НИЙГМИЙН ХЭВШЛҮҮДЭЭС БУРХАНД ТААЛАГДАХ НЬ ГАГЦХҮҮ СОЦИАЛИЗМ. ХҮН ТӨРӨЛХТӨН ТЭНЭГЛЭСЭН ХЭВЭЭРЭЭ УСТЧИХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ СОЦИАЛИЗМ РУУ ЗААВАЛ ЭРГЭНЭ… /Монголд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, хямралаас гарах арга замын асуудлаар “Гялбаа” сэтгүүлийн реда
“Гялбаа” сэтгүүлийн сурвалжлагч,сэтгүүлч Ж.Баярхүү:
-Эрчүүд ярьж байна… Хоёр өөр салбарын, магадгүй бүр хоёр нийгмийн төлөөлөл ч гэж хэлж болох эрхмүүдтэй дэлхий даяар болон Монголд нүүрлээд байгаа эдийн засгийн хямралын тухай, үүнээс хурдан гарч болох ямар гарц байгаа тухай ярилцлаа. Тэд нэг л юмны төлөө сэтгэл оюун, бодол ухаанаа чилээдэг. Энэ бол Монгол хэмээх туурга тусгаар улсын хөгжил.Харин тэрхүү сайн сайханд хүрэхийн тулд сонгон авч байгаа тэдний арга зам, үзэл бодол нь огт өөр төлийгүй бүр эсрэг тэсрэг…
Мэдээж зохиолч, философич Д.Урианхайг танихгүй хүн гэж үгүй. Тэрбээр 1994 онд Монголынхоо нийгмийн харилцаатай “Иргэний үл эвлэрэл” зарлаж, “Бодь сэтгэл, Эв хамт ёсганцаарчилсан хөдөлгөөнийг үүсгэсэн. Гэхдээ тэр гудамжинд лоозон барьж зогсдоггүй. Энэ бол цэвэр онолын хөдөлгөөн…
УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг ч гэсэн танихгүй хүн ховор.Тэрбээр 30-хан настайдаа ард түмнийхээ сонголтоор төрийн түшээ болж байсан. Засгийн газар орлогондоо бялуурч байх үед төсвийн мөнгийг хэмнэх тухай ярьдаг байсан цорын ганц улстөрч.Л.Гантөмөр ард түмний мөнгийг хэмнэх тухай тодорхой санаачлагуудыг гаргаж, УИХ-д хоёр дахь удаагаа ялалт байгуулаад байгаа төрийн түшээ билээ.
-Дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нүүрлээд байна гэж ярьцгааж байна.Тэгэхээр юун түрүүнд, энэ эдийн засгийн хямрал юм уу, эсвэл хүмүүсийн сэтгэл санаанд явагдаад байгаа хямрал юм уу гэсэн асуултаар ярилцлагаа эхэлмээр санагдлаа…?
Д.У: Ёс ёмбогор, төр төмбөгөр гэж үг бий.Хүү минь ахал.
Л.Г: Энэ эдийн засгийн хямрал мөн. Дэлхий даяар явагдаад байгаа санхүүгийн хямрал нь бодит эдийн засагтаа нөлөөлж байна. Санхүүгийн хямралыг тухайн үед нь зогсоох боломж аль ч улс оронд байгаагүй гэж харж байгаа. Хямралын үндсэн шалтгаан нь санхүүгийн байгууллагуудад тавьдаг хяналт асар сул байсантай холбоотой. Хэт хөөрөгдөл бий болж, тэр хөөрөгдөл дээр хөрөнгө оруулалтын банкууд маш их хэмжээний ашиг олохын тулд ажилласан. Хэсэг бүлэг хүмүүсийн хэтэрхий шуналаас үүдэлтэй гэсэн үг л дээ. Энэ хямралын үр дагавраар бүтээн байгуулалт явагдаж байсан улс орнуудын бүтээн байгуулалт зогслоо. Монголчууд бидний хувьд нэг их бүтээгээд байгаа юм байхгүй, үүн дээрээс, гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн ирүүлж байгаа мөнгө, мөн гадны хөрөнгө оруулалт зогслоо. Тухайлбал, “Sony” коспани хөрөнгө оруулаад Монголд батарейэы үйлдвэрээ байгуулах саналтай байсан бол үүнийгээ зогсоож байх жишээтэй. Манайхыг тойрсон дундад Азийн орнууд, тухайлбал Хятадын зах зээл асар хурдтайгаар хумигдаж байна. Учир нь, асар хурдтай явж байгаа зах зээл тэр хэмжээний хөрөнгө оруулалтыг байнга хүсч байдаг. Тэр хөрөнгө оруулалт нь хаагдангуут зах зээл зогсдог. Зах зээл нь зогсохоор манай түүхий эд борлогдохоо болино гэсэн үг. Ихэнх хөрөнгө оруулалт гуравдагч орнуудаас гэхээсээ илүү хөрш орнуудаас ирж байгаа. Энэ хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр багасчихлаа. Ингээд харахаар, ерөнхийдөө гадаад зах зээл Монголд нөлөөлсөн гэдэг дүгнэлт бол зөв. Миний хувьд, энэ хямралыг эерэгээр ашиглан давж гарах хүсэл бол байгаа. Тэр хүслийг биелүүлэхэд өнөөдрийг хүртэл монголчуудын ажиллаж ирсэн арга барил, менежмент, ур чадвар, Монгол төрд ажиллаж байгаа 130 гаруй мянган хүн өөрт оногдож байгаа тус тусын ажлаа хийж чаддаг бол, удирдаж байгаа хүмүүс нь зөв менежментээр хангаж чаддагсан бол санхүүгийн хямралыг эерэгээр давах бололцоо бий.хямралаас өөрийн орныг яаж хурдан авч гарах вэ гэдэг асуудал дэлхийн бүх оронд тулгарч байгаа. Хэтэрхий глобалчлагдсан учраас хямралд нэрвэгдэхгүй улс гэж байхгүй. Ялангуяа өндөр хөгжилтэй улс оронд илүү хүндээр тусч байгаа. Жишээ нь, Япон, Тайвань, Гонконг, Сингапурын хувьд хөгжил гэж юу вэ гэвэл, баялгийн хэт хуримтлалын тухай ярина уу гэхээс биш, монголчууд шиг зам, орон сууц, дэд бүтэц, баялаг хуримтлуулах асуудал байхгүй шүү дээ. Тэдгээр улсуудын хувьд “Одоо бид яах вэ?” гэдэг асуулт тавигдаж байна. Тэр асуултыг нь хөгжих гээд явж буй улс орнууд юу гэж ойлгох вэ гэхээр, капитализм биш боллоо гэж энгийнээр хүлээж авч байгаа юм. үэхдээ бид эхний ээлжинд Япон шиг хөгжилтэй болох ёстой.харин тэдний гаргасан алдааг давтахгүйгээр зүтгэвэл хүрсэн амжилтанд нь хүрэх орон зай байна. Капитализмаа эргэж харъя гэж байгаа улс орнуудаас бүтээж байгаа улс орны асуудал арай өөр.Тиймээс бид өөрийнхөө онцлогт тааруулсан бодлого хөтөлбөрийг хийх хэрэгтэй гэж бодож байна.
Д.У: Асуусан асуултанд Гантөмөр гишүүн нэлээд үндэслэлтэй хариулт өглөө. Би бол жаахан хуучинсаг үзэл бодлоор, арай лавхан ухаж бодож үүнд хандаж байгаа. Магадгүй би монголын хамгийн сүүлчийн марксист хүн байх. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, социалист нийгмээс үлдсэн, хоцрогдсон ганц хүн би. Миний бодлоор, хямралын үндсэн шалтгаан нь ерөөсөө өнөөдрийн нийгмийн харилцаанд л байгаа. Дэлхийн суут сэтгэгч, эдийн засагч Карл Маркс үүний нууцыг задлан шинжлээд, хууль зүйг нь нээгээд өгчихсөн шүү дээ. Хувийн өмчид тулгуурласан нийгмийн харилцаанд эдийн засгийн болоод улстөрийн , тэр байтугай сэтгэл санаа, оюуны хямрал байнга дагалдана. Угаасаа л нийгмийн энэ харилцаанаас болоод үл эмчлэгдэх ийм өвчнөөр өвчилж байгаа юм. Манай улс 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцааг хувийн өмчит нийгмийн харилцаагаар сольсон нь, тэгээд 1992 онд баталсан шинэ үндсэн хуулиар нийгмийнхээ харилцааг зохицуулсан нь одоогийн энэ хямралын бодит үндэс болсон гэж бодож байна. Эдийн засгаас гадна хүний ёс суртахуун, сэтгэл зүй, амьдрах аргад том хямрал нүүрлэсэн. Манай нийгэмд шинжлэх ухаанч удирдлага дутсанаас буюу эрх мэдлийн хуваарилалтын тогтолцоо гажуудсанаас энэ хямрал үүссэн. Өнөөдрийн дэлхийн хямралюунаас эхэлсэн бэ гэхээр банкны системээс биш, үндсэн хөрөнгийн үнэлгээ унаснаас, “ипотек” гэдэг юмнаас үүссэн гэж үздэг. Энэ “ипотек” гэдэг нь үл хөдлөх хөрөнгө тийм үү, гишүүн ээ?
Л.Г:Тийм. Үл хөдлөх хөрөнгийн зээлийн тогтолцоо л доо.
Д.У:Тэгэхээр өнөөгийн энэ хямрал Японоос эхэлсэн юм шиг байна лээ. Юу гэхээр, үл хөдлөх хөрөнгө чинь л үнэгүй болсон юм билээ шүү дээ. үл хөдлөх хөрөнгө нь үнэгүйдээд, төсөвт орох орлого нь багасаад, хүмүүсийн худалдан авах чадвар нь муудсанаар санхүүд нөлөөлж байгаа юм. Саяханы нэг социологийн судалгааны дүнгээс харахад, манай хүн амын 50 хувь нь нэн ядуу, 30 хувь нь ядуу амьдарч байна гэж, 10 хувь нь яахав дээ л амь зууж байна гэж, дөнгөж 5 хувь нь амьдрал хангалуун сайхан байна гэж хариулсан байна. Энэ бол ард түмний үнэнийг гаргаж тавьж байгаа судалгаа шүү дээ. Мэдээж их хурлын гишүүн маань “Амьдрал сайхан байна” гэж хариулсан таван хувьд орох байх. Гэвч Монголын хүн амын 90 хувь нь үндсэндээ ядуу, амьдралд эргэлзсэн сэтгэлтэй болчихлоо. Уран бүтээлч хүнийхээ хувьд сэтгэл эмзэглэж байгаа нэг юм гэвэл, монголчуудын сэтгэл санаанд явж байгаа энэ хямрал л хамгийн аюултай. 76 гишүүн маань 76-уулаа Гантөмөр шиг ухаалаг, хүнлэг, хүний амьдралын утга учрыг эд хөрөнгийн хуримтлалаас өөрөөр хардаг хүмүүс болчихвол ийм хямралаас бол амархан гаргана. Гагцхүү хүмүүсийн сэтгэлзүйд, тухайлбал, “энэ хүн чөтгөр байлаа ч гэсэн би Бурхан байх юм шүү” гэж бодож байх ёстой бодолд хямрал үүснэ гэдэг бол жинхэнэ хямрал юм.
-Энэ бол хүмүүсийн сэтгэлзүйд үүссэн хямрал гэж Урианхай гуай хэллээ.Тэгэхээр эдийн засгийн ч бай, сэтгэл санааны ч бай энэ хямралын хугацаа хэр удаан үргэлжлэх бол?
Л.Г:Дэлхийн эдийн засгийн хямралын үргэлжлэх хугацааг хэлэхэд хэцүү. Харин монгол улсынхаа эдийн засгийг хямралаас яаж зөв авч гарах вэ гэдэг л чухал.Зөв шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрээ ажил болгож, ядаж л уул уурхайн салбар дээр түшиглэсэн зөв бодлогыг хурдтай хийж чадах юм бол хямралаас хөнгөхөөн гараад явчих боломжууд бидэнд байгаа. Монголд маш арвин нөөц байна, бас хоёр хөршид маань сул зах зээл байна. Сая Урианхай гуай “Би сүүлийн марксист хүн “ гэж хэллээ. Хүн ийм л шудрага байх ёстой шүү дээ. Гэтэл манай шийдвэр гаргагчдын дунд марксист хэрнээ барууны эдийн засаг яриад явж байгаа хүн хэдэн зуугаараа байгаа. Хоёр нийгмийн хооронд төөрөгдсөн хүмүүс төрийг удирдаж байгаа учраас ажил удаад байгаа юм. Ÿрьж байгаа нь нэг их зах зээл хүссэн хүмүүс. Тэгсэн атлаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт хэрэглэдэг арга барилаар шийдвэрээ гаргадаг.Ер нь ч тэгээд Урианхай гуайн томъёолсноор суут сэтгэгчийн номлолыг сонссон хүн тэр сургаалаас гажна гэдэг тийм амар зүйл биш. Жишээ нь, Библийн сургаал уншаад Ечүчт итгэсэн хүн тэрнээсээ холож чадах уу, бурхан Буддад их ойрхон очсон хүн энэнээсээ холдож чадах уу даа. Ер нь хүн огцом өөрчлөгдөж чаддаггүй юм байна л даа. Тэгээд ч хэтэрхий төөрөгдсөн шийдвэр гаргаад, тэр нь ажил болж чадахгүй байгаа учраас иргэд нь дагаад төөрч эхэлж байна. Тухайлбал, “шудрага ёс тогтоодог нийгэмд амьдарч байна” гэж бодож байтал гаргаж байгаа шийдвэрүүд нь шудрага ёсны биш, эрх мэдэлтнүүдэд үйлчлээд, “энэ чинь зах зээлийн нийгэм шүү дээ” гээд явж байтал төрийн эрх дархтанууд орж ирээд зөвшөөрөл олгодог, дарамталдаг, шалгадаг, хянадаг байх гэх мэтээр бодит байдалдаа нийцэхгүй болохоор хүмүүсийн дотор зөрчил бий болж байна. Энэ зөрчил маш хурцадсан үе мөн үү гэвэл мөн. Хүн болгон л эргэлзэж байна. “Энэ нэг л биш ээ, дарга нарын унаж яваа машин, эдэлж хэрэглэж байгаа бүхэн хаанаас бий болоод байна вэ?!” гэж. Тэгэхээр үүний хариулт нь, хоёр нийгмийн хооронд төөрөлдсөн хүмүүс хувийн эрх ашгийнхаа төлөө хэтэрхий хөөцөлдөж, төрийн машиныг өөртөө зориулж ажиллуулж байгаагаас болоод иргэдийн итгэл алдарсан байна. үнэхээр ч өнөөдрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс миний сэтгэлд ерөөсөө хүрдэггүй. Шулуухан хэлэхэд энэ үе солигдох ёстой юм шиг. Дараагийн тэр үед найдах найдлага бол надад байгаа. Гэхдээ өнгөрсөн 18 жил бол бүхэл бүтэн нийгмийн харилцааг солиход богинохон хугацаа. Социализмаас капитализм руу шилжихэд нэг их олон жилийг элээсэн юм шиг ярьцгаадаг. Тийм биш. Нэг хүний амьдралд олон жил боловч нийгмийн амьдралд бол богинохон хугацаа. Гэхдээ л үүнийг монголчууд маш хурдтайгаар давах хэрэгтэй. Үүнээс гадна нэгэнт бариад авсан байр суурин дээрээ бат бөх зогсох эрмэлзлэлтэй байх хэрэгтэй болов уу.Үнэндээ бол Орос Хятад хоёр чинь авторитар дэглэмтэй улс шүү дээ. Тэр систем рүү гулсаж орох магадлал өнөөдөр Монголд хамгийн өндөр байгаа! Мэдээж хүмүүсийг сэтгэл санааны хямралаас авч гарахын тулд юун түрүүнд эдийн засгийн хямралыг яаралтай шийдэх хэрэгтэй.
-Эдийн засаг хямралтай байгаа үед хүмүүс сэтгэл тайван, эрүүл амьдрах ямар ч боломжгүй гэсэн үг үү?
Л.Г:Сүүлийн 2-3 сарын статистикаас харахад хулгай, дээрмийн хэрэг асар их нэмэгдэж байна. Тэгэхээр энэ хэвээрээ цаашид үргэлжлэх юм бол хязгаараа алдана. Тийм ч учраас Засгийн газар, УИХ маш яаралтай зөв шийдвэр гаргах хэрэгтэй болж байгаа юм.
Д.У:Зах зээл хямралаас түр гарч болно, бүр гарна гэж байхгүй. Яагаад гэвэл, зах зээлийн харилцаа гэдэг чинь угаасаа хямралаа дагуулж явдаг нийгмийн тогтолцоо. Монголчуудынхаа ахуй амьдралыг дээшлүүлье гэвэл юун түрүүн “хэрүүлийн алим” болдог хоёр “Толгой”-нхоо, ядаж нэг ”Толгой”-нхоо гэрээг аль аль талдаа ашигтайгаар хийчих хэрэгтэй. Гэхдээ л хоёр “Толгой” байтугай 200 “Толгой” Монголд нээгдлээ ч энэ хямралаас аврахгүй. Хөгжих тусмаа л улам хямрана. Худлаа гэвэл, аварга хөгжилтэй эдийн засагтай Асерик, Японыг хар! Цаанаасаа ийм хуультай юм. Гадаадаас өч төчнөөн зээл авна гэж байна, өгвөл сайн хэрэг. Гэхдээ зээл авах сайн хэдий ч буруу зарвал бүр үгүйрэлд хүргэх учир үүнд нэг их баярлаж, алга ташиж чадахгүй байна. Засгийн газар бонд гаргана гэж байна. Үүний үр дүнд би хувьдаа эргэлзэж байгаа. Монгол Улсын Засгийн газрын бондбг гадаадын хөрөнгийн биржүүд, гадаадын иргэд байтугай Монголын иргэд ч найдаж авах нь юу л бол. Үүнээс илүү, надад өөрийн гэсэн хувилбар байна л даа. Миний хэлэхийг сонсоод магадгүй та бүхний инээд хүрэх байх. Нэгэнт либерал эдийн засаг, өмчийн олон хэлбэрийг үндсэн хуулиараа зөвшөөрсөн юм бол Монголын эдийн засагт өмчийн олон хэлбэрийн өрсөлдөөн явах хэрэгтэй. Зөвхөн хувийн өмчийн ноёрхол байх нь эдийн засгийн хямралын нэг үндэс гэж бодож байна. Төр хамаг өмчөө тоншиж дууслаа. Ер нь төр хүчтэй байхын тулд өмчтэй байх ёстой, нийгмийн хөгжил, хүний амьдралын утга учир, ертөнцийн тогтолцоог ойлгодог өөрийн гэсэн үндэсний том онолтой байх хэрэгтэй. Хүний зөвлөмжөөр хийсэн, монголчуудын амьдрах арга, сэтгэлзүй, мөн чанарт таардаггүй, “импорт”-ын хуулийн орчуулгаар биш,өөрийн үндэсний монгол онолоор хөгжих хэрэгтэй.
Ахиад би бүр ч инээдтэй санагдаж мэдэх зүйлийг нэмж хэлье. Монголчуудын хэрэглээний сагсанд аравхан нэр төрлийн бүтээгдэхүүн байхад л хөгжиж чадна гэж бодож байна. Мах, гурил, цагаан будаа, давс, цай, төмс, байцаа, хямдхан шиг даалимба даавуу гэх мэт нэр төрлийн бүтээгдэхүүнийг жагсаагаад, үүнийгээ орчин үеийн тэргүүний тоног төхөөрөмжтэй үйлдвэрээр үйлдвэрлээд, үндэсний онол-сэтгэлгээний менежментээр удирдаад, монголчуудынхаа хэрэгцээг хангадаг улсын үйлдвэрүүдтэй байх хэрэгтэй. Тэгээд мал аж ахуйн түүхий эдээ гадаадад түүхийгээр нь гаргадаг биш, дотоодод боловсруулдаг байх нь чухал. 1990 онд социализмын үед ажиллаж байсан бүх үйлдвэрийг хувьчилснаар Монголын эдийн засгийг нураасан уу гэхээс өөд нь татаагүй. Хэрэв улсын үйлдвэрүүд байгууллаа гэхэд эхэн үедээ хохиролтой байлаа ч 10-20 жилийн дараа энэ нь эргээд нөхөгдөнө. Аливаа үндэстэн юмыг хийж байж л сурдаг. Маркс багшийн хэлснээр үйлдвэр ямар ч ашиггүй байлаа ч, бүтээгдэхүүн нь ядмаг дизайнтай байлаа ч үйлдвэрлэлийн туршлага гэдэг бол үйлдвэрлэх хүчний нэг гол элемент! Харамсалтай нь, өнөөдөр монголчууд хийж чаддаг юмаа хийж чадахаа больж, өөрсдөө хийхээсээ илүү хүний хийсэн юмыг хэрэглэдэг “хулгайч” үндэстэн болоод байна. Тэгэхээр, нэгд, хувийн өмчтэй өрсөлдөх улсын үйлдвэрүүдийг барих хэрэгтэй. Хоёрт, хувийн өмчийг хүлээн зөвшөөрье, гэхдээ хатуу болзолтойгоор! Зөвхөн итпортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортынбүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх үүрэг гүйцэтгэж чадах тоног төхөөрөмжтэй аж ахуйн нэгжид л хувийн өмчтэй байх зөвшөөрөл олгох хэрэгтэй. Харин улсын үйлдвэрүүд нь бол яг орчин үеийн Америк,Япон, Итали, Францад хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, технологи ашигладаг төдийгүй тэнд явуулж байгаа менежментийг явуулж чаддаг, тэр үйлдвэрийг дэлхийн стандарт мэдлэг, мэргэжилтэй аавын хүү, тухайлбал, Гантөмөр удирддаг байх нь чухал. Үүнээс гадна картын системд ормоор байна. Удсын үйлдвэрүүдээс гарч байгаа монголчуудын хэрэглэх 10 нэр төрлийн бүтээгдэхүүн мэдээж чанарын өндөр түвшинд хүрсэн байх ёстой. Төр энэ бүтээгдэхүүнээ картанд оруулж, хүн амын ядуу зүдүү 50 хувьд өгөх хэрэгтэй. Энгийн ард иргэд өөрийнхөө картаар масло, махаа авдаг, харин баячууд юугаа авах нь хамаагүй. Тэдний наймаа хийдэг зах зээл нь тусдаа, чөлөөт үнээрээ байж болно. 100саяынхаа жийпийг унаад, хувийнхаа онгоцоор Америк,Япон нисэх эсэх нь тэр хүний асуудал. Харин Урианхайд, миний гэр бүл, ах дүү, амраг садан, миний ард түмэнд бол картын бараа хангалттай. Иргэний дайн гаргахгүйн тулд өнөөдөр ийм арга хэмжээ авмаар байна. Мэдээж үйлдвэрийн бүтээгдэхүүнийхээ үнийг шинжлэх ухааны үндэстэйгээр төрөөс тогтооно. Зах зээлийн онолоор бол худалдан авагч, худалдагчийн тохиролцооны цэг дээр үнэ тогтоогдоно гэж ярьж байна. Энэ нь хөрөнгөтэй, худалдан авах чадвар асар өндөртэй, үйлдвэр хөгжсөн оронд тохирно уу гэхээс Монгол шиг жижиг эдийн засагтай улсад бол таарахгүй. 1992 оны үндсэн хуулиар С.Энхсайхан Засгийн газрын үнийг чөлөөлснөөр Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, Монголын ард түмнийг шууд хэлмэгдүүлсэн. Энэ бол цусгүй аллага байсан.
Яг нарийн яривал манай эдийн засаг Эрээний бараан дээр л тогтож байна шүү дээ. Яах вэ, эдийн засгийн макро түвшнийг яривал олон эерэг үзүүлэлттэй л байгаа юм билээ. Гэхдээ макро эдийн засгийн үзүүлэлт бол онолын түвшинд яригдаж байгаа юм. Жинхэнэ амьдрал дээр бол огт өөр.Энэ хямралд нөлөөлсөн нэг хүчин зүйл бол ченжүүд. Монголын эдийн засаг үндсэндээ төрийн мэдэлд биш, ченжүүдийн гарт ороод байна. Бүхий л түүхий эдийг тэд гадагш зөөж байна. Тэгэхээр чеэжийн давхрагыг устгах төрийн хатуу бодлого явуулах хэрэгтэй. Сайндаа л 20 мянган ченж байгаа гэж бодъё. Энэ 20 мянган хүний эрх ашиг энэ төрд илүү үнэтэй байгаа юм уу, хоёр сая ард түмнийх нь эрх ашиг үнэтэй юм уу? Энэ асуултыг тавимаар байна. Чеэжийг устгаад социализмын үед маш сайн үйлчилж байсан механизмыг сэргээх хэрэгтэй. Тухайлбал, худалдаа бэлтгэлийн анги гэж байсан. Улс өөрийнхөө тээврээр очоод түүхий эдийг ард түмнээс тохирсон үнээр нь авдаг байсан. Одоо бол ченжүүд амандаа орсон үнээр гүйлгээ хийж ард түмнийг шулж байна. Бас нэг яаралтай авах арга хэмжээ гэвэл, Монгол улсын нутаг дэвсгэрт доллар, юань, евро гэх мэт гадаадын валютаар худалдаа хийхийг хорих хэрэгтэй. Гадаад худалдаа, гүйлгээгээ л доллараар хийдэг юм байгаа биз.Энэ бол бодит санал.
Л.Г:Миний хувьд төрийн албанд ажиллаж байгаа түшмэд, дарга нарыг сахил хүртсэн ламтай л адилтгаж боддог. Улс орондоо хоёргүй сэтгэлээр зүтгэе гэж тангараг тавиад явж байгаа хүмүүс тансаглалаас татгалзаж, 6000 төгрөгийн каппучино биш, 600 төгрөгийн кофе ууж чаддаг, тийм зүрх сэтгэлтэй байх ёстой юм болов уу? Харамсалтай нь тийм биш байснаас л өнөөдрийн хямрал үүдэлтэй шүү дээ. Ажил хийхгүй байгаа, хэтэрхий залхуу, бас хэтэрхий тансаглаж байгаа гэдэг үнэн. Гэхдээ бүхнийг төлөвлөгөөтэй болгоё, төрийн мэдэлд үйлдвэрүүдээ авъя гэдэг нь оновчтой санал биш ээ. Тэгээд ч тийм юм руу хальтрахгүй гэдэгт би итгэлтэй байна. Миний бодлоор, хямралаас гарахын тулд юун түрүүнд гадаад худалдааны алдагдлыг нөхөх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, үйлдвэрлэлийн салбарыг дэмжих, худалдааны сүлжээний суурь тогтолцоог бий болгох ёстой. Манай үндэсний баялгийг тэр чигээр нь хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэл худалдаа эрхэлж бизнес хийж байгаа хүмүүс л бий болгож байгаа. Харамсалтай нь энэ хүмүүст хандсан төрийн дэмжлэг өнөөдрийг хүртэл байгаагүй. Төр засаг нь хувийн хэвшлийнхэндээ бодитой дэмжлэг үзүүлснээр дэлхийн улс орнууд маш хурдтай хөгжсөн байдаг. Сүүлийн 10 гаруй жил үйлдвэрлэл эрхлэгчдэдээ дэмжлэг үзүүлэх боломж Монгол Улсын Засгийн газар, Төв банкинд асар их байсан. Харамсалтай нь үүнийгээ ашиглаагүй. Ер нь өнөөдөр дэлхий ертөнцөд буй болоод байгаа нийгмийн харилцаа, хүн төрлөхтөний соёлоос монголчууд бид хэт хоцроод байна шүү.
Д.У:Манай залуу үеийнхэн “хувийн өмчтэй болж байж л хүн өөрийнхөө юмыг хайрлана, тиймээс хөгжлийн гол түлхүүр хувийн өмч” гэж үзээд байгаа юм. Тийм биш ээ. Үүний цаана ерөөсөө хүний сэтгэл, ухамсар л байгаа. “Энэ бидний юм, энэ хүн төрлөхтөний газар дэлхий, бурханы бүтээл юм” гэсэн ухаарал төрөх юм бол хувийн өмчид ч, төрийн өмчид ч ялгаа байхгүй болно. Тэгэхээр аливаа улсыг, хүн төрлөхтөнийг хөгжүүлэхийн тулд өмчийн сэтгэхүйг алга болгох хэрэгтэй.Бурханы сургаал шүү дээ. “Хүн төрлөхтөн та нар хөгжье гэвэл хамгийн түрүүнд “Би” гэдэг үзлээс, “миний юм” гэдэг сэтгэл ойлгоцоос хагац” гэж байгаа юм. Яагаад гэхээр, энэ дэлхий дээр , Урианхайд ч, Гантөмөрт ч “миний” гэх юм ерөөсөө байхгүй. Явж явж хүний энэ бие махбодь чинь бурханаас, байгалиас бүтээсэн нөгөө л 108 элемент шүү дээ. Тэгэхээр хүн төрлөхтөн өмчтэй болж биш, гагцхүү сэтгэлийг тэгш болгож байж л хөгжинө. Өнөөдөр Гантөмөр бид хоёрт санал зөрөх юм байна л даа. Өнөөгийн эдийн засгийн суурь харилцаа бол буруу гэж би бодож байна. Харин Гантөмөр зөв гэж үзэж байна. Гэхдээ өчүүхэн сэтгэгч миний хувьд нийгмийн үзэгдэлд яаж ханддаг вэ гэхээр үр дүнгээс нь ханддаг. Өнөөдөр дэлхий нийтийн чиг баримжаа бол хувийн өмч, зах зээлийн харилцаатай болсон байна. Нэгэнт эдийн засаг ярьж байгаа болохоор тоо баримт л бид хоёрын ерөнхий хэл болох нь байна л даа, шүлэг биш. НҮБ-ын тоо баримтаар өнөөдөр дэлхийн зургаан тэрбум хүнээс 2.7 тэрбум нь нэн ядуу, 1.2 тэрбум нь нэн ядуу байна.50-60 хувь нь ядуу гэсэн үг. Гэтэл өнөөдөр дэлхий дээр үйлдвэрлэж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг захиран зарцуулах эрх 400-хан хүний мэдэлд байгаа гэж байна. Бод л доо. Дэлхийн баялаг гэдэг тэр 400-хан хүний юм биш. Хүн төрлөхтөний сонгосон чиг зам нь зөв юм бол яагаад тэр 400 хүнийг дэлхийн баян болгоод, дэлхийг захирах эрхийг өгөөд, 6.5 тэрбум хүнийхээ бараг 60 хувийг өлсгөлөн амьдруулж байгаа юм. Өлсгөлөнгөөр жилдээ 40 сая хүн нас барж байна, дэлхий дээр. Тэгэхээр дэлхийн нийт хүн төрлөхтөний хөгжлийн чиг баримжаа болгоод байгаа энэ суурь харилцаа зөв байна уу, буруу юу? Би энэ үр дүнгээс хандаж байна. Тиймээс осолтой чиг хандлага руу Монголын эдийн засаг, улстөр, нийгмийн харилцаанд “дөрлөгдөөд” байгаа нь буруу шүү гэж л хэлэх гээд байгаа юм.
Л.Г:Урианхай гуайн ярьж байгаа шиг ийм ухаанаар хүн төрлөхтөн явах учиртай, энэ нь өөрөө хүн төрлөхтөний хөгжил гэж би бодохгүй байна. Улстөрч, залуу хүний хувьд би юу хэлэх вэ гэхээр, хувийн өмчийг шүтдэг сэтгэхүйг монголын залуус өөртөө бий ыолгох хэрэгтэй. Монгол улсаа хүчирхэг болгохын тулд манай залуус, ирээдүйн монгол иргэдийн дийлэнх нь чинээлэг давхрагын хүмүүс байх учиртай. Чинээлэг давхрагынхан бол хэнээс ч хамаарахгүйгээр, аль ч нийгэм, улстөрд, ямар ч орчинд өөрийгөө аваад явж чаддаг. Тиймээс Монголд өмчийн төлөө шудрагаар хөдөлмөрлөдөг иргэдийг дэмжих талаар бодлого явуулах ёстой. Өнөөг хүртэлх бидний алдаа бол зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бий болгохдоо төрийн оролцоог илүү их оруулахыг хүсээд, гаргасан шийдвэр нь бодитой ажил болж чаддаггүй, амьдрал дээр хэрэгждэггүйд байгаа юм. Төрийн оролцоог би асар бага байгаасай гэж боддог. Жишээ нь, үйлчилгээний салбаруудаа яг тэр чигээр нь иргэддээ, нийгмийн байгууллагуудад өгөх хэрэгтэй. Мэдээж, зах зээлийн эдийн засгийг зөнгөөр нь хаяж болохгүй. Энд төрийн оролцоо байх уу гэвэл байна. Гэхдээ энэ нь хувийн хэвшлийг ямагт дэмждэг оролцоо байх ёстой. Хувийн хэвшлийнхэндээ орон зайг нь гаргаж өгөх ёстой.
Д.У:Улс төрч хүн гэж заавал иргэдээс сонгогдсон төрийн түшээг хэлдэг юм бишээ. Нийгмийн зам мөр, түүх, өнгөрсөн ирээдүйг бодож, өөрийнхөөрөө томъёолж чадах түвшний сэтгэлгээтэй бүх хүнийг улстөрч гэнэ. Энэ бол хашиж байгаа ажил, албан тушаалын ангилалтай ямар ч хамаагүй. Тэгэхээр би ч гэсэн улстөрч хүний хувьд, залуу улстөрч Гантөмөрт баярлах хоёр зүйл байна. Гантөмөр тансаг хэрэглээнээс татгалзъя гэдэг санал гаргасан. Мөн дотооддоо зөвхөн монгол төгрөгөөр гүйлгээ хийе, гадаад худалдаанд гадаадын валютыг хэрэглэе гэсэн хатуу бодлого явуулсан. Үүнд маш их баярлаж байна. Үүнээс гадна бид хоёр нэг ижил зүйлийг шүтэж байгаа юм. Энэ бол хөдөлмөр. Ерөөсөө аль ч нийгмийн хаилцаанд хүлээн зөвшөөрөгдөх хөгжлийн гол хүчин зүйл бол гарцаагүй хөдөлмөр. Тиймээс түрүүн хэлсэн саналууд дээр нэмж хэлэхэд, Монголд ажлын өдрийг тав, амралтын өдрийг хоёр болгосон нь маш буруу шийдвэр, хамгийн том алдаа. Өнөөдөр 300000 хүн ажилгүй байгаа юм уу даа, сонингоос тэгж харсан юм байна. Энэ 300000 хүн байтугай тэтгэврийн бид хүртэл ажил хийх хэрэгтэй. Ажил хийж байж л улс орон хөгжинө. Монголчууд долоо аоногт хоёр өдөр амрах биш, бараг сардаа ганц амралтын өдөртэй байсан ч болно. Гол нь ажлын байрыг нь үйлдвэрүүд байгуулаад гаргаад өгөх хэрэгтэй.
-Урианхай гуай өөрийгөө “Би Монголын хамгийн сүүлийн марксист хүн” гэж тодорхойллоо. Харин та өөрийгөө ямар хүн гэж тодорхойлох вэ?
Л.Г: Би өөрийгөө Урианхай гуайтай харьцуулаад тодорхойлоод байх гавъяатай ч хүн биш л дээ. Гэхдээ Урианхай гуай өөрийгөө марксист гэж тодорхойлсонд би баярлаж байна. Марксист онолыг мэдсэн, ойлгосон хүмүүс өөрийгөө хуураад, би лмберал үзэлтэй гэдэг ч юм уу, эсвэл зах зээлийн эдийн засгийг дэмжинэ гээд удирдлагын түвшинд оролцоод яваад байгаад үнэхээр харамсдаг. Би бол марксист хүн шүү гэдгээ зарлах хэрэгтэй шүү дээ. Эсвэл, “ Би бол марксист хүн учраас энэ нийгэм надад таалагдахгүй байна. Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол би энд оролцохгүй” гэж зарлах хэрэгтэй, тийм биз дээ? Өөрөө марксист хэрнээ зах зээлийн эдийн засаг яриад, гаргаж байгаа шийдвэр нь худлаа байгаад байгаа юм. Ингэж явмааргүй байна. Миний хувьд бол хувийн хэвшлийнхэний төлөө зүтгэнэ, төрийг цомхон ыолгохын төлөө тэмцэнэ. Татвар төлөгчидийн талд байнга зогсоно гэдгээ хэлэх байна. Энэ нь Монголын төрийн албанд ажилладаг хүмүүсийг тлүү чадварлаг, хүнлэг, ард түмэндээ үйлчилдэг, улс орныхоо төлөө өөрийгөө зориулна гэсэн итгэл үнэмшилтэй байгаасай гэж хүсч, ийми болгохын тулд яах ёстой юм бэ гэдэг асуултанд хариулт олохын төлөө хичээн ажиллаж байна даа.
Д.У:Нийгмийн харилцаанд төр оролцох ёстой юу, үгүй юу, оролцвол ясар хэмжээгээр вэ гэдэг нь улстөрчдийн гол асуудал болоод байна. Би бол төр хүчтэй байх ёстой гэдэг үзэл бодолтой. Монголын өнөөдрийн төр бол маш хариуцлагагүй төр. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, 40 сая малтай, газар дороо асар их баялагтай Монгол улсын 2.5 сая хүн өлсөх байтугай тэрбумтан хүний хэрэглээ, зиндаагаар амьдрах боломжтой шүү дээ. Гэтэл ингэж чадахгүй байгааг би төрийн буруу гэж бодож байна. 2.5 сая хүнийг тэжээхэд бүтэн тархи байтугай тал тархиа ажиллуулахад л болно. Гэтэл Монголын төр бүтэн байтугай тал тархи ч үгүй болчихоод байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр төрийн эрх барих статус нь бизнесийн ашиг орлогын эх үүсвэр болсонд байгаа юм. Уг нь бүгд Гантөмөр шиг, Бат-Эрдэнэ аварга шиг үнэхээр ард түмнээ, улс орноо гэсэн элэгтэй, монгол хүний гэгээн сайхан ухаантай байсан бол огт өөр байхсан. Тийм биш, ерөөсөө л мөнгө олох гэсэн, олигархиудын үүр болсон байгаа. Эхэн үедээ бол “Монголд хувьчлах юс их байна” гээд дал наян жтл ард түмний бүтээсэн нийгмийн баялгийг өөртөө авахын тулд төр лүү зүтгэцгээж байсан. Дараа нь төр ядуураад, хувьчлах юм байхгүй болмогц улс орон, ард түмний нэрээр гаднаас орж ирсэн тендер төслүүд, зээлүүдийг хамгийн түрүүнд Урианхай биш, сэтгүүлчид, зохиолчид биш, эрдэмтэд малчид биш, их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд л авч, тэр мөнгөөр нь сонгуульд дахин өрсөлдөж, ард түмний саналын 90 хувийг худалдаж авсан. Манай сонгууль итгэл үнэмшлийн сонгууль биш, мөнгөний сонгууль, албадлагын сонгууль болсон шүү дээ. Үүнээс гадна зах зээлийн тогтолцоот эдийн үасгийн макро загвар бол өндөр хөгжилтэй, хэдэн арван сая хүн амтай Америк мэтийн улсад тохирох загвар болохоос биш Монголынх шиг жижиг эдийн засагт таарахгүй. Таарахгүй юмыг дуурайгаад, хүчиндээд, эдийн засгийн ийм тогтолцоогоо хөгждөг юм байна гэж буруу ойлоцгоогоод байна. Тэгвэл энэ өндөр хөгжилтэй орнуудын чинь хөгжлийн гол үндэс нь юу вэ гэхээр, бүгдээрээ хувийн өмчтэй байсандаа биш, олон хуультайдаа биш, төр нь нийгмийн амьдралын жолоодлогонд оролцдоггүй дээ биш, өчнөөн зуун сая ард түмнийх нь хөдөлмөрийн өртөг биш, дэлхийн баялгийг тоносны л үр дүнгээр хөгжсөн эдийн засаг байхгүй юу.Тэнд одоо тогтвортой хөгжлийн динамик урсгал бий болсон. Динамик хөгжилтэй эдийн засгийн загварыг Монголын хөрс рүү зориуд чирч авчраад байгаа юм.Энэ чинь таарахгүй байна…За, Гантөмөр миний хүү зангидаад хэл /инээв/
Л.Г: Урианхай гуайн ярьж байгаа шиг яриаг ойрын үед сонсолгүй уджээ. Урьд нь бол сонсож байсан. Манай аавын үеийн хүмүүс ийм зүйлийг зөндөө ярьдаг. Гэхдээ надад нэг л итгэл байна. Урианхай гуай зөв томъёолж хэллээ, манайх бол өгөгдөл сайтай улс шүү гэж. Эдийн засгийн энэ өгөгдлийг зөв ашиглах учиртай. Тэгэхээр, нэгд өгөгдөл байгаа. Хоёрт, Монгол улс бол бие даасан тусгаар улс. Гуравт, ард түмэн нь эрх чөлөөтэй. Энэ гурвыг зөв хосолсон төрийн зөв менежмент явуулах л ёстой. Яг үнэнийг хэлэхэд, өнөөдрийн төрийг түшиж байгаа хүмүүс эрх мэдлээ ашиглаж бизнес хийдэг, хувийн сонирхолоо түлхүү явуулдагтаа л алдаад байгаа шүү дээ. Энэ шүүмжлэлийг бол 100 хувь хүлээж авмаар байна. Ерөөсөө энэ төр лүү шургаад, амьдралаа сайжруулах юмсан гэсэн хандлага хэтэрхий давамгайлаад байгаа юм. Тэгэхээр хэцүү юм нь юу вэ гэхээр, Монголын ард түмэнд одоо ямар философи байна вэ? Урьд нь Иаркс, Лениний сургааль байсан, тэгээд нураад унасан. Дараа нь элдэв төрлийн шашны урсгалууд орж ирж зах замбараагаа алдсан л даа. Тэгэхээр энэ бүгдийг базаад, монголчууд ийм үзэл бодолтой хүмүүс шүү гэж томъёолж хэлэхэд маш хүнд болчихоод байна. Аливаа ард түмэн өөрийн гэсэн философитой байвал хөгжихөд илүү амар. Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн хямрал төр засгаа яаж зөв авч явах, хүн бүхэн өөрийнхөө амьдралыг яаж зөв авч явах талаар бодох боломжийг бидэнд олгож байгаа болов уу. Ажлын менежмент, арга барил, юманд хандах хандлага, үрэлгэн байдал зэргээсээ сургамж аваад, алдаагаа засаад, цааш зөв хөдлөх шаардлагатай болж байна. Эцсийн эцэст, хувь хүний хөнжил, хөдөлмөрч чанар, тэмцэх чадвар хэр зэрэг суух бол гэдгээс Монголын ирээдүй хамаарах байх аа.
-Цаг зав гаргаж манай сэтгүүлд ярилцлага өгсөн та хоёртоо маш их баярлалаа. Улс эх орныхоо сайн сайхны төлөө санаж бодож яваа бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай.