М.БОЛОРЦЭЦЭГ: МОНГОЛЧУУД БИД ДЭЛХИЙД ХОВОРХОН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ, ПАРКИЙГ ГОВЬДОО БАЙГУУЛЖ ЖУУЛЧДЫГ ТАТАХ БОЛОМЖТОЙ
9 жил, 1 сар өмнө

Монголын Динозавр судлалын Хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Минжингийн Болорцэцэг

- Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

МБ: Сайн, сайн байна уу? Юуны өмнө emegteichuud.mn сайтын хамт олонд болон, нийт сайтын уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Минжингийн Болорцэцэг гэдэг. ШУТИС-ын геологийн инженерийн ангийг дүүргэсэн. Харин магистрын зэрэг сээр нуруугүйтэний амьтаны чиглэлээр хамгаалсан. Докторын зэрэгээ “80 сая жилийн өмнө Монголд амьдарч байсан хөхтөн амьтан” гэсэн сэдвээр хамгаалсан. Одоо Америкт багшлахынхаа хажуугаар “Монголын динозавр судлалын хүрээлэн”-гийн захирлаар ажиллаж байна.

- Хүрээлэнгээ ямар зорилгоор байгуулав?

МБ: Монголын динозавр судлалын хүрээлэн маань .... онд байгуулагдсан, төрийн бус байгууллага. Байгуулах болсон гол шалтгаан нь Монголын палентлогийн шинжлэх ухаан, олдвор үнэхээр хэцүү байдалд байгаа. Олдворын хувьд ярихад, олдворыг хууль бусаар гадаад руу гаргаж зарах, ашиг хонжоо олох асуудал гарч байгаа. Энэ бол үнэхээр сэтгэл зовоосон асуудал, хоёрдугаарт шинжлэх ухааны хувьд боловсон хүчний асуудал, энэ нь би докторын зэрэг хамгаалсан залуу эрдэмтдийн хувьд ярьж байгаа хэрэг юм. Ийм хүмүүс Монголд асар дутагдалтай байна. Шинжлэх ухаан маань удаан хөгжиж байна. Манай орны материал дээр гадныхан их давамгайлж ажиллаж байна. Энэ бүх асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж зорилготойгоор энэ ТББ байгууллагаа байгуулан ажиллаж байнаа. Манай хүрээлэнгийн уриа “Монголын палентлогийн ирээдүй”. Монголынхоо материал дээр Монголчууд өөрсдөө ажилламаар байна. Бас Монголын палентлогийн ирээдүйд залуу боловсон хүчнүүдийг дэмжиж, дэлхийн хэмжээнд гаргаж, энэ чиглэлээр хөгжил нь харьцангуй дээгүүр байгаа орнуудад эрдмийн зэрэг хамгаалуулах зорилготой.

- Палентлогичдийн хувьд ажлын байр хир олдоцтой байдаг юм бол?

Энэ үнэхээр чухал асуулт байна. Ажлын байрны хувьд учир дутагдалтай. Улсын чанартай газруудад ажилд орох нь хэцүү, орчихлоо гэхэд цалин, хангамж, ажиллах орчин муутай. Манай ТББ-ын бас нэгэн том зорилго бол палентлогичидоо ажлын байртай болгох. Энэ нь эцэстээ музей байгуулах явдал юм. Музей байгуулчихвал сургалт, судалгаагаа аль алиныг нь хослуулаад хийж болно гэсэн. Музей байгуулах бас нэгэн том шалтгаан бол одворуудыг хадгалах, байрлуулах хэрэгтэй байна. Гадагшаа гарсан гээд байгаа олдворуудаа буцааж авчирах, авч ирлээ гэхэд агуулах газар алга. Ингэхээр бүх зүйл музейтэй холбоотой болж байгаа юм.

- Олдворууд гадагшаа гарсан гээд байх юм. Энэ ямар учиртай юм бэ? Энэ тал дээр хууль эрх зүйн ямар нэгэн зохицуулалт байна уу?

