Сонголтын тухай
12 жил, 11 сар өмнө

Аливаа юм хоёр талтай. Амьдралын тухайд – жаргал, зовлон. Эндээс хэн ч зовлонг санаатайгаар сонгодоггүй. Гэтэл яагаад зовдог вэ? Зовж байна гэж боддог вэ?

Жаргал, зовлон хоёр нь ирээдүйд л байдаг, зүтгэж очоод авч болдог боодолтой юм биш. Үүсээд устчихдаг үр дагавар буюу жимс. Жаргалыг амтат жимс, зовлонг гашуун жимстэй зүйрлэж бодвол ямар жимсний үр суулганав, тийм л жимс боловсорно гэдгийг хэн ч мэднэ.

Зовоод байна гэдэг нь түүний үрийг л өөрөө байнга тарьж байгааг нь нотолдог. Өөрөөр хэлбэл өдөр тутам өөрийнх нь хийж байгаа үйл зовлонгийнх нь шалтгаан болоод байгааг амьдрал өөрт нь бодитойгоор мэдрүүлээд байхад огт ухаарахгүй, буруутныг зөвхөн гаднаас хайж, гэмийг бусдад тохож, өөрийгөө хохирогчоор төсөөлдөг. Ийм байхад байдал сайжрах боломж огт байхгүй.

Хүн өөрөө л өөрийнхөө зовлон жаргалын шалтгаан гэдгийг  оюун ухаанаараа хүлээн зөвшөөрөхөд тийм ч хэцүү биш.

Яг амьдралын өдөр тутмын дадал зуршил дээр ирэхэд байдал өөрөөр эргэдэг.

Судаснууд нь хатуураад, цусны даралт нь ихсэн амьсгааддаг болж, 30 кг илүү жинтэй тарган, дээр нь элэг, цөс муу, бөөр нь бас өвддөг тун их зовиуртай нэгэн хүнийг жишээ болгоё.  

Энэ хүн толинд өөрийгөө харах тоолондоо хурдан хөгширч байгаагаа анзаарна. Цагаан үс илт олширч, нөсөө сэвх нэмэгдэж, шарангуй туяатай арьс нь улам хуурайшин үрчийх нь сэтгэлийг нь гонсойлгох.

Тэрээр эм, эмчилгээнээс салж чаддаггүй ч байдал нэг их дээрдэхгүй. Судасны хагалгаа хийлгэхгүй бол тавилан муу гэх.

Ийм дүр зураг одоо хаана ч маш түгээмэл.

Энэ хүн ийм зовлонт байдлыг санаатай сонгоогүй.

Харин олон жилийн турш юу хийж, яаж амьдарсныг нь үзвэл, санаанд нь таарах юм ховорхон учир дандаа адгаж цухалддаг, санаа тавьж түгшихгүй асуудал байхгүй, бүгдийн өмнөөс зовсон амьтан, цагаан гурилан боов боорцог, элдэв амттанд нугасгүй дуртай, өтгөн кофе, тарган махгүйгээр амьдралыг төсөөлдөггүй, кола ундаанаас салахгүй, давс, чихрийн эрлэг, өлөн хоосон ч явна, гэдийж цүндийтлээ ч чихнэ. Ганцхан олдох амьдрал, олохыг олно, хүний иддэгийг идэж, өмсдгийг өмсөнө гээд л зүтгэнэ.

Давс, чихэр, өөх тосоо багасга, хар бор гурил, хивэг ид, хийжүүлсэн ундаа бүү уу, сайн ус уу, цагаан идээ ид, хөдөлж яв гэх мэтээр эмч нар зөвлөөд ч нэмэргүй, зурагтаар ярихыг үзэхгүй, ном хэвлэлийг бүр ч авч хэлэлцэхгүй. Эрүүл аж төрдөг гэх хүмүүсийг үнэнээсээ шоолно, өрөвдөнө, гаж юм гэнэ.

Хүн шиг идэж байгаад үхнэ, олигтойхон эмчилж үйлчилж чадахгүй байж хүний эрх чөлөөнд халдлаа, яасан үнэтэй эм тариа, оношлогоов, хүний зовлонгоор бизнес хийгээд гэх мэтээр бачимдана. Амьсгал нь улам л боогдоно.

Энэ зовлонт хүн яагаад ийм байдалтай байна вэ?

Хариулт:

Сонголт хийж чадахгүйгээс болжээ.