Ном унших миний арга барил
Р.АМАРЖАРГАЛ : Ном унших миний арга барил
Уншмаар ном зохиол олон байдаг ч бололцоо хязгаарлагдмал юм. Тиймээс энэ их мэдээллийн урсгалыг үр ашигтай зохицуулж байхын тулд надад нэг систем хэрэгтэй болдог. Би өөрийн гэсэн системтэй бөгөөд түүнийгээ та бүхэнтэй хуваалцъюу гэсэн юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний ном унших арга барил бүрэн төлөвшсөн гэвэл үгүй л дээ, тодорхой нөхцөл байдлаас хамааран би үе үе өөрчлөлт оруулдаг.
Миний хувьд ном хэрхэн унших арга барилын асуудал бараг 20-иод жилийн өмнөөс босож ирсэн. Тухайн үед зөвлөлтийн бараг бүх хэвлэлийг захиалан уншдаг, номын дэлгүүрт гарч байгаа, сонирхол татсан бараг бүх номыг худалдан авдаг байлаа. Ном ч хямд байж дээ. Оюутан байхдаа цуглуулсан номын тоо бараг 3 мянга хүрч байлаах. Харин Г.Поповын хувийн зохион байгуулалтын тухай номыг уншаад номтой харьцаж байгаа арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм гэдгийг ухамсарласан юм. Дараа нь амьдрал өөрөө ч шахаж эхэлсэн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор тэр болгон харагдсан номоо авах санхүүгийн чадвар ч хомсдож, цаг зав ч багасаж, өөрийн эрхгүй сонголт хийх хэрэтэй болсон. Тэгээд л хамгийн гол асуудал болох ҮР АШИГТАЙ УНШИХ асуудал босч ирсэн дээ.
Хамгийн түрүүнд уншиж байгаа номоо ангилж эхэлсэн. УНШИХЫГ ХҮСЭЖ БАЙГАА номнууд, УНШИХ ЁСТОЙ номнууд гэж. Энд би нэг зүйлийг тодотгомоор байна. Ном гэж бичээд байгаа зүйлдээ бас сэтгүүл, сонинуудыг багтааж байгаа юм шүү. Хүсдэг зүйл дотор хэд хэдэн сэтгүүл, номнууд багтдаг байсан бөгөөд захиална, эсвэл худалдан авна. Харин одоо тэр болгон захиалж, худалдаж авах шаардлага багассан. Учир нь миний тогтмол сонсдог 103.1 FM-ээс BBC-г сонсоход, мөн кабелийн телевиз, CNN, BBC, Bloomberg зэрэг сувгуудыг үзэхэд л хангалттай болж. Шаардлагатай мэдээллээ ер нь авчихдаг. Хэрэв дахин давтаж, тодруулж харах шаардлагатай бол интернэтээс харчихна. Энэ хамгийн үр ашигтай бөгөөд ачаалал багатай арга барил гэж боддог.
Нөгөө талаас миний унших ХҮСЭЛТЭЙ болон ЁСТОЙ номнууд голдуу давхарддаг учраас бас ч гэж амар. Гэхдээ энэ хоёрыг унших арга техникийн хувьд бол ялгаатай. Уран зохиолын номонд илүү амралт талаас нь ханддаг учир хэвтэж байгаад шимтэн унших бололцоотой. Мөн түүхийн болон баримтат, адал явдалт зохиолуудыг ч иймэрхүү байдлаар уншина. Би нэг онцлогтой. Шинэ болон хуучин уран зохиолын номнуудыг зэрэг зэрэг уншдаг. Голдуу тухайн үеийн настроение ямар байгаагаас хамаараад чухам алийг нь барьж авах вэ гэдгээ шийднэ.
Харин унших ёстой номнуудаа маш сайн бодож байж сонгодог. Голдуу мэргэжлийн шинжтэй номнууд байдаг л даа. Сонголт хийхдээ хамгийн түрүүнд номны гарчиг, хэвлэгдсэн он, зохиогч зэргийг нь харна. Хуучин оны бөгөөд зохиогч нь тухайн салбартаа ямар нэгэн байдлаар нэр нь гараагүй номыг бараг уншихгүй дээ. Тухайн салбарт миний мэдэхгүй, сонсоогүй зүйлийг хэлээд байх хүн ховор л доо. Номны гарчигаас харахад ерөнхий логик гарч ирнэ. Тэнд анхаарал татсан ямар нэгэн зүйл байвал номныхоо аннотацийг харна. Мөн сүүлийн үеийн номнуудын өвөр талд нь бусад хүмүүс санал, бодлоо илэрхийлсэн байдаг тул түүнийг нэг гүйлгэхэд зүгээр. Бас хавчуулсан ном зүйг ч харна.
Би сүүлийн үед бас нэг арга хэрэглэдэг болсон. Тухайн номыг унших ёстой хүмүүстэй холбоо барин тухайн номны үндсэн санаа, дэвшүүлж буй үзэл зэргийг асуудаг болсон. Энэ маш их цаг хэмнэдэг юм л даа. Ер нь хүнээс юм асуухад буруу юм байдаггүй шүү дээ. Нэрэлхээд байх огт хэрэггүй юм билээ.
Тэгээд уншмаар бол харин ч нэг сууна даа. Болж өгвөл хэн нэг нь саад болохгүй цаг, орон зайг сонгох нь зүйтэй. Би голдуу л орой үдэш суудаг. Тухайн номыг уншихдаа заавал үзэг, харандаа, дэвтэр дэргэдээ тавина. Ууг нь өөрөө худалдаад авсан ном бол энд тэнд нь хамаагүй санаа бодлоо тэмдэглээд байж болно. Би нэг хэсэг тэгдэг байсан. Харин социализмын үед нэг удаа номон дээр хийсэн тэмдэглэлийг маань нэг нөхөр үзээд, хувьсгалын эсэргүү зүйл бичсэн байна, энээ тэрээ гэж матаад зөндөө юм болсноос хойш тэр болгон тэмдэглэл хийхээ больсон.
Зарим хүмүүс номноос тэмдэглэл хийхдээ нэр, гарчиг, хаяг зэргийг сүрхий тэмдэглэдэг юм билээ. Би харин үүнд нэг их ач холбогдол өгдөггүй зантай. Учир нь ном нь голдуу минийх байдаг, тэгээд ч ерөнхий логик, үндэслэл зэрэг нь илүү чухал байдаг учраас тэр болгон номынхоо данныйг хөтлөөд байх албагүй. Харин судалгаа шинжилгээний ажил хийж байгаа үедээ номынхоо данныг зайлшгүй хөтлөх хэрэгтэй л дээ.
Эхлээд маш хурдан, “шүүрдэж” байгаа мэт номоо харна. Дараа нь тэндээс тэмдэглэсэн хэсгүүдээ эргэж хараад, зурж эхэлнэ дээ. Тэгээд ойлгохгүй байгаа зүйлээ дэвтэр дээрээ бичээд, тэмдэглэж эхэлнэ. Дэвтэрт тэмдэглэл хөтлөхдөө голдуу схем хэлбэрт оруулах гэж оролддог. Юу хаанаас урган гарч, хаана хүрч байгаа зэргийг схемд оруулах нь дараа харахад надад тун амар байдаг юм. Ер нь бидний үеийнхэн оюутан байхдаа конспект их хийдэг байлаа (одоо нэлээд боловсронгуй болсон байх л даа). Унших, тэмдэглэх, схем хөтлөх явцад янз бүрийн санаа орж ирнэ, түүнийгээ дор нь тэмдэглэж авах хэрэгтэй. Гэхдээ өөрийн санаа гэдгээ бусдаас ялгарах хэлбэр оруулах нь зүйтэй юм шүү. Би бол голдуу цаасныхаа баруун талын 1/3-д өөрийн санаагаа тэмдэглээд сурчихсан юм.
Уншиж байгаа зүйлээ сайтар ойлгоход тус болдог нэг зүйл бол асуулт юм. Ойлгогдоогүй зүйлдээ заавал асуулт тавьж байх хэрэгтэй. Ойлгогдож байгаа ч дараа нь эргээд харна, ямар нэгэн байдлаар үргэлжлүүлнэ гэж бодож байвал бас асуулт хэрэглэж болно л доо. Дараа эргээд үзэхэд асуултаа өөрчлөх, шинээр томьёлох зэрэг шаардлага үүсдэг бөгөөд тэр хэмжээгээр материал шингэж, өөрийн болж байдаг юм. Энэ явцад бас ШИНЭ САНАА ихээр төрдөг.
- Зарим нэгэн чухал хэсгийг бараг өгүүлбэрийн зохион байгуулалт талаас нь задлах хүртэл уншдаг бөгөөд заримдаа чангаар дуудаж уншдаг. Харах, сонсох сенсороо давхар ажиллуулж байгаа санаа юм л даа.
- Тэмдэглэл хөтлөж байхад хамгийн гол нь цаасаа дугаарлах хэрэгтэй бөгөөд цаасныхаа нэг талд л бичих хэрэгтэй. Дараа нь зэрэгцүүлээд харах зэрэгт үзэг харандаагаар хэд хэдэн хуудас дээрх зүйлийг холбох зэрэгт тустай байдаг юм.
- Тэмдэглэл хөтлөж дуусаад нэг хэсэгтээ орхидог. Дараа нь хэд хоногийн дараа, гэхдээ хоёр долоо хоногоос хэтрүүлэлгүй, эргээд нэг харахад арай ондоо шинээр харагддаг бөгөөд тодруулах зүйл байвал эргээд номондоо хандаж тэр хэсгийг үздэг. Тэгээд анхны тэмдэглэлийнхээ конспектийг хийнэ дээ. Болж өгвөл хамгийн ихдээ гурван нүүрэнд багтаахыг хичээнэ. Үүний дараа материал “минийх болсон” гэж үздэг.
Сүүлийн үед хамгийн эцсийн конспектоо компьютерт хийдэг болсон. Хадгалахад амар юм билээ. Харин хадгалахдаа түлхүүр үг оруулах, аль хавтаст хийх зэргээ анхаарах ёстой байдаг. Цаг хожно. Анхнаасаа компьютерт оруулах гэж нэг хэсэг оролдсон л доо. Гэхдээ миний бичгийн хурд нэг их өндөр биш, тэгээд ч механик шинжтэй болоод байхаар нь гараараа эхлээд биччихдэг. Бас арай ойр, дөт байгаа юм шиг санагддаг юм. Тэгээд ч компьютерт схем, зураг оруулах нь цаг аваад байдаг л даа.
Харин сүүлийн үед mind manager програм надаад нэлээд таалагдсан учраас түүнийг хэрэглэж эхлээд байгаа. Хагас жилийн дараа хэр үр дүнтэйг хэлнэ.
Зарим нэгэн сэдвээр яриа лекц хийх, статья бичих, илтгэл тавих гэх мэт хэрэгцээ надад байнга гарна. Энэ нөхцөлд тухайн сэдвээр нэлээд хэдэн материал унших ёстой болно. Ингэхдээ хамгийн гол нь уншиж байгаа зорилго тодорхой байх ёстой. Би яах гэж уншиж байгаа билээ, юу хийж байгаа билээ гэдгээ мартаж болохгүй. Мартвал хамаг цагаа алдана л гэсэн үг.
Хүн бүрт л иймэрхүү лекц, илтгэл, презентаци хийх шаардлага гардаг байх. Хамгийн эхний ажил нь мэдээж хэрэг МАТЕРИАЛ ЦУГЛУУЛАХ. Би хамгийн түрүүнд интернэтээс тухайн сэдвээр юу байгааг хайдаг. Тэндээс GOOGLE зэрэг хайлтын системд шилжиж, арай тодруулсан хайлт хийнэ. Түүний дараа EBSCO, JSTOR зэрэг хайлтын систем ашиглан хайлтаа үргэлжлүүлж, хэрэгцээт материалаа олдог л доо. Судалгаа шинжилгээний ажил хийх гэж байгаа хүн бүр энэ системийг төгс мэддэг байх хэрэгтэй болов уу. Ажил маш их хөнгөлдөг юм.
Тэгээд болж өгвөл 5-7 хэтрэхгүй материал сонгож аваад уншиж эхэлнэ. Бас л харандаа, үзэг, цаас хэрэгтэй. Уншиж байхдаа би юуг хайгаад билээ гэсэн шалгуураар уншина. Илүү дутуу зүйлд цаг зараг эрхгүй уншдаг. Дээр өгүүлсэн шиг тэмдэглэл хөтөлнө. Их хялбархан явдаг юм.
Эцэст нь хэлэхэд ном гэдэг агуу зүйл. Түүнийг хүндэтгэж, өөрийгөө хүндэтгэж байж л толгойнд юм орно. Тэгээд уншигч танд амжилт хүсье.
(Дугаар №36) Алтангадас сэтгүүл