Миний цэцлэл- 1 (Твиттерээс өөрийн зурвасуудыг эмхтгэв)
11 жил, 8 сар өмнө

Твиттэр хэмээх олон нийтийн хуудасыг ашиглаж эхэлснээс хойш өөрийн үзэл бодлыг 140 тэмдэгтэд багтааж товч тодорхой, ончтойгоор илэрхийлэх шаардлага бий болсон. Твиттэрээр 3- 5 сарын хооронд бичсэн (жиргэсэн) зурвасуудаа цуглуулж сэдэвчлэн цэцлэж байна.

Багийн манлайлалын тухай

  1. Бидний хүсэл мөрөөдөл бүгд нэг зам дээр нийлсэн гэдэгт би итгэдэг.
  2. Чи миний ажилтан биш, хоёул нэг баг. Би чиний дарга биш, төлбөргүй зөвлөх.
  3. Багаа захирах гэж бүү оролд! Тархи толгой дотор нь ор, зүрх сэтгэл дотор нь орш!
  4. Залуус маань дарга, захирал, ерөнхийлөгч байж болно оо. Гэхдээ хамтарч, хоршиж, нэгдэж ажиллаж чаддаг дарга, захирал, ерөнхийлөгч баймаар байна.
  5. Мэддэг чаддагаараа дэмжиж, зорилго нэгтэй бутархай ажлуудаа уялдуулж нэг хүчирхэг үйл хэрэг болгоцгооё.
  6. 10-тын дарга 10-таа мэддэг. 100-тын дарга 10 дарга нараа мэддэг. 1000-тын дарга 100-тын дарга нараа мэддэг.

Хүний зан чанарын тухай

  1. Хаалгаа саваад гарахыг ямар ч тэнэг чадна!
  2. Хэн гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй хүмүүсээс хол яв. Эсвэл ойлготлоо зай барь.
  3. Чам шиг хүн чанараа зарж идээгүй, аавынхаа нэрийг үрж уугаагүй, эх нутгийнхаа хэвлийг сэндийлж гудраагүй! Харин авъяасаа зарж амьдардаг.
  4. Хүний итгэлийг алдах л хамгийн том гарз!!!
  5. Хөлийг минь хугал, сэтгэлийг минь сэглэ! Гэсэн ч би хэвээрээ!

Эрүүл мэндийн тухай

  1. Үргэлж түшлэгтэй сандалд тухладаг, дасгал хийдэггүй, нуруундаа ачаалал өгдөггүй бол хэрэглэгдэггүй зүйл хэрэггүй болдог шиг нуруу өвдөж эхлэнэ.
  2. Биеийн аль хэсэг чинь өвдөж байна, тэнд хайр дутсан гэсэн үг. Өвдөж буй хэсгээ илүү хайрла, анхаарал халамж тавь!

Мэдлэгийн тухай

  1. Юмыг хоёрын хооронд мэддэг бол зүгээр л мэддэг хүмүүст нь даатгаад орхи. Хоёрын хооронд мэдлэг чамайг салбадай болгоно.
  2. Эерэг бай, зоригтой бай, зорилготой бай гэх мэтийн хуурай зөвлөгөөтэй, уриалсан шинжтэй, яг яаж хэрэгжүүлэх тухай тодорхой аргачлалгүй, амьдралд үлдэцгүй номнууд олширсон байна.

Бизнесийн тухай

  1. Эмээгийн тест: Өөрийн бизнесээ долоон буудлын Долгор эмээд ойлгогдохоор тайлбарлаж чадахгүй бга бол таны бизнес болоогүй л байна.
  2. Бизнес бол асуудлын шийдэл. Бизнесээ эхлэхээс өмнө ямар асуудлуудыг шийдэхээ сайн тодорхойл. Дэлхийн асуудлыг шийдвэл дэлхийн бизнес болно.
  3. Рекламдаж хүн бухимдуулах ₮-өөрөө нийгмийн 1 том асуудлыг шийдчихвэл оновчтой PR, нэр хүнд болно доо. Хэн хэндээ хэрэгтэй юм хийж ₮ үрвэл!
  4. Хэрэглэгчээ хөгжүүлэх нь компанийн нийгмийн хариуцлагын нэг хэсэг байж болох юм.
  5. Сурталчилгаагаар та бараа зарж болох ч, үнэнч хэрэглэгчийг төлөвшүүлэхийн тулд толгойгоо ажиллуулах хэрэгтэй.
  6. Зөвхөн нэг удаа юм зарж түр зуур мөнгө олох гэж биш, харин алсын хараатай том бизнесээ эхлүүл.
  7. Одоо ч гэсэн шилийн сайн эрс байсаар л байгаа. Одоо тэд адуу хөөхгүй, ухаан хөөнө!

Хувь хүний хөгжлийн тухай

  1. Ажил чинь ял биш, өөрийгөө сорих, нээх, хөгжих боломжууд. Зүгээр л сайн ашиглаад өгөөч, наад ажлаа!
  2. АМЖуулдаг хүмүүсд л АМЖилт ирдэг юм даа!
  3. Хүнээр хүн хийж чадвал хүн хүнд илүүдэхгүй. Хүнээр хүн хийж чадахгүй бол хүн хүндээ гай болно!
  4. Дулаан ялгаруулдаг хувцас гэж байхгүй. Хувцас бол дулаан хадгалагч л юм. Тэр дулаан чинь чамд л бий!
  5. Зарим нэгний саад бэрхшээл нь тархи толгой дотор нь л байдаг.
  6. Эцсийн эцэст бүх асуудлын цаана хүн өөрөө л байгаа шүү дээ.
  7. Нэгэнт өмхөрсөн моднуудыг ургуулахад хэцүү учир үндэслэж буй модыг эхнээс нь зөв ургуул.
  8. Цалингаас илүүтэй чи ажлаасаа юу сурч, өөртөө юу авч үлдэж бга нь чухал. Тэр бүхэн чиний баялаг. Чи юм сурч хөгжиж чадаж бга тохиолдолд хүссэн хүсээгүй үнэ цэнтэй хүн болно. Эсрэгээрээ ажлыг цаг өнгөрөөж цалин авдаг газар гэж бодсоор зэвэрвэл цалингаасаа доор үнэлэгдэх амьтан болно.
  9. Энерги устаж алга болохгүй. Шинээр бий болохгүй. Нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт хувирч өөрчилөгдөнө. Энэ хууль хүнд ч хамаатай.
  10. Чи хэзээ ийм болчихоо вэ? гэсэн асуултанд хариулахад хэцүү байдаг уу? Тиймээ би одоо ийм болчихоод байна зоригтойгоор хариул.
  11. Боловсролыг амьдралд ойртуулмаар байна. Хүнтэй харьцаж чаддаг, юмсыг бодож чаддаг, хайрлах сэтгэл зүрхтэй, мөнгөө зөв үрж чаддаг, зөв алхаж, сууж чаддаг, эрүүл чийрэг биеэ торддог, урлагийн мэдрэмжтэй наад захын амьдрах чадвартай иргэдийг бэлдмээр байна.
  12. Хүнд чадах зүйлээрээ туслаж амьдаръя. Сайхан сэтгэл эргээд сайн сайхан болж дэлгэрэх нь гарцаагүй.
  13. Залуу хүн та болохгүй бүтэхгүйн 1000 шалтгийг биш болж бүтэхийн 1 аргыг л ол.
  14. Өөрийнхөө амьдралыг сайхан авч явж чадаж байгаа хүн бусаддаа үлгэрлэж, урам зориг өгч, зөвөөр нөлөөлж чадна.
  15. Эх орондоо гай болохгүйгээр өөрийнхөө амьдрал ахуйг сайхан аваад явчихаж байвал эх оронч хүн.
  16. Хүн өөрийгөө алган дээрээ тавьсан мэт ажиглаж, шинжиж чадах нэг арга бол тэмдэглэл хөтлөх юм. Өөрөө өөрийгөө дүгнэцгээе!
  17. Хүн өөрийгөө шилгэн хоргонд хийсэн мэт шинжиж чаддагсан бол алдаа нь 2 дахин багасахсан.
  18. Багш минь "Би энэ тайзан дээр гарах ёстой гэж өөртөө хэлэхэд л хамрын ханиад эдгэдэг" гэж хэлж байсан.
  19. Сүүлийн 6 жил өвдлөө гэж 1 өдөр орондоо хэвтээд өнжиж байсан удаа алга. Толгой шархирч байсан ч би энийг хийх ёстой гэж орноосоо өндийдөг. Тэгээд л өвдөж хэвтээгүй байх даа. Хүний итгэлээ гэж!
  20. "Би хэн бэ" гэдэг асуултыг өөртөө тавиад 1 хоног бодоод, 1 орой бичээд үз!!!
  21. Улс төрч болж байж л улс орноо өөрчилж сайхан болгодог юм биш. Өөрийнхөө хийж бүтээж байгаад эзэн болоод хамгийн ойроос өөрчилж эхлэ.
  22. Гадаадад 100 залуу сургаж байгаа зардлаар багшийг нь авчраад 1000 залууг эх оронд нь сургаж болно.
  23. Сайхан гэсэн бүхнийг авчирч наагаад байвал алиалагчаас ялгарахгүй. Хэмжээг нь мэдэр. Хэмжээ, хэмжээ, хэмжээ. Бүү дутаа, бүү илүүдүүл!
  24. Аавыгаа энэ хорвоогоос явахад хажууд нь байж чадаагүй. Ажлаа хийгээд л явж байсан. Гэхдээ аав минь надад гомдоогүй. Аав минь үхэхдээ хажуудаа байлгах гэж чамайг төрүүлээгүй. Хэлсэндээ хүрч, хүн арддаа тустай явбал аав нь үргэлж баярлаж явна гэж хэлж байсан юм чинь, намайг ажлаа хийгээд л явж байхад баярласан л биз дээ. Бурхан өршөөг.
  25. Эхнэр минь төрөх гээд Эх нялхасын 4 давхарт 6 цаг зогсож байхдаа хүртэл өнөөдөр би хэнд юу гэж амлалаа гэж түгшиж байж билээ! Тэр өдөр төрнө гэж би яаж мэдэхэв дээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Ганцхан би л зовоод, зүдрээд байгаа юм биш шүү дээ. Бүх хүнд л жаргал, зовлон байгаа.

Байгаль орчны тухай

  1. Гэрийн чинь гадаа ч гэсэн гэр орон чинь байдаг.
  2. Сүүлчийн дусал усыг та хэнд өгөх вэ?!
  3. Эхийн хэвлийгээс мэндэлсэн бол эх дэлхийн хэвлүүрүү хүйтэн харц бүү шидээч. Байгаль эх цусаар уйлж байна.
  4. Эхийн сэтгэлрүү ус бүү цац 
  5. Эх дэлхийн хэвлийрүү мэс бүү шив.
  6. Нэг л агаараар амьсгалж, нэг л голоос ундаална.
  7. Амьдрах гэр орон, амьсгалах агаар, амсах ус.
  8. Байгаль эхийгээ хайрлавал өвөр дээр нь жаргалтай.
  9. Байгаль эхээсээ та юу авсан. Буцаагаад юу өгсөн.
  10. Улаанаар эргэх тоос шороон дунд өлгийтэй үрээ салхилуулах ээж... Бид байгаль эхээсээ юу авсан? Буцаагаад юу өгсөн?!
  11. Бид өөрсдийгөө аврах гэсээр гэр минь сүйрэхийг анзаарсангүй.

Цахим нийгмийн тухай

  1. Цахим хуудсынхаа зорилгыг сайн ойлгоорой. Мэдээлэл өгөх, харилцах л хангалттай. Хэт ганган хүүхэнд хэн ч ойртдоггүй. Хэт бүү гоёчил, бүү хэтрүүл.
  2. Сошиаль медиа хөгжсөнөөр ажилтан бүр маркетер, борлуулагч байх нөхцлийг бүрдүүлж, байгаль, нийгэмд ээлтэй маркетинг хөгжих суурь тавигдсан.
  3. Та манай хуудаст like дараарай. Хэрэгтэй мэдээлэл өгнө шүү гэх юм. Хэрэгтэй мэдээллээ л өгөөд эхлэ л дээ!

Ж.ЛУВСАНДОРЖ
Яруу сэтгэгч нийгэмлэгийн үүсгэн байгуулагч
Миний Твиттерийг дагаарай https://twitter.com/Luvsandorj