Мянганы боловсролын замыг ёс суртахуунаас эхэлье!
"Яруу сэтгэгч" сонины анхны дугаарын нийтлэлүүд цувралаар...
Хутгыг юунд ашигладаг вэ? Хутгыг зөвхөн мах идэхэд ашигладаггvй нь ойлгомжтой. Үнэндээ ямар хүн тэрхүү хутгыг бариснаас л юунд ашиглах нь шалтгаалдаг. Эмч хүн баривал мэс засал хийж хүнийг аварна, анчин хүн баривал араатанг агнана, гэмт этгээд баривал хvн хорооно, уран дархан хvн баривал сийлбэр хийнэ, бүтэлгvй тонуулчин баривал дээрэм хулгай хийнэ гэх мэт. Нэг vгээр хэлбэл муу ёс суртахуунтай хvн баривал өөрийгөө бүү хэл өрөөлийг ч хорооно, сайн ёс суртахуунтай хvн баривал гайхамшгийг ч бүтээнэ.
Мэдээж энд хутга ашиглалтын талаар ярих гээгvй нь ойлгомжтой. Тэгэхээр энүүгээр юу хэлэх гээд байна аа гэж эрхэм та гайхаж байж болох юм. Энэ удаад хүний төлөвшил хийгээд ерөнхий боловсролын системд ёс суртахууны хичээл түлхүү шаардлагатай байгаа талаар сэтгүүлч би бээр цухас өгүүлэх гэсэн юм. Өнөөгийн энэ мэдээллийн хурдацтай хөгжлийн үед, даяарчлагдаж буй дэлхий дээр амьдарч байгаа бид түүнийг угтан арван жилийн боловсролын системдээ зарим нэг шинэчлэл хийх хэрэгтэй болжээ. Цагаан сайд аа! Арван жилд хүүхдэд ерөнхий мэдлэгийг олгох тал дээр анхаардаг хэдий ч ёс зүйн хүмүүжил, ёс суртахууны хөгжил олгох тал дээр төдийлөн ажиллаж чаддаггүй нь ажиглагддаг. Хүүхэд ерөнхий боловсрол эзэмшхийн зэрэгцээ ёс зvйн хүмүүжил, ёс суртахууны хөгжлийг олж төлөвшиж явах нь нэн чухал. Манайхан зөвхөн мэдлэг боловсролыг нэгдүгээрт тавьж ёс зүй, ёс суртахууныг дараа нь тавьдагаас болж маш том алддаг. Угтаа энэ хоёр байраа сольж, эхлээд ёс суртахууныг олоод дараа нь мэдлэг боловсролоо эзэмшвэл зохилтой мэт. Жишээ нь ёс суртахуунгүй мэдлэг боловсрол өндөртэй, чадварлаг эмчид өвчтөний зовлон зүдгүүр, сэтгэл санаа, ирээдүй чухал бус сарын цалин, албан тушаал ахиж дэвших, ар гэрийн асуудал, алдар нэр нь чухал. Мөн тийм багш байлаа гэхэд ялгаагүй хүүхдүүдийн хичээлээ ойлгох, эс ойлгох, сайн сурах, муу сурах, ирээдүйн төлөвшил нь чухал биш. Харин хичээлийн хэдэн цагийг хурдан өнгөрөөх, цалин мөнгөө хурдан авах гээд бусад амин хувийн ашиг сонирхол нь илүү давамгайлж байдгаас болж нийгмийн өмнө засаж болшгүй гэмт хэрэг үйлдэж, улс орныхоо ирээдүйг хохироож, хөгжлөөс хойш нь чангааж байгаагаа мэддэггүй, мэдсэн ч түүнийг залруулах сэтгэл, ёс суртахуун дутдаг. Ингээд тэрхүү ёс суртахуунгvй багшаас төрсөн ёс суртахуунгүй шавь нар нь ирээдүйд дээр дурдсанчлан хутгыг аль талаар давамгай ашиглах нь бүрхэг. Энэ мэт анхнаасаа биеэ засаагүй хүн ирээдүйд гэрээ хэдийгээр сайхан засавч, төрөө улсаа засах ёс суртахуун дутаж, нийгмийнхээ хөгжлийг бус хувийн эрх ашгаа эрхэмлэсээр 60 хүрч ухаарах шахаад 61 хүрээд “ума хум” болох нь дамжиггүй. Тэгэхээр 10 жилийн хичээлийн программд ёс зүй, ёс суртахууныг төлөвшүүлэх хичээлийг түлхүү оруулж, бүр “А” үсэг үзэхтэй нь зэрэгцэн жинхэнэ Монголынхоо төлөө сэтгэл зүрхтэй хөгжлийг дагуулагч иргэн болох замыг нь тэгшлэхгүйгээр хэзээ хойно мэдлэг боловсрол хэдийн эзэмшчихсэн ланзгаруудын чихэнд мянга орилоод илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ гэгчийн үлгэр болох биз. Мянганы замтай зэрэгцэн хүүхдүүддээ мянганы боловсролын шинэ замыг оюун ухаан сэтгэл зүрхэнд нь тавихгүйгээр Монгол улс маань цаашдаа хөгжих, оршин тогтнох асуудал...
Бараг хэлд орохоосоо эхлээд л гадагшаа Солонгос, Америк... гээд улсад очиж сайхан амьдрахыг мөрөөдөж байгаа бяцхан ирээдvй хойчоо дагаад Монгол минь бас нvvчих вий дээ.
Монголоо гэсэн vрс маш олон болтугай.
М.Болод
Гэрэл зургыг www.google.mn