Нууц
13 жил, 3 сар өмнө

Хайрцгаа тоолбол овоо хэд болжээ. Миний тоолоод байгаа эдгээр хайрцгуудыг би төрсөн цагаасаа л цуглуулж байгаа юм. Эхлээд ээжийн надад бэлэглэсэн хуучны жижигхэн бор хайрцагт би өөрийн хамаг нандин нууц гэсэн бүхнээ хадгалдаг байлаа. Ертөнцийг дөнгөж таниж эхэлж байгаа жаахан охины нууц ч бас тийм жижигхэн байсан бололтой. Гэтэл он жил улирах тусам миний нууцууд алганд багтахгvй олон болсон тул хайрцагныхаа тоог нэмэх хэрэгтэй болов.

Тэгээд л чамин гоё зурагтай том модон хайрцгийг өөрийн болгож авсан. Хэдэн жил өнгөрөөд байтал нөгөөх том хайрцаг дотроос хэрэгтэй зүйлээ олж чадахгvй болсныг анзаарав. Хэчнээн ч нээж, хэчнээн ч ухаж төнхөөд хайсан зүйлээ олж авахад бэрх болсон нь надад өөрийн зүйлсээ эмх замбараатайгаар ангилан хадгалахыг сануулж билээ. Ингээд олон өөр хэлбэр хэмжээний гоё чамин хайрцгуудтай боллоо. Нэг өдөр хэрэг болгон хичээлээ таслаад том хайрцгаа нээж хамаг нандин юмсаа эмхлэн өнөөх шинэ хайрцгуудад хийх нүсэр ажлыг эхлэв. Сонирхолтой байлаа. Ор тас мартчихсан эд зүйлс ч гарч ирнэ. Тэдгээрийг тусад нь ангилаад нэг хуучивтар хайрцагт хадгаллаа. Хэдийгээр мартчихсан ч гэсэн энэ бүхэн хожим хэрэг болно гэж санасан юм л даа. /Эмэгтэй хүн хэзээ ч, юу ч хаяддаггvй/ Харин одоогоор надад үнэ цэнэтэй санагдаж байгаа зүйлсээ хамгийн гоё чамин хайрцгуудад маш эмх цэгцтэйгээр ангилж хийв. Ангиллыг сайн бодож тооцоолох хэрэгтэй байсан тул заримдаа эд зүйлсээ удтал гөлрөн бодолд орж байгаагаа ч анзаараагvй. Орой гэхэд хамаг ажил цэгцэрлээ. Ярайтал хураасан тэр олон хайрцаг миний өрөөний гол чимэг байлаа. Бүгдэд нь нэг ижил алтадмал цоож зvvсэн нь бүр ч хөөрхөн болж гээч. Ингээд орон дээрээ суугаад хайрцгуудаа удаан гэгч харж суулаа. Их л ядарчээ. Сурсан зангаараа унтахаар арагш саван хэвттэл нуруунаас нэг хатуу юм дуу алдтал хатгав. Гараа арагш явуулан ухсаар өнөөхийг гаргаж харвал миний хамгийн анхны нууцын хайрцаг байлаа. Элдэв чамин зураг хөрөггvй, энгийн л нэг модон хайрцаг. Түүнд одоо миний хамгийн жижигхэн нууц ч багтахгvй. Гэхдээ жижигхэн болохоор яасан ч эгдүүтэй юм бэ дээ. Алган дээр байгаа харьцааг нь харахад л инээд хүрмээр. Түүнийг зүгээр нэг далд хийчихэж боломгvй. Ямар нэгэн зүйл хадгалъя гэвч мэдээж юу ч багтахгvй. Ингээд бодлоо. Ерөөсөө л мартахгvй гэсэн үгсээ дотор нь шивнэчихэж байя…Ийм мэргэн санаа олсондоо баярлаж, бvр орон дээрээ дэвхцэв. Яг тэр дороо хайрцгийг нээгээд чухам юу гэж шивнэхээ мэдэхгүй байлаа.
-Би ээждээ хайртай…
/Мэдээж үүнийг хэн ч мартах аргагvй/
-Намайг сайн хүн болгож өгөөч…/За даа, энэ хайрцаг ч юугаа мэдэх вэ дээ/
-Би аз жаргалтай амьдармаар байна…/Хайрцганд шивнээд л аз жаргалтай болчихдог бол мөн ч сайхнаа. Энэ ч дэмий юмаа/
-Хэрвээ би хүү, охин хоёртой болбол Төгөлдөр, Сарнай гэж л нэрлэнээ…/Yгvй ээ, би чинь эмэгтэй хүн болохоор аав нь л нэр өгөх байлгүй дээ/
Хайрцагт хадгалах хамгийн нандин үгсээ удтал хайгаад олж чадсангvй. Бодоод байсан чинь надад хүнээс нуугаад байх нууц үг огт байхгvй юм байна гэсэн дүгнэлт гарч ирлээ. Нууц үг, нууц үг…Хэзээ ч нээж үздэггvй нэг жижигхэн хайрцаг цуглуулганд минь билэг тэмдгийн чанартай хадгалагдах болов. Yеийн охидын хэрэгт дуртайг яана аа. Гэрт маань айлчилсан охид миний хайрцагнууд дахь хамаг нууц, нандин бүхнийг худлаа дуу алдан байж нүд гvйлгэн үзээд өнгөрөх хэрнээ өнөөх жижигхэн хайрцагт юу байгааг мэдэх гэж илүүтэй шунах нь инээдтэй. Би ч тэгэх тусам үнэхээр л нэг их нууцтай хүн мэт чухал царайлан эрсхэнээр толгой сэгсрэн хайрцгийг нээхээс татгалзана.
…Энэ бол багын явдал л даа. Цаг хугацаа намайг эхлээд алт, дараа нь мөнгөн оосроор хөтлөн цааш авч одсон. Харин одоо бол би нэг муу модон таяганд л найдан амьдарч байна. Юу гэх гээд байгааг минь ойлгож байна уу? Би гэдэг хүн өтөлж, бууралтаад урьдын сайхан цагаа хаа нэгхэн дурсан суухаас хэтрэхээ байсан гэсэн үг. Өнөөх хайрцгууд хаачсаныг бүү мэд. Бодвол багачуул л нааш цааш нь болгосон байх. Их хуучирсан болоод ч тэр үү өнөөх жижигхэн бор хайрцаг л надад үлдсэн байлаа. Энэ хайрцганд шивнэх үгээ одоогоос гучаад жилийн тэртээ би бодож олж билээ. Бодож олох ч гэж дээ. Хувь заяаны тоглоомонд орооцолдож, түүнээсээ шаналж догдлоод, тэгээд хэнд ч хэлж болохгvй санагдсан тэр явдлыг өнөөх хайрцагт ярьчихсан юм. Тэрнээс хойш чөтгөр ч бүү мэдэг гээд өөрийн байнга унтдаг дэрэн дотроо хийгээд оёчихсон. Миний тэр нууцыг одоо бол хайрцаг, бид хоёроос өөр хэн ч мэдэхгvй. Харин түүнийгээ хэн нэгэнд өвлүүлж үлдээх үү, аваад явах уу? Ийм бодол сvvлийн хэд хоног намайг их зовоож байлаа. Муу модон таяг маань удахгvй гал түлэх мод болохоо мэдсэн мэт өдөр шөнөгүй орны дэргэд тушаатай. Энэ муугаа ч өрөвдөх шиг. Хэдэн хүүхэд яахав дээ. Зарим нь одоохондоо алтан оосортой, зарим нь мөнгөн оосор луугаа орчихсон жирийлгэж яваа болохоор юун миний яйжгий модон таяганд санаа тавих манатай яваа. Гадуур миний ар дахь ажил төрлийг базаагаад эхэлсэн сураг ч дуулдана. Намайг бушуухан цаашаа хараасай гэж хүсч байгаа хүн ч бий. За яахав, тэртэй тэргүй би үхээд өгнө. Харин энэ жижигхэн хайрцгаа яадаг юм билээ? Одоо зохиогчийн зүгээс энэ дурдатгалыг үргэлжлүүлье. Энэ өгүүллэгийн төгсгөлийг амар сайханд нь жаргаахыг хүсвэл та “А” хэсгийг унш. Харин үл тайлагдах нууц хэвээр нь үлдээхийг хvсвэл “Б” хэсгийг, бүр гунигтайгаар төгсгөхийг хvсвэл “В” хэсгийг уншаарай. Бусдад нь хошуу дүрэх хэрэггүй. Сонголт бол сонголт шүү дээ.
“А”. Эмгэн тэр шөнөө таалал төгссөн юм. Өглөө ээжийнхээ өрөөнд хамгийн түрүүнд орж ирсэн охин нь урж хайчлаад газраар нэг хөглөрүүлж орхисон дэрний тасархайнуудыг харж билээ. Тэгээд элгэн дээрээ гараа тавин тайван нойрсох ээжийнхээ гарт байгаа жижигхэн хайрцгийг олж бүсгүй хүний сониуч зангаар тэр дор нь онгойлгов. Бүсгүй гайхсандаа нүдээ бүлтийлгэв. Хэдийгээр ээжийнх нь нэг насны амьдрал дууссан нь эмгэнэлтэй боловч ийм зүйлийг удтал нууж чадсан ээжийнхээ тэвчээр, ухааныг бахдаж барахгүй байлаа. Учир нь ойлгогдохгүй орооцолдоон амьдралд нэг л тохиолддог бөгөөд түүнийг тайлж чадсан гэр бүлийн тэгнэх ачаа бага байхад, тайлж чадаагүй нь хэдэн үеэрээ түүнийг үүрэн зовж тарчилдаг шүү дээ. Ийм л нэг эргэлтэнд энэ гэр бvл орчихоод гарч чадахгүй байсны нууцыг эмгэн тэр бяцхан хайрцагт хадгалсаар ирснийг одоо охин нь харж зогсоно. Амьдралын нууцыг тайлах энэ түлхүүрийг арай эртхэн олсон бол бvх зүйл эсрэгээрээ эргэх байсныг бүсгүй ойлгож байлаа. Харин яг одоо гэдэг бол яг цаг нь мөн.
“Б”. Эмгэн тэр шөнөө таалал төгссөн гэж дуулсан. Өнөөх хайрцгаа ч хэрхэхээ шийдэж амжаагүй. Өөрт нь хэд хоногийн нас бий гэж санасан байх л даа, хөөрхий. Харин хүүхдүүд нь эмгэний эд зүйлсийг бусдад тараахыг хүсээгүй тул галд өргөсөн гэж дуулсан. Тэдгээрийн дотор өнөөх хэзээ ч өөрөөсөө салгадаггvй дэр нь хамт явсан ч байж магадгvй. Харин дэрэн дотор нуусан бяцхан хайрцагт талийгаач тэр нэгэн гунигт өдөр чухам юу шивнэсэн нь одоо хүртэл тодорхойгvй. Бүр хожим тэр гэрийн хэн ч анзаардаггүй харанхуй буланд эмгэний хайртай таяг хэвтэж байхыг өрөөг нь засварлаж байсан барилгачид олж аваад “Намайг хэзээ ч битгий устга” гэж дээр нь сийлсэн байхыг уншиж хөгжилдөн инээлдэж байлаа. Дараа нь түүнд өнхрүүш хийн хана будсан гэдэг. Хэрвээ сайн анзаарсан бол өөр бичээс байсан ч байж мэдэх юм.
“В”. Эмгэн тэр шөнөө нэгэн гэрээслэл бичив. Тэгээд гэрээслэлээ өнөөх дэрэн дотор байгаа жижигхэн хайрцагт хийгээд хэнд ч анзаарагдахгvйгээр дахин битүүлэн оёлоо. Хэд хоногийн дараа эмгэнийг нутаглуулах ёслол болж хамаг эд зүйлийг нь хэдэн хүүхэд нь хэрэлдэн, хэлэлцсээр хуваасан боловч дэрийг хэн ч авахыг хvссэнгүй. Хэдэн жилийн дараа би тэднийхээр дайран өнгөрөхдөө үүдний хонгилд хэвтэх сагсгар шар нохой хуучин цагийн хээ хуар бүхий өнгө гандуу нэгэн дэрийг хэвтэр болгон налайж буйг хараад “Энэ юун дэр вэ” гэж хаалга онгойлгож өгсөн хүүгээс асуухад тэр мөрөө хавчин юу ч мэдэхгvй байгаагаа ойлгуулав. Харин энэ үеэр сагсгар жаалхүү бид хоёр руу дэрээ зуун ирсэн боловч халтар хоншоортоо хүүгийн ширэн гуталны ширүүхэн жавтийг хүртээд гийнаж гасалсаар алга болсон доо. Энэ үеэр хаалган дээр зогссон гэрийн эзэгтэй “Наад жингэр чинь энэ хэвтрээрээ дандаа хүний хувцас халтартуулж явдаг юм. Та зүгээр үү?” гэсээр угтав. Хаагдаж буй хаалганы завсраар айлын нохойны гуниг нүүсэн хос нүд ямар нэг нууцыг тайлж өгөөч гэх шиг над руу ширтэж байлаа. Би андуурсан ч байж мэдэх юм.