МОНГОЛЫН “АРДЧИЛАЛ” БА СЕПАРАТОР
13 жил, 1 сар өмнө

Монгол дахь “Ардчилал” нь нэгэн цагт Европоор хий үзэгдэл мэт тэнэж явсан коммунизмаас ер ялгаагүй “хий үзэгдэл”, “хий мөрөөдөл”-ийн чанартай үзэгдэл болж байгаа ч коммунизмээс ялгаатай нь маш хортой “хий үзэгдэл” болох нь тод харагдаж эхлэв.

            Монгол дахь “ардчилал”-ын үйл явц өөрийн үр дагавраараа “сүүний сепаратор”-ын шинж чанартай үйл ажиллагаа болж хувирлаа.

            Миний үеийнхэний багад, монгол хэлэнд, “Завод өгөх” гэдэг хэллэг байв. Энэ хэллэг нь, зуны саалийн цагт айлууд гол ус бараадан айлсаж, сааль сүүгээ албан ноогдлоор “сүүний завод”-ад тушаахыг илэрхийлсэн утгатай байсан. “Сүүн завод” дээр сүүний сепаратор гэдэг, босоо хүний өндөртэй, намуухан хүнгэнэсэн дуутай, угсармал, хөнгөн цагаан төхөөрөмж газарт суурилагдсан байдаг байлаа.

            “Сүүний сепаратор” сүүг гурав ангилан ялгана:

            1.Цөцгий                             

            2.Пахт

            3.Цэхэр сүү буюу шингэн сүү

            Сүүн завод дээр цэхэр сүүг “хаягдал” гээд тоож ашиглахгүй, зүгээр л, нүх шуудуу ухаад асгачихна.Түүнийг нь золбин нохой долоовол долооно, үгүй бол үгүй хэвтсээр ширгэх юм уу өмхийрнө. Завсрын бүтээгдэхүүн, -пахт гэж, уухад зөөлөн амттай, тослогдуу шаргал шингэнийг нь над мэимйн өлөв долов ходоодтой хүүхдүүд гуйгаад уучихдаг, сүү машинддаг ах нар ч нэг их харамлахгүй өгчихдөг байж! Хожмоо нам, засгийн шийдвэр гарч “цэхэр сүү”-г асгахыг хорьж, “шингэн сүүний ааруул” гэдэг юм засгийн даалгавараар хийж эхэлсэн ч тэр өнжсөн аргал шиг хөхөвтөр, яс шиг хатуу “ааруул”-ыг дааж идэх хүн байхгүй, даалгавар өгч хийлгэсэн дарга нар нь байтугай залуу гөлгөн нохой ч хазаад элтлэхээргүй “цахиур” байв.

            Өнөөдөр, миний үеийнхэний танил тэр ““сүүний сепаратор” Монголд устсан ч яг түүний үйл ажиллагааны зарчимаар ажиллагч нийгмийн механизм оронд нь бий болжээ. Өнөөгийн Монголын улс төр-эдийн засгийн “ардчилал” яг л өнөөх ““сүүний сепаратор” шиг, нийгмийг доорхи 3 давхаргад ялгаварлан хуваав:

            А. Хөрөнгөт давхрага буюу Төр - Бизнесийн олигархи бүлгийнхэн; /Үйлдвэр худалдаа, компанийн эзэд, том эрх мэдэлтнүүд/

            В. Завсарын давхрага буюу цалингаараа ч юмуу хөдөлмөрийн орлогоор амьдрагсад; /Ченжүүд, дамын наймаачид, гүйцэтгэх албаны ажилтанууд, халаасны хулгайчид, рок-поп-шоу урлагийнхан, янханууд/

            С. Ядуучууд буюу “эмзэг бүлгийнхэн”;

            Зарим хариуцлагатай сонин, хэвлэлүүдэд нийтлэгдэж буй статистикаар бол А,В,С давхрагынханы нийт хүн амд эзэлж буй тус тусын хувь: “А”-4%, “В”-16%, “С”-80% гэсэн харьцаатай байна.

            Энэ харьцааны цаашдын өөрчлөлт, шилжилтийн шугамыг өнөөгийн бодот хандлагын нь үндсэн дээр сэтгэлгээний эксраполяци аргаар тодорхойлбол, -“А” давхрагын хувь /4%/ нилээд хугацаанд үл өөрчлөгдөн хадгалагдаж, харин “В” давхрагын хувь /16%/ буурах, “С” давхрагын хувийг /80%/ нэмэгдүүлэх чиглэлээр муруй график зурна.

            “В” давхрагаас “А” давхрага руу шилжих шилжилтийн магадлал бараг тэг /0/-тэй тэнцүү байх бөгөөд ихэнхидээ “С” давхрага руу гулсах үйл явц зонхилох нь эдийн засагт аксиом чанарын үзэгдэл юм.Догикт болоод философид алив юис үзэгдлийн мөн чанарыг шинжлэхдээ, хангалттай хугацаанд үргэлжилсэн үйл явцын нь харьцангуй хийгээд үнэмлэхүй үр дүнгээр нь шинжлэн дүгнэхийг хууль болгодог.Монголын нийгмийн амьдралд өрнөсөн “ардчилал”-ын үйл явцын шинж чанарыг аль аль үр дүнгээр нь тодорхойлоход өнгөрч буй 10-15 жилийн хугацаа бол хангалттай түүхэн мөчлөг буюу “дэвсгэр өгөгдөхүүн” юм. Энэ хугацаанд нийгмийн ардчилал, эдийн засгийн либеральчлал, хүний эрх, иргэний эрх чөлөө зэрэг нийгмийн амьдралын жинхэнэ үнэт зүйлсээр өөрийгөө нэрлэсэн Монгол дахь “ардчилал” гэх “хий үзэгдэл”-ийн бодот тэнүүчлэл монголын улс төр, эдийн засгийн амьдралын бүхий л бүтцийг хамарч, монголын нийгмийг үндсэнд нь “Хөрөнгөлөг ахуйтан”, “Үгээгүй ахуйтан” гэсэн хоёр том бүлэгт хуваан задлав. Монголын “ардчилал”- Сепараторын ялгах, “ангилах” үйл ажиллагаа ч маш шуурхай, эрч хүчтэй явагдлаа. үр дүнд нь шинээр буй болсон “Үгээгүй ахуйтан” хоёр нь марксизмын “ангийн онол”-оор бол “мөлжигч анги” буюу хөрөнгө эзэмшигч, “мөлжүүлэгч” буюу хөдөлмөрөө завшуулагч “хөлсний ажилчин анги”-ийн шинж чанартай ч манай “Үгээгүй ахуйтан” нь монгол үндэстний онцгой, эндомик чанартай аж төрөгсөд юм. Учир нь “Үгээгүй ахуйтан”-д хөлсний хөдөлмөрчид, малчид, тариаланчид зэрэг жижиг өмчтөн, бага цалинтай төрийн албан хаагчид, үйлчилгээний ажилчид, тэр бүү хэл, эрдэмтэд, зохиолчид ч байх төдийгүй, үй олон ажилгүйчүүд, траншейныхан, хог түүгчид, ихэнхи оюутнууд, хөдөлгөөний хомсдолтой иргэд цөмөөрөө багтана. Эд нар болбаас Марксист онолын сонгодог утгаар нийгмийн тэргүүний ухамсартай “хөдөлгөгч хүч”- жинхэнэ “ажилчин анги” биш юм. Гэвч нэгэн гамшигтай, магадгүй, хэтдээ нийгмийн гүн гүнзгий хямрал, самуурал, утгагүй дажинд хүргэх уршигтай хар аюулыг дотроо агуулж буй нь “Хөрөнгөлөг ахуйтан”,“Үгээгүй ахуйтан” хоёрын хооронд “Ангийн тэмцэл”-ийн хэлбэртэй зөрчил, сөргөлдөөний үр хөврөлийг боловсруулж, тодорхой тодорхой эрх сонирхолын хөдөлгөөн, гудамжны цуглаан, эсэргүүцлийн жагсаал болон хувирч буй нэн шинэхэн үзэгдэл бөгөөд эдгээр үйл явцын гүнд антигонист шинж агуулгатай үйлдэл, үг яриа илт илэрч байгаа явдал юм.

            Антигонист сэрэхүй, сэтгэл хөдлөл, үзэл чиглэл нь цааших явцдаа “Ангийн тэмцэл”-ийн ухамсартай болоод ухамсаргүй хэлбэр, агуулгатай үйл ажиллагааны урьдчидсан практик болж хувирдаг. Чингээд нийгэмд асар хохирол, сүйрэлтэй катастроф чанарын үйл ажиллагаа руу гүнзгийрч, нийгмийг ул сууриар нь донсодгох алив хүсэшгүй хүчирхийлэлд хүргэдэг.

            Монголын нэн шинэ түүхийн 15-16 жилийн мөчлөг хугацаан дахь нийгмийн бодлого, практик үйл ажиллагааны үр дүнг толь мэт тусган харуулж буй улс төр - эдийн засгийн үйл явц эцсийн дүндээ ард түмний олонхийн /80%/ амьдралыг ядууруулж, ажилгүйдэл, архидалт, өлсгөлөн, өвчин зовлон, гэмт хэрэг, авлига, хээл хахууль, ил далд хүчирхийллийн золиос болгож сөхрүүлсэн сөрөг дагаварт үйл явц болж, цаашдаа ард түмний хувьд улам үгээгүйрэх, зэрлэгших, хүний амьдралын утгын гээгдэх хор хөнөөлтэй эрсдэлийн он жилүүдийг төгсгөлгүй үргэлжлүүлэх, “түүхийн хонгил”-ыг л ухаж байна. Ийм “хүлээн зөвшөөршгүй” үр дагавартай үйл явцыг зогсоох, өөрчлөх, жинхэнэ ардчилал, жинхэнэ хүмүүнлэг харилцаа болгон хөгжүүлэх, нийгмийг уруудуулж буй гажуудалын гамшигаас хэрхэн аврагдах асуудлыг нийгэмд хариуцлагатайгаар тавихгүй ужигруулах нь нийгмийн сэтгэлгээний “гэмт хэрэг” гэж “Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн үзэж буй юм. Ард түмний олонхийн хувьд ямар ч ардчилалгүй  “Ардчилал”-аас хэрхэн аврагдах вэ? Яагаад? гэдэг асуултанд хариулахын тулд, юуны өмнө, нийгмийн маань амьдрал дахь олон Бурууг буюу бодот Үнэнийг үнэнээр нь харах, үнэнээр нь ойлгох шаардлагатай болов.

Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос