Монгол хонины ноосоор үйлдвэрлэсэн ЭКО БОРДОО Германы зах зээлд гарч эхэллээ
5 жил өмнө

Монгол хонины ноосоор үйлдвэрлсэн 100% ЭКО БОРДОО Герман улсруу экспортолж эхэллээ.
Хонины ноосоор эко бордоо хийдэг дэлхийн 2 дахь үйлдвэрийг Монпеллетс компани Монголд байгуулж, дэлхий нийтэд тулгамдаад буй эко бордоо- органик хүнсний асуудалд НЭГ ТОМ АЛХАМ ХИЙЖ ЧАДЛАА.


Монголчууд бидний олон зуун жилийн туршид хэрэглэж ирсэн, малын гаралтай түүхий эд болох хонины ноос сүүлийн жилүүдэд үнэгүй шахам болсон нь харамсалтай. Тэгвэл монгол хонины ноосоор ямар ч химийн бодис бүр ус ч ороогүй, байгаль орчинд хор хөнөөлгүй эко бордоо үйлдвэрлэж байна гэвэл уншигч та итгэх үү? Энэ талаар сурвалжлахаар хотоос 40-өөд километрийн зайд орших “Монпеллетс” компанийн био бордооны үйлдвэрийг зорилоо.

ЭКО БОРДООГ ӨНДӨР ЧАНАРТАЙ ГЭЖ ҮНЭЛЖЭЭ

Тус компанийн захирал Б.Цогбадрахын хувьд хорь гаруйхан настайгаасаа Европын хэд хэдэн улсад Монголын Элчин сайдын яаманд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж, 10 орчим жилийн өмнө тэтгэвэрт гарчээ. Түүнээс хойш зүгээр суусангүй. Үнэгүйдэж буй ноосны талаар судалгаа хийж, эх орондоо энэ чиглэлээр ямар нэгэн зүйл бүтээхийн төлөө олон жил зарцуулжээ. Дэлхий нийтэд хүлэмжийн хийн асуудал харанга дэлдэж, томоохон улс гүрнүүд шаардлагатай арга хэмжээ авч эхэлж байна. Түүний нэг жишээ нь Герман улс газар тариалангийн бүс нутагтаа аль болох органик бордоо ашиглахыг эрмэлзэж буй явдал юм. Олон жилийн судалгаа, шинжилгээний үр дүнд Берлин хотын Гумбольдын их сургуулийн эрдэмтэд нэгэн шийдэл олсон нь хонины ноосыг химийн ямар ч бодистой холилгүй, байгалийн органик чанарыг нь хадгалсан, эко бордоо хийх төсөл аж.

Энэ төсөл анх бүтэшгүй мэт санагдаж байсан ч тус улсын Засгийн газар 100 хувь дэмжиж, дэлхий дахинд анх удаа хонины ноосоор бордоо хийдэг үйлдвэрийг 2013 онд Бранденбург мужийн Лауххаммер хотноо байгуулж, тэр дороо л үр шимээ өгчээ. Гэвч түүхий эдийн нөөц бага байсан нь томоохон бэрхшээл болсон гэнэ. Учир нь Герман улс хоёр сая гаруйхан хоньтой нь ноос үйлдвэрлэлд хүрэлцэхүйц хэмжээний биш байж. Энэ мэдээг Б.Цогбадрах сонсоод, Герман улсын холбогдох байгууллагын мэргэжилтэнтэй холбогдон, хамтран ажиллах хүсэлт тавьжээ. Тухайн үед Монгол Улс 25 орчим сая хоньтой, жилд 40 мянган тонн ноос бэлтгэдэг байсан учир эко бордоо үйлдвэрлэгчид түүхий эдийн арвин нөөц чухам манай оронд байгааг мэдэн, хүсэлтийг нь нааштайгаар хүлээн авсан гэдэг. Улмаар манай оронд үйлдвэрлэсэн эко бордоог 2022 он хүртэл Герман улс руу нийлүүлэх гэрээ байгуулжээ.

Манай оронд үнэгүйдээд буй ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулах гарц олсон гэдэгтээ сэтгэл хангалуун байдгаа Б.Цогбадрах хэлсэн. 2014 онд тэрбээр “Монпеллетс” компаниа байгуулан, үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын 30 хувийг Хөгжлийн банкнаас авч, өнгөрсөн жилийн хавар дэлхийд хоёрдогч, ноосоор бордоо хийх үйлдвэр байгуулжээ. Ийнхүү манай орон эко бордоо үйлдвэрлэж, дээжийг нь Герман улсын Гумбольдтын их сургуулийн Газар тариалан ба хотын экологийн институт, Бордоо ба ургамлын үрийн институт, Ус ба байгаль орчны лабараторид хүргүүлж, тэжээллэг бодисын агууламжийг нь нарийвчлан тогтоожээ. Үр дүнд нь Герман улсын зүгээс “Premi¬um quality” буюу дээд зэргийн чанартай гэсэн үнэлгээ авсан юм байна. Монгол хонь, герман хонийг бодоход элдэв өвчлөл бага, дээрээс нь идэж буй хоол, тэжээлээс авах шимт бодисууд илүү байсантай энэ нь холбоотой аж.

ЯМАР НЭГ БОХИР ЯЛГАРУУЛДАГГҮЙ

Хөдөлмөрч, хичээнгүй зантай нь анзаарагдсан Б.Цогбадрах үйлдвэрээ санаанд оромгүй байдлаар тохижуулсан нь анхаарал татав. Уулзалтын өрөөндөө “Арвин ургац, эрүүл хүнс” гэсэн уриа бичжээ. Ширээн дээр бордооныхоо дээжийг үйлдвэрлэх үе дамжлагаар нь хуваан, шилэн хоргонд эгнүүлэн тавьсан нь Б.Цогбадрахын нягт, нямбай занг харуулна. Ажилчдынхаа өрөө бүрийг ая тухтай тохижуулж, ариун цэврийн өрөөг тусад нь шийдэж өгчээ. Халаалтаа цахилгаанаар бүрэн шийдсэн бөгөөд үйлвэрлэлийн ямар ч хаягдалгүй гэсэн. Бордоо үйлдвэрлэх үйл явц ямар нэгэн бохир ялгаруулдаггүй ч хүн ажиллаж, амьдарч байгаа орчин учир цэвэр усны шугам, сүлжээгээ шийдэх нь сорилт болжээ. Налайх хотын төвөөс 20 гаруй километрийн зайтай, уулын бэлд, зэлүүд газар байрлах эл үйлдвэрт энэ нь хамгийн том асуудал болох нь ойлгомжтой. Харин “Монпеллетс” компанийн үйлдвэр манай оронд хоёрхон байдаг ус цэвэршүүлэх бага оврын байгууламжийн нэгийг машин зогсоолын цементэн хучилттай шалан доор байрлуулсан нь анхаарал татлаа.

Аливаа ургамал ургахад үндсэн тэжээл болох азот, фосфор, кали болон микроэлементүүд голлох үүрэгтэй. Гэвч эдгээр нь байгалийн нөхцөлд ургамлыг тогтсон хугацаанд, бүрэн гүйцэт ургуулахад зарим тохиолдолд хангалтгүй байдаг учраас жимс, ногоо болон бусад таримал ургамалд хурдан ургахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бордоог бий болгосон түүхтэй.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай оронд хорт хавдраар олон хүн өвчлөх болсон. Үүнд гарал үүсэл нь үл мэдэгдэх, химийн найрлага бүхий бордоог тариаланчид жирийн хэрэглээгээ болгосонтой холбоотой гэхэд хилсдэхгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тариалангийн томоохон компаниудад зохих шалгалт хийдэг. Харин хувь тариаланчид болон жижиг, дунд үйлвэрлэл эрхлэгчдэд хяналт тавих нь сул байдаг аж. Тиймээс аль болох хямдханыг нь авах эрмэлзэл бүхий тариаланчид био бордоо бус, химийн аргаар баяжуулсан найрлагыг нь баяжуулсан бордоо ашигладаг юм байна. Химийн бордоог ихэвчлэн малын өтөг бууц, яс, сэг зэм, өндөгний хальс зэргээр хийдэг бөгөөд азотын, хүхрийн хүчил, калийн давс зэрэг бодис хольдог. Тиймээс хөрсний хүчиллэг чанарыг ихэсгэж, эргээд ургацад сөрөг нөлөө үзүүлдэг талаар Б.Цогбадрах хэлж байв. Харин ноосоор хийсэн бордоо химийн ямар ч нэмэлт бодис агуулаагүй, 100 хувь органик бүтээгдэхүүн учир ургацад ямар ч сөрөг нөлөөгүй тул эрүүл ургахад шаардагдах тэжээлийг өгдөг бөгөөд талбайг нэг удаа бордоход хөрсөнд 10 сар шим тэжээлээ өгдөг нь нотлогджээ. 

Ноос өөрийн жингээс 3.5 дахин илүү ус шингээн, хадгалах шинж чанартайгаас гадна ургамалд шаардлагатай азот, калийн исэл зэрэг бодис агуулдаг. “Монпеллетс” компанийнхан 0.65 грамм ноосыг нэг шоо см хэмжээтэй бордоо болгон нягтаршуулснаар уг ноосонд агуулагдах шимт бодисыг хөрсөнд бордоход шаардлагатай хэмжээнд хүргэсэн гэнэ. Түүнчлэн чийглэг ихтэй үед ус хуримтлуулж, хуурай үед буцаагаад гадагшлуулснаар хөрсөн дэх чийгийг тэнцвэртэй байлгадаг. Ноосоор хийсэн бордоо нь ус, чийгийг шингээн, дараа нь өөрийгөө тэлэхдээ хөрсийг хөвсийлгөн сийрэгжүүлж, агаар орох нөхцөл бүрдүүлдэг давуу талтай аж. Тус компанийнхан монгол хонины ноосонд зориулсан тусгай тоног төхөөрөмжийг Германд захиалан хийлгэжээ. Уг үйлдвэрийн үйл ажиллагааг энгийнээр тайлбарлахад ноосыг тээрэмдэж, дараа нь нягтаршуулах хоёр дамжлага бүхий төхөөрөмжид хийж, 80-110 градуст халаан нянг нь устгаж, эцэст нь, үрлэн бордоо үйлдвэрлэж байна. Үүнээс гадна хонины ноосыг бохир, цэвэр гэж ялгалгүй, хаягдлыг нь ч түүхий эд болгон ашиглана.

Томоохон улсууд өөртөө ашигтай үйлдвэрлэлүүдийг бүхий л талаар дэмжиж, экспортын эргэлтэд оруулах гарц шийдлүүдийг илүүтэйгээр дэмжин ажилладаг. “Монпеллетс” компани Герман улстай гэрээгээр ажиллаж буй хэдий ч Монголдоо бүтээгдэхүүн нийлүүлэхэд элдэв хориг, саад байхгүй гэнэ. Хэрвээ бид гуравхан сая хүн амаа эрүүл байлгая гэвэл химийн бус, эрүүл бордоогоор бордсон хүнс хэрэглэх шаардлагатай. Б.Цогбадрах “Төрөөс тодорхой бодлого гаргаж улаанбаатарчууд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн шиг эрүүл, органик бордоог байнгын хэрэглээгээ болгох шаардлагатай” гэж байлаа. Түүний хэлж буйгаар үүнд төрийн оролцоо байдаггүй гэнэ. Хэрвээ энэ үйлдвэрлэлийг Засгийн газраас дэмжвэл маш том ажлыг эх орондоо зориулан хийж, бүтээх боломжтой. Үүгээр ч барахгүй монгол хонины ноосыг дэлхийн зах зээлд гаргах том боломж байж мэдэх юм.

Бэлтгэсэн: Т.Идэр (Өнөөдөр сонин)