Сонгуулиар би хэнд саналаа өгөх вэ?!
Хаа сайгүй л сонгуулийн уур амьсгал орж гэрт орж ирж гэр цэвэрлэхээс бусдыг л хийж эхлэж байх шиг байна. Зарим нь янз бүрийн ялих шалих зүйлээр ПР хийх гэж оролдож байхад зарим нь бодитой ажлуудыг хийж байна. Зарим нь баахан хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр үнэн худал нь мэдэгдэхгүй хар цагаан мэдээгээр булуулж, хардалт сэрдэлтээр шүршүүлж байхад зарим нь яг өөрийн гэсэнцахим хуудастай болж түүгээрээ дамжуулан үнэн бодитой үйл ажиллагаагаа тайлагнаж, олон нийтэд ил тод байж, ядаж л өөрийгөө хэн бэ гэдгээ олигтойхон тайлбарлачих жишээтэй.
"Сонгуулиар би ямар хүнд саналаа өгөх вэ" гэж бодож үзлээ.
ИЙМ ХҮНД САНАЛ ӨГНӨ
- Дүрэлзэж байгаа галын утаатай нь хөөцөлддөг биш, гал асаж байгаа газрыг олж унтраахын тулд ажилладаг. Асуудлын шинж тэмдэгүүдтэй зууралдаж хамаг мөнгө, цаг хугацаагаа үрдэг биш асуудлын уг суурийг олж үндсээр нь шийвдэрлэхийг зорьдог.
- Түр зуурын хүн уяраах бэлэг сэлт биш бодит бүтээн байгуулалт, хүний амьдралд наалдацтай ажлуудыг сэддэг, хийх гэж зорьдог хүнийг.
- Шийдлээ хүлээж буй олон асуудлууд дундаас шийдэж болох нэг асуудлыг ул суурьтайгаар барьж авч эрдэмтэн судлаач, залуус, сонгогчидтойгоо хамтран шийдвэрлэхүйц үндэсний хэмжээний хөтөлбөр гаргаж түүний тулд ажиллах. Жишээ нь: Хүний хөгжлийн мөнгөө нийлүүлж хувьцаат компани байгуулаад 100 гаруй хүнийг ажлын байртай болгосон туршлага бол маш сайн туршлага.
- Тодорхой зорилгын төлөө тууштай байж, үйл ажиллагаа, үзэл бодлоо ил тод тавьж чаддаг.
- Юм бүхэнд өөрийгөө харуулах гэсэн биш жижигхэн ч гэсэн асуудлыг ул суурьтай шийдвэрлэхийн төлөө ажилладаг хүнийг.
- Зарим нь мөнгөө юунд үрж, хүмүүст таалагдах гэж учраа олохгүй явж байхад зарим нь хүүхдүүдэд сургалт болтугай худалдаж авч өгч байх жишээтэй. Энэ бол бас болж л байна шүү дээ. Худлаа өөрийгөө магтаж байхаар хүүхдүүдэд хэрэгтэй мэдлэг худалдаад аваад өгчихвөл тэр чинь их буян шүү дээ. Яг иймэрхүү боломжийн санааг дэмжиж саяхан нэг сургууль дээр очиж "Мэргэжил сонголт"-ын талаар лекц уншлаа.
- Товчхондоо бол өөрөө супер хүн болох гэж оролддог биш, зөв зүйл санаачлаад хийгээд байгаа хүмүүсийг дэмждэг, судлаад боловсорчихсон мэргэдийн үгийг сонсоод хамтраад явж чаддаг хүмүүс.
ИЙМ ХҮНД САНАЛ ӨГӨХГҮЙ
- "Архигүй аймаг болно" гэх мэт ямар ч боломжгүй, хүүхэд хуурч байгаа мэт тэнэг ПР юмнууд хийгээд байгаа гарууд. Архи бол шинж тэмдэг болохоос асуудлын уг язгуур бол биш юм. "Архи уухгүй байцгаая" гэсэн уриа лоозон юуг ч өөрчилж чадахгүй. Тэрний оронд архи уудаг, ажилгүй 100 хүнийг цуглуулж 10 суманд 100 чулуун хороо бариулах үндэсний бүтээн байгуулалт эхлүүлэхэд л олон асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. Яагаад архи уугаад байгаа язгуур шалтгаанаа оношлохгүйгээр дэмий орилох дэмий.
- Яах гээд байгаа нь тодорхой биш, янз бүрийн л бүтэх бүтэхгүй санаа ч юм уу, судалгаа ч юм уу яриад л яваад байдаг, энд тэнд очиж зуух, нүүрсхэн гардуулж өөрийнхөө улаан нүүрийг хаа сайгүй харуулж ТВ-ийн камер харахаараа бялдуучлан инээмсэглэсэн өөр хүн болж, хүрз барьж ажилсаг хүн болж, камер явчихаар бүүр өөр хүн болдог гарууд.
ХҮСЭХ ЗҮЙЛ
Хүссэн ч, эс хүссэн ч сонгуулийн компанит ажил энээ тэрээ гээд тэрбумаар нь мөнгө урсгана. Тэр мөнгөө найр наадам, баас шээс, архидалт болох, өнөө маргаашийг аргацаасан зүйлд бага үрж үнэхээр хүний амьдралд үр дүн өгөхүйц бодит ажлын байр, бодит бүтээн байгуулалт, хүний амьдралд наалдацтай ажлуудад мөнгөө зориулаарай гэж хүсэх байна. Эцэст нь Та сэтгэсэн, бодсон, ярьсан, хийсэн бүх ҮЙЛИЙНХЭЭ ҮРИЙГ ЭДЛЭНЭ гэдгээ бүү мартаарай.