Намууд дахь “алга”…
13 жил, 1 сар өмнө

Нам гэдэг хийсвэр ухагдахуун бодот утгаараа бол, юуны өмнө, нийгмийг хэрхэн хөгжүүлэх арга замаа шинжлэх ухаанчаар тодорхойлж маш цэгцтэй боловсруулсан онол бөгөөд тухайн онол баримтлалаа амьдралд бодтой хэрэгжүүлэх эдийн засаг-улс төрийн нэгдмэл үйл ажиллагааны удирдлага юм. Намыг нам болгодог гол юм нь, -уг намын мөн чанар, оюун сэтгэлгээний нь чадамжийг тодорхойлогч өөрийн биеэ даасан нийгмийн хөгжлийн онол, үнэмлэхүй хүмүүнлэг зорилго бүхий үйл ажиллагаа хоёрын нь нэгдэл байдаг. Намын үйл ажиллагаа нь нийгмийн амьдралын түвшинг дээшлүүлэх материаллаг баазыг цогцлуулах, тогтворжуулах, улмаар хөгжлийн биеэ даасан динамик бүтцэд оруулахад чиглэгддэг “үндсэн хууль”-тайгаараа нийгэмд байр суурь эзэлдэг. Түүнээс биш нам нь зөвхөн засаглалын эрх мэдэл булаалдан тэмцэлддэг бизнес ашиг сонирхолын нэгдэл бус бөгөөд аль нэг даргаар, эсвэл олон даргаар, эсвэл бүүр “Удирдах зөвлөл”, “Үндэсний зөвлөлдөх хороо” нэртэй өмч хөрөнгө эзэмшлийн сонирхол бүхий бүлэг цүлэг хүмүүсийн үйл ажиллагааг хуулиар зөвшөөрүүлэх “байгууллага” биш юм. Нам нийгмийн хөгжлийг хурдасгах, эрчимжүүлэх улс төрийн хүчин зүйл, нийгмийн хөгжлийн онол-практикийн удирдлаганд идэвхитэй нөлөөлөл бүхий субъектийн хувьд нийгмийн онол-сэтгэлгээний хөгжилийг болоод ард түмний бодот амьдралын түвшинг далайцтай дээшлүүлэх арга ажиллагааны бүрэн чадамжит институц байх ёстой гэдэг шалгуураар шүүн хэмжвээс, Монголын улс төрийн намууд нь ердөө л Улсын Дээд Шүүхэд бүртгүүлж гэрчилгээ авсан “Нам” нэртэй, бизнес үйл ажиллагаа эрхлэгчидийн “цугларалтын клуб” -үүд юм. Эдгээр “клуб”-үүд бол мөн чанараараа Монголын төрд өндөр эрх мэдэл, албан тушаал горьлооч, “лидер”-үүдийнхээ ашиг сонирхолыг хэрэгжүүлэгч “лоббий”, “авлига”, ил далд “тохиролцоо”-ны эрчимтэй үйл ажиллагаа явагддаг “нууц үнсэлдээ”-ний газрууд!

            Намуудын “идеолог”-ууд маягтай үзэл сурталчид нь гэхээр, -өргөж хэлэхэд, “бага овор”-ын сэтгэгчид, нийтлэлчид буюу их л сайндаа компьютер, интернет сүлжээ ашигладаг, тэндээс өөрсөн шигээ “бага овор”-ын сэтгэгчид, нийтлэлчидийн бичвэрээс өөртөө ашигтай ааван сааван мэдээлэл ухаж “олзворлодог”, дээр нь гадаад томилолтынхоо туршлага, мэдлэгээр “цэнэглэгддэг”, техникшилт, даяаршилтын ид шидийг хавархдаг XXI зууны неондартальчууд байдаг. Тэд “алив үзэл суртлыг үл зөвшөөрнө”, “алив асуудлыг улстөржүүлэхийг эсэргүүцнэ” гэж байнга рекдамдах боловч үнэн хэрэг дээрээ хувийн өмч, хөрөнгө мөнгөний үзлээр нэвт шувт үзэл сурталжсан, улс төрөөр монголын өдөр тутмын сонин, үндэсний хэвлэл мэдээлэлийн зайг дүүргэнэ. Бас, хүүхдийн хошного загатнуулдаг хялгасан хорхой шиг хорон “хатгуур”-тай, хорошгүй амбийцаараа бие биеэ тасралтгүй мэрнэ. Энэ бодот үнэнээс дүгнэхэд, монголын улс төрийн амьдралд Нам хэмээх хүчин жинхэнэ сонгодог утгаараа алга!Ингэхлээр, олон намын тогтолцоо ч үндсэндээ алга!

