Нийгмийн “зэрлэгшил”…нийгмийн харилцаан дахь Үүрэг, Эрхийн харьцааны гажуудал
13 жил, 1 сар өмнө

ОХУ-ын эрдэмтэн Э.Мулдашев “Гимлайд явуулсан судалгааны гайхам үр дүн: Хүн мичнээс үүсээгүй” гэдэг сонирхолтой номондоо/Орчуулагч М.Пүрэвжав/ “Байгал дэлхий дээр түүхийн хувьсгалаас гадна доройтох хувьсгал бас оршдог бөгөөд энэ нь хүн зэрлэгших үзэгдлээр илэрдэг” гэжээ. Э.Мулдашев авгай энд хэдийгээр Индонез, Шинэ Гвиней, Австрали, Вьетнам, Чили, Бразили, Африкийн ширэнгэ шугуйдаар тааралдагч зэрлэг болон хагас зэрлэг отог оигуудыг оноосон хэлж байгаа ч иргэншсэн, техникжсэн хүн төрлөгтөнд ч нүүрлэж болох нийгмийн эмгэнэл, гамшигийг төсөөлсөнтэй ялгаагүй. Тэрбээр хүн зэрлэгших үзэгдлийг нийгмийн харилцааны шинж чанартай дам холбож, үндэс  шалтгааныг нь тухайн зохиолдоо гүнзгий задлан шинжлээгүй орхисон ч уг үзэгдлийг хүний тархины хөгжлийн хомсдолтой холбон зөв зүйтэй тайлбар хийжээ.

Хүний тархины хөгжлийг доод шат руу нь уруудуулдаг нийгмийн харилцааны нөлөөлбөр /энд би, хувь хүмүүс бол нийгмийн “бүтээгдэхүүн”-ий хувьд нийгмийн харилцааны шинж чанараар тодорхойлогддог гэж үздэг марксист үзэл баримталж байгаадаа зовохгүй байна. Зовохгүй байгаа маань зөрүүд гөжүүдээ бус, нийгмийн үнэнд байгалийн үнэнтэй адил бодот зүй тогтол агуулагддаг, тэр зүй тогтол үл хувьсах мөн чанартайгаас юм/ хувь хүний “зэрлэгших” үйл явцын эхлэл, даамжралд амьдран буй нийгмийн нь нөхцөл, харьцаа хэрхэн нөлөөлж чухам юу үндэс шалтгаан нь болдогийг, тэгээд, тодорхой нийгмийн  хүрээлэлд оршигч хувь хүний харьцаа, оюун сэтгэхүй, сэтгэл зүй, амьдрах аргад ямар гажиг өөрчлөлт орж, юунд хөтөлдөгийг монгол дахь жишээнд тулгуурлан авч үзэж зарим лүгнэлт хийх нь манай нийгмийн сэтгэлгээний нэг тулгамдсан зорилго болжээ.1990 оноос хойш Монголд хэвшин буй “ардчилсан” хэмээх , тэгэхдээ, жинхэнэ ардчилалыг дутуу, саармаг олгосон буруу тодотголтой нийгмийн тогтолцоо нь хувийн өмчийн сэтгэхүйт аливаа нийгмийн байгуулалыг ямагт сүүдэр мэт дагаж ирсэн нийгмийн “тогтмол” үзэгдэл,-нийгмийн задрал, өрсөлдөөн, үл итгэлцэл, далд хууран мэхлэл, ил урвалт, эвдрэлцэл, дайсагнал зэрэг дотоод хямралт үйл явцын нөхцөлийг бүрдүүлснээр XX зууны эцэс XXI зууны эхэн үеийн Монголын түүхэнд “нийгмийн зэрлэгшил” гэж нэрлэхээс өөрөөр нэрлэх аргагүй ноцтой үзэгдлийг нийгмийн амьдралд шинээр үүсгэв. “Нийгмийн зэрлэгшил” дараах үйл явцаар тодорхойлогдож байна:

-Нийгмийн амьдралд хээл хахууль, авлига, олигархи хуйвалдаан, далд мафиас эхлээд хулгай дээрэм, аллага таллага, нууц зохион байгуулалттай бүлэглэлийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа хүртлэх хүнд гэмт хэргүүд үйлдэгдэж, жилээс жилд газар аван гаарч, эцэст нь эдийн засгийн мөлжлөгөөр нөхцөлдөж буй ард түмний амьдралыг ядуурал, ажилгүйдэл, өмч эзэмшлийн асар зөрүүтэй ялгаа нийгмийн харилцааг хямралд оруулав.

-Нийгмийн ухамсарын механизмууд анархизмд идэгдэн,жинхэнэ ардчилал, эрх чөлөөнд хүргэх бүтээлч, оюунлаг, шудрага хөдөлмөрийн ойлголт нийгмийн гишүүдийн сэтгэхүй, сэтгэлзүйд устав.Оронд нь юуны үнээр ч бай хамаагүй, ямар аргаар ч бай хамаагүй, зөвхөн “өөрөө л орших” сэтгэхүйт олонхи нийгмийн харилцаанд зонхилох болов. Хүний хүн чанар хийгээд ариун, гэгээн, баатарлаг үйлсийн идэвхи, тэмүүлэл бараг ариллаа.

-“Үүрэг”-ээ гишгэсэн “Эрх” эдлүүлэгч хөрөнгө, мөнгөний засаглалын хэмжээ хязгааргүй диктатур, нөгөө талаас, нийгмийн хууль ёсоор дураараа тоглогч, “хуульгүй эрх чөлөө” нь нийгмийн ёс суртахууныг өнө мөддөө сэхэхээргүй доройтууллаа. Нийгэм бүхэлдээ оюун санааны хоосролд орж, эх орон маань улс үндэстнийхээ түүхийн өмнө ямар нэг хариуцлага хүлээх ямар ч үүрэггүй, дэл сул, “үл зөвшөөрөгдөх эрх чөлөөт”, “илүүдэл” хүмүүсийн амьдбнхаа цаг хугацааг нөгчөөх баларлаг боломжит газар нутаг, орон зай болж хувирав.

XXI зууны эхэн үеийн Монголын болхи, прагматист нийгмийн харилцаа “нийгмийн зэрлэгшил”-ийг тээх, торниулах бохир хэвлий болоод зогсохгүй, өөрийн далд мөн чанараараа, хүний сэтгэхүй, сэтгэлзүйг хүмүүнлэг оршихуйд харш, эрүүл бус, урвуу чиглэлээр “хөгжүүлэн” тасралтгүй үүсгэгч болсоор байна.Амьдралыг ойлгох хүмүүсийн ойлголт, бодот үйл ажиллагаа нь эцсийн үр дүндээ нийгмийн оюунлаг хөгжлийг зогсоож, хүний дотоод ахуйн хөгжил, төгөлдөржилтийн хэрэгуээг нэн түрүүн хангах шаардлагыг эдийн засгийн бодлогоос шахан гаргав. Оюун санааны хөгжлийн эрэлт хэрэгцээгүй, дотоод соёл, иргэншил, гэгээрлийн ямар ч шаардлага шахаасгүй “газардмал”, “махбодлог” ахуй нийгмийн нөхцөлд нийгмийн гишүүд өөрсдийнхөө хийж бүтээгүйг хэрэглэх, махбодынхоо дорд, материаллаг, физиолог хэрэгцээг өрөөл бусдын /бүтээгч иргэдтэй улс орны/ үйлдвэрийн бүтээгдэхүүнээр ханган, тэдний адил тансаг, эрхэмсэг аж төрөх “хэрэглээний донтолт” үүсдэг нь нийгмийн зэрлэгшилийг буй болгогч гол шалтгаан мөн. Өөр нэг субъектив хүчин зүйл нь, -нийгмийн харилцааны зохист тэнцвэрийн гажуудал юм.

            “Нийгмийн зэрлэгшил” нь зах зээл, таваар-мөнгөний харилцаанд нухчигдаж сөхөрсөн нийгмийн зонхилогч доод хэсгийг хөрөнгө чинээлэг давхрагынханд хорсох, эгдүүцэх, үзэн ядах хандлагаар харилцдаг болгохын дээр эд баялагаар ядмаг зүдмэг амьдралтай ч алдар нэртэй, авъяас билигтэй “цөөнх--өд атаархах, хялайн харах сэтгэл төрүүлэх ба эсрэгээр, өөрсдөө амьдралд гутрах, өшрөх, амьдралынхаа сайн сайхны төлөө тэмуэх эрч идэвхиэ алдах, унанги цөхрөнгө үзэл бодлбн дарамтанд оруулна. Энэхүү уур амьсгалын явцад нийгмийн гишүүдийн ойлголцол илт гажиж, эрс хүйтэрч, тэдний харилцаа, хамтын ажиллагааны үр дүн нийгмийни хөгжилд сөргөөр нөлөөлж эхлэнэ. Яагаад гэвэл, нийгмээс хүнд хандах хандлагын гол тодорхойлогч нь гагцхүү хөрөнгө мөнгө болсоноор хөрөнгө мөнгөгүй л бол хүнийг хүн гэж үл тоох, тэднийг ад шоо үзэх харилцаа нь нийгмийн олонхийг хүний мөсгүй адгууслагүйдэл руу эргэлт буцалтгүй түлхэнэ. Нийгмийн ийм олонхитой улс орон XXI зууны иргэншил дэх “хүнбусчууд”-ын “амьд үзүүлэн”-гийн зах зээлт улс орон болж үлдэнэ.

            Хүмүүсийн харилцааны харьсал, цэвдэгшил /угтаа “нийгмийн зэрлэгшил”/ нь ертөнцийн их бүтцийн орчил дахь дээд оюун санааны орнуудаас удирдлагын хэлбэрээр хүн төрлөгтний оюуны санамж, үйлдэлд ирдэг нууцлаг хэл, мэдээ, мэдээлэл, сансрын дохио, зөн совин, бэлгэ зүүд зэрэг “өөр ертөнц”-ийн үйлчлэл, нөлөөлөлтэй харилцах, холбогдох чадварыг хүний махбодод хийгээд аурод бүрэн үхүүлдэг. Хүний нарийн бие, амин цэнэгт орны үйлчлэлээр дамжин идэвхиждэг дээд оюунлаг, сүнслэг эрчим хүч хүний практик үйл ажиллагаанд хийгээд бодот амьдралд материаллагаар оролцогч хүчин зүйл болж байх холбоо харилцаа тасарснаар хүмүүсийн оюун санааны орон зайд асар хүчтэй явцуурал, “хуурайшил”, “үхжилт” идэвхиждэг. Зөвхөн ходоодны хэрэгцээ, секс, махбодын “либидо” л хүний хамаг сэтгэхүй, мэдрэхүйг ажиллуулж, “амьд” байлгаж, хүний танин мэдэхүйн бусад сувгуудыг хаадагаас хүн зөвхөн “биологи биет”-ээр орших, уурагт махбодын хувьд бодисын солилцоо явуулах, бусаддаа “харагдах” гадаад чанарын оршихуйнхаа хэрэгцээг хангах үйл ажиллагааны даавар боловсруулдаг булчирхайнуудыг л ажиллуулаад, бусад сэрэхүй, мэдрэхүйн эс эдүүдийн үйл ажиллагааг зогсооно. Үгүй дээ л “рудимент” зарчимд оруулна.

Дурьдсан бүх нийгмийн болоод биологийн чанарт үйл явцуудаар тодорхойлогдож буй нийгмийн гамшиг, түүхийн “тасрац” гэж нэрлэж ч болохуйц үзэгдэл, - “нийгмийн зэрлэгшил” нь хүмүүсийн харилцаанд хэт газарлаг, материаллаг, амьтанлаг ухамсарын удирдлага, амьдралын зарчим, хэв загварыг тогтоож, нийгмийн харилцаан дахь бүхий д үйл ажиллагааны нь “хөтөлбөр” болж байна.

Бид өнөөдөр манай нийгмийн амьдралд бодтойгоор заналхийлж буй “нийгмийн зэрлэгшил”-ийн үеийг аль болох хор багатайгаар даван туулах сэтгэлгээний болоод практик үйл ажиллагааны эрэл хийх нь Монголын нийгмийн сэтгэлгээнд амин чухал асуудал болжээ. Энд, бидний бодлоор, нэг гол асуудал бол нийгмийн гишүүдийн Үүрэг, Эрхийн зохистой харьцааны гажуудал юм. Шулуухан хэлэхэд, бид өнөө хүний эрх гэж хашгирахаасаа илүү “эрхгүй” байх тохиолдлуудын тухай л их ярих хэрэгтэй болсон мэт. Ойлгоогүй, бүрэн ухамсарлаагүй “ардчилал”-аар олгогдсон эрхийн мөн чанар, хор холбогдолыг нийгмийн амьдралаас тод иомруунаар харсаар хэрнээ улстөрчид, судлаачид, чөлөөт гэгдэх хэвлэл мэдээллийнхэн чиг чимээгүй өнгөрч байна.

Хүн юу хийх, юу ярих, ямар байх эрхгүй вэ? гэдэг асуулт хүний бодол санаа, сэтгэл, үйл ажиллагааны дотоод хяналт, дотоод “цэвэршилт”-тэй холбоотой асуулт! Энэ асуултанд хүн бүр дор дороо хариулж, хамгийн зөв “луужин” чанарын хариултыг нийт хамтаараа олж, түүндээ дор дорынхоо үзэл бодол, үйл ажиллагааг зангидаж, захируулж, үаншихыг үүрэг, хүмүүжлээ болгууштай байна. Хүн бие биеийнхээ эсрэг зогсох, нэг нь нөгөөдөө харшлах, хор хөнөөл тарих эрхгүй нь хууль! Эрхгүй юмаа хийхгүй байх ухамсар, хүмүүжлийг л хүний нийгмийн ёс суртахуун гэж ойлгож болох юм.Ер нь хүний эрхийн тухай үргэлж яриад, чихэнд нь хоногшуулж хатгаад байх нь хүндээ тийм ч тустай сайн “эликстр” биш!Манайд үнэний зориг дутаад, дээр нь хүн өөрийнхөө эрх ашиг, дур таалалын эсрэг хандах хүсэлгүйдээ хэлж чадахгүй байгаа болохоос, үнэндээ бол, /хэрэв хүний зөв төлөвшилд илүү тустайг нь бодвол/ хүний эрхийг хөхиүлээд байх нь ч утгагүй юм. Байгал хүнийг бүтээхдээ, хүний эрхийг нь бус үүргийг нь түрүүлж бодсон, үүргийг нь эрхийн ньурд, “дээр” нь байхаар оноож хуваарилсан мэт санагддаг байтал хүний эрхийг бус үүргийг нь нэгдүгээрт, эрхийн түрүүнд тавьсаныг ойлгоогүй удсан нь хүн төрлөгтний амьдрал, ахуй заншилыг асар харамсалтай алдаанд хүргэснийг хүн төрлөгтний нийгмийн сэтгэлгээ өнөөг хүртэл ойлгоогүй явна.

Эрхийн сэтгэхүй үүргийн сэтгэхүйгээ түрсэнээр нийгэмд хүн хүндээ ханьсах, хүн хүнээсээ зааглагдах буюу ялгаварлагдах, эцэстээ, нийгмийн харилцааны интеграл бүтцийн түвшинд нийгмийн “мөстлөг” үүссэн юм.Нийгмийн “мөстлөг”-ийн түвшинд нийгмийн амьдрал дахь “таталцалын хүч” үйлчлэлээ тэглэнэ. Хүмүүсийн сэтгэл санааны харилцан үйлчлэлд “төв рүү тэмүүлэх хүч” –ний нягтрал,хүчдэл байхгүй бол нийгмийн харилцаа ч мөн задран саармагжиж, хүн бүрийн бодол санаа хувь хувьдаа “цоожлогдсон”, нөгөө талаас, хүн бүрийн дур зорго дор дороо “агсамнасан” тархай бутархай “эрхийн” ч юм уу “эрх чөлөө”-ний нөхцөл болж, тэгснээр нийгмийн сэтгэлгээнд “нийлбэр” чанарын тогтолцоо байхгүй, зөвхөн дур дурынхаа утга руу тэмүүлсэн нэмэх/+/, хасах/-/ нэмэгддэхүүнүүдийн л холилдоон байх болно.Нийгмийн харилцааны оршин тогтохуйг хангагч ерөнхий хүч бол Үүргийг Эрхээс нь чухалчлан үзэгч ухамсарт үндэслэсэн нийгмийн зохион байгуулалт л байх болно. Хүнийг бусад хүнтэй нь ав адил тэгш эрхтэйг, нийгмийн харилцаан дахь эрх, үүргийн харилцааны хувьд яг л математик тэгшитгэл шиг тэнцүү улс төр-эдийн засгийн эрх чөлөө эдлэгч “нийгмийн гишүүн” гэдгийг нийгэмд ухамсарлуулах зохион байгуулалт л нийгмийн харилцааг эеэршүүлж, жинхэнэ ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг бүрдүүлж чадна.Энэ парадигмыг ойлгож амжаагүйгээс манай нийгмийн сэтгэлгээ зөвхөн эрхийг дангаар нь хөхиүлсэн, ялангуяа, хувийн өмчийн “ид шид”-ийг номлосон моно сэтгэлгээ болон хувирч байна. Гэтэл XX зууны эцэс, XXI зууны эхэн үеийн нийгмийн харилцааны хамгийн том сөрөг үр дагавар, -““нийгмийн зэрлэгшил”-д “триптоны сүүлт од”-ны үүрэгтэйгээр нөлөөлж буй “нийгмийн солир” бол чухамдаа өмчийн сэтгэхүй, хувийн өмч хөрөнгийн өрсөлдөөн, тэмцэл л байгаа билээ. Хувийн өмчтөнүүд бол юуны өмнө өмчөө болоод өөрийгөө харамлагч, мөн, хамгаалагч харилцааг хөгжүүлэгч “хүчин зүйлс” байдаг тул цаг түүхэн дэхь хамгийн амь бөхтэй, хамгийн урт удаан хугацаанд эрхээ эдэлсэн  хамгийн их тэсвэртэй “нийгмийн оршигчид” мөн. Тэдний бүхий л үйл ажиллагаа нь өөрсдийнхөө биологийн хэрэгцээг хэд дахин өсгөн хангахад зориулагддаг шинж чанартай ч бусад “биологи биет”-үүдээс нэг гол зарчимаараа ялгарч ирсэн.Юу гэвэл, амьтад үржих, үр төлөө үлдээх инстиктэд захирагддаг бол нийгмийн харилцаан дахь өмчтөнүүд ихэвчлэн өөрийгөө хадгалах, аль болох удаан оршин үргэлжлэх, амьдралаа уртасгах инстикттэй байдаг.

Эцэст, эрдэмтэн Э.Мулдашев авгайн номонд, гадаад далайн тусгаарлагдмал арлууд дээр “байгалийн захиргаан” дор амьдран оршиж буй зэрлэг отог омгийн хүмүүсийн тухай, “зөвхөн агуу их сэтгэлийн хүч ба бүтээлч байдал л хүмүүсийг түргэн зэрлэгшихээс аврах юм!” гэсэн зөв зүйтэй санаа өгүүлснийг нийгмийн харилцааны захиргаанд амьдарч буй “нийгмийн бүтээгдэхүүн”-монголчууд бидний ахуй, үнэнд хамааруулан хэлэхэд, биднийг “нийгмийн зэрлэгшил”-ээс аврах арга зам ч Э.Мулдашев гуайн өгүүлж буй “агуу их сэтгэлийн хүч ба бүтээлч байдал л” байх болно гэж нотлон хэлж болох юм.

Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос