Монгол нууцын хэлхээ
11 жил, 8 сар өмнө

"Яруу сэтгэгч" сонины анхны дугаарын нийтлэлүүд цувралаар...

                                                                                  С.Жамбалдорж     

Монгол гэж ярихын тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх хэрэгтэй. Монгол хэмээвээс Монголоо сайн мэддэг байх учиртай. Иймээс Би хэн бэ? Бид хэн бэ? гэж Монгол хүн бүр Монголоо танин мэдэхийг чармайж яваарай.

Эртний мэргэн сургаалд айлдахдаа: Тус болох нөхөр гурав, ус болох нөхөр гурав болой. Тус болох нь үнэнч нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно. Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялангач, цууранхай амт нөхөр болой гэжээ. Ном бол үнэнч нөхөр, шудрага нөхөр, ихийг дуулсан нөхөр мөний тул танд хань болж чадна.

“...Бид чинь тэгтлээ нэг их хоцрогдсон улс биш. Манайх дэлхийд олон юмаараа тэргүүн байранд давхиж яваа юм байна. Нэг хүнд ноогдох дарга, сайд, нэг хүнд ноогдох өр шир, нэг хүнд ноогдох нам, эвсэл холбоогоороо дэлхийд тэргүүлжээ. Тэр ч бүү хэл монголчууд бидний нэг иргэнийхээ нуруунд үүрүүлэх шийтгэл бас магтаал, нэг хүний гарт бариулах уриа лоозон, нэг хүний эзлэх тэсвэр хатуужил, тэвчээр зоригоороо энэ бөмбөрцөгт бусдаас  хол давж суга явжээ” хэмээн Ж.Барамсай гуай бичсэн нь ортой бизээ.

Үнэхээр доог тохуугүй хэлэлцвээс Азийн бөглүү бөөрөнд хоёр их гүрний дунд оршсоор ирсэн цөөхөн тооны монголчуудад дэлхийд тэргүүлэх юм байдаг гэж үү? Гадаадыхан байтугай бидний монголчууд ч өөрөө өөрөөсөө ингэж асуухаас сийхгүй болтол “ухаанд минь ухна ишиг оршсоор” удсан билээ.

Хийх бүтээхийн хүсэлтэй өнөөгийн бидэнд зүгээр нэг сайхан бардамнах сэтгэл ужид болой. Иймээс “Монголчуудын дэлхийд хамгийн, хамгийн...”-г толилуулж байна.

Дэлхийд хамгийн олон мэндчилгээтэй ард түмэн

“Мэнд мэдэх нь монголын ёс” гэдэг мэргэн үг бий. Энэ бол эв эеийг хичээж харилцан хүндэтгэл илэрхийлэх талаар манай ард түмэн эртний уламжлалтайг харуулж байгаа хэрэг мөн. Монголчуудын мэнд өдөр тутмын, аян замын, цаг улирлын, ажил мэргэжлийн, төрийн ёсны, цэргийн ёсны гэж олон байдаг.

Өдөр тутмын түгээмэл мэндийг Сайн байна уу?, Амархан сайн байна уу?, Сонин сайхан юу байна?, Ажил алба сайн биз дээ?, Бие лагшин тунгалаг уу? гэх мэтийн олон янзын үгээр илэрхийлдэг.

Улирлын мэндийг Тавтай сайхан хаваржиж байна уу?, Тарган тавтай зусаж байна уу?, Өнтэй тарган өвөлжиж байна уу? гэх мэтийн малчдын амьдрал ахуйн хэвшсэн үгээр илэрхийлдэг.

Ажил мэргэжлийн мэндэд, хоньчин хүнтэй уулзахад Хонин сүрэг тавтай идээшилж байна уу?, адуучин хүнтэй бол Адуу мал бүрэн үү?, үйлчин хүнтэй бол Үйл бүтэмжтэй юу?, анчин хүнтэй уулзвал Хараа мэргэн, Олз их, Ганзага дүүрэн гэх мэтээр мэндэлдэг.

Харин цагаан сараар бол: Хуучин жил хангирч /хуучирч/ Шинэ жил шилжирч, хөгшид хүүхэд хөрстэй, төлөг сүүлтэй, даага далантай онд мэнд оров уу?, Сар шинэ тавтай сайхан шинэлж байна уу? гэх зэргээр мэндчилдэг.

Монголын төрийн ёсны уламжлалт мэндчилгээнд Эрхэмсэг сайдтан та амгалан морилж байна уу?, Таны түмэн амгаланг айлтгая гэж гүн хүндэтгэлээ илэрхийлдэг.

Бичиг бичиж байгаа хүнтэй таарвал: Бийр хурц, билэг оюун төгс болтугай! гэх буюу хоол идэж байхад орж очвол: Шүд хурц болтугай! гэж мэндэлдэг. Хариуд нь нүд хурц болтугай гэнэ.

Бас монголчууд мэндлэхдээ ганс, хөөрөг барилцдаг ёс нэн эртнийх бөлгөө.

Анхны 12 жилийн цагийн тоолол

Барагцаалбал 40-12 мянган жилийн өмнө монголын өвөг дээдэс болох Хүннү нар дээд палеолитын үеэс одоогийн Төв Ази, Монголын нутагт голомтлон амьдарч байжээ. Тэд нэн түрүүн наран, саран, тэнгэр, байгаль, дэлхийгээ бишрэн шүтэж, байгаль цаг уур улирлын байдлыг олон жилийн турш нарийн ажиглаж, амьтны төрх, үржих, ургамал ургаж цэцэглэх үе гэх мэтчилэн жилийн дөрвөн улирал болгон хуваажээ. Улмаар улирал бүрийг нарийн тооцоолж, жилийг 12 сард хувааж сарны эргэлтэд тохируулан 12 амьтны мөчлөгөөр цаг тооллыг зохиожээ. Цаг тооны 12 жилийн мөчлөгт орсон амьтдын 10 нь Монгол нутант одоо хүртэл амьдарч байгаа юм. Харин луу, мич хоёр байхгүй. Гэвч үлэг  гүрвэлийн ясыг монголчууд лууны яс гэдэг. Нисдэг үлэг гүрвэлийн яс Дундговь, Увс аймгийн нутгаас олдсон. Мичний яс Орхоны Шаамараас олдсон.

Амьтны мөчлөгийн 12 жил чухам хаана үүссэнийг Зөвлөлтийн эрдэмтэн И.В.Захарова, Хятадыг судлагч францын эрдэмтэн Э.Шеванны таамаглалыг баримтлан Хүннүд үүссэн гэж үздэг. Үүнийг хятадын эрдэмтэд зөвшөөрсөн. Хятад анх 12 амьтны мөчлөгтэй жилийн он тооллыг Зүүнхан улсын үед хэрэглэх болсон. Хятадын түүхч Чжао И /1727-1814/ энэхүү тооллыг Хан үндэстэн баруун хан улсын үед /МЭӨ 206-МЭ 25 он/ Хүннү аймгаас авч хэрэглэсэн гэжээ. Энэ үед хан улс, Хүннү нарын хоорондын харилцаа сайн байсан юм гэж мөн тэмдэглэсэн байдаг.

Иймд 12 жилийн мөчлөгтэй жилийн он тооллыг хятадын Хан улс Хүннүгээс авч хэрэглээд тэндээс Япон, Вьетнам, Солонгос зэрэг Азийн олон улс оронд өргөн дэлгэрчээ. “Энэ нь монголчууд бидний өвөг дээдсээс хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан оюун санааны нэгэн том хувь нэмэр мөн” гэж монголын эрдэмтэн А.Дамдинсүрэн тэмдэглэжээ.

Дэлхийн урлагийн хамгийн эртний нэгэн голомт

Европыг хүй нэгдлийн урлагийн өлгий гэж үзэж ирсэн тал бий. Өрнөдийн зарим эрдэмтэн “Их урлагийн орон-өрнөд” гэж нэрлэж, “Мөнхүйн Европ бол урлагийн элэнц орон” гэжээ.  Гэтэл сүүлийн үед дэлхийн эрдэмтдийн анхаарлыг хүй нэгдлийн урлагийн асар их дурсгалтай Төв Ази, түүний дотор Монгол орон зүй ёсоор татах болов. Иймээс дээрх “...баталгааны гарцаагүй чанартай нь өнөө үед ганхан суларлаа. Чулуун зэвсгийн өвөрмөц урлагийн шинэ орд газар Африк, Төв Ази, Монголд элбэг олдлоо” гэж зөвлөлтийн академич А.И.Окладников бичжээ. Үнэхээр хүн төрөлхтний урлагийн өвөг орны нэг-Монгол болох нь сүүлийн үеийн олон нээлт баримтаар батлагдаж байна. Манай орны бараг бүх аймгийн нутагт хадны сүг зураг байгаагийн дотроос Өвөрхангайн Тэвш уул, Архангайн Чулуут гол, Ховдын Гурван цэнхэрийн агуй, Баянхонгорын Баянлиг зэрэг дангаараа урлагийн музей болохоор газрыг нэрлэж болно. Монгол орон даяар чулуун зэвсгийн үеийн урлан олон олдсоны дотроос хамгийн том нь Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг байгаа юм.

Мянган голыг гаталсан морин туурайн гавъяа

Найман зүгт мандсан эцэг өвгийн гавъяа

Нармай төрийг байгуулсан, Дэлхий дахинаа гавъяа

Манай өнгөрүүлсэн түүх, хүн төхөлхтөнд гавъяа хэмээн Д.Нацагдорж эгшиглэн шүлэглэсэн нь учиртай.

Хамгийн анх тэрэг зохиосон ард түмэн

Манай Орноос олдож байгаа хадан дээр сийлсэн тэрэгний зургийн он цагийг эрдэмтэд янз бүрээр тогтоож байна. Хэнтий аймгийн Батширээт сумын Үзүүр цохио, Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт буй тэрэгний зургийг МЭӨ 3 мянган жил, Хөвсгөл аймгийн Тэс суманд буй тэрэгний зургийг МЭӨ 3-2 мянган жил, Говь-Алтай аймгийн Цагаан гол болон Дарви сумын нутагт буй тэрэгний зургийг МЭӨ 2-1 мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үзэж байна. Тэрэгний зургийн талаар санал нэгдээгүй боловч 3-5 мянган жилийн өмнө зурсан нь лавтай болсон юм. Үүнээс үзэхэд энд оршин суугчид 5 мянган жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж сурснаа хад чулуунд сийлэн үлдээдэг болжээ.  Иймээс олон мянган жил байгалийн хатуу ширүүн үзэгдэлд арилж усталгүй өнөөг хүрсэн хадны сүг зураг дэлхийд хамгийн анх түрүүн тэрэг зохион бүтээсэн ард түмний нэг бол монголчуудын өвөг дээдэс гэдгийг баталж байна.    

С.Жамбалдорж           

Гэрэл зургийн эх сурвалж: http://www.facebook.com/groups/NMMAteam/