Мэдээж зохицуулалт байгаа л байх. Гэрээ хэлэлцээр хийсний дагуу, сургалт судалгааны зорилготойгоор олдворыг гадагшаа гаргаад, тодорхой хугацааны дараа буцааж авч ирэх ёстой. Гэтэл зарагдах асуудал гардаг. Энэ бол яахын аргагүй хууль бус зүйл. Гадагшаа гаргасан олдворуудыг хэн хэзээ ямар зорилготойгоор хэдэн ширхэгийг гаргасан, цаашлаад ямар байгууллага хариуцаж гаргасан нь тодорхой байх ёстой. Харин хувийн ашиг сонирхлоор, мөнгө олох зорилготойгоор гадагшаа гарч байгаа тохиолдол цөөнгүй байна. Энэ бол үнэхээр “аймшигтай” асуудал. Үүнийг төр засаг анхаарах цаг нь нэгэнт болсон гэж бодож байна. Манай ТББ ч бас үүний эсрэг тэмцэж ажиллах зорилготой.

- Динозавр судлахын ач холбогдол ер нь юу юм бэ?

Энэ бол маш том шинжлэх ухаан. Тэр дундаа Монголын хувьд маш чухал. Учир нь гэвэл манай оронд олдворууд нь ихээр олддог, бараг шинэ шинжлэх ухааны салбар гэж хэлж болно. Музейгээ байгуулаад олдворуудаа хадгалж хамгаалаад эхэлчих юм бол маш том боломжууд нээгдэх гээд байна. Музей бол гэр бүлийн, танин мэдэхүйн чухал ач холбогдол бүхий орчин юм. Динозавраар дамжуулаад олон зүйлийг танин мэдэх боломжтой. Ялангуяа хүүхдүүдийн хувьд динозавр гэхээр бүх зүйл нь сонирхолтой санагддаг. Түүнийг улам илүү мэдэх юмсан, харах юмсан гэсэн тэмүүлэлтэй болж байдаг. Танин мэдэхүйн хувьд ийм ач холбогдолтой. Харийн эдийн засгийн хувьд бас л томоохон ач холбогдолтой. Сургалт судалгаагаа эх орондоо хийчихнэ.Олдворуудыг үзэх гэж жуулчид ирэх боломжтой. Жуулчидыг дагаад, орчуулагч жолооч гээд ажлын байр бий болно. Ер нь музей байгуулах нь их олон ач холбогдолтой болж байна. Ийм учраас л олдворт газруудаа хамгаалах хэрэгтэй. Орон нутагт нь музейг нь байгуулж болж байна. Монголын хилээр Эрээн рүү гарахад, замын хажуу талаар хиймэл динозавры парк байгуулсан байдаг. Үүнийг бас бодох хэрэгтэй. Гэтэл манай орон чинь хэдэн сая жилийн өмнөх амьтадын өлгий нутаг гэгддэг. Хийх ажил, бодох зүйл их байна. Эртний амьтадын ул мөр, олдвор манай орны нэлээд олон аймгаас олддог. Өмнөговь, Дорноговь, Баянхонгор гэх мэт. Эдгээр аймгуудад нь яагаад музей байгуулчихаж болохгүй гэж. Үүнийг засгийн газар цогцоор нь авч үзээд, ямар нэгэн бодлого хэрэгжүүлээсэй л гэж хүсч байна. Бид ч үүнд дуу хоолойгоо хүргэх гэж чадан ядаж ажиллаж байна.

- Танай байгууллага байгуулагдсанаасаа хойш ямар ямар ажил хийж амжуулав?

