МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ТҮГЭЭМЭЛ ЭХ
9 жил, 8 сар өмнө

Монгол бахархлын ноён оргил, монголын түүх соёлын нэвтэрхий толь- Монголын нууц товчоог хүн төрөлхтөнд хүргэж, монгол өв соёлыг таниулах зорилготой “МНТ түгээмэл эх” төслийн хүрээнд, МНТ-г бүрэн зураг чимэглэлтэйгээр англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол долоон хэлээр хэвлэж, Монгол Улсыг дэлхийд таниулан сурталчилахад бодит хувь нэмэр оруулаад байна.

Тус бүтээл нь түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтонд тулгуурлан түүхэн бодит үнэнийг зураглан толилуулж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.

Ийнхүү уг төсөл дараагийн шатанд шилжиж Монголын Нууц Товчоог дэлхийн түгээмэл хэл болох дэлгэцийн бүтээл- motion illustration төрлөөр бүтээж эхлээд байна.

“Монголын нууц товчоо түгээмэл эх”-ийн онцлог ба ач холбогдол

МНТ-г уран зургаар баяжуулан дүрсжүүлсэн нь Түгээмэл эхийн гол онцлог юм. Ингэснээр ямар ч залхуу гар сонирхолтой зургуудад хөтлөгдөн унших болно. Энэхүү эхийг бүтээхдээ Ц.Дамдинсүрэнгийн эхийг баримталсан ба үг, найруулгын утгыг нь алдагдуулалгүйгээр ахин найруулж, өгүүлэмжийг сэдэв бүрээр салгаж хувиарлан байршуулах зэргээр уншиж ойлгоход нь дөхөмтэй болгов.

МНТ бол үйл явдлыг голчлон тэмдэглэж үлдээсэн зохиол. Тиймээс хүмүүсийн дүр төрх, ахуй орчин, хувцас хэрэглэлийн талаар дүрсэлсэн зүйл бага. Тийм ч учраас тухайн үеийн овог, аймгуудын соёлын хэв маяг болон угсаатан ястангуудын дүр төрхийн ялгаа онцлогийн талаар тодорхой төсөөлөл өгдөггүй. Гадаад уншигчдын хувьд бүр хэцүү. Тэд ядаж монгол гэр ямар бүтэц зохион байгуулалттайг мэдэхгүй шүү дээ.

Иймээс уг зохиолыг зурж дүрсжүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэхдээ чимэг төдий биш зохиолын агуулгыг баяжуулж, дутууг нь нөхөх, мэдээллийн багтаамж ихтэй, бодит дүрслэлтэй зургууд хэрэгтэй. Үүний тулд бид түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтыг тусгасан, XIII зууны монгол ертөнцийг бүх талаас нь, өчүүхэн зүйл ч орхигдуулаагүй бүтээл хийхийг хичээн ажиллаж байгаа юм. Үүнд дээл хувцас, орд өргөө, хоол хүнс, бүжиг хөгжим, зэр зэвсэг, хуяг дуулга, бичиг соёл, дайны урлаг бүгд багтана. Ингэж өргөн хүрээтэй дүрсэлж үзүүлснээр бид өвөг дээдсийнхээ соёлоор жинхэн утгаараа бахархах боломжтой болно. Шинэ цагийн “Шороотын Цэвээн”-үүд маань харьд очоод нүүр бардам үзүүлэх зүйлтэй болно. Бас өрнө, дорнын бусад үндэстнүүдийн соёлоос ялгарах онцлог болон тэдэнтэй ямар соёлын харилцаатай байсан, бусдад ямар нөлөө үзүүлж бас тэднээс ямар нөлөө авсан зэргийг олж харах юм.

Дэлхий нийт бидний өвөг дээдсийг нэхий нөмөрсөн, зэрлэг булаан эзлэгчид гэж ойлгодог нь орвонгоороо эргэнэ. Манай соёл уламжлалыг улам ихээр хүндэлж тэр хирээр манай улсын нэр хүнд дэлхийн тавцанд өсөх болно.

ҮР ДҮН

  • МНТ-г олон хүн уншина;
  • Түүх, соёлын баттай мэдлэгтэй болно;
  • Соёлын дархлаа бэхжинэ;
  • Ирээдүйн зураач, дизайнер, уран барилгачдын гарын авлага болно;
  • Дэлхий дахинд манай улс үндэстний нэр хүнд (image) дээшилнэ;
  • Чингис хааны өлгий нутгийг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ;

САНАЛ

"Монголын нууц товчоо түгээмэл эх" нь гурван цувралаар хэвлэгдэх бөгөөд одоогоор 1-р дэвтэр нь хэвлэгдсэн. 2, 3- р дэвтэр нь хэвлэгдэгхэд бэлэн болсон үндэсний үнэт зүйлээ дэмжигч хэн бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна. Төслийн дараагийн шатанд бид "Монголын нууц товчоо" анимайшн кино бүтээхээр ажилдаа ороод байна.

СУДЛААЧИД ЮУ ГЭЖ ХЭЛЭВ?

Археологич Д.Эрдэнэбаатар
УБ-ын ИС-ийн декан, доктор, профессор

БИЕТ СОЁЛЫН ӨВИЙН СУДАЛГААНД СУДЛААЧ, СОНИРХОГЧДЫН
АНХААРЛЫГ ХАНДУУЛЖ ЧАДЛАА

Энэ ном бол МНТ-г анх удаа бодит уран зургийн аргаар дүрсэлж үзүүлсэнээрээ онцлог. Ингэснээр кино үзэж буй мэт таатай ном болсон. Түүхэн үйл явцыг зураг дүрстэй унших нь уншигчийн хүлээж авах байдал хурдан, тогтоц сайн байх талтай.
Зураач Р.Батцэнгэл судлаач, археологичидтой олон жил хамтарч ажилласанаар түүхэн хувцас хэрэглэл, зэр зэвсэг, аж ахуйн эд юмсыг бодитойгоор дүрслэх бололцоо гарсан. Түүнээс гадна монгол төрхтөний түгээмэл хэв шинжийг тодорхой харуулсан сайн талууд бий.
Нийтэд зориулсан гэхээс илүү биет соёлын өвийн судалгааг МНТ-той холбож өгсөн судалгааны том эх сурвалж гэж хэлж болно.

Түүхч С.Цолмон
Түүхийн хүрээлэнгийн ахлах ажилтан, УБ-ын ИС-ийн Гадаад харилцаа-эрдэм шинжилгээ эрхэлсэн проектор, доктор, профессор

ЭЦЭГ, ЭХЧҮҮД ӨӨРСДӨӨ УНШААРАЙ, ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ТАЙЛБАРЛАЖ ӨГӨӨРЭЙ

Унших тусам гүнзгий ухаж үзүүштэй ийм нэгэн түүхэн сурвалж бол МНТ юмаа гэж бид үнэхээр бахархдаг. МНТ-с сэдэвлсэн гадаадын олон кинонуудад нүүдэлчдийн амьдрал ахуй, соёл, зан заншлыг мэдэхгүйн улмаас андуу, ташаа зүйлс их дүрсэлдэг. Тиймээс энэ номыг уншиж харьцуулж үзээд залруулаарай.
Ном ном дундаас яг зөв мэдээлэлтэйг нь сонгож уншвал цаг заваа хэмнэхэд их чухал. Та бүхэн зураач Р.Батцэнгэлийн “МНТ Түгээмэл эх” хэмээх ийм нэгэн ач холбогдолтой бүтээлийг сонгон авч уншаарай. Үр хүүхэд, дүү нартай авч өгөөрэй. Эцэг, эхчүүд өөрсдөө уншаад тайлбарлаж өгөөрэй хүсч байна.

Нийтлэлч А.Баатархуяг
МОНЦАМЭ агентлагийн дарга

БОЛОВСРОЛТОЙ ХҮН ЭХ ЗОХИОЛ УНШИХ ЁСТОЙ

Мэдлэг боловсролтой хүн юуны өмнө эх зохиол унших ёстой. Манайхан дам ишлэсэн зүйл их уншдаг. Дам ишлэл уншиж явсан хүн хэрэглэж байгаа цаад этгээддээ үйлчилсэн үзэл санааг өөртөө суулгаж авдаг. Өөрөөр хэлбэл тархиа угаалгаад байна гэсэн үг.
МНТ бол дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байгуулагдахын өмнөх монголчуудын оюун сэтгэлгээ, төрийн тогтолцооны үзэл санаа, Тэмүжин хаан ширээнд суух цаад учир шалтгаан зэргийг тусгасан зохиол. Иймээс монгол хүн бүр унших ёстой.
МНТ-г монголчууд түгээхгүй бол өөр хэн түгээх вэ. Өнөөдөр дэлхий даяараа еврей хүнийг дэлхийн хамгийн ухаантай хүн гэж боддог. Хэрэв МНТ-г дэлхийд түгээж чадвал хүн бүхэн монголчуудыг дэлхийн хамгийн хүчирхэг үндэстэн гэж хардаг болно.
Хэтэрхий их хөдөлмөр гаргасан байна. Энэ их хичээл зүтгэлийн үр шимийг яаж гаргах вэ гэж зовниж байна. Цаашид төслийнхөө санаа зорилгыг нийтэд сайн таниулж явбал илүү их үр дүнд хүрэх болов уу.

Зураач Д.Эрдэмбилэг (МУУГЗ)

БИД БҮХНИЙ ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙСАН БҮТЭЭЛ БОЛЖЭЭ

МНТ бол сонгодог зохиол. Унших тусам шинэ зүйл олж мэддэг. Энэ зохиолын үнэ цэнэ үнэхээр гайхалтай. Үүнийг хүүхэд залуучууд болон нийт иргэдэд зориулж сонгодог уран зургийн хэлбэрт оруулж бүтээсэн нь үнэхээр бахархалтай бас сайшаалтай. Ингэж уран зохиолыг уран зургийн хэллэгт оруулснаараа их шинэлэг болсон байна. Үүнийг залуучууд, хүүхдүүд хүсэн хүлээж байсан бид бас их хүлээж байсан.
Монголчууд оюуны их соёлтой байсан юмаа гэдгийг ил болгож харуулахад МНТ-г гадаад сурталчилгаандаа сайн ашиглах ёстой. МНТ бол бидний бренд юм шүү.

Зураач Д.Ганзориг

УНАГАН СОЁЛОО СУДЛАЯ, ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЬЕ

Бид түүхээ их ярьдаг. Харин үзүүлэх юм нь хомс. Монголчууд гайхалтай соёлтой улс байсан юм шүү гээд нэмэргүй байнаа. Одоо бид бодитоор нь хиймээр, бүтээмээр байна. Өнөөдөр босгочихож чаддаггүй юмаа гэхэд ингээд судлаад бэлдээд тавьчихмаар байна. Улс чадалтай болох тэр цагт бидний үлдээсэн санаанаас аваад ашиглаг л дээ.

Төслийг санаачлагч,
зураач Рэнцэнгийн Батцэнгэл

ЗУРААЧ, ТӨСЛИЙГ САНААЧЛАГЧ МИНИЙ ХҮСЭЛ ЗОРИГ

Бяцхан уншигчдын маань дунд ирээдүйн зураач, дизайнер, уран барилгачид бий. Энэ төслийн алсын зорилт бол тэдгээр бяцхан уран бүтээлчдийн онгодыг монгол соёлоор хөглөх, мах цусанд нь шингээх явдал юм. Тэд унаган монгол соёлтойгоо танилцаж өссөнөөр орчин үеийн монгол соёлын өнгө төрхийг төлөвшүүлж чадна. Тэд л Улаанбаатар хотыг бидний хүсээд байгаа эртний түүхт Монгол улсын нийслэл болгоно.

Хэрэв бидний үеийнхэн багадаа орос биш монгол зурагтай ном харж өссөн бол өнөөдөр төрийн ордны барилга, хүндэт харуулын хувцас, “Фортуна” сайдын “зуухтай тулга” хэдийнээ монгол төрх хэлбэрээ олоод төлөвшчихсөн байх байлаа.

Соёлын өвтэй холбоотой асуудал яригдахад хөөмэй, уртын дуу гэхчлэн биет бус өвүүд голцуу дурдагддаг. Биет өвийг судлаж сурталчлах, хэв маягийг нь орчин үеийн хэрэглээ, дизайнд шингээх асуудал хөндөгдөхгүй байна. Өнөөдөр хот төлөвлөлт, архитектур дизайныг сайжруулах тухай бодох цаг ирлээ. Энэ ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд Хүннү гүрнээс Их монгол улсыг хүртэлх хугацааны соёлыг судлах нь хамгаас чухал. Учир нь энэ цаг үеээс манай соёлын гадны шашин, соёлын нөлөөнд ороогүй унаган төрхийг олж хардаг юм.

Нөгөө талаасаа бид цус булингартахаас маш их айж, түгших хэрнээ соёлын дархлааг анхаардаггүй. Соёл үгүй бол цус хичнээн цэвэр байгаад яах билээ. Сурагчдад зүйр цэцэн үг, оньсого, ертөнцийн гурав мэт цээжлүүлснээр соёлын дархлааг тогтоох гэж оролдоод байх шиг. Гэтэл монгол соёлын дархлааг Улаанбаатарын гудамжинд баригдаж буй хятад дааман хаалга мэт зүйлс аажмаар мэрж устгаж буйд нийтээрээ анхаарал хандуулах цаг болжээ.

Холбоо барих
https://www.facebook.com/SecretHistoryMongols