Монголын ирээдүй
11 жил өмнө

2010 оны 10 сарын 20-нд “Хүүхэд бүрийн төлөө” бүлгийхэнтэй хамт “Нийслэлийн хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв”-д очлоо. Асрах газар хүмүүжидэг хүүхдүүдийн талаар сайн мэддэггүй очсон боловч хүүхдүүдийг хөдөлмөрт дурлуулж, авъяасыг нь нээн илрүүлж, өөрийн гараар хийж чадах бүхнийг хийлгэж бүтээлгэж байгааг нь хараад бас их баярлалаа. Хүүхдүүдийн авъяас чадварыг нээж, хийж бүтээх бололцоог олгож, өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явчих хэмжээнд хүүхдүүдийг хөгжүүлж байгаа энэ байгууллагаар бахархахгүй байхын аргагүй.
Бас хүүхдүүд нь хадгаламжийн дэвтэртэй, өөрсдийнх нь бүтээгээд борлогдсон бүтээлийнх нь мөнгийг хадгаламжийн дэвтэр нь хийж өгдөг гэсэн.
Энэ төвд авъяастай хүүхдүүд олон байсан бөгөөд өөрийн сурч мэдсэн зүйлээс хүүхдүүдтэй хуваалцана гэж бодож байгаа. Тэдгээр хүүхдүүдийн авъяасыг нь жаахан хөгжүүлэхэд л чадварлаг уран бүтээлчид болно гэдэгт итгэлтэй байна.
Саяхан өөртөө байсан 10 гаруй зургийн жаазуудаа хүүхдүүд бүтээлээ жаазлаг гэж бодоод аваачиж өгөхөд багш нар болон хүүхдүүд маш их баяртай байсан.
Хэдийгээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өсөж торьниж чадаагүй ч гэсэн бидний хүүхдүүдтэй мөр зэрэгцэн амьдрах, эх орноо жолоодон авч явах ирээдүй болсон хүүхдүүд энд өсөж торьниж байна. Монголын ирээдүй гэрэл гэгээтэй байх болно оо.


Энэхүү сайн дурын ажлын талаар Ц.Шийрэвийн бичсэн мэдээг мөн орууллаа.

Залуусын онлайн нэгдэл Бизнетворк сайтын “Хүүхэд бүрийн төлөө хамтдаа” бүлгээс 10-р сарын 20-ны өдөр “Нийслэлийн хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв”-ийн дүү нартаа туслах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэ өдөр залуус өөрсдийн цуглуулсан хувцас, ном зэргийг хүүхдүүдэд хүлээлгэн өгсний зэрэгцээ 1-р ангид элсэн орсон боловч мөнгө төгрөгний бололцоогүйгээс дүрэмт хувцсаа авч чадахгүй байсан дүү нартаа мөнгөн тусламж үзүүллээ. Бидэнтэй цуг явсан “Mindfreedom” гадаад хэлний сургалтын төвийн гүйцэтгэх захирал Б.Халиун, 2 өнчин дүүтэйгээ тус төвд хүмүүждэг Улаанбаатар дээд сургуулийн оюутан Цэрэнд англи хэлний эрчимжүүлсэн курст суралцах эрхийн бичиг гардуулан өглөө. Мөн New Century Art Association байгууллагын гишүүн зураач В.Ундраа хүүхдүүдийн зургийн мэдлэгийг сайжруулахад туслахаар боллоо. “Тэрхийн орой” компанийн дэргэдэх “Ногоон тусламж” ТББ Жигд, Хайлаас, Долоогоно модны 900 ширхэг суулгац хандивласаныг хүүхдүүд төвийн гадаах талбайдаа тарьж сайтар арчилж тордохоо илэрхийлж байв. МАКомпани энэ удаа өөрийн тохилог автобусаар үйлчилсэнд баярлалаа.
Тус төвийн захирал Нарандэлгэр хүүхдүүдийн төлөө өөрийгөө бүрэн зориулсан дайчин хүн гэдэг нь үйл ажиллагаатай танилцаж байх явцад анзаарагдаж байлаа.
Төв дээр 4 төрлийн дугуйлан хичээллэдэг бөгөөд та бүхэн хүсвэл хүүхдүүдийн тарьсан тасалгааны цэцэг, уран зураг, шүрэн эдлэл, бэлэг дурсгалын зүйлсээс худалдан авч тус төвд хөрөнгө оруулалт хийх боломжтой юм байна лээ. Энд ирсэн хүмүүс төвийн хүүхдүүдийн хөдөлмөрч байдлыг нүдээр үзэж дахин ирэх сэтгэл өвөртлөн сэтгэл хангалуун буцацгаалаа.
Та бүхэн бүлгийн талаархи тодорхой мэдээллийг www.biznetwork.mn/networks/1015 сайтаас болон 91174000 утаснаас лавлах боломжтой.

Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе