Парламент дахь “алга”…
13 жил, 1 сар өмнө

Ихэнх намуудын оюуны чадавхи, сэтгэлгээний түвшин дорой, үйл ажиллагааны нь зорилго, чиглэл, хувийн бизнес-эдийн засгийн ашиг сонирхолд идэгдсэний дээр улс төрийн арга ажиллагаа нь явган хэрүүл маргаан голлосон “гудамжны” шинж чанартайгаас шалтгаалаад Монголд парламент ёс ч сонгодог агуулгаараа аанай л алга!

            Монголын УИХ бол өнөөгийн бодот шинж чанараараа гадаадын хуулиудыг монгол хэлээр орчуулан монголоор муухан найруулсан “Орчуулгбн товчоо”, иэдгээр орчуудгын хуулиудыг хэлэлцэх аман “редакцийн газар”, тэгээд эцсийн шатандаа “Монгол улсын хууль” нэрээр батлах эрх эдлэгч “албан байгууллага” л юм. УИХ-ын “эрхэм гишүүд” нь мөнөө гадаадын “эх хууль”-уудыг үгчлэн орчуулах, нөгөөдүүлээрээ хэлэлцүүлэх, “орчуулга”-аа батлуулах, эцэст нь, монголд үйлчлэх хуулийн тоог нэмэх /тэр нь мөнгөгүй ард олонд л үйлчлэхээс бус мөнгөтэй хүнд үл үйлчилнэ!/ ажлыг л санаачилагчид /энэ тодорхойлолтын гадна цөөхөн гишүүн үлдэнэ!/ юм. Тэдний ихэнхи нь нийгмийн сэтгэлгээний болосролтой мэргэжлийн улстөрч ч биш, онол ч биш, судлаач ч биш, зүгээр л мөнгөөр сонгогчидынхоо саналыг худалдан авсан /Манай сонгуулийг бохир сонгууль, бохир улс төрийн босго гэдгийг бүх улстөрчид ярьдаг!/ улстөрийн дамчид, их л сайндаа популист чалчигчид байдаг. Тэд сонгуулийн сурталчилгааны хэд хоногт л “ард түмэн” гэдэг “хүмүүс”-ийг олж хардаг, нээрэн л амьдралд ийм амьтад байдаг гэдэгт үнэмшдэг, бусад цагт нь ор тас мартдаг. Харин парламентын танхимд өөр өөрсдийн хувийн эрх ашиг, “далд хэрэгцээ”-гээ хамгаалан улс төрийн явган хэрүүл хийх үед өөр өөрсдийн “нууцлагдмал” санааг хаацайлах аргумент болгон ашигладаг үг нь л “Ард түмэн” гэдэг үг болдог. Бусад цагтаа үргэлж боддог юм нь,- хувьдаа завших барилга объект, орд уурхай, төсөл, нууцлан ханцуйлах авлига, хөрөнгө мөнгө! Эдгээр учир шалтгаанаар УИХ хувийн эрх ашгийн зөрчлийн парламент, гудамжны хэрүүлийн парламент болов. Яагаад “гудамжны хэрүүлийн парламент” гэж цохож байна? гэвэл, энд нийгмийн шинжлэх ухаан, гүн ухаан, онол эшийн томъёолол, мэдээ, мэдээлэлд үндэслэгдсэн тооцоо судалгаа, нотолгоо дуулддаггүй, дан гудамжны хэрүүлийн үгс л дуулддаг. Зүй нь, хүний хөгжлийн диалектик, нийгэм-түүхийн философи утга агуулга, улстөр-эдийн засгийн шинжлэх ухааны ололт, дутагдалын асуудлаар “хэрэлддэг”, дэлхийн шинжлэх ухаан, утга соёлын онол эш, үзэл ойлголтыг улс орныхоо нийгмийн сэтгэлгээнд нэвтрүүлэх, амьдралд хэрэгжүүлэх оновчтой арга зам, үр ашигтай хувилбаруудын талаар мэдлэг, мэргэжлийн өндөр түвшинд санал солилцдог, ажил хэрэг болгодог, ард түмний ахуй амьжиргаанд практик ач тустай сэтгэлгээ уралдуулдаг байх ёстой бөгөөд тийм яриа мэтгэлцээнийг жинхэнэ маргаан буюу “үгийн үйл ажил” гэж нэрлэдэг.

            Үзэл, онолын зөрчлийн түвшиний санал зөрөлдөөн, өөр өөр философи томъёолол, жинхэнэ “үгийн ажил” бол ардчилсан нийгмийн улс төрийн сэтгэлгээнд байх нь зүй ёсны үзэгдэл, эерэг үр дүнд хүргэдэг талархууштай үзэгдэл!Нэг талаас, шинжлэх ухааны онол, баримтлал, нөгөө талаас, амьдралын гүнзгий мэдлэг, мэдээлэлд суурилсан сэтгэлгээний маргаанаас жинхэнэ зөв, цагаа олсон шийд, бодот үнэний плюрал дүгнэлт гарна. Гарсан шийдвэр ч нийгмийн эдийн засгийн өсөлтийг мэдэгдэхүйц хангаж, ард түмний, өрх гэрийн амьдралыг эрс дээшлүүлнэ. Харамсалтай нь, Монголын парламентад тийм өндөр үр дүнтэй маргаан явуулах, интенсив “үгийн ажил” гүйцэтгэх нэгдсэн үзэл, эш онол, эрх ашгийн цул нэгдэл алга! Парламент дотроо хурц зөрчилтэй, үнэнхээр эвлэршгүй эрх ашгийн хагаралтай нь юунаас харагдана? гэвэл, УИХ-ын эрхэмсэг гишүүд аман дээрээ “Ардчилал”, “Ард түмний амьдрал” гэж нэгэн амаар бие биеэсээ чанга хашгичив ч өмч хөрөнгө, ашиг завшааны боломж олгогч төр-бизнесийн олигархи дотор эрх мэдлийн нүдийг ухах нь холгүй хуруугаараа чичиж, эхнэрээ ч юм уу “нууц эм”-ээ ч юм уу харамлалцаж буйгаас ялгаагүй хэрэлдэж зодолдоцгоодогоос нь илт харагдана. Харин нэг нууц “нэгдэл”, үнэн “зөвшилцөл” далдуур оршиж буй нь илэрдэг. Юу гэвэл, парламентын танхимд хичнээн ширүүн тэмцэл өрнөлөө гэсэн “Авлига” гэдэг үгэнд хүрээд, цаашаа “Эзэн” гэдэг, бараг бүгдэд нь айдас, чичрүүдэс төрүүлэгч үгэнд очмогцоо, “Авлигын эзэн”-ий нэрийг цохох, нийтэд батлах эгзэгт хязгаар тулмагцаа бүгд дуугаа хурааж, хэлээ хазаж, бүгдийн нь ам ямар нэг үл үзэгдэх гараар үдэгдэж, бүгдээрээ ямар нэг үл харагдах “бэрээ”-гээр гөвшүүлэх мэт нүдээ бүлтэгнүүлж эхэлдэг. Энэ ончид л УИХ үнэнхээр “нэгдмэл” бодол, зөрчилгүй “зөвшилцөл”, эвдэршгүй цул үйл ажиллагаатай “ажилладаг”.

“Авлигын эзэн”-ийг тодруулах, нийгэмд зарлах шаардлагын “чимээгүй цэг” дээр л УИХ нэг инстинкт, нийтлэг ойлголт нь ижил сэрэхүйд жолоодуулж, Парламентын ч, Засгийн газрын ч гишүүдийн “харилцан ойлголцол” илэрч, “Тэгж болохгүй шүү!” гэх “Болохгүй”-н хар мэдрэмж нь авиоматаар ажиллаж эхэлдэг нь ч ард түмэнд ил болов.

Ард түмэн дараах дүгнэлтийг хийж байна:

  • Монголын Парламент болон Гүйцэтгэх засаглал дахь эрх мэдэл, албан тушаалын хүрээлэл нь Монголын хууль үл үйлчлэх том том бизнесийн хаалттай орчин: Төр Бизнес хоёрын үл илрэх “далд нэгдэл”-ийн нягт сүлжээ;
  • Монголын Төр, Бизнесийн сүлжээн доторхи том өмчийн эзэд, эрх мэдэлтнүүд л бие биедээ авлига өгөгчид бөгөөд авагчид;
  • Хоногийн хоолтой үгүйтэй амь зууж буй ард иргэд /ард түмэн/-эд авлига өгөх ч, авах ч хөрөнгө мөнгө, нөхцөл бололцоо өчүүхэн ч байхгүй;

PS:

            Өгүүлсэн үзэл бодол, сэтгэмж, зарим дүгнэлтүүдтэй санаа зөрөх, маргах, үл зөвшөөрөх уншигчид, мэргэд олон байж болох ч эл бодол, эргэцүүлэл нь Монголын цорын ганц шинжлэх ухаанч онолтой, ариун гэгээн, ард түмэнч үйл ажиллагаатай хөдөлгөөн болох “Бодь сэтгэл, Эв хамт ёс”-Ганцаарчилсан Хөдөлгөөний үзэл бодлын товчлол гэдгийг сануулахыг хүснэм. “Амьдрал бол нүгэлтнүүдийн диваажин!” гэдэг үгийг дуулаагүй, дуулсан ч итгэдэггүй хүн дэлхийд бий бол АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш шиг, Монголд дөрөвхөн цаг саатаад Монголын нийгмийн амьдралыг зэрвэсхэн ажиглахад л Монгол дахь “Ардчилал”, “Хүний эрх”, “Чөлөөт зах зээл” гэгч зөвхөн нүгэлтнүүдийн л диваажин, харин жинхэнэ хөдөлмөрч, ариун шудрага, дээд оюунлаг, бүтээлч ард иргэдийн нь хувьд бол “үзүүртээ гэрэлгүй хүйтэн хонгил” байгааг төвөггүй мэдэх болно. Тэгээд нүдэндээ ил үнэнд үнэмшихгүйгээс аргагүйд тулаад, “Монголын ард түмээн! Монгол дахь “Мөнгөний ардчилал”-ын цаасан малгайн “Шоу гядбаа”-нд хууртаж өвлийн тэнгэр мэт бүү дуугай үүлшигтүн! Харин нийгмийнхээ баялгийг хүн бүрт адил жигд хуваарилан хүртээгч, хүний оюун сэтгэлийн хөгжлийг хүн бүрт адил тэгш хангагч жинхэнэ ардчилсан, хүмүүнлэг нийгмийн харилцааны ялалтын төлөө ухамсарт хүчин зүтгэлийнхээ аугаа, далд цэнэгийн аянга цахилгааныг зуны зузаан бараан үүлт тэнгэр мэт гилбүүлэн нижигнүүлэгтүн!” хэмээн захих нь лав буй за!

 

2006 нэгдүгээр, хоёрдугаар сар

Алтан тэвшийн хөндий

Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос