Нэрийг нь ч мэдэхгүй танилууд...
12 жил, 10 сар өмнө

Зарим нэг хүн амьдралын бүх цаг үед мартагддаггүй юм шиг санагддаг. Нэрийг нь ч мэдэхгүй хэрнээ тэр хүмүүс байн байн санагдаад байдаг нь эсвэл сэтгэлд их л сайхнаар хадагдаж үлдсэнийх, эсвэл их л эвгүйгээр хадгалагдсаных биз. Тийм хүмүүсийн тухай дурсмаар санагдав. Магадгүй тэдний нэг нь та ч байсан байж мэднэ.

Таксины жолооч...

Машинд асуудал гарсан тул хэд хоног таксигаар шогших юм болов. Өдөр болгон такси барих гэж зам дээр гар даллан зогсоно. Заримдаа салж унах дөхсөн машинтай, сайр даг болсон яхир хар нөхдүүд ч давхиж ирнэ. Тийм хүмүүст дайгдаад явахад амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэнэ биз дээ. Галзуурсан мэт хаа хамаагүй сүлжин давхихад нь хамаг биеэ хурааж сэм хий тоормос гишгэсээр байгаад хөл өвдчихсөн хүн арай гэж зорьсон газраа ирнэ. Ингээд байнгын үйлчлүүлэгчтэй болох бодолд автан явах болов. Хүн царайчилсан тавь дахь хоног дээрээ сүрхий гоёж чимэглэсэн хар тэргийг зогсоолоо. Бага дүүгээс маань хоёр гурав дүү болов уу гэмээр шавилхан жаал жолоо мушгиж байгаа харагдав. Машин тэрэг гэж шил толь. Үнэтэй ганганыг нь унаагүй ч байгаа зүйлээ арчилж торддог нь илт. Хэсэг явах замдаа хэлж ярихыг нь сонсоод дотроо овоо тоолоо. Даруухан хэрнээ, час часхийсэн ухаалаг үг унагаж, гэм сэрэггүй инээд алдах нь сэтгэлд дотно.

Эрэгтэй дүүтэй байж үзсэн биш хөвгүүдийг ер нь нэг их сайн ойлгодоггүй болохоор жаахан бэргэшүүхэн ханддаг байлаа. Гэтэл тэр жаалтай овоо хэл ам нийлэх шинжтэй. Муу ч үгүй бас эхнэр хүүхэдтэй гэнэ. Инээд хүрэв. "Чи чинь өөрөө хүүхэд байж бас хүүхэд төрүүлнэ гэнэ ээ" гэж жаахан цаашлуулахад гэмгүйхэн л инээж сууна. Ингээд хувийн тэргээрээ халтуур хийдэг жаалтай эгч дүүс боллоо. Хэзээ дуудсан цагт хаа ч, ямар ч ажилтай явж байсан товхийтэл давхиад ирнэ. Өдөржин аваад давхичихсан ч юм хэлэхгүй цагаахнаар инээд алдсаар л сууна. Элдэв маяг заль байхгүй, эзэмшсэн амьдралдаа чухам л эвдрээгүй сэтгэлээр хандаж байгаа тэр жаалд хайр хүрдэг болсон юм. "Аниа" гэж ирээд л амьдралын тухай аар саархан яриа өрнүүлэхдээ амнаас минь унах үг бүрийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, маргааш нь л гэхэд хэрэгжүүлчихсэн гүйж явна. Урамтай гэж. Аниад тусламж хэрэгтэй үед төрсөнөөс ялгалгүй гүйгээд ирдэг тэр жаалыг хориод хоног унаж давхисан хэрнээ нэрийг нь асуулгүй явуулчихсан байгаа юм даа. Хархүүг гадагшаа явсан хойгуур бие өвдөж, аптек ороод өгөх хүн олдохгүй болохоор нь мань дүү рүү утас цохиод тусламж хүстэл тэр дороо багц багцаар нь эм ганзгалаад гүйгээд ирж байсан нь мартахын аргагүй сайхан санагдаж билээ. Дараахан нь би гар утсаа алдчихсан тул дугаар нь ч байдаггүй. Намайг утасдахгүй болохоор хэрэг нь дууссан биз гэж бодоод тэгсгээд чимээгүй болоо биз. Одоо бодохоор харамсаад л суудаг юм. Ганц нэр асуучихаж болно оо доо, би? Гэмгүй даруухан бор дүү минь хаана явдаг юм бол доо.

Хөрөө рамны жаал...

Байшингаа засах гэж хоёр зуныг дамнасан их ажил болов. Цонхоо томруулж, хаалгаа өөрчлөх гэтэл хана тээглээд болдоггүй. Тэгээд Дэнжийн 1000 орчимд ажилладаг хөрөө рамнуудаар жаал гүйлээ. Амралтын өдөр тул нэг ч ажилладаг хүн байсангүй. Буцъя юу гээд зогсож байтал бас л 18 орчим насны нэг их нүдэнд дулаахан жаалхүү гүйгээд ирлээ. "Эгч ээ, та цахилгаан хөрөө хайж байгаа юм уу? Би явъя" гэж байна. Дагуулаад явлаа. Хувцас хунар гэж авахын тамтаггүй ядуу аж. Гэсэн ч цэвэрхэн зүс царай, эвдрээгүй ааш аяг нь дулаахан санагдана. Дүү 11 дүгээр ангиа онц дүүргэсэн гэнэ. Гэсэн ч амьдралын боломжгүйгээс болоод дуртай сургуульдаа төлбөр төлөөд орж болохгүй байгаа гэж дуулаад жаал өрөвдлөө. Физик, химийн хичээлдээ сонирхолтой тул ТИС-д сурахыг мөрөөддөг гэнэ. Харамсалтай нь ээж нь эрт нас барж, архинд дурласан аавтайгаа хоёулаа үлдчихэж. Тэгээд өдрийн од шиг мөнгө олоод ирдэг аавдаа дэм болж, сургуулийн төлбөрөө олохоор хөрөө рам ажиллуулах болсон гэнэ.

Дүүд хэлсэн ханшнаас нь арай илүүхэн мөнгө өгөөд хэд хоног гэртээ ажиллуулав. Үнэхээр аливаад сэтгэлээсээ хандаж, хийж байгаагаа үнэнчээр дуусгаж байгааг нь бахдаж суулаа. Эзгүй байх хойгуур дүүгийн хийх ажил ч дуусаж гэртээ буцчихсан байв. Харамсалтай нь тэр хэдэн өдөр хэтэрхий олон газарлуу утасдаж, хэтэрхий олон хүнтэй харилцсан тул ямар утсаар холбогдож байснаа мартаж орхиж. Даруухан хүүхэд болохоор нүүр өгсөн хүн бүхэн лүү үсэрч наалдаж сураагүй бололтой. Тэгээд л чимээгүй болчихсон юм. Одоо ч санаанаас гардаггүй юм. Хүссэн сургуульдаа ороо болов уу, эсвэл архичин аавынхаа нөлөөд автаад алт шиг сайхан чанараа алдаа болов уу гэж. Ямартай ч танихгүй эгч нь эндээс ерөөл дэлгээд л сууж байя даа.

Хөхөрсөн хүзүү...

Дунд сургуулийн төгсөх ангид шиг санагдаж байна. Нэг удаа автобусанд суугаад явж байхдаа урд талынхаа суудал дээр суусан бүсгүйн хүзүүг сүрхий ажиглаж явсан юм. Үнэхээр гоолиг цагаахан, дур булаам сайхан хүзүү. Өргөж шуусан хүрэн бор үс нь цонхны гэрэлд гялтганаж, ар шил рүүгээ мушгиралдан буусан ганц нэг үс нь гогцоороод хараа булаам. Гэвч тэр сайхан хун цагаан хүзүүн дээр догшин хөх мөр зурайх нь хөөрхий хүзүү урд шөнө нь гэмт халдлагад өртсөн бололтой. Эсвэл эр нөхөр нь бүсгүйд халдан довтолсон ч юм бил үү. Тийм сайхан хүзүүний эзэн нь ямар хүн байх бол гэсэн бодлоо барьж дийлэлгүй суудлаасаа босож хажууд нь очоод хулгайн харц шидэв. Үнэхээр сайхан бүсгүй байлаа. Хорь гаран л настай болов уу. Гэсэн ч уйлснаасаа болоод улайж хавдсан нүдээ нарны гэрлээс нуух гэсэн мэт газар шагайн бодлогоширно. Тэвэртээ тас наасан баадантай улаан хүүхэд нүүрээ үрчигнүүлэн уйлмаглах аядана.

Хөлийнх нь дэргэд томоор баадагнасан ногоон алчууртай ачаа тавьсан харагдана. Миний таамаг үнэн бололтой. Бүсгүй амьдралын бартааг дөнгөж амсаад анхны хайр, аз жаргал мөрөөдсөн харалган залуугаас зугтаж яваа юм шиг санагдав. Дотроо хэн нэгэнд гомдож, бүсгүйг учиргүй өрөвдөж орхилоо. Гэнэт нэгийг санасан янзтай цонхоор харсанаа баадантайгаа аваад өндийв. Яагаад ч юм дагаад буучихав. Араас нь хэсэг алхаж байгаад "Эгч ээ, би наад ачааг чинь бариад өгье" гэж зориг гарган дуугарвал эргэж нэг харчихаад юм хэлэлгүй цааш алхлаа. Түүнийг эмгэнэл, гомдол нь хүнд жингээр дарж байгаа бололтой. Гэсэн ч би тусламаар байгаагаа хэлээд дахин дөхөж очвол нулимстай нүдээр эргэн нэг харсанаа уруулаа өрөвдөлтэйгээр өмөлзүүлээд "Эгч нь зүгээр ээ, гэхдээ чамд баярлалаа" гэж хэлээд цааш зугтах мэт хурдан хурдан алхаж одсон юм. Тэр бүсгүйн гоо сайхан хүзүү, түүн дээр бий болсон муухай хөх ногоон толбо одоо хүртэл нүдэнд харагддаг хэвээр. Тэр жаахан хүү нь хэдийнэ хорь гарчихсан, ээж хүү хоёр аз жаргалтай сайхан амьдралыг энэ хугацаанд туулсан биз ээ хэмээн найдаж явдаг даа.

Үнээ мал биш дээ...

Дөнгөж төрчихсөн ээж би сүү сааль арвинтай гэж жигтэйхэн. Төрөх эмнэлгийнхэн хавийн хүүхдийг хамж авчираад л хөхүүлнэ. Заримдаа бүр энэ хөх минийх биш эмнэлгийн дансных аятай унтаж байхад хүртэл хэн нэг нь дураараа цамц сөхөж, сөөсгөр улаануудыг хөхүүлчихээд алга болно. Хэнийг нь ч тоохоо байсаан, сүүлдээ. Инкубаторын жижигхэн хорхой шиг амьтадыг ч авчирч хөхүүлэх нь энүүхэнд. Нүд хальтираад харж ч чадах юм биш, тэр жижигхэн хүмүүсийг. Гурван шөнө, гурван өдөр хажуугийн өрөөнд нэг нярай зогсолтгүй уйлна. Уйлаад л байна. Ам нь хатаж, дуу нь суларсан ч гэсэн ээж нь түүнийг аргадах гэж оролдохгүй байгааг нь гайхсаар суудаг байлаа. Сүүлчийн шөнө тэсгэлгүй орноосоо босоод хажуу өрөөгөөр шагайв. Сунайсан урт хар гэзэгтэй гоолиг сайхан охин уйлж байгаа хүүхдийн дэргэд залхсан янзтай гараараа нүүрээ таглан хэвтэнэ. Хүүхэд нь сөөнгөтөн бахирсаар л байв. "Хөх нь л сүүгүй болчихож дээ" гэж өрөвдөн бодоод дөхөн очив. Хүүхдийн амны орчим хөөс сахарч, шүлсэндээ халтартсан өрөвдмөөр юм харагдана.

"Эгч нь хөхүүлээд өгөх үү? Хүүхэд чинь бүр тамирдчихсан байна шүү дээ" гэж аргадангуй хэлбэл бүсгүй ууртайгаар толгойгоо өндийлгөн харсанаа,

-Заа, яршиг даа. Ямар үнээ мал биш дээ. Төрүүлсэн хүүхдээ цангааж алах уу, тэжээж өсгөх үү гэдгээ би өөрөө мэдчихье гэж уцаарлан хэлээд цаашаа хараад хэвтчихэв.

Гол өөд өгсөн ирсэн гомдол одоо ч хүртэл тасардаггүй юм. Яагаад гэдгийг үр хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүн бүр ойлгох байх. Аль арав гаруй жилийн өмнөх явдал ч гэлээ мартагдахгүй л байгаа юм даа. Хүсээгүй юм бол яах гэж тэр бяцхан амьтаныг төрүүлж, амьдын тамд унагаж байгаа юм бол доо, хөөрхий.

Ганцаардсан хүн...

Хүүгээ салхилуулахаар үдшээр тэврэн гараад хорооллын гудамжаар зөөлөн зөөлөн алхлан явж байлаа. Хажуу дахь орцны дэргэдэх модон сандал дээр хэсэг суун хүүгийнхээ нүд сормуусыг ажиглан байтал хажууд нэг залуу дөхөн ирсэнээ сандал ирмэгдэн чимээгүйхэн суув. Бид хоёрыг харж байснаа уртаар санаа алдах нь дуулдав. Гэнэт дотор хөнгөхөн гуниг төрөөд ирлээ. Тэр залуугаас над руу урсан орж ирж байгаа гунигт урсгалын нөлөө гэдгийг ч ойлгов. Хүү бид хоёрын тухай элдвийг хүүрнэж байснаа дээш өлийн аль нэг цонх руу удтал ширтэв.

"Би ч энэ хаалгаар дахиж орох эрхгүй л болж байгаа юм дагуу даа" гэж хэлээд тэр дахин санаа алдав. Учрыг лавлахад дөнгөж төрсөн хүүгээ, бас эхнэрийгээ орхиод явж байгаа гэнэ. "Яагаад буцаад орж болохгүй гэж?" хэмээн гайхан асуувал эхнэрийнхээ аавыг нас барах үед дэргэд нь сахиж байгаад унтаж орхиж. Амьсгал хурааснаас нь нэлээд хойно аваарын товчийг дарсан нь түүнийг хадам эцгээ хөнөөсөн хэмээх хардлагад өртүүлж орхиж. Үл ойлголцол гааран гаарсаар ийнхүү үдшээр гэрээсээ хөөгдөн гарахад хүргэжээ. Залуугийн эхнэр ч түүнийг сонсохыг хүсэхгүй байгаа гэнэ. Түүний тийм гунигтай байгааг хараад би лав итгэсэн. Үнэхээр хөнөөж орхисон бол тэр үдшийн бүрийгээр орцныхоо гадаа удтал эргэлдэж, огт танихгүй ээж, хүү хоёрыг хараад тийнхүү уртаар санаа алдаж суухгүй байсан биз. Бид гурав нэлээд удаан хөөрөлдсөний дараа тэр залуу толгойгоо ганзгалсаар харанхуйд уусан одсон юм. Тэр гэр бүл эргээд эвлэрсэн байх хэмээн найдаж л явдаг даа.