Монгол эрдэмтэд Эрчим хүчийг ухаалаг хуваарилах төхөөрөмж” бүтээлээрээ Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шилдэг зохион бүтээгч алтан медаль хүртлээ
Монголын Үйлдвэрлэлийн технологийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, техникийн шинжлэх ухааны доктор Д.Баяртай ярилцлаа. Тэрээр “Эрчим хүчийг ухаалаг хуваарилах төхөөрөмж” бүтээлээрээ Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шилдэг зохион бүтээгч алтан медаль хүртсэн юм.
-Таныг Японы “Hitachi” үйлдвэрт эмнэлгийн электрон төхөөрөмж зохион бүтээгч инженерээр 10 гаруй жил ажилласан, хугарсан яс гагнах, зүү хэрэглэхгүй тариа хийх нээлт хийж байсан гэж сонссон. Сая бас л Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас том шагнал хүртсэн гэж сонсоод ярилцлагад ярьж байна. Та уншигчдад өөрийгөө болон багаа танилцуулна уу?
-Би эрдэм шинжилгээний чиглэлээр тасралтгүй 20 жил судалгаа хийж байна. Японы Токиогийн их сургуулийг төгсч, тэндэхийн судалгааны багуудтай хамтарч ажиллаж байлаа. Тухайн үед ганц электроны бүтцийг судалъя гэхээр манайд лабораторууд байдаггүй учраас судалгаагаа гадаадад амар санагдсан. Манай академид надтай хамт сурч, судалгаа хийж байсан гадаадын эрдэмтэд байдаг. Шагнал авсан бүтээлийн зохиогч нь Д.Баяр, У.Жаргалмаа гэдэг хоёр монгол хүн байна.
-Дэлхийн оюуны өмчийн байгууллага ямар шалгуураар энэ шагналаа өгдөг вэ?
-Бидний авсан шагналыг Билл Гейтс авч байсан. 1979 оноос өгсөн шагнал. Дэлхий дээр 2150 хүнд энэ шагналыг өгсөн байдаг. Дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулсан шинэ бүтээлийн эзэнд өгдөг гэж болно. Өмнө нь Монголоос “Монхимо” үйлдвэрийн захирал авч байсан.
-“Эрчим хүчийг ухаалаг хуваарилах төхөөрөмж” бүтээх санаагаа яаж олсон бэ?
-Дэлхийн 1.2 тэрбум хүн эрчим хүчээр дутаж байгаа шүү дээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “РИО-20”-ын уулзалтад оролцохдоо, “Дэлхий даяараа эрчим хүчээ хэмнэе. Тэгж чадвал шинэ үүсвэртэй болсноос илүү үр дүн гарна” гэж хэлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бол 2035 хүртэлх эрчим хүч хэмнэх мастер төлөвлөгөөгөө батлаад явж байна. Манай улс гэхэд 170-180 мегаватт эрчим хүчийг Оросоос авдаг. Ийм учраас бид эрчим хүчний шинэ станц, эх үүсвэрийг бий болгохоосоо өмнө эрчим хүчээ хэмнэвэл хамаагүй давуу талтай. Гэтэл бидэнд хэмнэлт гэдэг зүйл байдаггүй юм байна. Яаж хэмнэх вэ гэдгийг сүүлийн 5-6 жил манай баг судаллаа. Япон, Монгол, Солонгост судалгаа хийж, бүтээгдэхүүнээ туршсаар энэ хавар хамгийн сайн үр дүн нь гарлаа. Ингээд бэлэн болгоод Дэлхийн оюуны өмчийн байгууллагад танилцуулсан. Тэд сайн бүтээл болсон байна гэж үзсэн.
-Бүтээлээ танилцуулбал?
-Гадаадын эрдэмтэд, “Танайх яндангуудаа аваад хаячих юм бол утаагүй болчихно” гэдэг. Яндангүй болно гэдэг бол гал түлэхгүй гэсэн үг. Гал түлэхгүй бол цахилгаан л хэрэглэнэ. Тэгтэл манайд цахилгааны төлбөр үнэтэй байна. Тийм учраас эрчим хүчийг хэмнэх нь хамгийн зөв арга гэж бодож энэ ажлаа эхэлсэн. Германууд бол 100 градус халаасан байхад ямар ч хүйтэнд 72 цаг дулаанаа алддаггүй нано шингэн бүтээсэн байна. Үүнийг сансрын технологи, цэрэг дайны зориулалтаар ашиглахаас биш ахуйд хэрэглэх болоогүй гэж үзэсгэлэнд танилцуулж байна лээ. Бидний бүтээл нано технологид суурилсан. Улаанбаатарын гал түлдэг 180 мянган өрхийн 60 мянга нь гэрт амьдардаг. Гэртэй айлуудын 20-30 хувь нь нүүрсээ авч хүчрэхгүй хэмжээний орлоготой. Тэгэхээр тэдний зарим нь автомашины 500 төгрөгөөр худалддаг хуучин дугуй түлж 8-10 цаг дулаацаж байна. Хэрвээ бидний бүтээсэн төхөөрөмжийг таван ханатай гэрийн халаалтын хэрэгсэлд тавьбал хуучин дугуй шатаахаас гурав дахин хямд зардал гарна. Ийм учраас бидний төхөөрөмжийг тавьсан айл нүүрс, мод, хуучин дугуй түлэх шаардлагагүй болж байна. Хоёр дахь давуу тал гэвэл, дулааны цахилгаан станцуудад өндөр ачаалал ирэхгүй. Нэг талаасаа утаатай тэмцэх арга зам шиг харагдаж байгаа боловч, нөгөө талаасаа иргэдийн халааснаас гарч буй мөнгийг хэмнэх, тав тухтай амьдрах давуу талыг бүрдүүлсэн бүтээл юм. Үүнийг амьдралд хэрэгжүүлэх бүрэн бололцоотой.
-Төхөөрөмжийн ажиллах зарчим ямар байх вэ?
-Эрчим хүчийг л маш өндөр давтамжтай болгодог технологи. Солонгосууд 60 герцийн, монголчууд 50 герцийн давтамж хэрэглэдэг. Солонгост 1 кВт-аар ажилладаг индүү Монголд 1.5 кВт-аар ажиллаж, 10-хан герцийн ийм их ялгаа гардаг. Бид 50 герцийг 400-900 герц болгож давтамжийг нь ихэсгэхэд, асар их эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно. Дээр нь давтамжийг зөрүүг нь компаситораар нөхөж, эрчим хүчийг хэмнэж байгаа юм. Эрчим хүчийг ухаалагаар хуваарилах төхөөрөмжийн ажиллах зарчим нь энэ. Арслантай гүүрний доор шинээр байгуулсан Номын худалдаа төв 400 ам метр квадрат талбайтай. Дулаан татах ямар ч боломжгүй. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас биднийг шийдэж өгөхийг хүссэн. Бид 16 кВт чадалтай төхөөрөмж суурилуулсан. Ердөө 14 инчийн дэлгэц шиг хэмжээтэй төхөөрөмж тавьснаар цахилгааны зардлыг нь тав дахин бууруулж чадсан.
-Энэ төхөөрөмжийг оффис, орон гэртээ тавьж болох юм байна. Дулааны цахилгаан станцад суурилуулж болох уу?
-Аль нь ч болно. Судалж байхад японууд цахилгаан станц барихдаа иймэрхүү төхөөрөмжийг тавьчихдаг. Америкууд бол айлууддаа тавьдаг. Дэлхийд хамгийн сайн хэмнэж байгаа нь 10-25 хувь. Манай технологи бол 2.2-5 дахин хэмнэж чадна. Б.Обамагийн яриад байгаа Эрчим хүчний хэмнэлтийн мастер төлөвлөгөөгөөр баталсан “Green box” нэртэй өрх бүрт тавих төхөөрөмжөөс манай төхөөрөмж хоёр дахин илүү хэмнэх чадалтай. Миний бодлоор, Монголд станцууддаа юм уу, трансформатортоо тавихад тохиромжтой. Гэтэл тийм боломж хараахан алга. Яагаад гэвэл, үүнийг тавихын тулд 45 хоног станцыг хаах ажил гарна. Энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих асуудал учраас тэр.
-Бүтээгдэхүүнээ хаана туршив?
-Судалгааны шатанд туршилтуудаа хийсэн. Бид энэ бүтээлийг хувь хүн, иргэнд зориулж бүтээсэн. Гэртэй, байшинтай айлууд маань хэрэглээсэй гэж хүссэн учраас түлхүү тавьж үзсэн. Үр дүн нь маш сайн гарсан. Нэг сард 200 мянган төгрөгөөр тенн асаадаг айлд тавихад цахилгааны төлбөр нь 15-20 мянган төгрөг гарч байсан.
-Төхөөрөмж байшиндаа суурилуулъя гэвэл зардал нь өндөр үү?
-Одоохондоо бидний хийж чадаж байгаа дөрвөн төрлийн төхөөрөмж байгаа. Нэг, гурав, зургаа, 16 кВтынх. Нэг кВт-ын төхөөрөмжийг 24-30 ам метр талбайтай монгол гэрт тавихад хангалттай. Үнэ нь 100 мянган төгрөг. 16 кВт-ын төхөөрөмжийг түрүүн хэлсэн Номын худалдааны төвийн 400 ам метр талбайг халаахаар хийсэн. 750 мянгаас 1.2 сая төгрөг болж байна лээ. Одоо бидний үйлдвэрлэх чадал цөөн учраас иймэрхүү үнэтэй байгаа. Хэрвээ өдөрт 100-г үйлдвэрлэх чадалтай болчихвол онолоороо үнэ нь буурчихна.
-Эрчим хүч ухаалаг хуваарилах төхөөрөмжийг дэмжие, үйлдвэр байгуулъя гэж үндэсний компаниуд хандаж байна уу?
-Үндэсний компаниуд ирэхгүй байна л даа. Тайванууд, малайзууд, энэтхэгүүд, европууд санал тавьж байна. Яагаад гэвэл, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын веб сайтаас маш олон улсууд мэдээлэл авдаг. Бас мэдээлэл нь томоохон улсуудад сэтгүүл хэлбэрээр орчуулгатай хэвлэгддэг.
-Манайхан яагаад сонирхохгүй байна вэ. Мэдээлэл дутаад, эсвэл эрсдэлээс айгаад байна уу?
-Мэдээлэл хаана дутдаг вэ, эрсдэл хаана гардаг вэ гэсэн асуудлууд байна. Эрсдэл бол судалгааны шатанд гардаг. Бид судалгааны шатанд эрсдэл, амжилтаа үүрээд даваад гарчихлаа. Одоо энэ бол эцсийн бүтээгдэхүүн болоод Дэлхийн оюуны өмчийн байгууллага баталгаажуулчихлаа. Энэ ямар ч эрсдэл байхгүй. Мэдээлэл дутаад байж магадгүй юм. Америк, Японд амар л даа. Тэнд Оюуны өмчийн бирж гэж байдаг. Баталгаажсан шинэ бүтээл тэнд хөрөнгө оруулалт босгодог. Бидэнд гаднын маш олон компани IPO босгоё гэсэн санал тавьж байна. Менежментийг нь малайзуудаар, маркетингийг нь Энэтхэг, Хятадаар хийлгэе гэсэн саналтай байна. Хятад, Энэтхэг хоёр маркетинг хийвэл олон тэрбумын зах зээл тэнд байна. Маркетингаа хийлгэж байгаа улсаар менежментийг нь хийлгэдэггүй гэдэг бичигдээгүй хууль бас байдаг юм байна.
-Та нарын хувьд ашигтай бизнес үү?
-Маш ашигтай бизнес. Би энэ бүтээлээ АНУ руу аваад явахад 14 хоногийн дотор зургаан сая доллар босгож чадна. Яагаад гэвэл, тэндэхийн бизнесмэнүүд мэдээлэл сайтай. Cолонгост шалны халдаг хулдаас хийдэг 18 үйлдвэр бий. Нэгийнх нь захирал надтай ирж уулзана гэсэн. Тэр, “Манай хулдаасны нэг ам метр нь 200 ваттын тог хэрэглэдэг. Айлууд эрчим хүч ашигласны төлбөрөө өндөр төлж байгаа. Ийм учраас манай хулдаасыг авбал танай төхөөрөмжийг дагуулж өгч байя. Хоёулаа гэрээ хийе” гэсэн. Хашир бусад 17 үйлдвэрээсээ түрүүлэхийн тулд зах зээлээ харж байхгүй юу.
-Үйлдвэр барьж байгуулах талаар бодож үзэв үү?
-Японд пуужингийн толгойг ганц хүнтэй компани л хийдэг. Үйлдвэр нь том биш ээ. Бас “Олимпус” гээд хүний ходоод дуранддаг дэлхийн номер нэг дуран бий. Тэрний тэргэнцэрийг нэг өвгөн, эхнэр, хоёр хүүтэйгээ орон сууцны подвальд үйлдвэрлэдэг юм билээ. 35 жил тэр тэргэнцэрийг хийсэн гэсэн. Бид төхөөрөмжөө үйлдвэрлэхэд 30 ам метр талбай байхад болно. Дэлхийд “hardware management” гэх ойлголт гараад байгаа. Хэрэгтэй бүх материалаа хамгийн сайн, хямд хийдэг газраас нь худалдаж аваад өөрсдийн технологиороо угсарна. Тэрнээс биш микросхем, мэдрэгчтэй дэлгэц зэргийг Монголд үйлдвэрлэнэ гэвэл маш их зардал, цаг хугацаа шаардана.
-Нано технологийн талаар их ярих боллоо. Манайх ч гэсэн ноолуурыг өндөр төвшинд боловсруулах, эм зүйн салбарт бас ч гэж амжилт гаргаад яваа. Ер нь үйлдвэрлэл, шинжлэх ухааны чиглэлээр бидний хөгжих гарц юу байдаг бол?
-Дэлхий юм хийгээд байхад бид л үлдээд байх шиг санагдаад байна. Дэлхийд нано, био, лазерын технологи хөгжөөд байна. Манай залуучууд шинэ технологитой нэг гараанаас гарах хэрэгтэй. Тэгж байж л бид хөгжих боломжтой. Яагаад гэвэл, микросхем үйлдвэрлээд Японтой, програм хангамж үйлдвэрлээд “Майкрософт”-той, машин үйлдвэрлээд Герман, Японтой өрсөлдөж чадахгүй. Зах зээлд брэнд болж танигдсан, байр сууриа олчихсон үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж цаг хугацаа, эдийн засгаа үрээд хэрэггүй юм шиг байгаа юм. Оронд нь нано технологи руу анхаарвал дэлхийтэй өрсөлдөж, барианд орох боломжтой гэж хувиасаа боддог.
-Ингэж ярих, мөрөөдөх амархан л даа. Гол нь бидэнд боломж байна уу?
-Монгол залууст чадамж, сэтгэл зүтгэл, зав зай байна. 20-30 насны залуусаа манай төр тоохгүй байгаа юм уу даа. Тэдэндээ найдвар, итгэл хоёрыг зэрэг хаях хэрэгтэй. Тэгвэл, Оюутолгой, Тавантолгой хоёроос илүү хөгжүүлэх улс нь манай залуучууд. Дэмжээд өгдөг төр л байвал болчих гээд байна. Төр энэ залуучуудаа гадаад руу өндөр технологи эзэмшүүлэхээр явуулж, бэлтгэх хэрэгтэй. Монгол залуучууд бусад улсын хэлээр их цэвэрхэн ярьдаг болсон байна. Бусад улс залуусаа эх орондоо бэлдэж байгаад, аливаа бэрхшээл тохиолдоход шийдэх арга замыг нь ол гээд гадаад руу явуулдаг. Эх орондоо 4-5 жил судалж, докторын мэдлэг хуримтуулсан залуучууд гаднаас тэр чиглэлээр юм олж ирэхдээ сурамгай байдаг. Тэгж л улсууд хөгжиж байна. Улсын өмнө тулгамдаж болзошгүй асуудлаар, маш хэрэгтэй, шинэ гарч байгаа мэргэжлээр залуучуудаа сургаж байна. Дээхнэ үед технологийн тагнуулаар явуулна гэж ярьдаг байсан даа. Үүн шиг мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд инноваци хөгжүүлэхийн тулд, “силикон толгойтнууд”-аа гадаадад бэлтгэж, буцааж татах хэрэгтэй байна.
Өнөөдөр эдийн засгийн хөгжлийг кодчилъё гэж яриад байгаа. Код нь хаанаа гацаад байгааг олох хэрэгтэй. Үйлдвэрлэл явуулахгүй байж өдий зэрэгтэй яваа нь харин ч их юм. Бид зүү, машины дугуйгаа өөрсдөө хийдэггүй. Жишээ нь, 1984 онд Монголд “ШБОС-84” нэртэй үзэсгэлэн одоогийн “Сарны титэм” худалдааны төвд болж байсан. Тэгэхэд манайхан өөрсдөө машины дугуй, бууз чимхдэг машин гээд гоё юмнууд өчнөөн хийсэн байсан. Гэтэл сая би “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнг үзлээ. Тэгээд би гутарсан. Намайг Төвдөд явж байхад эсгий халаас, уут, хадаг яндар, дарцаг зараад хэдэн дээлтэй хүн сууж байсан. Тэр сэтгэгдэл надад төрсөн шүү. Үйлдвэрлэл биш гар урлал руу манайхан хөгжиж байна. Тэрний дараахан би Шанхайд болсон үзэсгэлэнд очсон. Тэнд дэлхийн хамгийн шилдэг технологиудыг дэлгэж байна. Ингээд Төвд, “ШБОС-84”, Шанхайн үзэсгэлэн гурвыг харьцуулахад надад маш сонин юм бодогддог юм билээ.
-Юу бодогдсон гэж?
-Бид хаашаа явж байна аа гэж. Тэр улсууд сансрын техник, холбооны техник, лазерийн технологи хийж, бидний төсөөлж байгаагүйгээс дээшээ очсон байна. Гэтэл бид модон тоглоом, эсгий углааш хийж байгаа нь арай л харамсалтай санагдсан. Дэлхийд цахиур хагалж байгаа компаниудад монгол залуучууд ажиллаж байна. Монгол Улс өөрөө дэмжиж чадахгүй байгаа учраас тэднийгээ алдаад байна. Наашаа ирье гэхээр, хүлээж аваад ажиллуулах лаборатори, цалин хангамж энд алга.
-Нээрээ ч юм хийх шинэ санаагаа бариад олон залуу гадаадыг зорьсон гэдэг дээ?
-Тийм тохиолдол олон байгаа. Дэлхийн шилдэг агентлагууд шинэ санаа хайгаад байж байдаг. Шинэ санаа олчихвол гялс IPO босгоод үйлдвэрийг нь босгочихдог. Тэд “Санаа байна уу, ажил болгоё” гэдэг. Тэрнээс биш “Мөнгө өгье. Санаа гаргаад ир” гэдэггүй. Машины чулакны нэгийг төмрөөр, нөгөөг нь резинээр хийсэн байдаг. Машины гармошки резин 135 удаа агшиж, нийлээд урагддаг. Монгол залуу Японд очоод машины таван булны резинэн чулакыг үхрийн ширээр хийчихсэн. Одоо Япон, Герман, Европын машинуудад тэрийг хэрэглэх гэж байна шүү дээ. Тэр залуу анх Монголд байхдаа ийм зүйл хийе гэтэл хэн ч тоогоогүй гэсэн. Уг нь тэр залууд оюуны өмчийн патент нь байсан юм байна л даа. Ингээд Японд зуучлалаар хар ажил хийхээр очоод, компанийнхаа захиралд “Надад ийм санаа байна. Патент нь байгаа” гэтэл захирал нь дэмжиж компани байгуулсан юм билээ. Хэрвээ монголчууд тэр залуугийн санааг ажил болгосон бол Улаанбаатараас дэлхийн томоохон үйлдвэрүүдэд чулак нийлүүлээд байж байхгүй юу. Энэ мэтчилэн олон санаа гаргасан залуучуудаа бид гадаадад алдсан. Өөр нэг тохиолдол ярья. Бидний компьютерийн гарын товчлуур нэг талдаа латин, нөгөө талдаа крилл үсэгтэй. Нэг монгол залуу, товчлуурын цаанаас крилл, латин үсэг нь ээлжилж гэрэлтдэг санаа гаргасан. Бид тэрийг нь ажил болгоё гэж ярьж байтал 2-3 сарын дараа өөр улс хийгээд гаргачихаж байна.
-Шинжлэх ухааны академийн талаар юу хэлэх вэ?
-Шинжлэх ухааны академи Ширэндэв, Содном, Чадраа гуайн үед мундаг байсан юм аа. Би цөмийн физикийн Содном гуайтай нэг багт орж ажиллаж байсан. Одоогийн Шинжлэх ухааны академийг мэдэхгүй юм. Тэнд цус сэлбэлт хэрэгтэй болсныг бол мэдэж байна. Ахмад эрдэмтэд нь өөрсдийгөө хамгийн дээр тавьчихаад бусдыгаа жийгээд байвал явахгүй. Тэнд гадаад, дотоодод өндөр мэдлэг эзэмшсэн залуучууд явж байх хэрэгтэй. Хоёрдугаарт, академид маш их хөрөнгө хаяж, гадаадад байдаг өндөр хүчин чадалтай лабораториудыг бий болгох хэрэгтэй. Ядаж хамгийн наад захын лабораторийг оруулж ирж, академик шинж чанараа агуулах хэрэгтэй. Шинжлэх ухааны хамгийн том байгууллага байж зарим зүйлд дүгнэлт өгч чаддаггүй шүү дээ.
-Аливаа шийдвэр улстөрийн хүрээнд ярьж, шийдэгддэг. Таныг энд тэнд явж байхад эрдэмтэд юу хүсдэгээ ярих уу?
-Гадаад дотоодод явж байхад манай эрдэмтэд, “Монголд хуванцарын үйлдвэр байгуулаад өгчихсөн Ерөнхий сайдад алтаар хөшөө босгож өгөхсөн” гэж ярьдаг. Гадуудууд бол монголчуудыг тахиа эдийн засагтай гэж ярьдаг. Бид уул уурхайг эдийн засаг, хөрөнгө оруулалт гэж хардаг гэнэ л дээ. Бид түүхэндээ нэг тэрбум 500 сая ам.доллар барьж үзсэн ард түмэн. Гэтэл тэр мөнгийг Жеймс Камерон хоёр кино хийгээд л олчихсон. Ийм учраас өнөөдөр Монголд торгон үе ирсэн гэж бодож байна. Яагаад гэвэл, Засгийн газрын тэргүүнээ сонгоогүй байна бид. Эдийн засаг хаашаа эргэн нь тодорхойгүй байгаа. Чингис бондынхоо өрийг удахгүй төлнө. Энэ үед зөв чиглүүлэх хүнээ сонгоосой гэж бодох юм.
-“IT expo” гэж арга хэмжээ манайд болдог. Та сонирхов уу?
-Монголд мундаг программ зохиолгодог байгууллага байгаа гэж хэлж чадахгүй. Дангаараа ажилладаг тасарчихсан залуучууд бол байна. Гэтэл программ хийнэ гэдэг нь ганц, нэгээрээ хийдэг ажил биш юм байна л даа. Гэтэл манайханд багаараа ажиллах чадвар дутаад байна. Ганцаараа нэг юм хийгээд гавъяа шагналаа авна гэсэн бодол энд саад болдог. Энэтхэгүүд яагаад программ хангамжаараа тасарчихав аа. Тэд 20-30 хүний багаар ажилладаг. Тэдэнд Хонгконг, Сингапураас захиалга өгч ажил хийлгэдэг. “Майкрософт”-д гэхэд 200 мянгаад программист байдаг. Тэд нэг программыг жижиг жижгээр нь хувааж авч хийснийг нь “Майкрософт” зангидаж бүтээгдэхүүн болгодог. 2020 он гэхэд энэтхэгүүд дэлхийн зах зээлд 300 тэрбум ам.долларын программ хангамж борлуулна гэдгээ мэдэгдсэн. Харин бид хэдийг борлуулах вэ. Бид одооноос анхаараад ядаж 3-5 тэрбумын программ хийнэ гээд үзэх хэрэгтэй. Ажиглаад байхад, улс орны эдийн засгийг алдаг хэдхэн хүчин зүйл байна. Японы нэрт эдийн засагч Хироши, “Танай эдийн засгийг сүйрүүлж байгаа хамгийн том шалтгаан түрээс” гэсэн. Том байшингийн түрээслэгч эдийн засагт юу ч бүтээдэггүй мөртлөө бүтээдэг хүмүүсийн мөнгийг нь аваад байдаг. Бүтээдэг хүмүүс мөнгөө цуглуулж чадахгүй, хэрвээ цуглуулаад эхэлбэл түрээслэгч үнээ нэмдэг. Монголд түрээсийн үйлчилгээ их хөгжсөн байна гэсэн. Нөгөө талд нь, Монголд хөрөнгө оруулагч алга. Нэг юм хийе гэхээр 2-3 хүн л хөрөнгө оруулдаг. Японууд мөнгө босговол цөөн хүнээс хөрөнгө оруулалт авдаггүй. Нэг нь, эсвэл хоёр нь хөрөнгөө татахад тухайн төсөл унадаг. Эдийн засагч Хироши, “Монголд үйлдвэрлэл хөгжөөгүй байна” гэсэн. Хадаас хийсэн ч дэлхийн стандартад нийцүүлж буюу гурван сая хүнд биш долоон тэрбум хүнд зарна гэж бодож хий гэсэн. Яах вэ, япон хүн Монголын хөрсөнд буухгүй зүйл ярьсан байж болно. Бид авахыг нь авах л ёстой.
-Манайх шинэ бүтээл, өндөр технологийг дэмжсэн Инновацийн тухай хуультай улс. Энэ хуулийн талаар та ямар ойлголттой байгаа вэ?
-Уг нь мундаг хуультай. Гэвч үүнийг хэрэгжүүлж чаддаггүй. Инновацийн бүтээгдэхүүн татваргүй оруулж ирнэ. Инновацийн үзэсгэлэн зохион байгуулбал төр хариуцна. Инновацийн бүтээл гаргасан хүний гадаадад сургалтад явах зардлыг төр хариуцна гэх мэт зохицуулалт орсон байдаг. Гэтэл инновацийн бүтээл гэж юу гэдэг нь тодорхойгүй. Эдийн засгийн хөгжлийн яамны Инновацийн газар тодорхойлж, гэрчилгээ гаргаж өгч чаддаггүй болохоор хэн ч түүнийг инноваци гэж хэлэхгүй.
Ганбаатарын Улсболд
Эх сурвалж: http://www.itoim.mn/index.php/site/news/428