ОЛОН ХҮНИЙ АМЬДРАЛД ДУТАГДАХ АМЬДРАЛ Л ХАМГИЙН ҮНЭТЭЙ, САЙХАН АМЬДРАЛ /”Яруу сэтгэгч” сонины редакцийн асуултанд өгсөн хариулт/
13 жил, 1 сар өмнө

Таны амьдралын хамгийн үнэт зүйл юу вэ?

-Ер нь хүний амьдралын хамгийн үнэт зүйл гэвэл, хүмүүст тус бүтээх чадвар юм. Үүнд:

-Өвдсөнийг эдгээх;

-Ядарсныг тэтгэж баярлуулах;

-Хүний сэтгэл дэх хорын үндсийг таслах; Өөрөөр хэлбэл, гэгээрүүлэх.Миний хувьд гэвэл, дээр дурьдсаныг ухаарсан ухаарал минь надад үнэтэй.Бас сачий төдийлөн хүрэхгүй ч тэдгээрээс санаа гажилгүй хичээн зүтгэдэг өдөр тутмын минь хөдөлмөр миний амьдралын гол үнэт зүйл гэж боддог.

 

Таны нэг өдрийн амьдралын хэмнэл…24 цагийг хэрхэн хуваарилж ашиглавал хамгийн шилдэг ашиглалт болох вэ? /Залуучуудад хандаж/

            -Өдөр шөнийн цагийг хэрхэн хуваарилж ашиглавал хамгийн зохистой болох талаар залуучуудад хандаж бодоход сайн амарч, их ажиллах хэрэгтэй!” Их ажиллах” гэдэг зарцуулсан цагийн хэмжээ, уртыг хэлж байгаа юм биш, үр дүнгийн нь түвшин гэдгийг ойлгох бизээ. Тав тухтай, амгалан бөх унтаад, үлдэх цагийг бүтээлч хөдөлмөрт үр ашиг сайтай өнгөрөөхийг л цагийн хамгийн зөв ашиглалт гэж хэлж болох юм.  Миний хувьд бол, өглөө 7 цагийн орчимд орноосоо босдог. Бүтэн цаг шахам сэрэхүй, мэдрэхүйгээ сэргээх энгийн иллэг, биеийн хөдөлгөөний дасгал хийдэг. Цайгаа уучихаад Эрдэмийн шар Манзушири, Эгшигт охин тэнгэр Янжинлхамд залбирал өдүүлж, зүрхэн тарнийг нь уншдаг. Монгол зурхайн ухаанд тогтоосноор, надтай хамт төрсөн Бурхан Цэвэгмид, үйл бүтээгч Бурхан минь болох Жамбал бурхан, миний мэнгэний Бурхан Оиоч Маналад бие хаа ажил үйлсээ даатгаж залбирдаг.

            Тэгээд хоногийн нар сарны ихэнхи хугацааг голдуу элдэв юм бодох, бодогдсон санагдсаныг бичих, ном сонин уншихад зориулдаг. Би ямар ч ажил сураагүй, юу ч хийж чаддагүй болохоор гэр орныхоо ажилд туслана гэж хүний урманд байдаггүй ёстой өөдгүй гэрийн эзэн ш дээ. Орой гэх юм уу, шөнө гэх юмуу 23 цагийн хавьд хажуулдаг. Илүү цагаар суухыг хөгшин маань хорьдог юм.

 

Хамгийн сайхан амьдрал гэж ямар амьдралыг хэлэх вэ?

            -Тогтмол цагт бага идэх; биед ээлтэй хувцас өмсөх; - их зөв амьдрал! Зөв амьдрал л сайхан амьдрал шүү дээ. Дээр нь нэг чухал юмыг заавал нэмэх нь зөв. Юу гэвэл, алжаал, чилүүрийн “амт”-ыг мэдэртлээ шахуу, шудрага хөдөлмөрлөж, аль болох олон хүний, чадаж гэмээнэ бүх хүн төрлөгтөнд амьддаа хэрэгтэй, үхсэн хойноо их үгүйлэгдэх бүн байх амьдрал л хамгийн сайхан амьдрал гэж ойлгож амьдрах хэрэгтэй! Товчдоо, хамгийн олон хүний амьдралд дутагдах амьдрал л хамгийн үнэтэй, сайхан амьдрал юм. өмсөж эдэлсэн нь үнэтэй, сайхан юм байх бус, өөрөө харин үнэтэй, бусдаар төгөлдөр ариун хүн байж чадсан хүний амьдрал л хамгийн гоосайхан амьдрал байх болно.

 

 

Амьдралд хөл тавьж буй залуус бидэнд  “яаж амьдарвал дээр вэ?” гэдгийг хэлж өгөөч!

            -Юуны өмнө хоёр… ердөө хоёрхон юмыг л чадаж амьдарвал сайн. Нэгд, Ямар нэг ажлыг хар бор, шар цагаан гэлгүй хүнээс илүү хийж сурах;Хоёрт, эрдэм номыг бас хүнээс илүү сурах; Хүний амьдрал гэдэг, үндсэндээ, энэ хоёр л шүү дээ.Амраас эхлээд хэцүүд нь заавал хүр! Хэцүүг заавал тэвчиж дав! Цаана нь илүү сайхан ирээдүй харагдана; Сурахаас болон хийхээс үл уйдах, сайхан, бодол сэтгэлээр үл дутах хоёр л хүнийг Бурхан болгодог “нууц” юм.

 

Хүн бүрт сайхан амьдрах боломж бий юу? Байхгүй бол яагаад? Байдаг бол ямар боломж?

            -Боломж бий! Түүн шиг элбэг, үнэ өртөггүй олдох юм байхгүй! Өөрт хэрэг болох хэмжээнээс илүү эд баялагт шунах сэтгэлээ дарах гэгээрэл! Гэгээрэл л хүн тайван сайхан амьдрах байтугай тайван сайхан үхэх боломж юм. Гэхдээ “элбэг юм”-ыг олоход амаргүй, тун хэцүү болжээ. Яагаад гэвэл, түүнийг өнөөдөр бараг “байхгүй”, “боломжгүй” юм мэт болгочихож! Юу тийм болгочихов? гэвэл, зах зээлийн бус нийгмийн харилцааны “хөдөлгөгч хүч”-өмч хөрөнгийн сэтгэхүй!

 

Монгол хөгжилтэй орон мөн үү? Хөгжилтэй орон мөн бол юугаар нь хөгжилтэй гэж үзэх вэ? Хөгжилгүй бол яаж хөгжүүлж болох вэ?

            -Алив улс орны хөгжлийг бодтой тодорхойлох гуравхан зөв үзүүлэлт бий. Юу гэвэл, нийгмийн баялаг бүтээх эдийн засгийн дотоод хүчин чадал; тусгаар тогтнолоо биеэ даан хамгаалж чадах чадвар; ард түмний нь амьдралын гоо сайхан; Хүний амьдралын гоо сайханд би хүмүүсийн оюун санааны өндөр хөгжил, бүтээлч хөдөлмөрийн идэвхи, сэтгэлийн гэгээрэл буюу хүн бурханших үйл явцын эрчимжилтийг оруулан ойлгож байна. Энэ ойлголтоороо дүгнэхээр, эх орон минь хөгжилтэй орон биш, асар хөөрхийлөлтэй орон санагддаг. Энэ гунигт үнэнд хамгийн түрүүний том буруугийн ялыг өөртөө л тулгахаас өөр хэн рүү ч түлхэх вэ дээ. Яаж хөгжих вэ?

            -Эхний нилээд хэдэн жилдээ 7 хоногт хоёр амралтын өдөртэй жаргах бус сардаа хоёр өдөр л амардаг “зовлонтой” хөдөлмөрч ард түмэн байх;

            -Хүүхэд багачуудаа хоногт 20 цаг эрхлүүлэх бус 10 цаг хичээл давтуулдаг, ном уншуулдаг, таарсан таарсан ажлыг нь заавал хийлгүүлдэг эцэг эх, гэр бүл байх;

            -“Шар” сонин уншдаг, “Шоу” эргүүлдэг өнөөгийн сармагчин сэтгэлгээг Гегель, Толстой, Маркс, Буддаг уншдаг, Шекспир, Ибсен, Сартр, Урианхайн /инээв/ жүжгүүдэд үхэлддэг, Бетховен, Чайковскийн симфони, Верди, Пуччинийн дуурь сонгох гэж нойргүй хонодог боловсролын сэтгэлгээнд дэвшүүлэх;  Ер нь алив улс орны хөгжил гэдэг юуны өмнө хүний л хөгжил юм. Хүн дээдээр бурханших үйл явцын гүнзгийрэл л хүний хөгжлийг тодорхойлно.

 

Та өөрийнхөө боловсруулсан үзэл онолын талаар?

            -Би 1980 оны сүүл хавиас нэг “өөртөө таарсан юм” боддог болсон юм. эгэхэд эх орон маань арай ч өнөөдрийнх шигээ ийм замбараагүй, эмгэнэлтэй, уруудангуй биш, гэхдээ эдийн засгийн хувьд аанай л бусад ах дүү социалист орнуудаас хоцрогдмол орон байлаа. Эдийн засгийн маань хөгжил, дэвшил ЗХУ болон СЭВ-ийн гишүүн орнуудаас хараат, бүх машин-механизм, тоног төхөөрөмжийг яг л өнөөдөрийнх шигээ гадаадаас импортолдог байсан. Гэхдээ бүх хэрэглээгээрээ импортын боол байгаагүй, гурил, мах, талх, боов, төмс байцаа, манжин сонгино зэрэг хүнсний ногоо, зарим гутал хувцасныхаа хэрэгцээг үндэснийхээ үйлдвэрүүдээр хангачихдаг, мал аж ахуйнхаа бүх түүхий эдийг дотооддоо боловсруулчихдаг, эмнэлэг, боловсролын үйлчилгээг төр засаг үнэ төлбөргүй даадаг, амьдрал ахуйг бүрэн хариуцдаг, тиймээс ч монголчууд өөрсдийгөө бусдын боол бус, хүнээс доргүй хүн гэж үзэж толгой гэдгэр, харц дээгүүр явдаг ард түмэн байлаа.  Тэгэвч толгойд минь нэг яршигтай бодол цөхрөлгүй орогнодог болчихсон байсан.Юу гэвэл, Монгол маань эдийн засгийн хувьд бүхий л түүхийнхээ урт замд дандаа гадаадаас хараат явж ирсэн нь, үйлдвэрлэл бие дааж хөгжиж чаддаггүй заавал бусдын зээл тусламж, хөрөнгө хүч горьдож нүүрээ улалзуулж явдаг нь нэг айхтар “далд” учиртай, тэр нь, – Монголчууд бид сэтгэлгээний хувьд “тусгаар тогтнож” чадаагүй, ертөнцийг болоод нийгэм хүний амьдралын утга зорилгыг өөрийнхөөрөө үзэх биеэ даасан үндэсний гүн ухааны суурь үзэл, онолгүй ард түмэн юм байна; ертөнц нийгмийн үйл явцад өөрийнхөөрөө хандах үндэсний өвөрмөц онолын тогтолцоогүй учраас эдийн засгийн болоод улс төрийн сэтгэлгээний хувьд “тусгаар тогтнож” чадахгүй, хөгжиж ч бас чадахгүй, түүхэн туршаа бусдаас хараат оршиж, бусдын амаар “будаа идээд” байна!гэсэн бодол иолгойд орж ирээд амраахгүй болсон. Тэгээд тийм үндэсний биеэ даасан сэтгэлгээний философи систем боловсруулъя! гэж зориглож шийдээд бичгийн ширээний буг болж эхэлсэн л дээ.Энэ зорилго, харамсалтай нь биелэгдэхгүй зорилго байх л даа. “Тэнэгийн санаа үдээс хойш!” гэгчээр хэтэрхий орой, бараг өтөлсөн хойноо ийм утопи санаа санаж л дээ би! Гэвч, яахав, зүгээр зүүдлээд хэвтсэнгүй, нийгмийн хөгжлийн болоод хүний амьдралын мөн чанарын талаар өрийнхөө бодол сэтгэмжийг эмхлэн нилээд өгүүлэл, бодрол, трактат бичсэн. Түүнийгээ “Зэндмэнэ онол” гэж системээр нь нэрлэсэн. Эхний дэвтэр нь 2000 онд хэвлэгдсэн. Хоёрдугаар дэвтэр нь энэ оны сүүлээр ч юм уу, ирэх оны эхээр хэвлэгдэж уншигчидын гарт очих байх. Хоёр дэвтрийг маань хоёуланг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Оюуны өмчийн газар” ивээн тэтгэж, нийтийн хүртээл болгож байгаа юм. Гуравдугаар дэвтэр нь одоо ширээний минь шургуулганд гар бичмэлээрээ хэвтэж байна. “Монголын нийгмийн хөгжлийн философи сэдвүүд” гэсэн нэртэй юм. Эдгээр нь миний дан нийгмийн хөгжлийн талаархи үзэл бодлууд маань юм. Харин цэвэр мэргэжлийн чиглэлтэй трансцендент сэтгэмжүүдээ “Үр-эх”, “Үр-чанар”-ын философи гэж нэрлэсэн. Эхний дэвтэр нь “Хүмүүн оршихуйн үндэсүүдийн метафизик эргэцүүлэл” нэртэйгээр “Адмон” хэвлэлийн газраас 2004 онд хэвлэгдсэн. Зарагдаад дууссан шиг байна лээ. Хоёрдугаар дэвтэр нь “Философийн суулгацууд” нэртэй. Бүрэн болох яагаа ч үгүй, сурагчийн дэвтэр шиг нимгэхэн хэдэн хуудас эрээсэн юм ширээний мухарт намайг ичээгээд л шалчийж хэвтээ харагддаг юм.

 

Та хүмүүст хандаж ямар ном уншихыг зөвлөх вэ? Тодорхой ном нэрлэвэл?

            -Юуны өмнө, мэргэжил мэргэжилийнхээ сонгодог төлөөлөгчидийн бүх бүтээлийг нэвтэрхий судалж унших ёстой доо. Дээр нь, дэлхийн сонгодог философичид, гүн ухаантнууд,-Аристотель, Платон, Гегель, Кант, Шопенхуар, Ницше, Кунз, Будда, Зонхова гээд өдий төдий мэргэдийн ботиуд, Монголын психотроникийн хүрээлэнгээс эрхлэн гаргэж буй оккульт, эзотерик ухааны цувралууд, Улаанбаатар хот дахь “Их хөлгөний уламжлалыг хадгалах төв”-ийн цувралууд, “Агнистийн гэгээ” цувралын гарын авлагууд, Монголын шашны эрдэмт гавж, хуврагуудын орчуулсан “Найман мянгат их хөлгөн судар”, “Хутагт дээд Алтангэрэлт сударнугуудын хаан”, “Очироор огтлогч”/”Доржзодва”, “Их бодь мөрийн зэрэг”, “Бодь мөрийн зэрэг”, “Богдосын ном цагаан лянхуа” тэргүүт их судар шаштирууд, байгалийн болоод нийгмийн улс төр –эдийн засгийн шинжлэх ухааны онол-практикийн сонгодог сэтгэлгээний туурвилууд, за тэгээд, урлаг, уран зохиолын салбарын хувьд бол зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын гаргасан унших ёстой номын жагсаалтанд орсон номуудыг уншихад хангалттай байх. Г.Аюурзаны шүүсэн “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил”, “2х2=6 буюу суут жаран сэтгэгчид”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид” гэсэн номууд бий. Эдгээр номоор хөтөч хийхэд газардахгүй!

 

Таны хэлэх дуртай болон байнга бодож явдаг үг тань юу вэ?

            -Дандаа хэлээд байдаг, хэвшсэн, заншсан үг цээжинд тогтоогүй юм шиг байна. Харин байнга биш гэхэд олонтоо бодогддог үг гэвэл бий. Залуу явахад минь, “Ганга нь мухар болохоос газар нь мухар биш!” гэдэг үг сав л хийвэл бодогддог, хүнд ч аягүй бол хэлчихдэг байлаа. Одоо больсон доо. Одоо “Уулын давааг давж болно, үйлийн давааг /үрийг/ давж болохгүй!” гэдэг үг л толгойд их эргэлддэг болжээ.

 

Та өөрийн шүлэг, яруу найргаас нэгийг сонгон манай сонинд нийтлүүлнэ үү!

            -Энэ чинь үнэхээр магнай тэнийлгэсэн сайхан тус байна. Гялайлаа. Саяхан хэвлэгдсэн “Огтлолцохуй…” номын минь шүлэг юм.

 

МОНГОЛЫН ЧУЛУУ

Аргал шиг хөх чулуу…

Энэ чулуу, -цагаас ах чулуу!

 

Гэрэл шиг гэгээн чулуу…

Энэ чулуу,-Бурханаас гэмгүй чулуу!

 

Нулимс шиг дуугай чулуу…

Энэ чулуу,-үгнээс минь үнэн чулуу!

 

Хүүхдийн амьсгаа шиг энхэр чулуу…

Энэ чулуу,-хүүгийн минь зулайнаас эмзэг чулуу!

 

Хүний толгой шиг үнэтэй чулуу…

Энэ чулуу,-Монголын чулуу!

Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос