"Ням гариг" сэтгүүлийн "Найм дахь гариг"ын 8 асуултанд хариуллаа
"Ням гариг" сэтгүүл "Найм дахь гариг" буланд тавигдах 8 асуултанд хариулт авсан юм. Товчхон хариулах ёстой байсныг нь би мэдсэнгүй дэлгэрэнгүй хариулсанаасаа болоод хариултаасаа ч нилээн тайруулсан байна. Хасаж нийтэлсэн нь зарим хариултын утга санааг бүрэн гаргаж чадахгүй байгаа учраас өөрийн блог дээрээ хариултаа бүрэн эхээр тавьж байна. Бас өөрийнхөө нэрийг бүрэн бичиж өгөөд байхад В.Ундрах гээд буруу биччихсэн байна лээ. Хэ хэ.
1. Хүн амьдралдаа дээгүүр авч явах ёстой үнэт зүйл юу вэ?
Би энэ амьдралд өөрийн утга учир, зорилготой ирсэн. Тиймээс юунд ч худалдагдахгүй, юунд ч өөрчлөгдөхгүй өөрийн үзэл бодол, хийгээд буцах ёстой үйл бүтээл маань миний үнэт зүйлүүд юм. Хоосон солонго мэт ашиг алдрыг хөөцөлдөх биш хийх ёстой зүйлээ нэр төртэйгээр хийгээд сэтгэл хангалуун хорвоогоос буцах нь миний нэр төр юм.
2. Та хамгийн сүүлд хэзээ, хэнд захидал бичив. Нууц биш бол энэ юуны тухай байсан бэ?
Австралид байдаг 8 жилийн найздаа е-майлээр захидал бичсэн. 14 жил уулзаагүй 10 жил хамт сурсан хамгийн сайн найз маань юм. 8 жилээ төгсөөд Үйлдвэр Урлалын сургуульд 2 жил хамт сурсан. Найз маань гутлын дизайнераар төгсөөд тэгээд л сураг тасарсан байсан. Саяхан е-майл хаягийг нь олоод багийн найзуудаа хааяа их санаж үгүйлдэг тухай, байнга холбоо харилцаатай байя гэж бичсэн. Яг одоо мессенжерээр ярилцаж байна.
3. Яг одоо таны амны уншлага болтлоо аялж буй дуу юу вэ?
Бүүвэйн дуу. Хүүтэй болоод 2 сар болж байна. Хүүхдээ хэвлийд бүрэлдэхээс нь бүүвэйлж эхлэвэл тайван, ухаалаг хүүхэд болдог гэж сонсож байсан. Тэгээд хүүгээ хэвлийд байхаас нь л аль болох өөрөө тайван байж, бүүвэйлж, намуухан ая сонсгодог байлаа. Миний сонссон зүйл худлаа биш байсныг туршлага батласан. Одоо хүү маань тайван зан араншинтай, уйлдаггүй хүүхэд болсон. Хүүгээ бүүвэйлэхэд би дэлхийн хамгийн уянгалаг дуучин болчихсон юм шиг л санагддаг. Бүсгүйчүүддээ хэлэхэд хүүхдээ заавал бүүвэйлж байгаарай гэж хэлмээр байна. Монголчууд бүүвэйн дуу сонсож өссөн хүүхэд муу хүн болдоггүй гэж хэлэлцдэг юм билээ.
4.Хэзээ өөрийгөө том хүн боллоо гэж бодсон бэ?
Эх хүн болоод л тэгж бодсон доо.
5. Таны тухай бусдын тэр болгон мэддэггүй нууцаасаа хуваалцаач?
Хүүхэд байхдаа мундаг балетчин болно гэж мөрөөдөөд балетын дугуйланд явдаг байлаа. Тухайн үедээ майга хөлтэй байсан мөртлөө загвар өмсдөг байлаа. Хэ хэ. Одоо гэхдээ урлагийн хүн болоод л бийрээ бүжиглүүлээд л явж байна.
6. Хэрэв таны амьдралаар Холливудын кино бүтээхээр болбол та өөрийнхөө дүрд хэнийг сонгох байсан бэ?
Миний дүрд надаас өөр хүн тоглоод дэмий байхаа. Би өөрөө л тоглосон нь дээр байх. Намайг надаас сайн илэрхийлж чадах хүн байхгүй байх аа.
7. Таны уран бүтээл, байнгын амьдралд мэдрэмж, мэдлэг хоёрын аль нь илүү шийдвэрлэх үүрэгтэй оролцдог вэ?
Саяхан нэг ийм үг сонссон юм. Нэг мэргэн хүнээс, - Хайрлах чухал уу? Хайрлуулах чухал уу? гэж асууж гэнэ ээ. Мэргэн хүн нисэж буй шувууг заагаад “Энэ шувуунд 2 далавчных нь аль нь илүү чухал юм шиг байна” гэж асуултаар хариулжээ. Энд өгүүлж байгаачлан хүнийг бүрдэл хэсгүүдийг заавал дэс дараалалд оруулж дугаарлана гэдэг бол өөрөө өрөөсгөл юм. Чигчий хуруугаа жижиг гээд огтолдоггүй шүү дээ. Тиймээс тэр нь илүү, энэ илүү гэхгүйгээр тухайн нөхцөл байдалд хэмжээг тааруулах нь хамгийн чухал юм. Тухайн нөхцөл байдалд мэдрэмж ба мэдлэг нь өөр өөрийнхөө л үүргийг гүйцэтгэнэ шүү дээ. Тэгэхээр энэ 2 хоёулаа өөр өөрсдийнхөө үүргийг тэнцвэртэйгээр гүйцэтгэж байж л уран бүтээл ч төрнө, амьдрал ч үргэлжилнэ.
8. Хаячихаж болдоггүй, хайртай муу зуршил тань юу вэ?
Амьтан тэжээх. Гэхдээ муу зуршил гэж хэлж болно, хүсэл сонирхол ч гэж хэлж болно. Амьтанд маш их хайртай учраас загас, яст мэлхий, усан гахай, туулай, галуу, тахиа, нохой гэх мэт амьтадыг тэжээж үзэж байсан. Тухайн үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаалаад сайн арчилж тордож чадаагүй учраас одоо тэд бүгд миний хажууд байхгүй байгаа. Одоо ч гэсэн гудамжинд таарах гөлөг бүрийг барьж аваад тэжээжихмээр санагдаад байдаг юм. Гэхдээ энэ муу зуршилаа давуу тал болгоод ирээдүйд амьтны хүрээлэн байгуулъя гэж бодож байгаа.