МОНГОЛООС ҮНДЭСЛЭСЭН МОД
Зарим нэг таньдаг хүмүүс маань эрүүл сайхан амьдарна бас ашиг олно гэж үзээд сүлжээний бизнесүүд хийж байсан. Зарим нь хийх гэж эхлэж байна. Эрүүл байна л гэнэ. Мөнгөтэй болно л гэнэ. Зөв. Гэхдээ эрүүл байх, мөнгөтэй болох арга нь цор ганц энэ мэтээр толгойгоо угаалгаж болохгүй. Би энэ компаниудыг бараг бүгдийг нь сонирхож судалж байлаа. Лекц сургалтанд нь сууж, өөрөө ч хичээл сургалт хийж явлаа. Миний найз нөхөд, миний хуурай дүү нар, ойр дотны хүмүүс ч энэ бизнесийг хийж байсан.
Сүүлд нь би нэг зүйлийн тухай бодож эхлэсэн. Үндэсийн тухай. Хаанаас үндэслэсэн бэ гэж. Хятадууд өвс ургамалаа хүртэл ид шидтэй гэдэгт итгүүлж, сүлжээний бизнес болгож тэрбумаар нь эргэлдүүлж байна.
Энд хэдэн монгол тэрийг нь нэг нэгэндээ зараад баяжиж байна гэх. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Тэр хятад өвс ногооноос нь илүү өвс ногоо монголчууд бидэнд байж л байна.
Удаан бодсоны эцэст өөр газраас үндэслэсэн модны навч нахиаг нэгэндээ зарж ашиг олохоос илүүтэйгээр өөрсдөө монголдоо ямар нэг бизнесийг үндэслүүлэх эсвэл монголд үндэслэсэн модыг улам бүр тордож ургуулж илүү олон монгол хүнийг ажилтай амьдралтай болгох нь үнэ цэнэтэй, утга учиртай ажил гэдгийг ойлгосон. Үндэслүүлж ургуулж чадах модоо бид өөрсдөө үндэслүүлэх ёстой. Үндэслэх боломжгүй, үндэслүүлж чадахгүй модныхоо навч нь байх ёстой гэдгийг л ойлгосон. Монголчууд бидний хийж чаддаг зүйлийг биднээс суралцаж үйлвэрлээд буцаад бидэнд зарж байна шүү дээ. Монгол дээл гутал, авдар сав, ааруул ээзгий, бяслаг сүүгээ хүртэл гаднаас авах шахаж байна. Ер нь хийж чадах хэдэн үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Гар урлал, цагаан идээ, зөгийн бал, хүнсний ногоо, тариа буудай, мах бол экспортолж болохуйц салбар. За бас програмчилж болох бүхнийг програмчилж буй эрин зуунд програм хангамжийн салбар бол маш ирээдүйтэй салбар. Бид цөөхүүлээ учир оюуны үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн хийх тусам олон Монгол хүнийг тэжээж чадна.
Энэ бодол минь биелэж хэдэн монгол залуус технологийн бизнес эхлүүлж, технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхий дамнасан хүчирхэг модыг үндэслүүлэх гэж байгаатай нь хувь заяагаар холбогдсон юм. Бид өндөр ашиг олох гэж өөр хаа нэгтээ цэцэглэсэн аварга модны салаа мөчир, навч нь болж амьдрахыг хүссэнгүй. Харин аварга том модыг үндэслүүлж ургуулах гэж зорьсон юм. Бид одоогоор хүнд гайгуулахаар ашиг олоогүй ч гэсэн БИД бол ҮНДЭСЛЭГЧИД.
МОНГОЛООС ҮНДЭСЛЭСЭН МОД ДЭЛХИЙ ДАМНАН УРГАНА АА