ОДОО ХҮН ТӨРЛӨХТӨНД ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ БИШ АВРАЛ ХЭРЭГТЭЙ. АВРАЛ,-МАТЕРИАЛЛАГ ХЭРЭГЛЭЭГЭЭ УХААЛГААР БАГАСГАХ, ГАЗАР ДЭЛХИЙГЭЭ БҮРЭЛГЭГЧ ТЕХНИК-ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙН ХУРДАЦААС ТАТГАЛЗАХ ГЭГЭЭРЛИЙН ҮЙЛ ЯВЦ! /”Үнэн” сонины сурвалжлагч, зохиолч, яруу найраг
-Таны уран бүтээлийн олз омог их үү.Ямар уран бүтээл туурвиж сууна даа?
-Релятив түүхэн сэтгэмжит дөрвөн дэвтэр, диалаг-роман жонхууруулаад сууж байна. Би болхидуу болохоор бараг таван жил зууралдаж байна. 2012 онд дуусчих санаатай. “Монголын нийгмийн хөгжлийн филочофи сэдвүүд” гэдэг нийгэм-философийн сэтгэмжит ном, “Огтлолцохуй-II буюу Монголоосоо Монгол уруугаа” яруу найргийн түүвэр бэлтгэж байна.
-Та завгүй байх дуртай юу?
-Чамайг асуухаар сая бодох нь ээ, дуртай дургүйгээ ер бодож ч байсангүй, өөрөөсөө асууж ч байсангүй өтөлчихсөн байна шүү. Дандаа завгүй өнжсөөр “завгүй амьдрал”-д дасчихжээ. Бүр заншил болчихдог юм байна.
-Дандаа алхдаг. Тэр үед юу бодож явдаг вэ. Хажуугаараа өнгөрсөн хүнээ хардаг уу?
-Бодох үе ч зөндөө, бодохгүй үе ч зөндөө л дөө.Ерөнхийдөө бол, гудамжаар явахдаа голдуу доошоо хараад, амандаа тарни уншиж явдаг. Эрдмийн шар Манзушир, эгшигт охин тэнгэр Янжинлхамын зүрхэн тарни, бас манганий Бурханыхаа тарнийг уншдаг. Миний мэнгэний Бурхан Оточ Манала. Хажуугаараа өнгөрсөн хүнийг харах ч тохиолдол бий, харахгүй ч тохиол бий. Хэрэв таньдаг хүн тааралдвал заавал мэндэлдэг. Хэдийгээр ариун цэвэрт таарахгүй, буруу ч гэсэн дандаа гар барьдаг. Ярьж дуустал нь үгийг нь заавал сонсож зогсож байгаад салж явдаг.
-Та найргийн онгодоо үргэлж халаасалж явдаг уу?
-Үгүй.Халаас минь үргэлж хоосон явдаг.Найргийн онгод үргэмтгий, хулжимтгай юм шиг санагддаг. Надтай цуг байдаг, намайгтоож нөхөрлөдөг хугацаа нь маш охор, хэдэн хором, мөчөөр л хязгаарлагдана. Гэхдээ тэр намайг насан турш минь туршаад л, тоглоод л амар заяа үзүүлэхгүй оролдоод л байгаа “амьтан”. Хэдийгээр сэтгэл буруулаад хаяад явчихдаггүй ч би заримдаа гологддог байх аа.
-Үс сахлаа ургуулаад олон жил болж байна. Хэн нэгнийг дуурайсан тал бий юу?
-Аав ээжээс төрүүлснээрээ л байгаа нь энэ юм. Гадаад төрхөөрөө дуурайгаад байж болдогсон бол дуураймаар улс ч зөндөө байна л даа.К.Маркс, Л.Толстой, Будда, Ечүч, Чингис хаан гээд үс, сахалтай улсууд олон.
-Социализмын үед хэн нэгэнд тал засч бялдуучлан, гарыг нь хүндрүүлж байсан удаа бий юу?
-Социалист төр бол жинхэнэ ард түмний төр шүү дээ.Захиргааддаг, хүнийг хүчтэй шахаж шаарддаг, хянаж шалгадаг хатуу зарчимтай ч /диктатуртай ч гэж ойлгож болно/ ард түмнээ өлсгөдөггүй, өвдөхөд халаасыг нь хоосолж дарамталдаггүй, авлига, хахууль авалгүйгээр үйлчилдэг, эмыг нь “хазаарладаг” ч гудамжинд эзэнгүй хаяж “золбин нохойн эрх чөлөө”-гөөр хуурдаггүй, ард түмнийхээ жинхэнэ “Эцэг төр” байсан. Социалист төр бол өөрөө өөртөө хяналт шалгалттай, “Өөрийн шүүмжлэл”-тэй, ингэхээр чанд өндөр хариуцлагатай, ард түмнээсээ айдаг төр. Өнөөгийн бохир, хувийн өмчит харилцааны төр, засаг шиг хувийн өмч, хуримтлалт цөөнхийг л зөвхөн хүн гэж үздэг биш, ард түмнээ алаг балаггүй “Хүн” гэж үздэг, хайрладаг, тийм ардчилсан төр шүү дээ. Социалист харилцаанд хэн нэгэн хэн нэгнийг бялдуучлах, гарыг нь хүндрүүлэх тухай сэтгэлгээ хүмүүст үүсэх нийгмийн болоод хувийн амьдралын орчин нөхцөл угаас байхгүй юм. Социализм бол жинхэнэ ариун, хүнлэг, эдийн засгийн агуулга, чиглэлээрээ хамгийн зөв, дээд ардчиллын нийгэм.Далимд залуустаа, хойч үеийнхэндээ баттай хэлэхэд, хүн төрлөхтөний нийгэмшил, ирээдүй хийгээд ирээдүйн загвар бол зөвхөн социализм шүү.
-Та өөрийнхөө хүчинд хэр итгэдэг вэ?
-Зарим өдөр үнэхээр итгэдэг, зарим өдөр үнэхээр эргэлздэг. Тогтвор муухантай л байгаад байдаг юм.
-Орчлонг өөрийнхөөрөө харж амжихын тулд далавчтай байсан бол гэж бодож үзсэн үү?
