Мэргэжилтнүүдийн чанарын асуудалд
Дунд сургууль төгсөөд мэргэжил эзэмших, мэргэжилтэй ажилтан болох боломжоороо бид дэлхийд толгой цохидог гэж ам бардам хэлж болно. Учир нь Монгол улс 10.000 хүн тутамд оногдох дээд сургуулийнхаа тоогоор АНУ-ын өмнө нэгдүгээрт ордог. Захын дэлгүүрээр ороод худалдагчаас нь ямар мэргэжил, боловсролтой болохыг асуугаарай. Аль нэгэн дээд сургууль төгссөн тухай ам бардам л хариулах болно. Гэтэл эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байгаа шалтгаан нь юу бол?
Худалдаа үйлчилгээний салбар 2020 он гэхэд нийт ажлын байрны 90%-ийг эзлэх тухай АНУ-ын Колорадогийн их сургуулийн багш нарын хийсэн судалгааны дүн байна. Энэ нь мэргэжлийн ажилтнуудын тоог, чанарын бэлтгэлийг хангах талаасаа бодууштай л зүйл. Гэтэл бид ирэх 20 жилийн бүү хэл өнөө маргаашдаа ч харж төлөвлөж ажиллаж байна гэж хэлэхэд хэцүүхэн дүр зургууд нүднээ илхэн.
Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй юм хойно бидэнд хэлж, чичсэнээс ялгаагүй мах цусанд минь ойлгуулсан үйл явдлуудтай холбож үзье.
1990-ээд он. Дэлхийн хэмжээнд эдийн засгийн хямрал болсоныг бүгд мэдэж байгаа. Энэ үед боловсрол, мэргэжилтэй боловсон хүчний талаасаа томоохон шилжилт бидэнд анзаарагдсан. Инфляц өссөнөөс болж дундаж орлогтой иргэдийн голлох хэсэг болж байсан төрийн албан хаагчид үйлчилгээний салбар болон жижиг бизнес рүү шилжсэн. Үүний тодхон жишээ нь хэдэн арван багш нар дэлгүүрийн, ТҮЦ-ны худалдагч болцгоож байсан. Энэ үед багш, эмч, инженер техникийн ажилтнууд, шинжлэх ухааны мэргэжилтнүүд, төрийн албаны түшмэд, мэргэшсэн ажилчдад амьдрал хамгаас хүндээр тусч мэргэжлээсээ дүрвэн зугтацгааж байсан гэж хэлж ч болохоор. Харин тэд хэн болж хувирч байсан бэ гэхээр худалдагч, нягтлан бодогч, хамгаалагч, гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч, нарийн бичгийн дарга, жижиг бизнес эрхлэгчид болцгоож байсан.
1998 оны Азийн хямрал. Энэ үед ч мэргэжилтэй ажилчид ажлын байргүй болцгоож, жижиг бизнес эрхлэгчид зах зээлээс шахагдаж, инженерүүд, цэргийнхэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжицгээж байсан. Зарим нэгэн нь ажлаа өөрчилж шинэ төрхийг бүтээж байсны гэрч нь бид бөгөөд тэд хуульч, эдийн засагч, менежер, компьютерийн мэргэжилтэн, төрийн албаны түшмэд, хамгаалагч, рекламны ажилтан, дизайнерүүд болцгоож байсан. Эдийн засагт шинээр орж ирсэн банкны болон офиссын ажилтан, худалдааны мэргэжилтэн, менежерүүд гэх мэт хэрэгцээтэй мэргэжлээр төгссөгчид ажлын ямар ч туршлага хуримтлуулж чадалгүй ажлын байранд шилжин орж ирж байв. Энэ нь боловсон хүчний бэлтгэлтэй шууд холбоотой.
Өнөөдөр бид эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа тухай мөн дээр доргүй л ярьцгааж байна. Харин энэ үед хэн ажилгүй болж ямар мэргэжлийнхэн илүү их хэрэгцээтэй болох вэ гэдгийг эргэн харцгаая. Энэ тухай судлаачид олон арван судалгаа хийжээ. Түүний дотор Оросын ШУА-ын судалгааны дүнд энэ хямралын үед банкны ажилтнууд, даатгалын байгууллагын ажилтнууд, реклам үйлдвэрлэгчид, цэргийнхэн, худалдааны ажилтнууд олноороо ажилгүй болох магадлалтай гэнэ. Харин энэ үед ямар мэргэжлийн хүмүүс хамгийн өндөр хэрэгцээтэй байх судалгааны дүнгээс үзвэл инженер, өндөр мэргэшсэн ажилчид, шинжлэх ухааны мэргэжилтнүүд, жижиг бизнес эрхлэгчид, багш, газар тариалан эрхлэгчид хамгийн их эрэлт хэрэгцээтэй болох нь тогтоогдсон байна. Офиссын чадварлаг ажилтнуудын дутагдалд орж өндөр мэргэжлийн мэргэшсэн ажилтнуудын эрэлт ихэссэн нь өнөөгийн жинхэнэ дүр төрх болж байгаа талаар судалгаанууд харуулсаар байна.
Хямралын үед хүмүүс “мөрөөдлийнхөө машин”-ыг унаж болдог тухай хууч яриа байдаг ч энэ нь өнөөдөр бодит биелэл болж байна. Өнгөрсөн зун л 70-80 мянган ам.доллараар худалдан авч байсан “Hummer” жийп өнөөдөр 15000 ам.доллар ч хүрэхгүй үнээр худалдан авах боломж гараад байна. Мөн хямралын үед боловсролоо дээшлүүлэх бодит алхмуудыг хийдэг барууны орнуудын амьдралын бодит туршлага бий. Энэ бүхэн бидний хувьд, манай улсын хувьд хэрхэн өрнөх бол?
Эдийн засгийн хямралын үед багш нар ажилгүй болж байсан туршлага бий ч энэ удаагийн хямралын хувьд харин ч багш мэргэжил рүү хөрвөх хандлагатай байгаагийн цаана чанарын асуудал байгаа нь гарцаагүй. Хөрөнгө мөнгө хомсдолтой байгаа үед хэн ч хэн нэгэн хэрэггүй нөхрийг зүгээр тэжээгээд байхгүй нь гарцаагүй. Тэгэхээр мэргэжил мэдлэгийн хувьд манлайлах чадвартай нь багш болон хөрвөх нь. Үүний цаана практикийн мэдлэгтэй хүмүүс боловсрол орж ирэх хандлага харагдаж байна. Энэ бидний байнга ярьдаг боловсролын чанарыг дээшлүүлэх асуудлын маань үндэс суурь болох юм биш байгаа. Бид чанаргүй олон ёсургуулийг хаая гэж хашгирахдаа сайн. Зүгээр нэг хашгираад бус чанарын хувьд хаагдахаас өөр аргагүй нөхцөл байдал л өөрөө тухайн сургуулийн үүшдийг барих нөхцөл нь биш үү.
Дээд сургуулийн багш магистраас дээш зэрэгтэй байх гэдэг шиг практик амьдралын туршлагатай байх заалт ороод ирвэл бас нэг босгыг нь өндөрсгөж байгаа хэрэг болмоор. Францын Сорбоны их сургуулийн багш нарыг гурван жил ажиллуулаад бодит бизнест ажиллахыг шаарддаг туршлага ч бий. Тэд бодит амьдралд өөринх нь заадаг онол сургаалиуд хэрхэн хэрэгжиж байгааг найман жил орчим туршиж чаталсны дараа эргээд сургуульдаа ажиллах эрхтэй болдог байх жишээтэй. Үүний цаана боловсролын чанар хэмээн бидний ярих дуртай зүйл байгааг хэн хүн хялбархан л хармаар. Үүнийг манай боловсрол хариуцсан төрийн түшээд мэддэг баймаар...
Бид боловсролын чанарыг дээшлүүлэх тухайд ярих дуртай ч дорвитой хийж байгаа ажлаа харуулахыг хүсэхгүй байсаар... Ингэж хэлэхээс өөрөөр хэлэх үг олдсонгүй. Үнэхээр боловсролын салбарыг удирдаж байгаа та бүхэн ул суурьтай бодлого боловсруулж, бодит ажил болгож чадаж байгаа бол түүнийгээ ард түмэндээ хүргэмээр, чадахгүй байгаа бол бас шударгаар хүлээмээр. Түүнийг хийж чадах ухаан төгс хүмүүс манай ард түмний дотор бэлхнээ байгаа гэдэгт жирийн иргэн би итгэл төгс байна. Үнэхээр та бүхнийг амьдралд бодитоор нүүрлэж байгаа боловсролын хомсдлын \чухал шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх\ асуудлыг зохицуулж чадахуйц бодлого барьж ажилласан түүхийг өмнөх хорин жилийн түүх өгүүлэхгүй байгааг анхаармаар. Эдийн засгийн хямралын хувьд яах вэ, хэрхэн гэтлэх вэ гэдэг талаас л бид нүүр тулаад ирчихсэний хувьд л сэрж сэргэж энэ асуудлыг хөндөж байгаагаас бус жирийн тайван цагт энэ тухай бодох ч үгүй байсан байх аа.