Нэхээс
13 жил, 3 сар өмнө

Дээл, гутал, малгай, бүс. Тэмээний шарласан яс. Хэрэмний чих. Хэнд хэрэгтэй байсныг мэдэхгүй. Түлхүүр товч, чихрийн хайрцаг. Хаяхад хайран. Хадгалахад хэцүү. Хэрэгтэй. Бас хэрэггүй юмс. Завсраас нь дурсамж өндөлзөх он жилийн эвхээс. Онгичоод л суумаар. Тэр жилийн зун. Тэр зуны бороо. Тэр борооны чимээ тэндээс сонсогдоно. Тийм л нэг бор авдар одоо эзэнгүй. Тэр авдарт эмээ дурсамж, үнэр хоёроо эвхэж тавьчихаад явчихжээ.

Цагаан ноосон утсаар эмээ цаг хугацааг нэхэж суудагсан. Завсраас нь дурсамж өндөлзөх он жилийн эвхээс. Хос зүү. Нэхэж гүйцээгүй цагаан ороолт. Тэр жилийн өвөл. Тэр өвлийн цас. Тэр цасны өнгө тэндээс санагдана. Хос нэхмэийн зүүг гартаа атгав. Хоосон орон зайд нь нь цаг хугацааг нэхлээ. Цаг хугацаа хөврөнө. Цагаан утас хөвнө. Он жилийн нэхээсээр ороолтыг гүйцээлээ. Эмээгийн оёсон хээг минийх гүйцсэнгүй. Ороолтыг зүүгээд толь руу харав. Олон жилийн тэртээх л янзаараа миний буурал эмээ тэнд цагаан ороолттой зогсож харагдлаа.
-Эмээ! /нь би ажээ/
Цагаан ноосон ороолтыг хүзүүнээсээ би тайлав. Цаг хугацаатай хамт эвхээд бор авдартаа хийлээ.
ОДОО БИ ЭМЭЭ. Энэ жилийн намар. Энэ намрын салхи. Энэ салхины чимээг тэнд хадгаллаа.