-“Шувууд шиг далавчтай байсан бол ямар гоё байх бол?”гэж бүр жаахан байхдаа боддог байсан шүү.Хүүхдийн толгойд сонин, гэнэн, өхөөрдмөөр тэнэг бодол их төрдөг шүү дээ. “Энэ хадны цаана юу байгаа бол, харахсан. Тэр, тэртээх хөх уулын ойр тойронд дандаа харагддаг уйтгартай юмсаас өөр сонирхолтой, гоё гоё юм тэр оргилоос харагдах ч юм бил үү, тийм юм үзэх юмсан” гэж, гэрийнхээ хаяанд суугаад, эсвэл хурга, ишигнийхээ пүнзийг налж зогсоод тэнгэрээр нисч яваа шувуу хараад бодлогоширч ажлаа хийхээ мартаж алмайраад, аав ээждээ аашоууодаг л байлаа. “Далавчтай болоосой” гэсэн бодох бодол одоо ч хааяа төрөх л юм. Хүний амьдрал, ертөнцийн ахуй явдал, бидний аж төрөл дэх үнэн худлын давтамж, үхэх-төрөхөөс эхлээд үүсэх-устахын завсархи үйл явц их сонирхолгүй, заримдаа ямар ч утгагүй, үр дүнгүй, уйтгар төрж уйлмаар санагдах, бас үе үе тэгж харагдах өдөр өдий насанд олон л тохиолдох юм байна шүү дээ. Гэхдээ энд би нэг үнэнийг /миний хувьд л үнэн шүү дээ/ хэлэх ёстой болчихлоо. Юу гэвэл, хүний амьдрал хаа ч ерөнхийдөө адил. Монголд ч, Америкт ч, Швейцарьт ч нар ижил, сар ижил, чулуу ижил, ус ижил, цас ижил, салхи шуурга, шороо тоос ижил. Хаа ч адилхан л өнөө манай дэлхий шүү дээ. Хаа ч адилхан өнөөх л “хоёр хөлтэй, хохимой толгойтой”-той хүн хэмээгч тэнэг бүрэлгэгчид л ямар нэг юм хийгээд л, хаа нэг тийш яараад л, хуралдаад л, хэрэлдээд л, Бурханы бүтээл:-газар дэлхийгээ өрөмдөөд л, хоослоод л, ухсан сүйтгэснээ хаа нэг тийш зөөгөөд л,над шиг нэг тэнэг нь энэ бүгдийг хөхиүлж ном зохиол эрээчээд л, хаа нэгтээ нэг нь хэн нэгнээ алаад л, шоронд ороод л, хар тамхи татаад л, үнсэлцээд л, архидаад л, загас наадуулаад л, барилга байшин овоолоод л, хог новш хуримтлуулаад л,зам гүүр бариад л, онгоц, машин, гар утас, компьютер, талх, хувцас үйлдвэрлээд л, дайтаад л, төрөөд л, үхээд л …цөм адил. Нэг нь нөгөөгөөсөө илүү юм, сонин юм, илүү тийм гоо сайхан, аугаа юм ер байхгүй шүү дээ. Товчдоо, юу хэлэхийг хүсээд байна гэвэл далавчтай болоод нислэээ гэхэд сая ярьснаас илүү сайхныг, илүү сониныг, илүү гүн гүнзгий, утга агуулгатай бодит ахуйг олж харахгүй гэж бодоод байна. Дэлхийн ахуй амьдрал, бодит материаллаг хөгжил надад сонин биш болчихжээ. Харин ертөнцийн үл үзэгдэх тал, сүнслэг ахуй оршил, “далавчгүй нисэх”-д юу билгийн мэлмийгээр толилох, юу бодох, юу танин мэдэхийг хураавал, тэгээд нөр гүн бясалгаж чадваас ёстой ертөнцийг “өөрийнхөөрөө харах” байх гэж бодож суудаг. Даанч би тийм бясалгал хийдэггүй. Амьдралын ёроолд шавар дотор нь, гал, усны нь завсар “явгалж” явдаг. Тэнд надтай цуг аргаа барж, эсвэл аагаа багтаан ядаж, эсвэл намайг уурлуулж, эсвэл баярлуулж, бухимдуулж, тайвшруулж байдаг өнөө уйтай юмсаа л бясалгаж ном зохиол бичдэг. Уншигчид минь бүү зэвүүцээсэй билээ, энд нэг бодлоо нэмээд хэлэхэд, хүмүүсийн усан болоод махан нүдэнд сайхан харагдаад, жигтэйхэн хэрэгтэй санагдаад байгаа элдэв бусын бараа таваарыг үйлдвэрлээд байгаа үйл ажиллагаа буюу “үйлдвэрлэл” чинь үнэндээ, ачир дээрээ бол сүйтгэл шүү дээ. Хүмүүс ер бүтээгээд байгаа юм байхгүй. Байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг л /бид “үйлдвэрийн түүхий эд” гэж нэрлэдэг эрдэс бодис бол байгаль бүтээсэн “бүтээгдэхүүн” шүү дээ/ хэлбэр дүрсийг нь өөрчлөн хувиргаад ахуй хэрэгцээндээ ашиглаж буй хэрэг. Хүн ч өөрөө байгалийн “бүтээгдэхүүн” болохоор нэг “бүтээгдэхүүн” нөгөө “бүтээгдэхүүн”-тэйгээ шүтэлцэн оршиж байгаа үйл ажиллагааны л тогтолцоо юм. Хүмүүс бидэнд гайхуулаад байх юм юу ч байхгүй. Бид ойлгохдоо, “Хүний ухаан, хүний ухаан” гээд сүйд болоод байдаг, гэтэл ухаан маань ч чухамдаа хүний юм биш, аанай л “байгалийн юм” байгаа юм шүү дээ. Тал нь биет байгалийн бүтээгдэхүүн, тал бие нь хийбодь байгалийн өгөгдөхүүн. Тэр хоёрын л үржвэр.
-Багадаа хэр зодоонч хүүхэд байв.Хүүхдийн хамрас цус гаргаж үзсэн үү?
-Тэр талаар ч толиур даа. Уг нь ганц удаа ч бол онгирчихож болохоор л асуулт юмсанж.Даанч санаанд үлдсэн дурсамж алга даа.Бодвол, ор байгаагүй юм байлгүй.
-Ингэхэд яруу найрагч Урианхай хэр зоригтой хүн бэ?
-Урианхай гэдэг хүн нь их хүлцэнгүй хүн. Аймхай гэж хэлсэн ч би зөвшөөрнө. Гэхдээ хулчгар хүн яавч биш. Харин тэр Урианхай гэгч яруу найрагч нь бол сүрхий зоригтой баатарлаг хүн байх шүү. Айлгая гэвэл их зовно доо.
-Уран бүтээлийнхээ онцлогийг өөрийнхөөрөө тайлбарлана уу?
-Хэцүү байх даа. Би ч өөрөө чадахгүй.Цагийг хүлээх нь дээр байх.
-Таны IQ-тэй хэд бол?
-Мэдэхгүй ээ.
-Нэр алдарт дуртай юу?
-Дуртай байсан юм шиг байна лээ. Одоо бол тэр “дур”-аа бараг гээчихсэн юм шиг байна аа.
-Нийгэмд олон төрлийн хайр байна. Эр, эмийн хайраас гадна нэр төр, мөнгө, албан тушаалын төлөөх гээд хайрууд их болжээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ.Хажуунаас нь харахын аргагүй хүйт даасан хуурамч энэ хайр яагаад бий болчихов оо. Үүнээс яавал салах вэ?
-Хүн төрлөхтөнд хамгийн ойлгомжгүй, тэр түүхэн туршдаа огт зөвөөр ойлгож чадалгүй өнөөг хүрсэн хоёр юм бий. Нэг нь;-Хайр нөгөө нь;- Ариун чанар хоёр. Хүн төрлөхтөн өнөөдөр сэтгэлгээ, гэгээрлийн асар дорд шатанд байгаагийн үндсэн шалтгаан энэ юм. Энэ шалтгаан бол өнөөгийн хүн төрлөхтөний замнаж буй нийгэм-эдийн хөгжлийн бүрэлгэгч чанарын гол буруутан нь, бас бидний хөгжилгүй “хоцрогдсон арга”-аар хөдөлж хуьтсаж буйн ч буруутан нь. Хүн төрлөхтөн “хөгжил” гэдгээ буруу ойлгож, тэр буруу ойлголтоосоо болоод буруу замаар довтлоод байгаагийн шалтгааныг эндээс л хайх хэрэгтэй. Хайр бол хүний далдад байгаа Бурхан чанар байх. Хүмүүс энэ чанарыг олдоггүй, ойлгодоггүй, зохих ёсоор нь хөгжүүлж бодит амьдралдаа ашиглаж чаддаггүй, хүч нөлөөг нь үр дүнтэй хэрэглэж мэддэггүйгээс хайрын тусыг авч чаддаггүй өнгөрчихөөд байдаг шиг санагддаг. Хэмжих багаж хэрэгсэл байхгүй, рентген туяагаар илрүүлж болохгүй, “Энэ байна” гээд харуулж ч, үгээр тодорхойлох байтугай математик томъёогоор ч илэрхийлж чадахгүй тийм чанарын энергийн дээд төлөв бол хүний сэтгэлээс гардаг хайр. Хүн зөвхөн хүн ч биш, бүх юм болж чадах, манай дэлхийн бүх юмсын хүч, гоо сайхан, увьдас, чадвар, өөртөө өөрөөсөө гаргаж бусдад үйлчилж, үзүүлж чадах хувилгаан чадлын эх үүсвэр гэж би бодоод явдаг юм. Хүнд бүхнийг орлож чадах юм нь гагцхүү хайр байхад хүн түүнийг мэдрэхгүй, ухаарахгүй, хаа хамаагүй гадуур нь тэнээд төөрчихжээ. Тэгээд өчүүхэн юмс уруу жишээ нь, сар жилийн төдий настай алдар нэр, албан тушаал, үхэхдээ хаяад хагацахаас биш аваад хэрэглээд явахгүй өмч агуурсад улайран шунаад өөрийгөө хүн биш адгуус, бирд, чөтгөр болгоод хувиргачихаж байна шүү дээ, хөөрхий. Дахиад хэлэхэд, хайр бол хүнд Бурханаас заяасан биемахыод, оюун ухаан, сэтгэл санааны үнэмлэхүй нөөц хүч бүгд нэг дор нийлж төвлөрөөд “хором”-оос “мөнх” хүртэлх хугацааг нэгтгэсэн аугаа нэгдмэл хугацааг багтаан оршиж, хүнээр гэгээн сайн үйлийг бүтээлгэх орь дээд боломж юм.Харамсалтай нь, хүмүүс бид хайрын энэ шидийг гаргаж чадахгүй хайран юмаа яйран болгоод, тээр холуур л зөрөөд дуусах амьтад юм л даа. Яаж бид хамаг бодлоо, хүсэл мөрөөдлөө, үйл ажлаа, ижий, ааваас төрүүлсэн бие махбодио хайраар дүүргэх вэ, тэр гэгээн, аугаа их хүч уруу яаж нэвтэрч эзэмших вэ, яавал бид юу хийлээ ч тэр хийх юмны маань анхдагч сэдэл нь ч, тэгээд, эцсийн үр дүн нь ч зөвхөн бусдыг энэрч нигүүлссэн, тэдэнд амар амгалангшагнасан, ач буян болсон ариун үйл байдаг байх вэ, яаж бүх хүн тийм болох вэ гэдэг асуулт л хүн төрлөхтөний ирээдүйн зөв хөгжил, аз жаргалтай амьдралын үндэс орших болно. Би хэдэн жилийн өмнө хайрын тухай жижигхэн өгүүлэл бичиж сонинд нийтлүүлж байсан. Тэр өгүүлэлдээ хайрыг дотор нь гурав хуваасан. Нэгдүгээрт, амраг хайр, хоёрдугаарт, нинж хайр, гуравдугаарт, бодь хайр гэж. Эр эм амьтад бие биеэ энхрийлэх, хүсэх, янаглалын хайр нь амраг хайр юм. Нинж хайр бол хүн хийгээд амьтад бие биеэ энэрэх нигүүлсэх, тус буян хүргэх ачлалын ухамсарт хайр. Бодь хайр бол хамгийн нигүүлсэгч, хүн төрлөхтөнийг гаслан, зовлонгоос ангижруулах гэгээн хүчирхэг Бурханы хайр юм. Энэ бол газар, дэлхийн амьтад тэнцэшгүй аугаа дээд, үнэлэхүй төгс хайр. Гол онцлог мөн чанар нь юунд орших вэ гэвэл, эх болсон зургаан зүйл хамаг амьтныг бүгдийг нь энэрэн нигүүлсэнэ. Зовлонгийн хүлээснээс ангижруулж өгнө. Хүмүүс бид бол зөвхөн өөрийгөө болоод өөрийнхөө ойр дотно хүмүүсийг, зөвхөн өөртөө сайн, өөрийг нь хайрласан хүмүүсийг л хайрладаг. Өөрсдийг маань үзэн яддаг хүмүүсийг болохоор хариу үзэн ядаж дайсагнадаг. Тэгвэл бодь хайранд хүрч ариусан гэгээрэх шатанд бүгдийг алаглахгүй тэгш хайрлах сэтгэлийг олно. Дайснаа ч хайрладаг сэтгэлээр өөрийгөө шүншиглэнэ.
-Мөнгө таны хувьд чухал уу?
-Мөнгөний хэрэг ч их л юм байх юм. Залууд минь ч их байлаа, одоо өтлөөд хамаг эд эрхтэн муудаад, доройтоод ирэхээр мөнгөний хэрэг улам нэмэгдчихлээ. Юунаас болов гэхээр Монголд эм тарианы болоод эмчилгээний үнэ өртөг тэнгэрт хадчихсан, эм тарианы наймаачид нь хүний өвчин зовлонгоор нь хяхаж хавчин хамаг мөнгийг нь хуурайлж баяждаг нүгэлтэнгүүд болчихсон нийгэмд амьдарч байна. Эм тарианы бизнес ашиг орлогоороо хар тамхины наймааны дараа ордог гэсэн. Хүн мөнгөний хэрэгцээ, хэрэглээний “дарангуйлал”-д дөрлөгдөөд байвал амархаан гэгч мөнгөний боол болчих юм шиг байгаа юм. Мөнгөний боол биш, эзэн , ноён байхын тулд идэвхитэй тэмцэх хэрэгтэй. Тэмцлийн нэг сайн аргыг надад нэг бодисадва багш зааж өгсөн. Сурахад маш амархан арга. Ямар арга гэвэл, хүн өөрийгөө, “Хүсэлгүй бодисадва” болгон төсөөлөх арга. Би энэ аргыг хэрэглэж байгаа. Өөрийгөө “Хүсэлгүй бодисадва Урианхай” гэж өргөмжлөн бодоод, тэр бодлоороо амьдраад ирэхээр уран бүтээл мөнгөний дээр гарчихаж байгаа юм. Тэгээд би уран бүтээлээ мөнгөний түрүүнд тавьж чухалчилдаг. Яагаад гэвэл, уран бүтээл минь надад хэрэгтэйгээсээ илүү хүмүүст хэрэгтэй болоод байх шиг байна. Яаж мэдэв гэхээр, уулзсан хүмүүсийн ихэнхи нь нэхээд, шаардаад суулгахгүй болчихжээ. Хүнийг хүнд ойлгуулахад уран бүтээл л бусад оюуны бүтээлээс илүү дөт юм шиг санагддаг юм. Уг нь хүн бол бурханд их ойрхон төрлөхтөн юм. Эхээс төрөхдөө, хүний муу санаанд эзлэгдэх хүртлээ Бурханы л чанар, төрхөөр амьдардаг. Сүүлдээ л энэ мөн чанар төрхөө алдчихдаг. Үндсэн шалтгаан нь хувийн өмчит нийгмийн харилцааны мөн чанарын хүчирхийлэл юм. Нийгмийн орчин нөхцөл буюу хүмүүс хоорондын харилцааны нөлөө бол хувь хүний амьдралд ямагт хүчирхийлэл болж үйлчилдэг. Энэ “хүчирхийлэл” эерэг болоод сөрөг шинж чанарыг агуулна. Мөнгө, өмч хөрөнгөнд шунасан, түүнийг амьдралынхаа баталгаа, аз жаргал, хүн болж төрсөн хувь заяаныхаа утга, зорилгыг болгон ажилласан, хүмүүс бол нөө хүчирхийллийн сөрөг хүчинд автаад Бурханы авралт мутраас алдуурчихсан хөөрхий нэгэн болчихож байгаа юм. Тэднийг үргэлж өрөвдөж, зөвлөж, гэгээрүүлж, аз жаргалын зөв, ариун замыг олоход нь чин сэтгэлээр тусалж байх хэрэгтэй юм шүү.
-Дэлгүүрийн худалдагч танаас мөнгө дутуу авбал нөхөж өгөх үү?
-Өгөхгүй бол нүгэл хураана шүү дээ. Миний хамгийн их айдаг юм;-Нүгэл.
-Хамгийн сүүлд дэлгүүрээс юу худалдаж авсан бэ?
-“Ариусахуй бясалгахуй” сонин, Ч.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний “Дэлхийн шилдэг кинонууд” ном, УГЖ дуучин Т.Баясгалангийн дуулсан монгол ардын дууны цомог авсан. Би хаа нэг л номын дэлгүүрээр орж ном харахаас биш бусад дэлгүүрээр бараг ордоггүй. Ойр зуурын хүнс, хувцасг, аахар шаахар юмстаа муу хөгшин маань л явдаг.
-Нэг шүлгийг нэг давхар байшин гэвэл одоогоор Та хэдэн давхар байшин босгоод байна. Олон давхар байшинтай тэнцэхээр шүлэг хэд байна даа?
-Нэг давхар байшин нэг шүлэгтэй яаж тэнцэх вэ дээ, хүүхээ. Нэг давхар байшин байтугай зуун давхар байшин ч нэг шүлгийн дэргэд намхан харагдана. Дэлхийн хамгийн өндөр байшин Малайзын Куала-Лумпурт байдаг гэж сонссон. 210 давхар, хоёр зэргэцээ өндөр, гоё харш байдаг гэсэн. Миний аль ч шүлэг тэр хоёр өндрөөс жаахан жаахан өндөр. Би яруу найргийн 12 ном босгосон.
-Та гэрийнхээ крантны резинийг өөрөө сольж чадах уу?
-Тэр цоргоны хаана юу байдаг талаар ямар ч төсөөлөлгүй өтөлчихлөө. Их муухай /ичмээр/ үнэн юм.
-Таны яруу найрагт гүн ухаан шингэсэн байдаг. Гүн ухааныг шинжлэх ухаанаас үүдэлтэй гэж боддог уу. Аль эсвэл зөн совин юм уу. Төгссөн сургуулийнхаа талаар товчхон танилцуулахгүй юу?