Нилээд хэдэн ажил хийсэн. 2007 онд Өмнөговь аймагт, Динозаврын танин мэдэхүйн сургалтыг зохион байгуулсан. Энэ сургалт хүмүүст маш их таалагдсан. Олдворуудтай нэг нутагт зэрэгцэн амьдарч байгаа, орон нутгийн иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг нь хүргэж чадсан. Ингэснээр тэд өөрсдийн нутаг орноор бахархах гээд олон талын ач холбогдолтой. Сургалтын гол зорилго нь динозаврыг танин мэдэхээсээ илүүтэйгээр хамгаалах талыг нь илүүд зааж сургах явдал байсан юм. Дараа нь музейн ажилтануудад хотод сургалт зохион байгуулсан. Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “музейн хайрцаг” хоёр ширхэгийг хийж нэгийг нь Өмнөговь аймгийн музейд, нөгөөг нь Байгалийн түүхийн музейд байрлуулан ажлуулж байгаа. Энэ нь хүүхдүүдэд танин мэдэхүйн үнэхээр их ач холбогдолтой.

- Таны юунд санаа зовдог, бас зорилгын талаар ерөнхийдөө ойлголоо. Хоёулаа яриагаа арай өөр тийш нь хандуулаад эмэгтэй хүн палентлогич байхын сайхан бас хэцүү талуудын тухай яривал?

Энэ мэргэжил өөрөө хэцүү хүнд мэргэжлүүдийн нэг л дээ. Ер нь олон улсын практикт энэ мэргэжил нь эрэгтэйлэг буюу эрчүүд ихээр эзэмшдэг тийм мэргэжил. Миний хувьд энэ мэргэжил рүү аав маань хөтөлсөн. Би энэ мэргэжилдээ үнэхээр дуртай. Тиймдээ ч амжилттай ажиллаж, докторын зэргээ хамгаалаад байна. Эмэгтэй хүнийхээ хувьд олон өдөр сараар гэрээсээ хол явна гэдэг асар их тэсвэр тэвчээр шаардана. Тэр бүхнийг давж туулах л болдог. Гэхдээ би эрчүүдээс дутахааргүй ажилладаг. Эмэгтэй хүн энэ мэргэжилээр ажиллахын давуу тал гэвэл олдвортой харьцахдаа маш нямбай ханддаг. Эвдэж гэмтээхгүйн тулд эмэгтэй хүнийхээ нягт нямбай зангаа гаргадаг юм болов уу?

- Энэ мэргэжлийг сонгох гэж байгаа охидуудад хандаж зөвлөөчээ гэвэл та юу зөвлөх вэ?

Хамгийн гол нь энэ мэргэжилдээ дуртай байх хэрэгтэй. Бас энэ мэргэжлийнхээ сайн сайхан, хэцүү бэрх талуудыг нь танин мэдсэн байх хэрэгтэй. Дөнгөж дунд сургуулиа төгсөж байгаа охидод, энэ мэргэжлийн талаар манай байгууллага зөвлөгөө өгдөг. Эмэгтэйчүүд бид чинь хичээвэл юуг ч хийж бүтээж, даван туулж чаддаг хүмүүс. Тэгэхээр мэргэжилдээ дур сонирхолтой байх нь чухал даа.

- Палентлогич эмэгтэй хүний бахархалтай зүйл юу вэ?

Миний хувьд хамгийн гоё нь шинэ олдвор олох. Бас хээр хөдөө ажиллахад маш сонирхолтой байдаг. Эрчүүдээс дутахааргүй тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, шинэ олдвор олж илрүүлэх тэр үед өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрдөг дөө.

-Палентлогийн шинжлэх ухааныг монголд хөгжүүлэх арга замууд юу байна вэ?

Би түрүүнд хэлсэн. Монгол орон бол эртний амьтадын өлгий нутаг. Олдвороор маш баялаг. Төрийн бодлогондоо оруулаад, засгийн газраас жаахан сэтгэл гаргаад дэмжээд өгвөл хөгжил аяндаа ирнэ. Хийе бүтээе гэсэн чин хүсэл бидэнд байна.

- Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: http://www.emegteichuud.mn/