Сонголт хийх боломж
Надаас хэн ч хэзээ ч “чи жаргал зовлонгийн алийг нь сонгож авах вэ?” гэж асууж байгаагүйтэй адил манай жишээний хүнээс ч асуугаагүй.
Хүн эхийн хэвлийд биеийг олсон мөчөөс харьцангуй бие даах хүртэл нь түүний өмнөөс ээж аав, гэр бүлийнхэн нь сонголт хийчихнэ. Ойрын хүмүүсийн нь аж төрөх дадал зуршил шинэ хүний хувьд сонголтгүй сонголт болдог учир хүн бүхэн зөвхөн өөрийнхөө төлөө төдийгүй үр удмынхаа өмнө хариуцлага хүлээдгээ ухамсарлууштай.
Эрт дээр үед хүний амьдралын хэв маяг жам ёсны зөв бөгөөд байгалтайгаа зохицож чадаж байсан үеийн хүүхэд төрсөн цагаасаа үхэх хүртлээ зөв дадал зуршлын эрүүл үр дүнгээрээ энэ буухиаг цааш өртөөлөн дамжуулдаг байсан учир сонголтууд зөв үргэлжилдэг байжээ.
Гэтэл одоо байдал их өөр.
Хүний оролцоогүйгээр Байгал Эхийн бүтээсэн амьд бүтэн хүнсээ эрүүл мэндэд ашиггүй үхмэл болтол зугаа цэнгэлийн хэрэгсэл болгож чадсан нь мэдрэхүйн зургаан эрхтнээр дамжуулан мэдэрдэг “сайхан” гэгддэг таашаалд автсан түүх юм.
Зовлонгийн нэг шалтгаан шуналд өөрийгөө бат бэхээр хүлж баглаж чадсан явдал.
Өмнө нь болж бүтээд ирсэн зүйлээ яагаад тухайн үйлийн зорилгод нийцэхээ больтол нь аажмаар гажуудуулсныг энэ удаа авч үзэхээ больё.
Харин өнөө цагийн бодит байдал дээрээ л ярилцъя.
Эхийн хэвлийд байхдаа буруу сонголтод тулгагдсан хүн маань тэр л гэр бүлийн гишүүн болж мэндлэх тул өнөөх буруу зуршлын дунд буруу зөвийн тухай бодох боломжгүй өсөх нь гарцаагүй.
Цэцэрлэг, сургуулиар дамжин өсөхдөө ч мөн л тийм дадал зуршилтай орчинд.
Тиймээс одоо цагийн хүний хувьд ямар нэгэн байдлаар бие даан багахан ч болов шийдвэр гаргах чадвартай болсон цагаас сонголт хийх боломж, эрх чөлөө гарч ирдэг.
Аравхан жилийн өмнө зохимжтой хооллох – эрүүл байх хоёрын хамаарлыг хайхрах хүн тун ховор байсан бол одоо байдал тун хурдан сайжирч байна. Арга ч үгүй юм. Дэлхий даяар энэ хандлага 50 гаруй жилийн өмнөөс эхлэн аажмаар хүчээ авч байгаа нь ямар буруу замаар будаа тээж явсныхаа учрыг олж эхэлсэнтэй холбоотой. Байгалдаа тэрсэлж, жам ёсны байраа мэдэхгүй дураар дургивал мөхөх юм байна гэдгийг оюун ухаантайн хүчинд ойлгосон хэрэг. Ойлгохгүй байхын аргагүй зүй бус байдал нүүрлээд, бодож сэдсэн арга бүхэн нь үгүйсгэгдээд байхад ёстой л нөгөө цаг нь болно гэгчээр орой руу нь үнэн юм орохоос биш яах билээ?
Ертөнцийн жам ёсыг дагахгүй бол мөхөх аюул бодитойгоор нүүрлээд байхад!
Бидний жишээ болгон аваад байгаа өвчтэй хүн маань зовлонтой байгаа учир түүнээсээ салахыг маш ихээр хүсдэг нь мэдээж.
Тэр хүнд сонголт хийх боломж байхад, хийх юмыг нь зааж өгөөд, зөвлөөд байхад яагаад хүлээж авахгүй байна вэ?
Үр тарих, түүний жимсийг хураах тухай тайван, ул суурьтай эргэцүүлэхгүй байна. Өөрийнх нь ажил мэргэжлээс хол юм чинь энэ тухай бодож суух завгүй, бас гүн ухаан судлаач биш гэх мэт шалтаг олж өөрийгөө зөвтгөдөг.
Хүүхдэд багаас нь энэ тухай сэтгэлийн боловсрол олгодоггүй, дээр нь эцэг эх нь үлгэрлэж чаддаггүйн гай.
Буруу үйлээс зовлон үүсдгийг зөвшөөрч чадах атлаа ухаан орсон цагаас хийсэн үйл, түүний дотор иддэг ажлаа буруу гэх нь санаанд нь огт багтахгүй. Тэр ч байтугай зөв, буруугийн тухай бодож ч чадахгүй. Маш хүчтэй хамгаалалттай, нэвтрэх байтугай ойртох аргагүй бүсэд, өөрөөр хэлбэл зөв гэдэг төөрөгдөл дотор оршдог дадал зуршил юм.
Яагаад зөв гэж боддог вэ?