МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУУРЬ ОНОЛ АРГА- БИЛГИЙН УХААНЫ УЛ МӨР
Аливаа шинжлэх ухаан соёл түүхийн гарал үүслийг судлан тогтоохдоо ганцхан бичигт тэмдэглэгдсэнээр нь шийддэггүй. Тухайн шинжлэх ухааны үндэс язгуур тэр ард түмний амьдрал ахуйд хэр элбэг дэлбэг байгааг харгалзан үздэг төдийгүй энэ нь гол нотолгоо болдог. Дорно дахины тэжээхүй ухаан, судлаар оношлох арга зүйн онолын үндэс нь арга - билгийн ухаан юм.
Арга - билгийг тэжээхүй ба зурхайн ухаанд гурав, таван мах бодийн онолоор нарийвчлан хөгжүүлж хэрэглэжээ.
Арга - билэг, таван мах бодийн онолын үүсэл язгуур, улбаа, мөр ул монгол газар шороо монгол ахуйд элбэг юм.
Монголчуудын дээд овог аль тэртээ элэн галаваасаа ертөнцөд нэг юм гэж үгүй. Бүхий биет аварга том нар одон гаригаас авахуулаад тоононд бужигнагч хумхи, нүднээ үл торж үл өртөх биегүй хий хумхи хүртэл заавал хоёр юмнаас тогтдог. Тэр нь арга, билэг хоёр гэж үзээд төр улс, түүх шашдир, соёлоо тэр л үзэл онолдоо тулгуурлан хөгжүүлсээр өнөө бидний үеийг хүрчээ.
Арга — билгийн ухааны тухай ном судар, аман сургааль тоочиж дуусашгүй, Орчлон ертөнцийн бүхий юмс хос "тэгш" оршино хэмээгээд:
Газар -тэнгэр
Халуун – хүйтэн
Нэмэх -хасах
Хатуу – зөөлөн
Эр - эм
Хурдан -удаан
Үнэн — худал
Үүсэх -арилах
Төрөх - үхэх
Гэрэл —сүүдэр
Хуурай - нойтон
Амь -бие гэх мэт биет болоод сэтгэхүйн үйлийг заавал хосолмол харьцангуй авч үздэг. Тэртээ хойно хүн төрөлхтөний танин мэдэхүй чадвар өргөжин гүнзгийрч шинжлэх ухаан биеллээ олж салаа салбар болон тэгэхдээ, монголчуудын дээд өвөгийн аль хэдий нь хэлээд өгчихсөн «хоёр юм » арга — билгийг чиглэл чиглэлээрээ судалж эхэлжээ.
* Математикт
* Нэмэх - хасах
* Физик нэмэх - хасах үнэнийг
* Механикт үйлдэл - эх үйлдлийг
* Биологт ижилсэх - ондоошихыг
* Сэтгэл судлалд сзрэх - саатахыг
* Диалектикт эсрэг-тэсрэгийн/уул нь барилдлагыг/ гэх мэт бүхий шинжлэх ухааны судлагдахууны цөм нь үнэхээрийн хоёр л юм байна. Харин тэр хоёр юмны дүрс, тоо, чанар дотоод ба гадаад харилцан үйлчлэлд тулгуурласан олон олон нууц барилдлагууд байгааг тухайн шинжлэх ухааны салбар салбар хөөн судалж байна. Ерөөсөө орчлон ертөнцөд хоёр юмнаас бүтээгүй нэгээхэн ч юм байхгүй. Ямар ч өргөн их, ямар ч өчүүхэн цар хүрээнд авч үзсэн, хамгийн аварга том, хамгийн өчүүхэн бөөмсийг ч авч үз, тэр нь хос оршихуйн хуулийг зөрчдөггүй. Өргөн ойлголтоор нь авч үзвэл орчин ертөнц өөрөө хоёр юм. Орон зай - оршигч хоёр юм. Энэ хоёроос өөр юмс хаанаас хэзээ ч олдохгүй.
Орчлон ертөнцийн хос оршихуйн энэ ерөнхий хууль гүн рүүгээ загварчлан хадгалагддаг. Оршигчийг таслан авч үзвэл тэр нь сав - шим хоёр ертөнц юм. Ийм ертөнцийг ажвал дүрс хоёр гэх мэт. Тодорхой нэг биет нэг дүрс ч гэсэн ялгаагүй. Ус нь ус-төрөгч хүчилтөрөгч хоёроос бүтдэг.
Усны молекул нь дээрх хоёрын атомоос бүрэлдэнэ.
> Атомууд нь ядро-электрон хоёроос
> Ядро нь - ядро нуклен хоёроос
> Нуклен - анти нуклен хоёроос тогтоно.
Хос оршихуйн хууль нь эгэл бөөмсийн ертөнцөд ч зөрчигддөггүй болохыг физикийн шинжлэх ухаан баталчихсан. Эгэл бөөмсийн онцлог чанар бол цэнэгт байдал юм. Эгэл бөөмсийн дүрс, тоо, чанар харьцаагаа хадгалах өвөрмөц бие даан оршихуйн арга юм. Өөрөөр хэлбэл эгэл бөөмс нь нэмэх нэг /+1/ хасах нэг 1-М гэсэн үндсэн хоёр хэлбэрээр оршдог. Завсрын гурав дөрөвдөх хэлбэр нь саармаг цэнэггүй оршихуй юм. Гэвч энэ хоёр нь далд дандаа үндсэн оршихуйн нэмэх хасах хоёр чанараа хадгалж байгаад эргэлзэх юмгүй. Эгэл бөөмсийн нэмэх, хасах, саармаг, цэнэггүй гэсэн 4 янз байдлыг дурьдаад орхиё. Энэ тухай хойно дахин тодруулна.
Хүний бие нь арга, сэтгэл, санаа оюун ухаан амь сүнс нь билэг болно. Гадаад тал нь арга - дотоод тал нь билэг. Эсвэл баруун тал нь арга зүүн нь билэг болно. Хөдөлгөөний чиглэл ч мөн л нар зөв арга, нар буруу билэг чанартай юм. Хос оршихуйн хуулийн дүрсээр илрэх хэлбэр нь тэгш хэм юм. Хүн, амьтан, ургамлын бүхий дүрс «арга - билгийн» баруун, зүүн тэгш хэмд оршино. Аргаль, угалз мэт амьтдын хоёр эвэр нь арга -билэг буюу баруун - зүүн эрэглэгтэй байдаг. Тэгш хэмийн хууль амьд эс молекулын түвшинд ч зөрчигддөггүй. Хүний биеийн уургийн молекул нь 105 зэрэг төрөл юм. Молекул бүр нь гинжин холбоотой олон амин хүчлүүдтэй. Энә гинжин хэлхээ нь баруун эрэглэгтэй. Гэтэл биед синтезлэгддэггүй амин хүчлүүд нь зүүн буюу билэг эрэглэгтэй байдаг. Нейтран - зүүн «билэг» эрэглэгтэй байхад антинейтрон баруун «арга» эрэглэгтэй. Хос оршихуйн хууль тэгш хэм, юмсын бүх л зэргэмжинд мөрдөгдөж байна. Арга - билгийн ухааны хос оршихуйн хууль нь биетийн макро, микро түвшний аль ч зэргэмжинд тэр ч бүү хэл амьд эд эсийн молекулын түвшинд эгэл бөөмсийн оршихуйд ч зөрчигддөггүйг ухаарах нь гүн ухаанд ч бусад шинжлэх ухаануудад ч ач тус болох сон.
Монголын гүн ухааны үзэл онолын анх язгуур нь орчлон ертөнцийн аливаа юмс заавал хоёр юмнаас тогтдог. Тийм болохоор ачартаа хоёр юмч гэж бас байхгүй. Тэр хоёр юмны шүтэн барилдлагын үр дүн болсон гуравдагч юм байдаг хэмээн номночихуй. Тунгаан бодвоос маш үнэн сургаал болой. Тодруулбал:
Орон зай - оршигч хоёр бус «орчлон ертөнц» л буй. Ус төрөгч - хүчилтөрөгч хоёр бус, «ус» буй, ядра — нуклен хоёр бус «ядро» буй. Бие амь сүнс хоёр бус «хүн» буй. Ертөнцийн үүсэх оршихуйн тухай Монголын энэ үзэл онол нь амьдрал ахуй урлаг соёлдоо өргөн дэлгэр тусгагдсан байдаг. Монголчууд аливаа нэг зүйлийг хүч нийлүүлэн татаж түлхэхдээ нэг, хоёр, гурваа гэдэг.
Арга -билэг - нэгдээд гэсэн давхар ухаан юм. Энэ нь тэр татагч, түлхэгч хүн бүр хоорондоо хүчээ нэгтгэхээс дутуугүй хүн бүр өөр өөрийн дотоод далд дам боломжоо ч гадаад хүчтэйгээ нэгтгэх дохио болно. Ертөнцийн гурав нь монгол гүн ухааны тунгаагдсан шижир юм. Гэхдээ тэр нь үхмэл бус амьдлаг үр юм.
Өсөхөд шүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан
Шинэ ногоо шим ихтэй
Шивээ өвс өргөс ихтэй
Шилбэ үндэс үр ихтэй гэх мэт өдий төдий гурвалыг бид хонь хурганы билчээр, ботго тугалын зэлэн дээр хэлэлцэн цэц булаалдаж өссөн. Энэ гурвалыг ажигла. Эхний мөр нь үүсэх, төрөх өсөж хөнжих шинж чанарыг, хоёр дахь мөр нь оршихуйг, гурав дахь мөр нь төрөл арилжин хувирахуйн шинж байдлыг илэрхийлжээ. Гэхдээ огт алга болсныг бус одоогоор бидэнд хараахан баригдашгүй далд хэлбэрээр оршин буйг заачихуй.
Төрөхөд бие хоёул
Төөрөхөд сүүдэр хоёул
Төгсөхөд сүнс хоёул
энэ гурвал дээрх санааг улам гүнзгийрүүлэн батлаж байна. Эхний мөрийн бие хоёул нь « бие сүнс» буюу «арга - билэг» хоёр болой. Гурав дахь мөрийн сүнс хоёул нь «сүнс биежихүй чанар » хоёул буюу « билэг - арга» хоёр юм. Арга-билэг, билэг-арга гэж ээлжлүүлэн байрлуулсан нь маш гүн утга санааг илэрхийлжээ. Тухайлбал:
Бие сүнс арга- билэг гэсэн нь бидэнд ойр дөт мэдэгдэж буй аван явагчийг эхлэн байрлуулжээ. Төрөөд оршин буй цагт аван явагч нь бие «арга» нь өөрийн замдаа амь сүнс, ухаан, оюун ухаан, сэтгэлээ агуулмой. Тиймийн тулд «төрөхөд бие хоёул болчихуй». Төгсөхөд аван явагч нь сүнс билэг болно хэмээснийг бивээр мөхөс ухаарч бишрэн залбирнам, Билэг арга буюу далд зэрэгд ертөнц бидэнтэй цуг оршин байгаад эргэлзэх хүн өнөөдөр олдохгүй биз. Эгэл бөөмс фикикчдийн гараас бөөмөн долгио, долгио бөөмсийн хэлбэрээр алдагдаж байна. Дүрс биетийн эцсийн щувуухай физикчдийн гараас эрхгуй алдууран нисэгч тэр долгио бол билэг аргын ертөнцийн хамгийн гадаад мэдээллийн хүрээ мөн. Ингэлээ гээд арга-билгийн гүн ухаан мухар далд орохгүй «арга билэг» ертөнц «билэг арга» ертөнц хоер зэрэгцэн барилдан оршиж бие биесээ нөхцөлдүүлэн нэгэн амьд биет мэт оршин байхнээ гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Хүн төрөлхтөн биетийн оршихуйн тухай судалж, тийм шинжлэх ухаанууд буй болжээ. Арга билэгжих явцыг судлах тийм өндөр хэмжээнд өнөөгийн шинжлэх ухаан хараахан хүрээгүй байна. Энэ зам мөрийг олбоос шинжлэх ухааны хоёр дахь их эрин нээгдэнэ.
Хүн төрөлхтөнд хийх ажил дэндүү их байна. Монголын гүн ухааны онолоор бол арга билэг шүтэн барилдлага, билэг арга шүтэн барилдлага гэсэн оршихуйн хоёр хэлбэр буй. Тэр хоёр нь ч ангид тусдаа биш нэг нь нөгөөдөө шингэн агуулагдаж ялгаж салгахын аргагүй нэгэн бүхэл зүйл болон шүтэлцэн оршмуу.
Монголын гурвалууд нь яах аргагүй өөрийн гүн ухааны ийм үндэс язгууртай юм. Гүн ухаантан Гегель Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн юм гээд айлдчихсан. Хүн төрөлхтөнд бэлэглэсэн тэр оюун ухаан нь арга - билэг мөн. Тэгээд ч Гегель Монголын арга - билэг шүтэн барилдлагыг өөрийн шүүлт « аргыг » Тезис « билгийг » антитцис шүтэн барилдлагыг синтезас гэж хөрвүүлэн өөрийн гурвал онолоо боловсруулжээ. Энэ тухай түрүүчийн нэг өгүүлэлдээ тодорхой бичсэн билээ. Манай эриний өмнөх 6-р зуунд эртний Грек орон хас тэмдгийг Монголоос авсан тухай Ринчин багш нэг өгүүлэлдээ бичсэн нь бий. 2500 гаад жилийн өмнө бичигдсэн Хятадын уул усны судар гэдэг алдарт номонд хас тэмдэг хятад оронд хойд нүүдэлчдээс нэвтэрч “Фусий” гэж нэрлэсэн хэмээн тэмдэглэн үлдээжээ. Энэ бол таван мах бодь, арга билгийн ухаан Хятад оронд зөөвөрлөгдөн очсоныг давхар батлаж байна. Манай эриний өмнөх 5-7-р зууны үеийн буган хөшөөнд дөрвөн мөрний толгойгоор Юндэн « арга » арга хас сийлсэн байдаг. Энэ мэт хас тэмдэг, арга билгийн ухааны анх үүссэн язгуур үндэс, ном бичигт тэмдэглэгдсэн баримт сэлт олныг дурьдаж болно. Эртний тэр соёлт орнуудад зүгээр нэг чагт зураас аваагүй нь ойлгомжтой. Хас тэмдгийн гүн далд билэгдэл түүхэн учир начирыг мэдэж хүндэлж авсанд хэнч үл эргэлзэнэ. Бурхан шашны орон Төвд Монголоос хас тэмдэг залж аваачсан гэдэг. Бурхан багшийн цээжин дээр хас тэмдэг хэлбэрийн мэнгэ тодрон гарсан домог яриа ч байдаг, Эртний их соёлт улс орон яагаад хас тэмдгийг сонирхон авав. Бурхан багш дээд гэгээрэлд хүрэхийн цаг дор хас тэмдэгт мэнгэ тодорсноор домоглон үлдсэн ч дээрхийн адил гүн утга учиртай биз. Ер нь Монголчууд яагаад хас тэмдгийг хүндлэн биширч төрийн хас сүлд тамга болгон хэрэглэсэн юм бэ? Энэ бүхний цаад учрыг эрж хайлтай санагдана. Эрэлд гаръя. Төв азиас европ хүрч байсан торгоны зам манай эриний эхэн үеийг хүртэл Монголын дээд өвөг Хүннү нарын мэдэлд байжээ. Энэ зам зөвхөн торгоны бус хоёр тивийн соёлын харилцааны хаалга, цонх байжээ. Энә замаар өрнө дорно Грек, Хятад Төвд рүү тээгдсэн соёлын их өв бол хас тэмдэгэнд хураангуйлагдсан арга билэг таван мах бодийн ухаан юм. Төвдөөр дамжин Энэтхэг, Хятад Азийн улс оронд тархсан Монгол арга билгийн ухаан тэр улс орны их мэргэдийн хүчин зүтгэлээр олон салаа салбар урсгал чиглэл болон өргөжсөн байна. Тэдний дундаас бурхан Будда Наганзана мэтийн дээд гэгээрэлд хүрэгсдийн сургааль номлол бишрэн боловсрогдон тархжээ. Грекээр дамжин өрнө рүү түгсэн арга билгийн ухаан хэрхэн саринаж замхарсныг ойлгохын тулд нэгэн зүйлийг дурьдсуу. Арга билгийн онолыг тэжээхүй ухаан, зурхайд гурав, таван мах бодиор нарийсган авч хэрэглэдэг. Мөн чанартаа тав, гурван мах бодь нь арга билэг хоёр юм. Ус, шороо нь бадган, гал нь шар хийг завсрын гэж үзнэ. Гурван мах бодь нь шар бадган хоёр бөгөөд энэ нь арга билэг болно. Монголын арга билгийн гүн ухааны гурав, таван мах бодийн онол ч Грект бүрэн бүтэн хүрснийг тэндхийн гүн ухаанчид чимээгүйхэн баталж үлдээсэн байдаг. Грекийн гүн ухааны эцэг Фалес бүх юмсын эх нь ус гэсэн бол Анекси мөн хийг Герколит галыг анхдагч болгож аваад, анхдагч язгуураас үүссэн болгон тэрэндээ эргэн задардаг гэжээ. Таван мах бодийн ус, хий, галыг тэд нэг нэгээр нь салган авсан нь орчлонгийн анхдагч нь нийлмэл юм байх учиргүй гэж үзжээ. Энгельс тодруулж байгалийн диалектиктаа тэдний хзн нь ч шороо ертөнцийн анхдагч гэж аваагүй. Яагаад гэвэл шороо нийлмэл учраас тэр гэжээ. Монголын таван мах бодийн онол Грект очоод салж сарнижээ. Демократ аливаа юмсыг оршигч үл оршигч хоёроос бүтнэ гээд энэ хоёр тэнцүү гэсэн алдарт томъёоллоо гаргасан. Демократ арга билгийг ингэж хөврүүлсэн боловч үл оршигч билгийг ойлгоогүй учир түүнээсээ татгалзаж хос оршихуйн ухааны нэгэн талыг үгүйсгэж ирээдүйн өрөөсгөл материалист сургаалийн эхийг тавьжээ. Бас нэг баримт бол Ром хотын анхны гүн ухаантнууд анхны гүн ухааны сургуулиа Милетийн гэж нэрлэсэн. Өөрсдийгөө ч тэд бас Милетийн сургуулийнхан гэдэг байсан. Газрын дундад далайн эрэг дэх торгоны замын үзүүрийн буудал болсон худалдааны жижигхэн суурингаас Монгол арга билгийн ухааны үзэл онол язгуур нэр томъёог авч хөгжүүлсний учир ингэх нь тэдний хувьд их билэг тэмдэг байсан төдийгүй үнэнийг үлдээх зориг зүрх гэгээн сэтгэлтэй байсны нь давхар батлаж байна. Европт Грекийн гүн ухаанаар амлаагүй сэтгэгч нэгээхэн ч байхгүй. Тэдний дотроос Гегель Грекийн гүн ухааныг илүү гүнзгий судалж Грекийн гүн ухааны их ундарга нь Монгол болохыг мэдээд тийн дуу алдан айлдсан нь тэр биз.
Манай эриний өмнөх 6-р зуун гэхэд Монголд арга билгийн ухаан хөгжиж боловсорчихсон байжээ. Гурван цэнхэрийн агуйн ханан дахь зурган дунд нэг хийсвэр сэтгэлгээний зураг байгааг сэтгүүлч С. Эрдэнэ анх олж ажиглаад хас тэмдгийн хураангуй гэсэн таамаглал гаргаж түүнээ батласан. Тэр хийсвэр зураг нь тэгш өнцөгт дотор нэмэх тэмдэг байгаа юм. Ажиглавал энэ нь хоёр юм байна. Тэгш өнцөгт хэрээс тэмдэг хоёр нэг нь нөгөөгөө дотроо агуулж байна. Агуулж агуулагдаж байгаа болохоор энэ хоёр харилцан шүтэлцээтэй байна. Тэр шүтэлцээ нь өөрөө оршихын тулд нөгөөгөө нөхцөлдүүлж байна. Тэгш өнцөгт нь агуулагч буюу орон зай болж хэрээс нь агуулагдагч буюу дүрс юм. Монголын гүн ухааны номлолоор бол арга билэг хоёр юм. Орчлон ертөнцийг хамгийн өргөн утгаар нь авч үзвэл агуулагч “билэг” орон зай, агуулагдагч -арга дүрс хоёр\. Товчоор билэг-арга юм. Тэгш өнцөгт нь орон зайг билэг илэрхийлж чаджээ. Орон зайн хязгааргүйг өнцгийн нэг тал нь задгайгаар илэрхийлжээ. Орон зай мөнх гэдгийг тэгш өнцөгт нь дотроо агуулагдагчаа бодвол харьцангуй барилдлагагүй буйгаар томъёолсон байна. Агуулагдагч хэрээс тэмдгийг анхаарвал энэ нь дөрвөн юм байна. Дөрвөн шулуун нэг цэгт тулж барилдан хэрээс үүсгэжээ. Хий, гал, шороо, ус дөрвөн махбодийг билэгдсэн юм биш үү? Огторгуй махбодийг орхиогүйгээр барахгүй бүр нарийн үзүүлжээ.
Тэгш өнцөгт нь огторгуйн мах бодийг төлөөлж байна. Тэгэхдээ мах бодь тус бүр орон зайн нэгдлийг хэрээс тэмдгийн завсрын зайгаар харуулжээ. Энэ тэмдэг нь Монголын гүн ухааны огторгуй, хий, гал, ус, шороо таван мах бодь мөн байгаа биз. Тэмдгийг дотоод мэлмийгээр харж далд мэдрэмжээрээ сайтар тунгаан бодвол гурван юм байна. Гурван тэгш өнцөгт л байна. Энэ бол таван мах бодийн хураангуй шар, бадгана, хий гурав юм. Гурван цэнхэрийн агуйн хананд байгаа тэр хийсвэр сэтгэлгээний зураг хас тэмдгийн хураагуйлал ч мөн юм. Арга-билгийн сулд тэмдэг ч бас мөн юм. Хэрэв тэгш өнцгийг нар зөв эргүүлж хэрээсний дөрвөн өнцөгт байрлуулбал нар зөв эргэсэн арга хас үүсч байна. Тэгш өнцгийг хэрээсний дөрвөн өнцөгт нар буруу эргүүлж байрлуулбал нар буруу эргэсэн билэг хас үүсч байна. Өнөөгийн бидний судалж буй арга-билэг ертөнцийн цаана бас билэг арга ертөнц оршиж байгааг ч энэ хоёр хас тэмдгээр томъёолон товойлгожээ. Ч.Эрдэний өгүүллэгийг уншаад энэ бухнийг эргэцүүлэн биширч билээ. Тэгээд бидний таамаглал зөв бол мөн тэр үед арга-билэг хас тэмдэг Монгол орны аль нэг хэсэгт зурагдаж үлдсэндээ гэсэн хий горьдол төрж билээ. Гэтэл 1993 онд санаандгүй учирлаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт Хайрханы орой дээр том хавтгай хар хадан дээр нар буруу эргэсэн хас тэмдэг байгааг үзээд сөгдөж адис авсан юм. Тэгээд арга хас хаа нэгтээ бий гэдэгт эргэлзэхгүй итгэсэн.
1997 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт нар зөв эргэсэн арга хас байдаг гэж "Ил товчоо" сонин мэдээллээ. Ингээд Монгол төр засгийн сүлд хоёр хас тэмдэг нь хэн нэгэн мэргэн хүний зохиомж тууривал бус Монгол тэнгэр газрын амин шүтэлцээнээс эх үүсвэртэй юм байна шүү гэж итгэсэн. Гурван цэнхэрийн агуйн ханын хас тэмдгийн хураангуйлал, Дорноговь, Баянхонгор аймгийн нутаг дахь билэг- арга хас тэмдгүүд нэгэн үед бүтээгдсэн гэх үндэстэй. Эрдэмт мэргэдийн тогтоож байгаагаар Гурван цэнхэрийн агуй 15-20 мянган жилийн тэртээ хүн амьдарч байсан гэжээ. Энэ ойролцоо болвоос арга-билгийн сүлд хас тэмдгийн хураангуйлал ч хоёр хас тэмдэг ч арга-билгийн ухаан ч мөн тэр үед Монгол газар шороо нь дээр амьдрагсдын шүтээн сүлд гүн ухаан байсан ч эргэлзээгүй. Арга-билгийн ухаан Монголоос гаралтай Монголын унаган гүн ухаан гэсний учир энэ буюу. Грек, Төвд, Энэтхэг мэтийн өндар соёлт орнууд ч хас тэмдгийг хүндлэн биширч залж аваачсаны учир начирч мөн ийм юм.
Монголын тэжээхүй ухааны онолын үндэс нь арга билгийн ухаан юм. Тийм болохоор тэжээхүйн ухаан ч дорно, өрнийн анагаах ухааны аль нэгний мөргөлчийн биш, Эртнээс өөрийн дүр төрхөө олж хоёр талынхаа анагаах ухааныг сэлгэн баяжуулсан, тэндэхийн шинэ арга онолоор сэлбэгдэн хөгждөг бие даасан шинжлэх ухаан гэдэг ойлголттой. Алив улс үндэсний доройтон доошлохын нэг шалтгаан нь өөрийн гүн ухаангүй бусдыг сармагчин мэт дууриах юм. Бидний Монголчууд өнөөдөр өөрийн гүн ухаанаа мэдэхээ больж түүхийн тоосонд орхиод Монгол төрийн хэдэн зууны турш мөрдсөн « Хаш» хайрцагны бодлогоо орхиж, тэжээхүй ухааны үүсэл гарал үзэл онолгүй болоод, харыг даган харваж, шарыг" дууриан шарвах боллоо. Тийм ч учраас энэ бүхэн чинь бидний өвөг дээдэст байсан юм шүү.
Монгол газар шороо дээдсийнхээ түүхийг эргэн хар. Хэзээ аль үедээ арга билгийн ухаанаар төр ёсоо төвхнүүлж улсаа удирдан залж байсан тэр л үедээ Монгол орныг дэлхий даган дууриаж бишрэн шүтдэг орон байжээ. Хүннү ба эзэн Чингэсийн үеийг дурьдахад л хангалттай. Монголын анагаах ухаан ч ялгаагүй дорно, өрнийн анагаах ухааны оношлох, эмчлэх, сэргийлэх сонгомол аргуудыг өөрийнжүүлэн хөгжихөөс аргагүй. Хас дөрвөн гуятай тэрний үзүүр нар зөв эргэвэл эр буюу арга хас. Энэ нь засаг цэргийн сүлд. Нар буруу эргэвэл эм буюу билэг хас. Энэ нь төрийн сүлд юм. Цаад санаа нь төр, засаг хоёр нь арга билэг хоёр шиг ялгаж салгашгүй хоёр ч юм. Бас нэгдмэлч юм гэчихүй. Хасын дөрвөн гуя нь дөрвөн мах бодийн төлөөлөл байж болох тухай дээр өгүүлсэн. Орчлон ертөнцийн тоо тоймшгүй дүрс биет «матери» нь мөн л гал «плазм» хий шингэн, хатуу дөрвөн төлөв байдлаар оршдог. Орчлон ертөнц дээр хүчтэй сул, цахилгаан соронзон, гразитацын гэсэн дөрвөн хүч л үйлчилж байдаг. Энэ бүгд тохиолдол уу? Эгэл ертөнцийн оршихуйн нэмэх, хасах цэнэг, саармаг, цэнэггүй дөрвөн төлөв байдалтай гэх мэт хас тэмдгээр төлөөлөгдсөн байж болох орчлон ертөнцийн олон давхцалыг тоочиж болно. Энэ бүх давхцал юу өгүүлнэм бэ? Энэ бол арга-билгийн ухаан орчлон ертөнцийн үүсэл хөгжил оршихуй харилцан шүтэлцлэлийн тухай зөв тусган илэрхийлснийг өөр өөрийн түвшинд батлаж байгаа юм. Үнэн ийм байхад өөрийн уламжлалт гүн ухаанаа тэдний юм, тэрний онол сургааль юм гэж хүнийчлэгч буруу. Бас олон зууныг илээсэн учир хоцрогдсон, цаг үеэ өнгөрөөсөн гэх ч буруу. Бид тэр цагаа үеэ өнгөрөөсөн орчлон ертөнц дээр амьдарч мөн цаг үеэ өнгөрөөсөн мэт олон галавыг илээсэн наран, саран, од гариг, огторгуй тэнгэрийн ивээл дор хэвээрээ байна. Учир иймд тэнгэр газар од эрхэсийн үүсэхүй, оршихуй, агуулахуйн тухай сургаалд баяжигдан хөгжихөөс хаягдаж гээгдэж болохгүй гэдэгт санал зөрөх хүн гарах болов уу даа. Арга-билгийн ухаан ганцхан Монголын гэж нотлох гэсэн юм биш Монголоос гаралтай ч гэж мэдээгүй зүгээр л арга-билгийн ухааны үүсгэл язуурын түүхэн баримт Монгол газар шороон дээр 20,30 мянган жилийн тэртээд барлагдан үлдсэн байгааг л дурьдаж байна. Эртний дорно, өрнийн гүн ухаан ба соёлын Их гэрийн гал голомт нь Монгол байсан. Миний түшиглэсэн хэдэн баримт тэндээсээ гаргасан таамаглал дүгнэлт нь минийх ч бас биш тэр нь Гегель, Маркс, Энгельсийн шууд ба шууд бус гаргасан баталгаа гэдгийг мэргэн уншигч танд өчсүү. Бас нэгэн зүйл бол одоогийн хэдэн зуун шинжлэх ухааны судалж байгаа арга билгийн ертөнцийг гурав дахь мянганд амьдрах хүмүүс билэг-аргын талаас нь судлах болно. Тэдэнд арга- билгийн гүн ухаан, зөн совингийн гүн далдын мэдрэмж хийгээд дээд бясалгалын танин мэдэхүй хамгаас хэрэгтэй болно. Тиймээс тэр их өв санг бид энэ үедээ хайрлан хямгадаж, ухааны хэрээр баяжуулсаар залгуулж өгөх үүрэгтэй. Гурав дах мянганы хүмүүс зөвхөн биеийн эрүүл мэнд бус, ухааны гэгээрэл, сэтгэлийн цэвэршил, сүнсний ариусал хэрэгтэй. Монголын уламжлалт гүн ухаан онолын үүднээс өнөөдрийн бидний биеийн ба ухамсрын гэдэг явцуухан ойлголтоос илүү өргөн авч үздэг. Үүнийгээ дагаад өвчнийг оношлох, төлөгчлөх, өвчнөөс сэргийлэх арга нь өвөрмөц олон талтай байдаг.
Х.Цэрэндорж "Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй" номоос