Монгол хүнийг жингийн туухай дээр таваглаад үзэх үү?
13 жил, 3 сар өмнө

Энэ талаар бичихсэн гэж удаан бодсон юм. Саяхан нэг танил бүсгүй маань сэтгэлээр унасан байдалтай утас цохилоо. Төрөлхийн хос үрийн сувгийн нарийсалтай тул Солонгост очиж үр суулгуулахаас өөр боломжгүй гэсэн оноштойгоор Солонгосын эмнэлгүүдэд хандаж л дээ. Мэдээж нэг бус эмнэлгээс үр суулгах мэс засалыг хийх боломжтой гэсэн хариу ирж. Ингээд Солонгос явж үр хүүхэдтэй болох гэсэн мөрөөдлөө гүйцээхээр баахан хөл хөөр болон хөөцөлдсөөр визэнд орох болжээ. Нөхөр нь Солонгост гэрээгээр ажиллаж байгаа тул давхар зардал гараад байхгүй тэндээ уулзаад үрээ суулгуулах боломжтой гэж бодоод бүр ч ихээр баяртай байлаа. Нөхөр нь ч тэсэж ядаж хүлээнэ. Уулзаагүй жил гаруй болсон залуус энэ завшааныг ашиглаад санасан сэтгэлийнхээ цангааг тайлах нь гэж туйлгүй ихээр догдолж байв. Гэвч Солонгосын элчингийнхэн "Нөхөр нь Солонгост ажилладаг юм чинь эргэж ирэхгүй байх магадлал өндөртэй юм байна" гэсэн шалтгаанаар визний зөвшөөрөл олгосонгүй. Ингээд залуу хосын өнийн мөрөөдөл салхинд хийсч, үр хүүхэдтэй болохсон гэхдээ ах дүү, садан төрлөөсөө цуглуулан байж хураасан хэдэн төгрөг нь ч хэрэггүй цаас болон хувирчихав. Энэ ярианы дараа миний сэтгэлд ч бас нэгэн хөндүүр зай бий болов.

Учрыг нь сайн нягталбал энэ нь ердөө л Монголын төр иргэнийхээ үнэ цэнийг хэрхэн ойлгодогийн тод жишээ гэдэг нь энэ. Тэр бүсгүй нөхрийнхөө үрийн шингэнийг варианы шилэнд хийгээд тэврээд нисэх байсан хэрэг үү? Монгол хүн гадаадад боолын хөдөлмөр эрхэлж байхад эхнэр хүүхэд нь очоод хамт амьдардаггүй юмаа гэхэд ядаж, ганцхан сар хамт байж санасан сэтгэлийнхээ цангааг тайлчих боломжийг төр иргэндээ олгоогүйгээс л асуудлууд үүсэж байгаа хэрэг. Бие холдвол сэтгэл холдоно гэдэг. Олон гэр бүл энэ л шалтгаанаар салж, олон хүүхэд "тавиул" нэртэйгээр "толгой", "бөгс" томтой өсөж байна.

Эхнэр нь энд үр хүүхдийн мөрөөсөлд умбаж, алсад байгаа нөхрөө санахын эрхэнд ганцаардан шаналж сууна. Харин нөхрийнхөө байгаа газарт өөрийнхөө зардалаар явж очоод тэндээ үр суулгуулж, үр хүүхэдтэй болох гэсэн мөрөөдөл нь ийнхүү "Нөхөр нь Солонгост байдаг юм байна" гэсэн ухвар дүгнэлтээр замхарч унаж байна. Бидний сор болсон эрүүл чийрэг, хамгийн сайхан гэсэн залуусыг боолын хөдөлмөрт дуудаж, алсын алсад цөлөх хэрнээ ард нь үлдэж байгаа гэр бүл, удахгүй өсөж том болох үр хүүхдийнх нь ирээдүй, хувь тавиланг зөв чиглүүлэх бодлого манай төрд байдаг бил үү?

Өнөөдөр таван айл тутмын гуравт нь шахам амьдын хагацал үзсэн хүүхдүүд өсөж байна. Алс хол байгаа аав, ээж нь хүүхдээ харж байгаад нь талархаж харж байгаа айлд нь сар бүр мөнгө гуйвуулах хэрнээ, төрсөн өдрөөр хажууд нь зогсоод хацар дээр нь үнсчих эрхгүй л өдөр хоногийг элээж байна. Тав, арван жилийн дараа ээж аав нь холдон салж, тавиул хүүхэд бүрмөсөн өнчрөн үлддэг. Төрийн бодлогоор иргэнийхээ үнэлэмжийг тодорхойлж, гэрээт ажиллагсдынхаа ар гэрийг нь хадгалж үлдээх хуульчилсан бодлого үнэндээ үгүйлэгдэж байна.

Зарим улсад очсон монгол хүмүүс тухайн улсынхаа иргэнтэй гэр бүл болохын тулд дансанд нь тодорхой хэмжээний мөнгө суулгадаг хууль хүртэл байдаг юм билээ. Тэр улс өөрийн иргэнийхээ үнэлэмж, ар талыг баталгаатай болгох үүднээс л ийм бодлогыг хуулиндаа суулгадаг нь мэдээж. Харин манайд бол дурын улсын тосгоноос хэл ярины гажигтай, оюун санааны хомсдолтой, амьдрах чадвараараа өөрийн улсынхаа хүүхнүүдэд гологдсон, өтөл хөгшин хөгийн юмнууд нь хүрч ирээд хамгийн залуу, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн эрүүл чийрэг охидыг маань адуу мал шиг гишгэлж орхичихоод л ямар ч хариуцлага хүлээхгүйгээр нутаг буцаж болж байна. Бидний ад шоо үзээд байдаг Хятад иргэд хүртэл энэ хэмжээлшгүй эрхийг эдэлж чадалж байна. Яг л хариулгагүй мал руу дайрсан чонон сүрэг мэт. Эзэнгүй, үнэлэмжгүй иргэд маань Монгол нэрийн дор сэг зэм мэт бусдад адлагдаж байгаа нь нууц биш.

Малайзад амь үрэгддэг Алтантуяагийн хувь тавилан одоог хүртэл сэтгэл зовоодог. Гэгээн цагаан өдрөөр хүний бүсгүй үрийг хээр аваачаад хумхийн тоос болгочихсон эзэн хариуцагч нь тодорхой байсаар байхад төр маань иргэнийхээ төлөө яажшуухан санаа тавьсан билээ? Би лав төрийн зүгээс гарсан дуу хоолойг нь сонсоогүй. Эх орондоо, энх цагт ажлаа тараад л гэртээ харихын зуурт буудуулчихаж байгаа монгол хүн та жингийн туухай дээр зогсвол ямархуу жин татахаа мэдэх үү? Бид арвуулаа нэг талд нь зогссон ч ганц хятад хүний хэмжээнд үнэлэгдэхгүй л болов уу. Уг нь бид тун ч цөөхүүлээ юмсан.

Төрийн эрх барьсан хүмүүсийн хувьд бол дангаар ноёрхох гурав дөрөвхөн гэр бүлийг тэжээхийн төлөө л ард түмнээ татвар татаасаар дарамталж, эмс охидоо гадныханд арилжаалж, хамгийн эрүүл чийрэг эрчүүлээ боолын хөдөлмөрт хөөгөөд явуулчихаж байгаа нь нэгэнт нууц биш болжээ. Үүний ард үлдэгсдийн ихэнх нь хүчин мөхөс, дуулгавартай, амьдралынхаа арав тавхан төгрөгний ноёрхолд толгой бөхийж л мэддэг, үгүй бол хүчтэний улыг долоож, хүчгүйгээ барьж идэх дасгал сургуульд багаасаа суралцсан тийм л нэг бүлэг болж таарч байна. Үлдсэн зарим нь хэнд ч гай болохгүйгээр зөвхөн хувиа хичээж, довоо шарлуулас гээд л амьдарна.

Энд яг ямархуу төрийн бодлого яваад байгааг ойлгоход нэг л бэрх байна. Өчигдөрхөн чихэн дээр цэцэг ургуулж байсан хүмүүс өнөөдөр нь өлөн араатны нүдээр ард түмнээ хялайн харж чаддаг болдог. Тэд өөрийн бизнестээ ашигтай хэрэгтэй байлгахын тулд хуулийг өөрчилж, өөрийн барьсан байшингаа орлоготой байлгахын тулд хамгийн үнэ цэнэтэй газруудыг устгаж л чаддаг. Тэдэнд монгол хүний үнэ цэнийн тухай бодох цаг зав ч хомс биз.

Миний хүүхдүүд агаарын дутагдалд орсоноос болоод тархины саажилт, даралттай төрж, харин тэдний эхнэрүүд болохоор хүйтэн улиралд гадаадын дулаан орон луу нүүдэллээд, тэндээ нярайлж, тэндээ тэнхэрч аваад хавар нь эргэж ирдэг. Бид хотынхоо утаа угаар дотор хоолой хорсон ажиллаж байхад тэдний гэр бүл хотоос зайдуу газарт, ус агаар тэгшхэн нутгийг эзэгнэн амьдардаг. Эгэл жирийн монгол хүн би эрүүл мэндийн даатгалын дэвтэр нэртэй цэнхэр дансаар амьсгалаа хэмжүүлж байхад тэдний охид хамрынхаа угалзыг илүү хээнцэр болгох гэж далайн чанадыг зорьж байдаг. Хотын захын борчууд маань үхсэн малын махаар хооллож байхад тэдний гэрийнхэн харин хилийн чанадаас дөнгөж барьсан загас захиалан идэцгээдэг.

Нялхсадууд маань халуун зунаар галт тэргэнд ачигдаж 10 хоног тээвэрлээд, Монголын чийгтэй агуулахад хоёр сар хэвтсэн хортой иогуртоор тэжээгдэж байхад тэдний хүүхдүүд хотын утаанаас холхон байхаар программчлагдсан учраас нярай балчир цагаа гадны орнуудын үнэтэй цэцэрлэгт, гадаадын хүчирхэг хуулиар хамгаалагдан өсдөг.

Миний ах дүүс хилийн чанадад боолын хөдөлмөр эрхэлж, эх орон, гэр бүлээ тэжээх гэж тавхан минут тамхилчих ч эрхгүй шахам толгой руугаа чичлүүлж байхад тэдний хүүхдүүд "Бензиний үнэ хурдан нэмэгдээсэй, тэгвэл Улаанбаатарын гудамжаар аав бид хоёр л давхихгүй юу" гэсэн мөрөөдлөөрөө гайхуулцгааж явдаг.

Бидний буурайнууд гэрийнхээ буурийг хамгаалж үлдэх гэснийхээ төлөө шоронгийн хаалга татаж, дааж давшгүй төлбөр төлөөсөнд унаж байхад тэдний аав ээж нар даралт нь ихэслээ гээд Хятадаас эмч залж байдаг.

Эгэл жирийн монгол хүүхэд ээж, аавынхаа царайг ч мартах нь халаг өсөж байхад төрийн томчуулын хүүхдүүд эрхэндээ хатаж, эцэг эхийнхээ олсон мөнгөөр хүн алж, хүүхэн хүчиндэж, мөнгөөр бөөлжиж, хар тамхи, алтны наймаанд үе тэнгийнхнээ татан оруулж хэлмэгдүүлж чаддаг.

Миний Монголын эгэл жирийн малчин ардууд зудын өвлөөр үхсэн малынхаа сэгээр хашаа хороо босгож байхад тэдний уядаг үнэтэй адуунууд алтан зүчээнд, бие хамгаалагчтай амьдардаг.

Ийм л нэгэн гомдолтойгоор монгол хүн би Зөвхөн Монголдоо л амьдарч байна даа. Монгол хүн миний үнэлэмж дэлхийн жишигт чухам ямархуу хэмжээнд үнэлэгдэх бол?