайн хамтрагчид хамгийн сайн ялагч байдагийн үлгэрээр туршлагатай байгууллагуудтай хамтарч сошиаль медиаг амжилттай удирдах зөвлөгөөг авч, төлөвлөж ажиллахыг зөвлөж байна.