Монголын аялал жуулчлал хэрхэн хөгжих вэ
Жил бүр уламжлал болгон зохиогддог Аялал жуулчлалын үзэсгэлэн яармагийг үзэж сонирхлоо. Монголд аялал жуулчлалын компаниуд болон тур оператор, тур баазууд олон болсон байгаа хэдий ч үйлчилгээний хувьд нэгнээсээ ялгарах зүйлгүй ижил төстэй байгаа нь харагдаж байсан.
- Гэр бааз
- Нүүдэлчин айлд зочилох
- Байгалийн үзэсгэлэнт газраар аялах
- Монголын говь, хөх тэнгэр
- Морь, тэмээтэй аялал гэх мэтээр бүгд л нийтлэг нэг үйлчилгээтэй байсан.
Аялал жуулчлал нь ирээдүйтэй бизнесийн тоонд орж байгаа бөгөөд санхүүгийн эргэлтээрээ дэлхийд 2-т орж байна. Даярлагдан буй дэлхий ертөнц, хүн төрөлхтний амьдралын хэв маягтай холбоотойгоор ойрын ирээдүйд аялал жуулчлал нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болон хөгжиж байна. Аялал нь жилдээ нэг амрах үеэрээ хийдэг ажил биш харин өдөр тутам ажилдаа явдаг шиг л энгийн зүйл болох гэж байна.
Иймд МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХИЙН ТУЛД
1. ЯЛГАРАХ: Монголын аялал жуулчлалын салбарт дутагдалтай байгаа зүйл бол ялгаран хөгжих асуудал юм. Монголын аялал жуулчлалын байгууллагууд бүгд адилхан үйлчилгээтэй байх биш, харин хоорондоо ялгаран хөгжиж хэрэгтэй. Бүгд л нэг ижил үйлчилгээтэй байвал ялгарч харагдаж бусдын сонирхолыг татах нь бага болно. Бусад орнуудын аялал жуулчлал ч гэсэн төрөлжсөн онцлог байдлаараа ялгаран хөгжиж байна. Ялгарч хөгжих гэдэг нь өөрсдийн давуу талд түшиглан ялгарах онцлогоо тодорхойлж түүгээрээ дэлхийд танигдаж брэнд болох явдал юм.
Жишээ нь:
- Адал явдалт: Сүнс, хий үзэгдлийн мөрөөр
- Усан аялал
- Спорт аялал
- Эртний замаар
- Түүхийн мөрөөр /баримтын мөрөөр/
- Ердийн хөсгөөр аялах
- Эрүүл мэндийн аялал: Рашаан, ус, цас мөс, хүйтэн, массаж(Зөвхөн Тай массажийг сонирхож багагүй хүн Тайландыг зоридог г.м)
- Байгалийн үзэсгэлэнт газар
- Түүхийн дурсгалт аялал
- Нүүдэлчдийн амьдрал
- Байлдан дагуулалтын шоу
- Мөсөн зочид буудал
- Сүнстэй зочид буудал
- Энтертаймент аялал
- Урлаг соёл гэх мэтийн нэг үйлчилгээгээр бусдаас ялгаран хөгжиж байна. Ингэж чадсанаараа дэлхийн олон мянган жуулчны үйлчилгээнээс ялгарах, тогтмол үйлчлүүлэгчээ бий болгох бодлогыг баримтлан ажиллаж байна. Эдгээрээс онцлон дуридахад Тухайн орныхоо айлуудаар хоноглож аялах сонирхол бүхийжуулчдын сүлжээ /http://www.couchsurfing.org/ гэхэд 2,702,075 гишүүнтэй болоод байна.
2. ИНТЕРНЭТ АШИГЛАЛТ: Мөн Монголын аялал жуулчлалын байгууллагууд цахим орчинд байгаа 2 тэрбум орчим интернэт хэрэгдэгчидтэй харилцаа холбоо тогтоох, мэдээлэл хүргэх, санал хүсэлт сонсох талаас учир дутагдалтай ажиллаж байгаа бөгөөд ядаж л зочидынхоо сэтгэгдлийг онлайн орчинд байрлуулах, зохион байгуулж байгаа сонин сайхан үйл ажиллагаануудаа баримтжуулж интернэтээр дамжуулан дэлхий нийтэд хүргэх шаардлагатай байна. Энэ тал дээр “Монголын нууц товчоо“ аялал жуулчлалын компанийн жуулчидад санал болгож буй үйлчилгээ, шийдэл нь дэвшилттэй санагдсан.
3. НЭГДМЭЛ ӨРСӨЛДӨӨН: Монголын аялал жуулчлалын байгууллагууд өөр хоорондоо өрсөлдөх биш нийлээд бусад орны аялал жуулчлалын салбартай өрсөлдөх. Өөр өөрийн гэсэн ялгарах онцлогтой үйл ажиллагаатай болчихвол ч хоорондоо өрсөлдөөд байх шаардлагагүй л дээ. Жуулчидын хүсэл сонирхолоос уялдан өөрсдийн гэсэн үйлчлүүлэгч жуулчидтай болж чадна шүү дээ.
Жишээ нь: Аялал жуучлалын компаниудын захирлууд өөрийн хамгийн сайн мэддэг нэг аймгийг хариуцаж аваад, тухайн аймгийнхаа аялал жуулчлалын бодлогыг боловсруулаад, тухайн бодлого төлөвлөлтийнхөө дагуу аймгаараа нэгдээд ажиллавал өндөр дүнд хүрч чадна.
Жамсранжавын Лувсандорж (Нийтлэлч)