            Нийгэмд өрнөж буй үйл явцын жинхэнэ удирдагч нь орчин үеийн шинжлэх ухааны тэргүүлэх салбаруудын ололт, нээлтийн мэдлэг, нийгэм-хүний хөгжлийн философи байж гэмээ нь л сая тэр үйл явц үнэнхээр хөгжлийн үйл явц болж чадна. Шинэ онол, шинэ философи л шинэ нийгмийг бүтээнэ, удирдана. Гэтэл Монголын нийгэмд сүүлийн 15-16 жилд өрнөсөн үйл явц нь түүнд уралдан оролцсон, өрсөлдөн удирдсан намуудад нь үндэсний биеэ даасан нэгдмэл онол, философи байгаагүйн улмаас үндсэндээ сөрөг үр дагавартай, урсгал чанартай, эмх цэгц, тогтворжилт муутай, нийгмийн хөгжлийн үйл явц гэж томъёологдохоосоо илүү шинж чанартай өрнөв. Монголын нийгмийн сэтгэлгээнд хөгжлийн нэгдмэл гүн ухаан үндэсний эндомик ахуй, уламжлалаас үүдсэн шинжлэх ухааны аргачлал, үндэслэл бүхий удирдлагын ухааны түвшинд боловсрогдоогүйгээс шалтгаалаад ианай нийгмийн амьдрал барууны энэ тэр орны туулсан замын замхарч буй тоосоор л чиг баримжаа хийн үймж байна. Ямар ч онол философигүй /Ерөнхийлөгч Н.Энхбаярын “Хүн хөгжлийн хэмжүүр! гэсэн үзэл баримтлалыг эс тооцвол/ Намуудын үйл ажиллагаатай шууд холбоотой улс төрийн амьдрал бүүр ч хөлөө алдав. Шалтгаан нь, -Намуудад “мөрийн хөтөлбөр” гэгч, сонгуульд ашигладаг, тэгэхдээ засгийн эрх мэдлийн төлөө намуудын хооронд явагддаг материаллаг ашиг сонирхолын тэмцлийн мөн чанарыг халхавчилдаг ялигүй баримт бичгээс өөр             удирдлага тэдэнд алга! Эдгээр “Мөрийн хөтөлбөр”-ийн тухайд хоёр үнэнийг баттай хэлж болно:

Нэгд, “хөтөлбөрүүд” үндэсний ахуйн нөхцөлөөс үүлэж буй зарим орь хэрэгцээ, тухайн бодот доминантад үнэхээр тулгамдаж буй гоц асуудал, хүн амын олонхийн амьдралын өдөр тутмын гачигдал зовлонгоос хол хөндийн дээр шинжлэх ухаанч, онол-аргачлалын тооцоо, судалгаанд үндэслэсэн нарийвчлалгүй, зохиогч эзэд нь ч онол-практикийн синтез мэдлэг, чадваргүйгээс, бас, хүн амын тодорхой тодорхой бүтэц, латент /далд/ хүсэл сонирхолын гүнд нэвтэрч ажилласан арга туршлагагүйгээс ихэнхидээ их ерөнхий, бүдүүвч тоймлол маягтай, үл биелэгч цаг зуурын “бүтээл” байдаг;

            Хоёрт, нэг улс төрийн намын “хөтөлбөр” нөгөө нам, улс төрийн хүчиндээ үл тоогддог, бас түүнийг амаар л хэрэгжүүлэхээс биш ажил үйлсээрээ хэрэгжүүлж чадалгүй орхидогийн улмаас нийгмийн зүгээс ч, сөрөг нам, хүчнийхээ зүгээс ч сархинаг болтлоо, бүтэн үлдэх ганц ч үг өгүүлбэр, бүрэн зөвшөөрөгдөх ганц ч тоо баримт амьдрахгүй болтлоо шүүмжлэгддэг;

            Товч дүгнэхэд, Намуудад нийгмийн хөгжлийн дорвитой онол, үзэл хийгээд хүн амын олонхийн бодот амьдралыг зах зээлийн урсгал, шинжлэх ухааны жолоодлогогүй харилцааны нөхцөлд өөдтэй дээшлүүлж чадах үйл ажиллагааны чадвар ч алга, туршлага ч алга, тийм шаардлага, хэрэгцээг хангаж чадахуйцаар нийгмийг удирдчих байх гэх найдвар төрүүлэх оюуны потенциал ч алга!

Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос