Монголын төлөө цохилох зүрх бүхэнд
2013 оны 4 сарын 27 11 цаг
Чойжин ламын сүм музейг сэргээн засах нэрийдлээр нурааж байгааг иргэд илчлэн зүй бус энэ үйлдлийг эсэргүүцэн нэгдэж хэвлэл мэдээллээр дамжуулан үнэт өв соёлоо хамгаалахаар дуу хоолойгоо хүргэж байна. Бид түүхч Б.Даваасүрэнгээс энэ талаар тодруулсан юм.
Сурвалжлагч: Чойжин ламын сүм музейг засах нэрийдлээр нурааж байна хэмээн та бүхэн хэллээ. Үүний баримт нь байгаа юу?
Б.Даваасүрэн: Байгаа, өнгөрөгч 10 сард засварын ажил хийгдэж эхэлсэн юм байна лээ. Гэвч тэр үед сүмийн ханыг засан сэргээх биш нураасныг гэрэл зургаар баталгаажуулж авсан байгаа. Одоо дахин нураахаас сэргийлж бид эсэргүүцэн нэгдэж байна.
Сурвалжлагч: Надад гэрэл зургийг өгч болох уу?
Б.Даваасүрэн: Болно, аль болох олон Монгол хүн мэдээсэй гэж бодож байна. Бид үр хойчдоо үзүүлж харуулах, Монгол гэж бардамнах өв соёлгүй болоход хүрээд байна. Үнэхээр сэтгэл өвдөж байна.
Сурвалжлагч: Хосгүй үнэт өвийг сэргээн засах ажил буруу хийгдэж байна гэж та бүхэн үзэж байна уу?
Б.Даваасүрэн: Тийм ээ, үүнийг хариуцан хийж буй улсууд яагаад түүх соёлын хосгүй үнэт өв гэдгийг мэддэггүй, ойлгодоггүй юм бэ, хэрхэн яаж арчилан хамгаалах, сэргээн засварлах вэ гэдгийг мэддэггүй юм бэ гэдгийг үнэхээр гайхаж байна. Энгийн бид нар хараад л харамсаж, халаглаж байхад яагаад ийм тоомжиргүй ханддаг юм бол гэдгийг үнэхээр гайхаж байна.
Сурвалжлагч: Ганц хадаас, ганц модон шон ч түүхийн гэрч байдаг. Гэтэл эвдэрч элэгдэлгүй 100 жил болсон тоосгыг нураагаад одоогийн тоосгоор дахин барьж байна гэж та бүхэн хэллээ. Энэ талаараа тодруулж ярина уу?
Б.Даваасүрэн: Сүмийн хөх тоосго хагарч эвдрээгүй зүв зүгээр байсныг та бүхэнд харуулсан. Ийм байхад нуруугаад шинэ тоосгоор барих гээд бэлдсэн байна. Хоёр тоосгыг харьцуулаад барихад хөх тоосго илүү нягтаршилтай, чанартай илүү хүнд байна гэтэл одоогийн улаан тоосго хөөсөнцөр хавтан шиг хөнгөн байсан. Сүмийн хаалгыг хүртэл сэргээн засварлаагүй, авч тавиад шинээр хийсэн байна.
Сурвалжлагч:Сүмийн гадна талын хээ хуар, зургуудыг сэргээлгүй дээрээс нь шууд будаж байна гэсэн?
Б.Даваасүрэн: 100 жилийн түүхтэй музейн зургуудыг амар хялбараар будаж, өнгөлөн далдалж бүдгэрүүлэн устгаж байгааг л бид харж байна. Хуучин байсантай харьцуулан хархад хэлэх үг олдоогүй.
Сурвалжлагч: Өв соёлоо алдаж буй өөр жишээ хэлбэл?
Б.Даваасүрэн: Ганц үүгээр зогсохгүй шинэ байшин барих нэрээр маш олон түүхийн дурсгалт байшингуудыг нурааж байна. Жишээ нь: МУИС-ийн ард байдаг Манзушир хутагтын амьдарч байсан байшин, Богд хааны ордон музей гэх мэт.
Сурвалжлагч: Үнэт өв соёлоо хамгаалж хадгалан үлдэхэд иргэдийн оролцоо хэр чухал юу?
Б.Даваасүрэн: Хэрвээ ард иргэд бид энэ бүхний эсрэг тэмцэхгүй, ярисаар суувал өв соёлууд устан үгүйрсээр дуусна. Тиймээс л Монгол хүн бүр энэ үнэт өвөө авч үлдэхийн төлөө тэмцэж иргэн хүнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэй юм.
Сурвалжлагч: Цаашид ямар ажлуудыг хийх вэ?
Б.Даваасүрэн: Үүнд Монгол хүн бүр санаа зовох ёстой. Яагаад гэвэл энэ сүм бол 20-р зууны эхэн үеэс тухайн үеийн нийслэл хүрээнээс өнөөдрийг хүрсэн цөөхөн хэдэн барилга байгууламжийн нэг юм. Энэ цогцолборуудаа зөв хайрлаж хамгаалах хэрэгтэй. Эс бөгөөс нураагаад шинээр барина гэдэг нь өвөөгийнхөө өгсөн хөөргийг зараад эргээд хятадаар хийлгээд миний өвөөгийн надад хадгалуулсан хөөрөг гэж хэлэхтэй адилхан юм. Бид хосгүй үнэт өв дурсгалуудаа хамгаалхын төлөө эцсээ хүртэл явах болно.
Сурвалжлагч: За баярлалаа, үйлс тань бүтэмжтэй байг.
Бидний яриа энд хүрээд өндөрлөсөн ч түүхийн үнэт өв соёлоо яагаад нурааж байгааг асуухад сүмийн захиралын орлогч эмэгтэй Н.Ангирмаа: дээрээс батлагдсан зураг төслийн дагуу засварын ажил хийгдэж байгаа. Мэргэжлийн хүмүүс л хийж байгаа гэсэн өөр нэмэлт тайлбар өгөхгүй хэмээн хэлсэн юм. Үнэхээр ханыг сэргээх биш нураахаар бэлдсэнийг нь өнцөг бүрт тавьсан улаан тоосго илтгэж байсан юм. Энэ талаар цааш үргэлжлүүлэн сурвалжлах болно.
Танд дуулгахад Чойжин ламын музейг VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оржээ. 1938 онд музей болгон зохион байгуулсан байна.
Харин Чойжин гэж шарын бөө бошиг үзүүлдэг лам хүнийг хэлдэг байж. манж-чингийн үеийн сүм, одоогийн музейнүүд урд тал даа хаалттай байдаг бөгөөд урд зүгээс ирэх муу юмыг хаах гэж. Амар баясгалант хийд мөн тийм ажээ. Барилгыг мөсөн дээр болон элсэн дээр барьж болдоггүй. Харин энэ барилга бүхэл дээ цэвдэг дээр баригдсан бөгөөд зуны аагим халуунд ч цаасан шуумал бурхантай энэ сүм дуганууд сэрүү татаж байдаг. мөс үзмэрийг сүм мөсийг хамгаалж байдаг энэ зүй тогтол шашин шүтлэгийн тухай яригдахад зайлбаргүй хөндөгддөг ид шидийн тухай л ярихад хүргэх бий. Энэ сүмийн алтан ганжир хожим баригдах Засгийн газрын ордныг голлож байхыг мэдэж барьсан гэлцдэг юм. мэдээж урд зүгээс ирэх муу бүхнийг хааж байгаа.... Өглөө нар мандаж байхад энэ чулуун зам дээгүүр хөл нүцгэн явахад хоолойн өвчин эдгэрдэг гэж хуучны хүмүүс ярилцдаг байжээ...