-Яруу найргийн сэтгэлгээ, шинжлэх ухааны сэтгэлгээ хоёрын ялгааг тодруулах гэсэн утгатай асуулт байна гэж ойлголоо. Зөв үү. Тэгэхээр, эхлээд, энэ хоёрын ялгааг шинжлэх ухаанаар юу гэж тогтоосныг түрүүлээд хэлье. Шинжлэх ухаан бол юмс, үзэгдлийн ажиглалт, туршилт, тооцоолол, дүгнэлт зэрэг судалгаа-шинжилгээний аргаар үнэнийг таньж нотолдог логик сэтгэлгээ юм. Хүний тархины зүүн хагасын үйлчлэл, функц давамгайлсан ухамсарт үйл ажиллагаа. Энд мэдээлэл, мэдлэг, боловсрол ихээр оролцож зохион байгуулагдсан оюун сэтгэхүйн нэгдмэл тогтолцооны үр дүн илэрхийлэгддэг.Харин яруу найраг, урлаг гээд уран сайхны сэтгэлгээ бол сэрэл, мэдрэмж, сэтгэл хөдлөл, уран санаа, ургуулан бодохуй, зөн билэг, далд ухамсар, ёр, билэг, бэлгэдэл, бясалгал, онгод, өөр ертөнцийн хэл мэдээлэл, совин, зүүд, гэгээрэл, рид, мэдрэхүй, цээжний ухаан гээд хүний дотоод гүн ертөнцийн гялбаа, гилбилгээн мэт үйл явцын тусгал юм.Энд хүний сэтгэл, оюуны ариусал, эсвэл, бүүр байгаллаг, амьтанлаг язгуур чанарын нь дэлбэрэлт, хүсэл ганирхлын халуурал, магадгүй, солиорол мэтийн нарийн нийлмэл сэтгэцийн үзэгдлүүд сүлэлдсэн уран дүрийн сэтгэлгээ голлодог. Зөвхөн уран, содон, шинэ санаа, дүр дүрслэлээр л уран бүтээл цагийн цагт шинэ, сонин, үл хуучрах амьдралын орь орь үнэнийг хадгалж үлдээж чадах жинхэнэ “амьд” гүн ухаан болж чадна.Энэ утга, чанараараа яруу найраг, урлаг, уран бүтээл бол хамгийн гүн “гүн ухаан” юм. Орчин цагийн байдлаар, байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан сонгодог хэлбэр, аргазүй, судлал, үр дүнгээрээ мухардалд орж уран сайхны сэтгэлгээний “Гүн ухаан”-аар тэжээгдэх, “цус сэлбэх”, далд ухамсар, сэрэл сэрэхүйн тэмтрүүлээр тэмтэрч мэдэрсэн үзэгдлүүдийг ашиглах хандлага уруу орж байна.Шинжлэх ухаан бол тодорхой орчин нөхцөлд, орон зайд, тодорхой цаг хугацааны хязгаар дотор маш олон дахин давтагддаг тогтмол давтамжтай үзэгдлийг л үнэн гэж үзнэ.Яагаад гэвэл, энэ нь туршлагаар нотлогдоно.Учир шалтгаан, зүй тогтол нь нээгдчихсэн байгаа. Харин зөн совин, билэг билгүүн, бодь сэтгэлийн урсгал, бясалгал, далд нууцгай хэл дохио мэт сэтгэц, сэтгэлийн чинад мужийн үйл ажиллагаа оролцдог уран дүрийн сэтгэлгээний тусгалын үнэн ихэнхидээ туршлагаар нотлогдохгүй, бодит амьдралд бодитойгоор ашиглах боломжгүй болохоор нийгэм даяараа “билгийн мэлмий” нээгдэх цагийг горьдон хүлээхээс өөр гарцгүй. Миний төгссөн сургууль, мэргэжлийн хувьд гэвэл би 1959 онд Булган аймгийн төвийн арван жилийн дунд сургууль төгсөөд ЗХУ-ын Москва хотод Эдийн засгийн дээд сургуульд 1959-1964 онд суралцаж, эдийн засагч-төлөвлөгчийн мэргэжил эзэмшсэн. Монголынхоо эдийн засгийг социализмын онолоор, төлөвлөсөн төлөвлөгөөтэйгээр удирдах, хямрал зөрчилгүй, аль ч салбарт ажилгүйдэл, ядууралгүй, жигд тогтмол өсөлттэй, хяналт шалгалттай, авлига, хахууль, мафи, олигархи, дампуурал зэрэг өнөөгийн үл бүтэх олиггүй үр дагавраас ангид хөгжүүлэх маш хариуцлагатай албанд арав гаруй жил нойр хоолоо хасан ажиллаад, уран бүтээлийн мөр хөөхөөр Москва хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд дамжаанд хоёр жил суралцаж төгссөн.
-Таны амьдралд хамгийн чухал зүйл юу вэ?
-Ном, зохиол бичих. Би тааруухан эцэг, тааруухан хань шүү.
-Та хэр тусч бөгөөд өглөгч хүн бэ?
-Их тусч, өглөгч хүн. Харамсалтай нь, тус хүргэж чадах юм минь зөвхөн ном, зохиол бичих л юм. Бас хүмүүст өгч чадах юм минь ч зөвхөн, ядарч зүдэрч бичсэн ном, зохиол минь л байх юм. Өөр юу ч байхгүй.
-Таны үзэх дуртай спортын төрөл юу вэ?
-Жороо морьдын уралдаан. Гэхдээ жороо морьдын уралдаан спортын төрөл мөн эсэхийг мэдэхгүй.
-Та өөхөнд дуртай юу?
-Дуртай. Хоёр, нэг огтлоод үмхчихнэ. Илүү чадахгүй.
-Улстөрчдийн хэлдэг үгний хэдэн хувь нь үнэн байдаг бол. Та энэ талаар бодож байсан уу?
-Судлах хэрэгтэй. Би судлаагүй.
-Та машин жолооддог уу?
-Үгүй.Жолоодох нь байтугай хүний машинд сууж явахдаа ч их л айж явдаг.
-Зурхайн талаар Таны бодлыг сонсмоор байна. Өдөр бүр зурхайг дагах нь зөв үү?
-Зурхай агуу шинжлэх ухаан. Астро-физик, механик, квант физик, геометр, тригонометр, дээд тоо, интеграл, дифферинциал бодолтууд шаардах олон олон үл мэдэгчидтэй бодолтууд шаардах тэгшитгэлд хариу олох гээд асар өндөр математик сэтгэлгээний үр дүнг боловсруулж тооцоолдог байх.Би зүгээр хар ухаанаар л тэгж бодож байна.Зурхайн ухааны “цагаан толгой” ч надад алга.Миний хувьд , монгол зурхайн цаг тооны товхимлуудаас өөрийн төрсөн жилийн сүлд гариг, амин гариг, час/үхэх/ гаригуудыг мэдэж авсан. Миний сүлд гариг ням, амин гариг лхагва, час /үхэх/ гариг пүрэв. Бас саран өдөр бүр хэрдэг 28 оддоос өөрийнхөө сүлд од, тотгор од, үхэх одуудыг мэдэж авсан.Миний сүлд од- зургаан эхтэй хүү, амин од-тооно, тотгор од-чөдөр, үхэх од-бага морь од юм. Би үнэнээ хэлэхэд, их сүсэгтэй, бас жаахан жаахан мухар сүсэгтэй шүү.Тийм болохоор учрыг нь сайн мэдэхгүй ч зурхайн зурлагад бичигдсэн мөрдлөгүүдийг болж л гэмээнэ дагах нь зөв гэж хувьдаа боддог.
-Та шүлэг хэлж зүүдэлдэг үү?
-Залуу байхад шүлэг зүүдэлж байсан тохиолдол ганц хоёр тохиол бий шүү. Одоо өтлөөд өөдтэй зүүд зүүдлэхээ больчихжээ. Шал балай балар зүүд, булш бунхан, ил жорлон, дайн байлдаан, дэлгүүр, үүд хаалга нь олдохгүй хашаа байшин ч зүүдэлж байх шиг.Ерөнхийдөө тийм л болсон байна лээ. Залуудаа өндөр өндөр уулс, том том нуур, далай дээгүүр ничдэг, заримдаа олон шувуудтай зэргэцууд цуг нисдэг, аль нэг шувуу нь унахаар айж хашгираад сэрдэг байснаа мартдаггүй. Харин би саяхан нэг сонин зүүд зүүдэлнэ лээ. Миний одоо бичиж байгаа романд XIII зууны дэлхийн ниймлэл Хархоруны номын сангийн тухай цухас өгүүлэгдэх юм. Тэр багахан үйл явдалтай хэсгийг яаж бичих вэ, ямар янзаар дүрслэн гаргах вэ гэж олон өдөр бодож шаналсан юм. Тэгсэн чинь нэг шөнө зүүдэнд минь Хархоруны номын санд өрөөстэй байгаа зөндөө олон номын нэр харагдаад, жигтэй тод зүүдлэгддэг юм. Хүн үнэмшихийн аргагүй. Хэдэн номын нэрийг би “манаад” үлдсэн. “Эрхэсийн хөлгөн”, “Эс төгссөн чухаг”-ийн найман ороолт, “Нум сумаар зорчигдох эш”, “Язгуур үгүйд барихуй”, “Могой, мэлхийн хээрлэхэд эс тэгэх…”, “Нууц түүхийн дармал” гээд олон ном зүүдэлсэн шүү.
-Монгол бичгээ төрийн бичиг болгох тал дээр таны байр суурь ямар байдаг вэ. Дэлхийн соёлынөвд жин дарах үнэт соёлоо манайхан нэг л тоохгүй байх шиг. Аль нэг улс хөөмийг маань өөрийн нэр дээр бүртгүүлчих вий дээ?
-Ах чинь Та нараасаа ичиж үхмээр хүн шүү дээ.Монгол бичгээр нэрээ ч бичиж чаддаггүй. Гаргацтай сайхан бийрийн бичиг, гаргацтай тод барласан хорголжин барын ном, судар муухан уншчихдаг л хүн. Ингэхээр энэ асуултад товтой хариу өгч чадах хүн биш юм.Харин яахав үндэстнийхээ соёл, өв сангаа амин голоосоо хайрладаг эх оронч сэхээтнийхээ хувьд хуучин монгол бичгээ төрийн бичиг болговол тун ч их баярлана.Тийм зарлиг, шийдвэрийг биелүүлэхэд чин үнэнчээр зүтгэнэ.Монгол бичгээрээ сайн бичиж сурахын тулд өөрөө ч мэрийж чармайна.Өөрөө би сайн сурч эзэмшээгүй ч монгол бичгийнхээ зурлага, хэлбэр дүрсийг ажаад, харц дотогшоо төвлөрөөд суухаар юм юм бодогддог.Монгол бичиг чинь тэнгэрээс газар руу тун урт, олон ончроо хятруутай шатаар бууж ирсэн нэг “амьтан”-ы мөр юм шиг санагддаг юм. энгэрт Бурханы асаасан гал-нарны эрчим, газарт асаасан гал-хүний гэгээрэл хоёрын хооронд тасралтгүй, хором завсаргүй дамжин үйлчлэлцуж буй нүдэнд үл үзэгдэх нууцлаг хэл дохионы урсгалын дүрслэл байж болох юм гэж би дотроо боддог юм.Миний энэ бодлыг уншигчид маань шоолохгүй байх гэж найдаад ярьж байна шүү.
-Та Монголын зохиолчдын эвлэлийн дарга болбол хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?
-Асар баян номын сантай болгоно. Бүх зохиолчдын IQ-г тогтоолгох санал тавина.
-Монголын ард түмний ирээдүйн сайн сайхны төлөө нэн даруй хийх ажлын талаар таны бодол юу вэ?
-Зах зээлийн харилцаанаас социализм, коммунизмд шилжих “ариун хувьсгал” хийх, нийгмийн сэтгэлгээг хувийн өмчийн сэтгэлгээнээс ангижруулах “оюуны хувьсгал” хийх, хүмүүст хүний жинхэнэ хөгжлийг ойлгуулах “онолын хувьсгал” хийх, хүнийг бурханлаг болгох “үйл хэргийн хувьсгал” хийх.
-Таны ээлтэй од тэнгэрийн аль хэсэгт байдаг вэ?
-Монголчууд долоон бурхан одыг шүтдэг уламжлал, заншилтай.Үдэш орой долоон бурхан түгэхээр од одондоо тарнийг нь уншаад дээж өргөдөг.Миний од долоон бурханы Тэнгэрийн бариа гэдэг тавдугаар од.Тэнгэрийн бариаг Будда Шагимуни бурхан эрхшээдэг. Тарни нь, Ум саманда Будда ном, Ум сарваа санъяа суухаа.
-Огторгуй хэмжээстэй байж болох уу?
-Огторгуй хэмжээстэй, хэмжээсгүйн тухайд тодорхой хариулж чадах мэдлэг надад байхгүй. Хэлний зарим мэргэд огторгуйг “огт оргүй” гэсэн утгатай нийлмэл үг гэж тайлбарладаг. Тэгж үзвэл, хоосон буюу хоосон чанартай зүйл, физик вакум гэж төсөөлж болохоор юм уу, сайн мэдэхгүй. Огторгуй “огт оргүй”, хязгааргүй зүйл юм бол түүнийг ойлгож, төсөөлж болох тодорхой хэмжээс-нэгжийг шинжлэх ухаан олж чадаагүй гэсэн үг. Бас Бурхан багш мэт дээд гэгээрэлд хүрч бясалгалын хувилгаан ид шидийг олсон хүн л билэг оюунб үнэмлэхүй чадвараар онож таньж мэдэхээс биш, жирийн судалгаа шинжилгээний арга, туршлагаар танин мэдэх аргагүй гэсэн үг. Харин огторгуйг хоосон шинж чанартай бус, орчлон ертөнцийн эгэл хэсэг, атом молекулуудаас бүтсэн, “их тэсрэлт” мэт байгалийн хувьсал, хүчнүүдийн харилцан үйлчлэлээр үүссэн биет болон хиймахбод зүйл гэж үзвэл шинжлэх ухаан ямар нэг хэмжээс олж огторгуйн орон зайн тодорхой хэсгийг хэмжиж ойлгож болно.Эрдэмтэд огторгуй ертөнцийн хэмжээний талаар сонин тоо дурдсан байдаг.Жишээ нь, академич Х.Намсрай “Хорвоо ертөнцийн хөгжил, амьдралын зүй зохицолдооны зарим асуудал” товхимолдоо,бидний огторгуй гэж ойлгож буй орон зайн доторхи одот ертөнцийн нэгээхэн хэсэг;-манай дэлхийн болон манай нарны аймгийн цөм гэгддэг “Тэнгэрийн заадас” галактикт зуун тэрбум одод хуйлран бөөгнөрдөг, энэ орон зай 15 тэрбум гэрлийн жилийн багтаамжтай гэж мэдээлсэн байна лээ. Хоёулаа энд нэг асуултыг софи сэтгэлгээний тойрогт оруулж эргэлдүүлье. “Хэмжээс гэж юу вэ?”. Математикийн “цагаан толгой “ ч үгүй над шиг хүний хар ухаанаар бодоход, юмыг төсөөлж болох, амьдралд хэрэглэж болох хэмжигдэхүүн_нэгж, нэгж хязгаар байх. Энэ хязгаарын “n” тоот нийлбэрүүдээс цааш давмагц “хязгааргүй”, хэмжээлшгүй “их”-ийн ойлголт руу л орно. Тэгэхээр “хэмжээс” гэдэг юмс үзэгдлийн төсөөлөгдөж буй “Эхэн” хийгээд “Төгсгөл” хоёрын хооронд урт богино, өндөр хийгээд нам, их хийшээд бага, өргөн хийгээд нарийн, цаашлаад орон зай, эзлэхүүн, цаг хугацаа, хөдөлгөөн шилжилтийн чиглэл, өнцөг, хурд гээд огторгуйлаг үзэгдэлт, тодорхойлолтуудын нэгжийн ойлголт болох байх. Бүхлийг ч юм уу бутархайг ойлгох, төсөөлөхийн тулд дотор нь хийсвэрээр хуваасан ч юм уу хэсэглэсэн байгалийн шинжлэх ухааны хэмжилт гэж ойлгохуйцаар байна.Тэгээд хоёр хэмжээстэй, гурван хэмжээст, олон хэмжээст, бүүр арвын “n” зэрэгт хэмжээмт гээд элдэв квант үзэгдлүүдийг тодорхойлох ойлголт болдог шиг байна.Шинжлэх ухаан огторгуйг чухам юу гэдгийг эхлээд томъёолоод, дараа нь хэмжээст оруулъя гэвэл, юмны хэмжээ, хязгаарын шинэ нэгж- ойлголт гаргаж ирж таарна байх даа.Тийм нэгж –ойлголт аль хэдийнэ боловсруулчихсан, судалгаа шинжилгээндээ ашиглаж байдаг ч юм билүү, ахад нь мэдэх юм алга, хө.
-Мөнхийн хөдөлгүүр байх боломжтой юу?
-Физикт энтропийн хууль гэж байдаг гэсэн.Термодинамикийн гуравдугаар хууль гэсэн үг юм гэнэлээ.Бодит юмсын хөдөлгөөн, үйл явц зайлшгүй удаашран өөрчлөгдөх, эцэстээ дотоод эрчим, хүчээ алдах байгалийн зүй тогтол бодитойгоор үйлчилдэг юм байна.Энэ хуулийг үндэслээд тодорхой шинжлэх ухааны эрдэмтэд мөнхийн хөдөлгүүр зохиох боломжгүй гэж үздэг.Харин устаж үгүй болдоггүй ганц юм бол энерги байх.Үүгээр бодохоор, энергийн эх сурвалж болсон бодис юмс нь устаж мөхлөө ч энерги нь үлдээд, үйлчлэл нь үргэлжлээд байх юм байна. ишээ нь, нар өөрийн цөмийн энергиэ бараад унтарлаа гэхэд найман минутын турш нарны аймаг даяараа найман минутын өмнө сөнөсөн нар-одны гэрлийн үйлчлэлд оршиж асан орон зай гэрэлтэй хэвээрээ л байх юс гэсэн. Нарны төвд болж буй “цөмийн урвал”-ар задарсан электрон, протон, эгэл хэсгүүдийн энерги нь манай галактикийн болон цааших мегагалактикуудын хил хязгаарын таяг тойрог руу нэвтэрч очсоор үлдэх юм шиг байна лээ. Ингэхээр миний хувьд “мөнхийн хөдөлгүүр” бүтээх, “мөнхийн хөдөлгүүр” байж болох боломжгүй гэхэд “мөнхийн юм” орчлонд бий гэж бодож болохоор байна.Чиний асуултад софи сэтгэлгээний үүднээс хандвал, априор сэтгэмж, бясалгалын шинж чанартай хариулт гарч болох юм. Буддын шашны гүн ухаанд үзэхдээ, юмс хоосон шинж чанартай, хоорондоо нягт шүтэн барилдаж, бие биеэ нөхцөлдүүлж учир шалтгааны харилцан хамааралд оршдог, тэд бүтэхдээ бүтэж, эвдрэхдээ эвдэрч, хувьсал, хөгжилд орчих тул мөнх ч бус, тасархай ч бус, буй ч бус, үгүй ч бус, ирэх одох аль нь ч үгүй, зөвхөн нэр дүрсээр ойлгогдох ч нэр, дүрс хоосон, хоосон өөрөө нэр, дүрс гэж үздэг.Энэ нэг юм нь тэр нэг юмны бүтэх шалтгаант нөхцөл болохын сацуу үгүйсгэлийн шалтгаан нөхцөлийг хамт агуулдаг болохоор юмсын орчил хийгээд шалтгаан чанар нь мөнх гэсэн дүгнгэлт хийж болмоор санагддаг юм.Ер нь тэгээд юмс, бодис мөнх биш ч бай, хязгааргүй ргторгуй, орчлонгийн орон ахуйд хөдөлгөөн, хувьсал явагдах үзэгдэл мөнх юм шиг байна.Квант физикийн онолчдын нотолдогоор орчлон физиктйн дөрвөн хүчний үйлчлэлийн үрээр оршин тогтнодог юм байна.Таталцлын хүч, цахилгаан соронзон хүч, цөмийн эгэл хэсгүүдийн хүчтэй үйлчлэлийн хүч, сул үйлчлэлийн хүч гэсэн дөрвөн хүч байгаа аж.Эрдэмтэд энэ дөрвөн хүчийг нэгтгэсэн нэгдмэл “их нэгдэл”-ийн хам хүч байх ёстой гэж үзээд түүнийг нээх судалгааны эрэл хийж байгаа юм гэсэн.Тэр их “хам хүч”-ийг Монголын эрдэмтэн Ч.Эрдэнэ геометр хэмжигдэхүүнд байгуулсан гэж мэдэгдэж асар том бүтээл нийтлүүлсэн ч нийгэм дуугүй л гайхаад байх шиг байна. Хэрэв тэр хүчийг нээж чадах юм бол тэр “супер нэгдэл”-ийн хүчээр “мөнхийн хөдөлгүүр” бүтээх физик зарчим олдож болохыг ч урьдчилан үгүйсгэх аргагүй. Танай сонины /”Үнэн”/ саяхны нэг дугаараас маш сонирхолтой мэдээлэл олж уншлаа. “Мөнхийн амьтан илрүүлжээ” гэсэн товч мэдээ байсан.4-5 мм-ийн голчтой, мөнх наст далайн мөгөөрс халуун орны уснаас илрүүлжээ Энэ “мөгөөрс” бол бяцхан амьтан юм байна.Мөнх настай гэдгийн нууц учир нь эдгээр амьтдад хөгшрөх үйл явц хэвийн өрнөдөг хэрнээ эргээд залуужих хувьслыг өөрөө өөртөө явуулж чаддаг дотоод зохион байгуулалттай юм байна.Тэгээд хөгшрөх, эргээд залуужих үечлэл нь байнгын тасралтгүй давтамжтай байдаг тул “биологийн үхэлгүй” амьтан гэж оношилж байгаа юм байна.Ийнхүү философи утгаар үйл явц мөнх төдийгүй харьцангуй мөнх “биологийн биет” бий гэж үзэхэд баталгаа шинжлэх ухаанд олджээ.Тэгэхээр орчил, хөдөлгөөн, хувьсал мэт үзэгдэл буюу товчдоо, юмс хийгээд “юм бишис”-ийн үйл явц мөнх гэж үзэж болох юм шиг санагдана. Энд чиний асуулттай холбоогүйгээр өөрөө би өөртөө боддог нэг бодлоо сонирхуулахад, онолын физикчдийн эрээд, нээхийг хичээгээд байгаа “супер нэгдэл”-ийн хүч физик орчинд бус хүний дотоод ертөнцөд байгаа юм.Юу гэвэл, хүний “сэтгэлийн таталцал” гэдэг хүч! “Сэтгэлийн таталцал” бол физик биеийн гравитац таталцал биш, квант таталцал! “Хүний сэтгэлийн татах хүч” буюу хайр бол орчлонг оршоон тогтнуулж буй дөрвөн хүчний “их нэгдэл”-ийн хам хүч мөн.
-Хүний үүслийн талаар ямар ойлголттой байдаг вэ. Хүний өвөг сармагчин гэх онолыг та зөвшөөрөх үү?
-Дарвины эволюцийн онол бол зарим биологи биетийн үүсэл, хувьсал, хөгжлийн ойлголтод том нээлт хийсэн онол мөн нь гарцаагүй. Амьтны аймгийн олон төрөл, зүйлийн өөрчлөлт, хөгжлийн үйл явцын зүй тогтлыг нээж чадсан нь ч батлагддаг гэдэг. Харин хүний үүсэл хөгжлийн үр дүнгийн тухай бол эргэлздэг эрдэмтэд, судлаачид, сүсэгтнүүд олон байдаг. Тэр эргэлздэг сүсэгтний нэг нь би. Өнөөдөр шинжлэх ухаанд эволюцийн онол, бүтээлийн онол/креционизм/ хоёр хүчтэй өрсөлдөж байна. Би креционизмын онолыг илүү баримталдаг. Өөрөөр хэлбэл, хүн байгалийн хувьсал, хөгжлийн явцаар бий болсон биологийн амьтан гэж бодохоосоо илүү Бурханы хайр, хүсэл зорилгын бүтээл, Бүтээгч тэнгэрийн мутрын үйл ажиллагааны үр шэж боддог. Өнөөдрийн хүн төрлөхтөний амьдарч буй арга загвар, үг яриа, бодол санаа, явдал мөрийг хараад байхад хүн сармагчингаас үүссэн гэхэд итгэхээсээ түрүүнд хүн эцэстээ сармагчин болж хувирна гэж итгэхэд илүү хялбар байхаар харагдаж байна.
-Та захиалгаар шүлэг бичдэг үү. Захиалгаар бүтээл туурвих нь зөв үү?
-Миний толгой маш дуулгаваргүй, ухамсар муу, муухай зөрүүд толгой шүү дээ. Захиалгаар шүлгийн наэц ч мөр бодож өгөхгүй. Тэгэхээр чинь захирагдахаас л биш яах вэ дээ. Яаж ч аргадаад наашаа харна гэж байхгүй. Миний хувьд ийм л гачлантайгаар социалист үзэл суртлаа өнгөрөөгөөд,капиталист үзэл сурталтай нүүр тулаад байна. Ээжээсээ төрөхийн ийм адруу, буруу хойшоо араншинтай толгойны маань мөн чанар капитализмд ч өөрчлөгдөхгүй, гөжсөөр байгаад хувхайрч дуусах байх даа, хүү минь. Харин захиалгаар бүтээл туурвих нь зөв үү, буруу юу гэдэг асуултын тухайд бол хэн нэгэн сайн бүтээл туурвиж чадсан тохиолдолд зөв. Муу бүтээлэнцэр оромцоглож ашиг хонжоо олж оодорсон тохиолдолд буруу.
-Уран бүтээлч хүнтэй уулзах болгондоо үүнийг асуудаг юм. Зохиолч, яруу найрагчид яавал баян болох вэ?
-За даа, тийм баяр, тийм тохиол түүхэнд бараг байдаггүй л талдаа юм шиг байсан шүү.Угаасаа дээрээс /тэнгэрээс/ зөвшөөрдөггүй юм шиг байгаа юм.