Монголоо битгий муул, өөрийгөө зүхсэн хүн сайн явдаггүй!!!
Эрээнээс юм авбал хямдхан гэж боддог хүмүүс байдаг. Гэтэл эрээн ороод, эрээний зочид буудалд 7 хоноод, эрээний хоолны газар хоол идээд, эрээнээс юмаа аваад эргээд ирэх зардал, эсвэл эндээс нэг наймаачинаас шууд худалдаад авах зардал, эсвэл монголдоо хийсэн зүйлийг худалдаад авах зардлыг харьцуулж үзэж байсан уу? Зөвхөн зардал гээд халааснаас гарах хэдэн төгрөгийг харьцуулахаас гадна тэр зардлын цаана байх үнэ цэнийн тухай бодож байсан уу? Эрээний таавчиг 3000₮-р авахад, монгол эсгий углаашаа 4000₮-р авсанаас хямдхан мэт бодогдож байгаа боловч, нэг монгол эсгий углааш хийж байгаа хүний цаана хэдэн монгол хүн амьдралаа залгуулж байгааг бодоод үзвэл 1000₮-ий наана цааний тухай биш 100 монгол хүний амьдралаа дээшлүүлэх тухай асуудал болж хувирна гэсэн үг. Монголын цагаан сар Эрээнийг хөгжүүлсэн гэдэг хошин яриа үнэний ортой. Юм бүхнийг л Эрээнээс авдаг болж байх шиг байна. Хоногийн хоол, өмсөх хувцас, жийх гутал, хутга, шөвөг, шивэртэй оймс, баастай бандааш хүртэл Эрээнээс зөөж байна. Байтлаа бүүр Монгол гэр, Монгол дээлээ хүртэл Эрээнээс худалдаж авахад ойрхон байна. Ингэж даамжирсаар бид нар юу ч хийж чадахгүй хүмүүс болчихвол яах уу? Хятадуудын гарыг хараад суух уу? Хятадууд идэх юмаа зарахаа больчихвол яах уу? Өлсөж үхэх үү?
Ийм муу ёрын юм болгохгүйн тулд Монгол хүн бүр хийж бүтээх хэрэгтэй. Монгол хүн олон зүйлийг хийж чаддаг л байсан. Одоо хийж чадаж байгаа. Ариун цэврийн цаас, уух ус, ундаа, сүүгээ савлаад, ногоогоо даршилчихаж байна. Гутал, хувцас, дээлээ оёод өмсөж байна. Тэгвэл яагаад монгол бүтээгдэхүүнүүд өргөн хэрэглээ болж чадахгүй байна вэ. Монгол хүн бүр Монголоо дэмжих сэтгэлгээтэй болчихвол ажил бүтэх гээд байна. Дор бүрнээ юм сэтгээд хийж бүтээж байгаа, хийх гээд ядаж яваа нэгнээ дэмжихэд л хангалттай. Монгол хүний хийсэн гутлыг жийе, оёсон хувцасыг нь өмсье, бүтээсэн дугуйг нь унъя. Монгол хоолны газар хоол идье, Монгол кино театрт үзвэр үзье, монгол үйлдвэрийн ногоогоо идье, Монголынхоо банкаар үйлчлүүлж, монгол үүрэн телефоноор яръя, монгол ноолуураа өмсье, монгол тавилгаа тавья, монгол оточоорэмчлүүлье, монгол энгэсэгээр гаргаръя, монгол компаниар мэдээлэлтехнологийн шийдлээ бүтээлгэе.
Монгол компаниуд муу үйлчилгээтэй, монгол хүмүүс юм хийж сураагүй гээд л муулах хүн захаас аваад гарах нь мэдээж. Ингэж муулахаасаа өмнө Монгол хүнийг сайн юм хийлгэхийн тулд юу хийсэн бэ гээд өөрөөсөө асуу!!! Монголоо шүүмжил. Гэхдээ бүтээлчээр шүүмжил. Хэрхэн яаж сайжруулах вэ гэж өөриййнхөө толгойг ажиллуулж шүүмжил. Монголоо битгий муул, өөрийгөө зүхсэн хүн сайн явдаггүй шүү дээ!!!
Брэндийн цаг зүүж, гоё ганган хувцас өмсөөгүй ч гэсэн 2 монгол орж ирээд манайд гоё модон хаалга хийж өглөө. Ноорхой ч гэсэн яадаг юм бэ Монгол залуус ажил хийгээд л явж байна. Ажлаа л сайн хийж байвал юу ч өмссөн яадаг юм. Модон хаалга үнэтэй ч гэх шиг. Яадаг юм би Монгол хүнээ дэмжинэ. Монгол хүн үйлчилгээ хийж сураагүй ч гэх шиг. Яадаг юм үйлчилгээ хийж сураагүй ноён зантай хүмүүс л байгаа биз дээ. Үнэхээр ч үйлчилгээ хийж сураагүй байна лээ. Гоё хаалга суурилуулж өгөөд модны үртсээ цэвэрлэхгүй яваад өгч байна лээ. Тэгсэн ч гэсэн яадаг юм. Би Монгол хүнээ л дэмжинэ. Тэгээд хийсээр байгаад гоё хувцас өмсөөд, гоё үйлчилгээ хийж сурна шүү дээ. Монгол хүн модон хаалгаа хийж чадна шүү дээ. Энэ залуус модоор хийх бүх юмийг хийж чадна гэж байна лээ. Монгол хүнээ дэмжээд нэг үзэхгүй юу. Утсыг нь өгчихье. Нямцоо 99036655.
Монголоо битгий муул, өөрийгөө зүхсэн хүн сайн явдаггүй!!!