МОНГОЛ ОЙЛГОЛТЫН ЗӨРҮҮ ХИЙГЭЭД ГАРЦ
1.Зөрүү
Сүүлийн жилүүдэд Сонголчууд бид мөнгөтэй, “хувийн өмч”-тэй л болж юуханыг ч бол нийгмээс хувьчилж авя л чадвал амьдралын утга зорилго атганд нь багтчих мэт, саран дээр очиж хувийн “эдлэн”-тэй болсон ч санааных юм шиг ойлголттойгоор энэ зуун руу саравчилж, зөвхөн “юмжих”, “хөрөнгөжих” үйл ажиллагаанд хамаг хүч, цагаа “авсалсаар”, өөрсдөө харин “юм” болж хувирах, ингэснээр, хүн өөрөө “юмжих” үйл явц эрчимжив.
Хүмүүс оюунлаг хэрэгцээ, ухаалаг эрхэмлэх сэтгэлгээнд суралцахаасаа илүү ашиг хонжоо, авилгал, хээл хахуулийн сэтгэлгээнд, мөн, хар захын наймаа хулгайн арга сүүхээнд суралцаж, бие биеэсээ давуу “мэргэшиж”, жинхэнэ Ардчилал, Эрх чөлөө, Үүрэг, Хариуцлагын ухамсарт дасахаасаа илүү эрээ цээрээ алдах, хүн чанараа гээх адгууслаг “эрх чөлөө” анархизмд дасаж, ёс суртахууны үгүйсгэлд туйлшрав.
XX зууны эхэнд “тэнэгдүүхэн” хүн төрлөгтөн маань тархиа “ширгээн” сэдэж байсан алдаатай, асар хуудуутай “шинэчлэл”-ийг өнөө бид давтан сэдэж, дууриан хошуурч, тэгснээрээ ч XXI зууны нийгмийн нэн сэтгэлгээ, үнэт зүйлсийн ойлголтын шинэ хандлагын өндөрлөгөөс харахад, бидний нийгмийн амьдрал ч, оюун санаа ч, хүний амьдралын утга зорилгыг ойлгох, хэт программист ойлголт ч дэлхийн хошин шогийн сүүлчийн сэдэв, сүүлчийн “зах” болон үлдэхийг тэвчихэд хэцүү боллоо.
Дээр өгүүлсэн гажуудал, сөрөг үр дагаварын үндсэн шалтгаан нь, мэдээжээр, 1990 оноос эхэлсэн нийгмийн уналт, ухралтын үйл явцаас угшилтай юм.1990 оноос хойших хугацаанд Монголын нийгмийг хамарсан үйл явцыг философи сэтгэлгээний түвшинд тодорхойлох юм бол, -нийгмийн байгуулалын задрац, хүмүүсийн харилцааны “харьсал” юм. Нийгмийг бүхэлд нь “буулгадсан” задрацын үйл явц нь, 1990 оноос өмнө Төр – Ард түмний мэдэлд нэгдмэл мөн чанартайгаар эзэмшигдэж байсан нийгмийн материал баялагийг хувьчилж, “өмчийг эзэнтэй болгох” нэрийдлээр ихэнхи хэсгийг нь цөөн бөөр хүмүүсийн гараар үрэн устгаж, баганхи хэсгийг нь хувьд өмчлүүлж тараасантай холбоотой юм.Өмчийн хувьчлал, задралаас үүдэлтэй, нийгмийн задралын үйл явц үндэсний сэтгэлгээ, сэтгэлзүйг ч хамарч, нийгмийн хөгжлийн мөн чанар, үндсэн агуулгын талаар нэгдмэл ойлголт, үзэл бодолгүй болгоход хүргэв.Харин 2000 оноос Нийгмийн Оршихуй нэгдлийн үйл явц руу шилжиж эхэллээ. Энэ эргэлтийн үйл явцыг философи сэтгэлгээний /философи сэтгэлгээ нь прагматик бус, априори аргачлалт сэтгэлгээ бөгөөд юмс үзэгдлийн нийтлэг, түгээмэл мөн чанарыг онох, нэгдмэл хууль зүйг нээх, нэгэтгэн дүгнэх шинжлэх ухааны нийлэг, хийсвэрлэлт сэтгэлгээ юм!/ түвшинд доорхи хоёр үзэгдлээр тодорхойлж болно.
а.Нийгэмд бүтээн байгуулалтын уур амьсгал, бүтээлч сэтгэхүй төлөвшиж буй үзэгдэл;
б.Нийгмийн хөгжилд оюун санааны тэргүүлэх, хөтлөх ач холбогдолтойг ойлгох, хандлага бодтой буй болж цэвэр оюун санааны далдлагдмал, хийсвар үр ашиг хийгээд сэтгэлгээний нягтрал, агууламж ихтэй бүтээл-өмчийн үнэ цэнийн мэдрэмж илт сэргэж буй үзэгдэл;
Нийгмийн сэтгэлгээ, сэтгэлзүйд хэвшигнэж эхэлсэн дээрхи өөрчлөлт, шинэлэг баярлалтай үзэгдлүүдийн сэргэлт, тогтворжилтын хандлага цаашдаа нийгмийн хөгжлийн үйл явцад давамгайлах шинж төлөв ажиглагдаж буй нь том ололт юм.Энэ ололт үндэстнийг үзэл ойлголтын нэгдэлд хөтлөх гол хүчин зүйл болж өгөх бөгөөд улс үндэстний Аврал нь гагцхүү эв нэгдэлд нь орших учир энэ ололтын ач холбогдол үнэлж баршгүй их юм.Нийгмийн хөгжлийг шинжлэх ухаанчаар ойлгох, нэгдмэл, зөв ойлголт, үзэл баримтлал, үндэсний сэтгэлгээний цогц ухаанаар л нийгмийг цэгцэлж, хөгжлийн зохион байгуулалтанд оруулахаас биш материал баялгийг эзэмших хувийн өмчийн тэмцэлдээн, “хувьчлал”-ын болоод “өмчжүүлэлт”-ийн өрсөлдөөнөөр үндэсний бүтээлч хүчийг нэгэтгэхгүй нь л өнгөрсөн хугацааны түүхэн үйл явцаас ойлгомжтой харагдаж байна.Нөгөө талаас, нийгмийн задрал улс үндэстний том эмгэнэл болох нь ч манай улс төр –нийгмийн амьдралын бодот үнэнээр батлагдав.
Одоо бид нийгмийн бодлого, үйл ажиллагаагаа дэлхийн глобаль хандлага, нийтлэг жишигтэй харьцангуйгаар явуулж, “Мэдлэгийн эдийн засаг”-ийн хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлэх шилжилт рүү дорвитой алхам хийх, хэрэгжилтийн механизмуудыг нарийвчлах нэгдмэл үзэл боловсруулах хэрэгцээтэй тулгарлаа.Хүн төрлөгтний ирээдүйн түүхийн он жилүүд хүмүүсийн бие махбодын хэрэгцээ, хэрэглээний үйлдвэрлэл, эд агуурс хэлбэрийн өмч хөрөнгөний өрсөлдөөний хугацаа бус, мэдлэг өрсөлдөөний хугацаа байх нь нэгэнт тодорхой чиг шугам болов. Энэ чиглэлийг Монголын Засгийн Газар ч гярхай, хянамгай, анзааран ажиж, мэдлэг, оюуны өмч-бүтээлийн ач холбогдлыг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлэхийг чухалчилж буй нь Ерөнхий сайд Н.Энхбаярын, УИХ-ын 2003 оны намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэнд тодорхой тусчээ.
Үүнд,“…Улс орны хөгжил, дэвшлийг хурдасгахад оюуны өмчийн ач холбогдол улам нэмэгдэж байгааг гүн гүнзгий ойлгох цаг болжээ. Тийм учраас Засгийн газар, эрдэмтэд, зохиолчид, зураачид, сэтгүүлчид, дуучид зэрэг уран бүтээлчид, оюуны өмчийг бүтээгчдийн маань нээлт, оюуны бүтээлийг үнэлэх, зохиогчийн эрхийг нь хамгаалах, баталгаажуулах, дэмжих, эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудалд анхаарлаа хандуулан ажиллах болно. Оюуны өмчийг хүндэтгэж, үнэлж, баталгаажуулж, эдийн засгийн эргэлтэнд оруулж чадсан улс орон л өрсөлдөх чадвараа дээшлүүлж хөгжих нь даяарчлалын эрин үед улам тодорхой болж байна…” гэжээ.
Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос