Монгол хэлээрээ зөв сайхан ярьж сурах тухайд
13 жил, 4 сар өмнө

Эх сайхан монгол хэлээрээ ойлгогдохоор ярьж, санаагаа солилцох, мэдээлэл түнгээх тал дээр хүн бүр л нэгийг бодож явдаг болсон цаг үетэй давхцан Удирдлагын Академи ирээдүйн докторууддаа монгол хэлээрээ хэрхэн зөв найруулан харилцах тухай монгол хэлний эрдэмтэнтэй ярилцах боломж олголоо.

Ярилцлагын үеэр Буянтогтох доктор “Манайхан иргэний боловсролтой байх ёстой. Манайхан аливааг харж байгаад тэднийд тийм юм байгаа гээд л дуурайгаад аваад байх юм. Дэлхийн хөгжилтэй хөлөө нийтүүлнэ гээд л байх юм. Бид хөгжлийг нь гүйцэхгүй шүү дээ. Харин амдаж л очих хэрэгтэй. Тэгэхээр бид өөрөөр сэтгэх хэрэгтэй. Бид тэдний хийсэн бүхнийг араас нь дагаад бузар булай бүхнийг дагаж хийхийн оронд өөр маягаар өөдөөс нь амдаж гүйцэх л шаардлагатай болж байна” гэж хэлсэн санаа сэтгэлд их л ойр буулаа.

Үнэхээр бид аливааг дагаж дуурайна гэвэл суурин иргэншлийн 200 жилийн түүх, туршлагатай ард түмний хоёр зууны насыг бас наслах хэрэг гарах байх аа. Харин эрдэмтний хэлснээр амдах маягаар, өөрөөр сэтгэх нь чухал байх аа. Тийм чадалтай чадвартай залуус манайханд олон бий, бий болно гэдэгт ч итгэж байна.

Буянтогтох багшийн ярьсан санаануудаас бас нэгэн сонсууштай байсан зүйл нь үндэсний хэлнийхээ хажуугаар гадаад хэлийг чимээгүй л заах ёстой. Уг нь бид үндэснийхээ хэлийг илүү заах ёстой гэсэн санаа байлаа. Үнэхээр гадаад хэл сурах нь чухал гэдэгтэй хүн бүр санал нийлдэг ч “үндэсний хэлээ сайн мэдэх” гэсэн дөрөвхөн үгний цаана эх оронч үзлээс эхлээд монгол хүн бүрийн хүсч мөрөөдөж байдаг сайхан бүхний үр нь оршдогийг бас нэг бодууштай мэт.