Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчидийг дэмжих төсөл хэрэгжиж эхэллээ
11 жил өмнө

 

2013 оны 10-р сарын 30-ны өдөр “Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих” төслийн уулзалт, семинар амжилттай боллоо. Энэ семинарыг “Эвэридэй ферм” ХХК санаачлан зохион  байгуулсан бөгөөд уулзалтанд төслийн удирдагч Козай сан, “Эвэридэй ферм” ХХК-ын менежер Б.Зоригт, судалгааны ажилтан Яманэ сан, JICA Монгол дах төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Такэцүрү Эйко, Бридж группын ТУЗ-ын дарга Л.Даваажаргал, ШУТИС-ын ХИБС-ын багш Сэржмядаг нар болон төслийг дэмжин ажиллах байгууллагуудын төлөөллүүд  оролцсон юм. Семинарыг “Эвэридэй ферм” ХХК-ын захирал Д.Алтанцэцэг нээн үг хэлсэн. Тэрээр: манай байгууллага хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчидийн ашиг орлогыг нэмэгдүүлж дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажилладаг. Өнөөдөр энэ зорилгынхоо хүрээнд ажиллах хүсэл эрмэлзэл, ур чадвартай хэдий ч ядуурлаас гарч чадахгүй байгаа иргэдээ дэмжихээр “Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих” төслөө хэрэгжүүлж эхлээд байна. Бид энэ төслөө Япон улсын мэргэжилтнүүдтэй хамтран хийж байна. Өнө эртнээс хамтын ажиллагаатай байсаар ирсэн Япон улсын мэргэжилтнүүдтэй дахин хамтран ажиллах болсондоо баяртай байна. Төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энэхүү төслийг  Япон улсын Жайка, Фермдо  байгууллагууд хамтран хэрэгжүүлэх юм байна. Жайка Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын мэргэжилтэн Такэцүрү Эйко хувийн хэвшлийн хөгжилд чиглэсэн дэмжлэгээ танилцуулсан бөгөөд ВОР (Base of the pyramid) төсөл амжилттай хэрэгжсэн жишээг ч дурдсан юм. Төслийн хүрээнд  олон  Монголчуудыг ажилтай, орлогтой болгохын зэрэгцээ  эрүүл аюулгүй бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжтой ажээ.  Уригдсан зочид 61-ын гармын тариалангийн талбайгаар явж ажлын явцтай танилцсан. Төслийн багийнхан 20 га талбайд уринш бэлтгэж, 3.3га- д чацаргана, үхрийн нүд  суулган, 10 хүлэмж байгуулан нэг хүлэмжиндээ амтат жимс гүзээлзгэний 4000 үрсэлгээ суулгаж 6000 гаруй төл бойжуулж авсан байна. 4 сарын дотор хийсэн эдгээр ажлуудыг богино хугацаанд ихийг амжуулжээ хэмээн уригдсан зочид ихэд үнэлж байлаа. Мөн төслийн багийнхан гүзээлзгэнэ хариуцсан мэргэжилтэн, ногоо хариуцсан мэргэжилтэн нар гүзээлзгэнэ тарих нь маш нарийн ажил бөгөөд их хөрөнгө, хүч шаарддагыг онцлон хэлж байсан  бөгөөд Японы мэргэжилтнүүдээс их зүйлийг сурч авлаа хэмээн хэлсэн юм. Ядуурлыг бууруулах зорилготойгоор ийнхүү хэрэгжиж эхэлсэн уг төсөл амжилттай хэрэгжсэнээр эх орны өнцөг булан бүрт суугаа иргэдийг эрүүл, амт чанартай, органик бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтойг төслийн мэргэжилтнүүд дурдаж байсан. Сонгинохайрхан, Налайх дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн энэ төсөлд ажиллах чин хүсэлтэй иргэдийг хамруулах юм байна. Мөн эх орондоо амтат гүзээлзгэнэ болон нарийн ногоог тарьж ургуулах хүсэл эрмэлзэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч хамруулна гэдгээ мэргэжилтнүүд дурдаж байсан юм. Харин үнэхээр ажиллах хүсэл сонирхолтой иргэдийг хамруулах үүднээс ШУТИС-тай хамтран судалгаа хийж 2 үе шаттайгаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаар 2014 оны 4 сараас шалгарсан иргэдээ дадлага хийлгэх юм байна. Ийнхүү судалгаан дээр үндэслэн ажиллах иргэдээ сонгон шалгаруулж байгаа нь авууштай сайхан арга байна хэмээн иргэд сэтгэл хангалуун байлаа.