Муу зуршлаасаа бүрмөсөн салах 6 алхам
“Муу зуршилтай болоход амархан ч түүнтэйгээ амьдрах хэцүү. Сайн дадлыг эзэмших хэцүү ч түүнтэйгээ амьдрахад хялбар.” -Jim Rohn
Бид бүгдэд тодорхой хэмжээгээр муу зуршил байдаг. Тамхи татах, архи уух, их идэж жин нэмэх, цагаа баримталж чадахгүй байх, эхлүүлснээ дуусгаж чадахгүй байх, бууж өгөх гээд л …
Муу зуршлаа бид сайн мэддэг ч түүнийгээ бүрмөсөн хаяж чаддаггүй. Хичнээн хичээсэн ч нэг л мэдэхэд хуучин байдалдаа эргэн орсон байдаг. Тиймээс муу зуршлаасаа яаж бүрмөсөн салах вэ тухай өнөөдрийнхөө бичвэр дээр оруулж байна.
Муу зуршлаасаа салах 6 алхам
1. Шийдвэр гарга.
Би өнөөдрөөс тамхи татахгүй! Архи уухгүй! Би өнөөдрөөс эхэлж эрүүл амьдралыг сонгож байна! Би өнөөдрөөс эхлээд өөртөө 2 цагийг зарцуулна! Би амжилтанд хүрнэ! гэдэг шийдвэрээ гаргах хэрэгтэй. Энэ шийдвэрийг зөвхөн ТА гаргаж чадна. Таны өмнөөс хэн ч энэ шийдвэрийг гаргаж чадахгүй. Тиймээс өөрийгөө өөрчилж амьдралаа өөрчлөх хүсэлтэй бол өнөөдөр шийдвэрээ гарга.
2. Туслалцаа дэмжлэг ав.
Ихэнх хүмүүс муу зуршлаа анх хаанаас яаж олж авсан, хаана ямар хүмүүсийн дунд хэрэглэж, давтаж байна яг тэр орчинд, тэр хүмүүсийнхээ дунд хаях гээд оролдоод байдаг. Харамсалтай нь энэ нь үйлчилдэггүй. Хичнээн хичээсэн ч муу зуршилдаа эргэн ордог.
Хэрвээ та архи тамхинаас гарах хүсэлтэй бол архи тамхигүй орчинд, архи тамхи хэрэглэдэггүй хүмүүстэй цагийг их өнгөрөөх хэрэгтэй.
Хэрвээ та өөрөөрөө гарч чадахгүй байгаа бол ийм хүмүүстэд тусалдаг байгууллага, нийгэмлэгт хандах хэрэгтэй.
Залхуурдаг бол ажилсаг хүмүүсийн дунд байх хэрэгтэй.
Тууштай байж чаддаггүй бол ижил зорилготой, таны хүсээд байгаа тэр амжилтыг аль хэдийн гаргачихсан хүмүүстэй нэгдэж, туслалцаа дэмжлэг авах нь зүйтэй.
Санаж яв: Ижилхэн зовлонтой хүнтэй цагийг хамт өнгөрөөхөөс илүү ижил зорилготой хүнтэй хамт өнгөрөө.
3. Муу зуршлаа сайнаар орлуул.
Муу зуршлыг шууд орхино гэж байдаггүй. Хүн нэг бол мууг сайнаар эсвэл сайныг муугаар орлуулж байдаг. Хэрвээ та орлуулахгүйгээр муу зуршлаа орхиж чадаж байвал маш сайн байна.
Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хуучин муу зуршлаа орхихын тулд шинэ өөр үйлдэл хийж, түүнийгээ дадал хэвшлээ болгох хэрэгтэй гэдэг. Жнь тамхи татдаг бол түүнийхээ оронд тэмдэглэл хөтлөх, их иддэг бол түүнийхээ оронд дасгал хийх, архи уудаг бол ном унших г.м.
Хийхэд хэцүү зүйлийг дадал хэвшлээ болгосон тохиолдолд хийхэд амархан болдог. Харин хийхэд амархан болсон цагт түүнээсээ салахад хэцүү.
4. Амжилтын Тарни урьж, төсөөлөх мэдрэх аргуудыг хэрэглэ.
Өөрийгөө дасгал хийж байгаагаар, хүссэн жиндээ хүрч байгаагаар, хүссэн амьдралаараа амьдарч байгаагаар, хүссэн амжилтаа гаргаж байгаагаар, эерэг дадал эзэмшиж байгаагаар эсвэл аль хэдийн амжилтанд хүрчихсэн байгаагаар, эерэг дадал эзэмшчихсэн байгаагаар өөрийгөө төсөөлж өөрийгөө төсөөлж, түүнийгээ мэдэрч, мөн түүнийхээ дагуу амжилтын тарни урих нь маш чухал.
Яагаад гэвэл бидний муу зуршлууд дадл ухамсарт аль хэдийн хоногшсон байдаг. Далд ухамсартаа шинэ эерэг дадлыг суулгаагүй тохиолдолд бид муу зуршилдаа эргэн ордог. Тиймээс далд ухамсарт бичигдсэн муу зуршлаа дарж цоо шинэ эерэг дадал ХУРДАН суулгахын тулд зөвхөн биеэрээ үйлдэхээс гадна оюун ухаанаа бас дасгалжуулах хэрэгтэй.
5. Тэвчээртэй бай.
Нэгэнт сайн дадлыг эзэмшиж эхэлсэн бол нэг хэсэгтээ л өөртөө сануулж, өөрийгөө хүчлэх хэрэгтэй. Мэдээж энэ бүгдэд тэвчээр шаардагдана. Харин энэ нь аяандаа өдөр ирэх тусам амархан болж эхэлнэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
6. Өдөр болгон давтан хий.
Эцэст нь сайн дадлаа бүрмөсөн өөрийн нэг хэсэг болгохын тулд дор хаяж 21-30 хоног тасралтгүй хийх хэрэгтэй. Хэрвээ дунд нь нэг өдөр алгасах л юм бол 21-30 хоногоо бүр эхнээс нь дахин эхлүүлэх шаардлагатай. Яагаад гэдгийг энд дарж уншина уу.
Ингэж 21-30 хоногоо ганц ч алгасалгүй хийж чадвал та шинэ эерэг дадлыг өөрийн болгож, амьдралаа өөрчилж, жаргалтай, баяр баясгалантай, эрч хүчтэй , урам зоригтой, амжилттай хүн боллоо л гэсэн үг.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр