Миний хайртай амьтан-Магадгүй тэр зарим ухамсарт хүнээс илүү ч байж магад...
13 жил, 2 сар өмнө

Гэртээ харихад миний хайртай “банхар” урдаас угтан ирж намайг долоож, сүүлээ шарваад нэг л дотно. Эрхэлж байгаа хүүхэд аятай харц нь ямар зөөлөн гээч. Тэр 13 жил амьдрахдаа энэ зангаа орхиогүй. Намайг хөдөө гадаа, эсвэл уул өөд явахад, орой гэрээс гарахад хамгаалагч минь аятай ямагт хажууд минь даган явдаг. Тэр надад уурладаггүй. Гомдоллодоггүй. Атаархдаггүй. Намайг үзэн яддаггүй. Илүү эсвэл дутуу үздэггүй. Шүүмжилдэггүй. Надад муу санадаггүй. Надад муу зүйл хийдэггүй. Намайг муухай царайлаад, муухай хувцас өмсөөд явж байсан ч хажууд минь хань болон дагаад явж байдаг. Уйтгарлавал намайг ойлгож байгаа аятай гунигтай харцаар яасан юм болоо гэсэн шиг гөлийгөөд таг хараад зогсоно. Би банхардаа ямар их хайртай гээч. Түүнд гоё хоол хийж өгнө. Тэвэрнэ. Илнэ. Өхөөрдөнө.

            Банхар маань хүн шиг оюун ухаангүй амьтан ч гэлээ, заримдаа намайг хүнээс илүү ойлгодог. Бас нэг зангаараа байдаг үнэнч амьтан.

            Гэтэл би өдийг хүртэл хүний нийгэмд амьдрахдаа хайртай банхар шигээ нэг зангаараа байдаг, үнэнч, материаллаг зүйл, харагдах байдалд анхаарлаа хандуулдаггүй, хүний сэтгэлийг мэдэрдэг хүмүүстэй цөөхөн таарч байсан. Урвалт, үзэн ядалт, уур хилэн, атаархал, хууран мэхлэлт, өс хонзон гээд муу бүхнийг хүнээс л мэдэрч байлаа.

Миний хайртай банхар- Магадгүй тэр оюун ухаант хүнээс илүү ч байж магад...