“МӨНХ ТЭНГЭР БА ШИНЖЛЭХ УХААН” ном хэвлэгдэн гарлаа
Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч Зулаагийн Бат - Отгоны гаргасан “МӨНХ ТЭНГЭР БА ШИНЖЛЭХ УХААН” ном хэвлэгдэн гарлаа.
Товч танилцуулгаМонгол суу ухааны уг гарвал, эх үндэс нь Мөнх тэнгэр. Өөрөөр хэлбэл, монгол суу ухааныг ургуулсан үндэс – төрүүлсэн эх нь Мөнх тэнгэр.
Мөнх тэнгэр бол орчлонгийн орой. Тиймээс монголчууд “Оройн дээд Мөнх тэнгэр бий орчлонг чиглүүлэгч мөнхийн хүч бий” гэж хэлэлцдэг. Мөнх тэнгэр гэдэг нэг үндсээс орчлонгийн бүх үзэгдэл юмс соёолон дэлгэрч, салаалж мөчирлөж, цэцэглэн дэлгэрсэн. Тиймээс Мөнх тэнгэр бол орчлонгийн бүх зүйлсийг өөрөөсөө үүсгэсэн, эргээд орчлонгийн бүх зүйлийг өөртөө хураан нэгтгэдэг. Чухамхүү энэ бол супер нэгдэл.
Шинжлэх ухааны сүүлчийн тулгуур онол нь супер нэгдлийн онол гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэрхүү супер нэгдэл нь монголчуудын танин мэдсэнээр Мөнх тэнгэр. Тэнгэрийн сургаалд болон монгол суу ухаанд “Мөнх тэнгэр гэдэг бол орчлонгийн бүх гэрлийн эрчим хүчний дээд нэгдэл” гэж сургадаг. Энэ нь орчлонгийн супер нэгдэл бол гэрэл, гэрлийн энергийн дээд нэгдэл болохыг хэлж өгнө. Энэ бол орчлонгийн супер динамик.
Иймд Мөнх тэнгэр бол гэрлийн буюу оптикийн физик, цахилгаан соронзон физик, квант физик, синергетикийн онол, хуулиуд болон шинжлэх ухааны бусад мэдлэгээр бүрэн тайлбарлагдах төдийгүй бүрэн батлагдана. Тэгэхээр Мөнх тэнгэр бол сүсэг бишрэл, шашин шүтлэг огтхон ч биш. Гагцхүү шинжлэх ухааны дээд онол, мэдлэг, монголчуудын орчлонг бүхлээр нь бүрэн танин мэдсэн дээд шинжлэх ухаан юм. Чухамхүү үүнийг л уг номонд дэлгэн өгүүлсэн.
Өвөг дээдсийн маань орчлонг бүхлээр нь танин мэдсэн энэ мэдлэг өнөөгийн монголчууд төдийгүй дэлхийн танин мэдэхүйд ялангуяа, шинжлэх ухааны танин мэдэхүйд нэн чухал. Тиймээс уг номыг монгол, англи, орос хэл дээр нэн яаралтай хэвлэж, түгээх шаардлага тулгарч байгаа.