МИНИЙ ФИЛОСОФИ БОЛ БУДДИЗМ МАРКСИЗМ ХОЁРЫН БЭЛЧЭР СЭТГЭМЖ /”Зууны мэдээ” сонины сурвалжлагч, яруу найрагч Б.Цогнэмэхтэй хийсэн Философи сэтгэмжийн ярилцлага/
-Өнгөрсөн хавар “Өдрийн сонин”-д таныг “Ёст хаан Аригбөх” гэдэг том хэмжээний кино зохиол бичээд завгүй сууна, Аригбөх, Хубилай нар үнэн ээ өчих нь ээ гэсэн мэдээлэл гарсныг уншсан. Аригбөхийн түүх маш бүрхэг, судалгаанд хамрагдаагүй сэдэв гэдэг. Ийм балархай жимээр шургадаг тань цаанаа учиртай байх л даа. Түүхийн бүдэг асуудал сонирхолтой санагдаа юу?
-Алив бүрхэг асуудал угаасаа сэтгэлгээг их өддөг шинж чанартай шүү дээ. өөрийнхөөрөө бодох, өвөрмөцөөр шийдэх боломж олгодог учраас сэтгэлгээнд орон зай өгдөг. Тэгэхдээ би түүх сонирхож, сүрхий судалж байгаа хэрэг биш. “Ёст хаан Аригбөх” кино зохиол XIII зууны Монголын түүх, ахуйгаас сэдэвлэсэн реалист чиглэлийн нуруутай ч уран сайхны баяжуулга, хийсвэрлэл, сюрреалист сэтгэмж, хурц драмлаг зохиомж ихтэй, нилээд полипони шинж, хэлбэрийн үйл явдлууд чихцэлдсэн зохиол юм. Зохиолд хэдэн гол шугамууд буюу үйл явдлууд зэрэгцэн өрнөж, тодорхой логик шалтгаанаар эмгэнлтэйгээр огтлолцоно.
-Зохиолын философи санааг товчлон базаж болох уу?
-Энд хэлэх гэсэн хэдэн санаа бий.Монголчуудын ахуй амьдралд “ёстой юм” хэзээнээсээ яагаад ч юм ёсоороо байдаггүй, хэзээ ч ёсоороо болдоггүй зөрж байдаг нэг хачин эмгэнэлт үнэн байсаар ирсэнд гайхширсан нэг санаа бий. Мөн төрийн эрх мэдлийн төлөөх ихэс дээдсийн цуст болон цусгүй тэмцэлд ард түмэн л зэвсэг нь болж ашиглагддаг, ард түмэн л хохирч үгүйрдэг, түүх ухардаг гэдэг санаа ч бий. “Ёст хаан Аригбөх” кино зохиолд би энэ санааг гаргахдаа нэг шинэ, хэцүү зорилго зориуд тавьж байна.
-Тэр нь юу билээ?
-Засгийн эрхийн төлөөх тэмцэл бол дэлхийн уран сайхны сэтгэлгээний нэг сонгодог сэдэв байдаг. Бас засгийн эрх мэдэл, хаан ширээний төлөө тэмцэлд хэн илүү хүчтэй, арга овсгоотой, их нөлөөтэй нь ялдаг түүхэн үнэнтэй ч энд би дээрх үнэнд жаахан шинээр, арай өөр өнцгөөс хандаж байгаа. Энд, төр засгийн толгойд ыуюу төрийн хаан ширээнд бус харин хүний сэтгэлийн хаан ширээнд хэн суудаг вэ гэдэг асуултыг өөртөө төвьж, өөрийнхөөрөө хариулж сууна. Хубилай, Аригбөх хоёрын хийсэн хоёр удаагийн их дайн хэдийгээр Төрийн хаан ширээний төлөө дайн байсан ч, энэ хоёр аймшигт тулалдаанд хоёуланд нь Хубилай ялсан ч энэ тэмцэлд би түүхэн бодит утгаар нь бус, харин ард олны “хайрын хаан”-д чухам хэн, яагаад өргөмжлөгддөг вэ, ялагч өргөмжлөгддөг үү, ялагдагч өргөмжлөгддөг үү гэдэг асуултын утгаар хариу өгч байгаа.Үүгээрээ, дэлхийн сонгодог утга зохиолын нэг сэдэв, Засгийн эрх мэдлийн төлөө тэмцлийн сэдэвт жаахан монгол баяжуулга хийж, нэг алхам ч бол урагшлуулж байгаа гэж горьдоно. Суудлын төлөөх ихэс дээдэс, эрх мэдэлтнүүдийн тэмцэл ард олны амьдралыг дандаа доройтуулдаг, ядуурал, хорсол хонзогнол, бүдэг бүрхэг “хүлээлт”, гутралын сэтгэлзүйд хүргэдэг түүхэн үнэн өнөө ч амьдралд давтагдаж байна.
-Түүх давтагддаг гэдэг дээ?
-Монголын нийгэмд өнөө ч “хүлээлт”-ийн сэтгэлзүй үүсчихээд байна. Манай улстөрчид, судлаачид өнөөгийн нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийн үе шатыг “шилжилтийн үе” гэж тодорхойлж байгаа ч энэ бол минийхээр “хүлээлтийн үе”. Хүлээлт гэдэг бол сэтгэл бодол, идэвхи хүч, ацан шалаанд тээнэгэлзчихээд байж байгаа нөхцөл юм. Нийгэм дэх хүлээлтийн цаг хугацаанд баяр хүлээгдэж байж болох ч энд баяраас илүү айдас эзэмддэг. Их түгшүүртэй шөнө үргэлжилдэг. “Ёст хаан Аригбөх” кино зохиолыг полифони чанартай болгож өгч буй өөр нэг гол санаа бий. Юу гэвэл, Монгол орон газарзүйн байрлал, түүхийн хараалаар ч юм уу ерөөлөөр эх газрын гүнд Орос Хятад хоёр орны завсар зууравчинд хавчуулагдаж үе үедээ хоёр тийш нүд цавчилгүй саравчлах, хоёр гараа тосохдоо тосож, зангидахдаа зангидаж оршин үргэлжлэх хувь төөрөгт тохоогджээ. Монголчуудын бүхий л түүхийн туршид нэг аюул зэрэгцэн оршсон. Энэ өол Хятадын төрийн “хар хайрцаг”-ны нууц хэрнээ ил бодлого! Энэ бодлого юу байдгийг дэлхий мэднэ. Монголыг уусгах, эзлэх, нэгтгэх бодлого. Энэ бодлого нь Монголын түүхийн “нэг номер”-ын “хадны мангаа” байсан. Монголын түүх бол, үндсэндээ, энэ бодлоготой тэмцсэн. Хятадада уусахгүйг эрмэлзсэн, эзлэгдэхгүйг хичээсэн, Хятадаас тусгаар оршихыг чухалчилсан нөр тэмцлийн түүх юм. Хэрэв XIII зууны байлдан дагуулалтын түрлэг үеийг эс тооцвол монголчуудын ахуй амьдралын үнэн нь Хятадаас туурга тусгаар орших, нөлөөнд нь үл автахын тулд хийсэн цэрэг дайны болоод эдийн засгийн хавчлага, боолчлол, худалдаа наймааны дарамт шахалтыг эсэргүүцэн тэмцсэн үйл ажиллагааны ялалт ялагдлын түүх юм гэж үзэж бүрэн болно. Энд би, Хятадын газар нутаг, ард түмнийг манай “number one” байсан гэж хэлээгүй, Хятадын төрийн “хар хайрцаг”-ны бодлого Монголын тусгаар оршлын ил далд заналхийлэл, гол айдас түгшүүрийн голомт байсан гэдэг санааг хэлж буйг минь ялгаж салгаж ойлгоно биз дээ.
-Таныг гаднаас тань харахад их тайван, нийгэмд өрнөж буй зөрчилтэй үйл явц, хэрүүл маргаан, сайхан муухайд нэг их оролцдоггүй, сэтгэл нь хүчтэй хөдөлдөггүй, амгалан хүн шиг харагддаг. Та хэзээ ч билээ, нэг уулзалт дээр өөрийгөө “Би бол өрөөний дияанч” гэж тодорхойлж байсан.та үнэхээр тайван, амгалан амьдарч чаддаг уу?
-Яг үнэнээ хэлэхэд, чаддаггүй л дээ. Нийгмийн үйл явц намайг байнга өддөг, хүчтэй цочроож нойрноос минь хасдаг. Гэхдээ би тайван ханддаг. Ажиглаж, шалтгааныг нь эрж, үйл явцын шинж чанар, зорилгыг нь зөв таних, үр дүнг нь зөв тодорхойлох гэж хүлээдэг. Тэгээп зөвхөн онолын түвшинд, бясалгагч, сэтгэгч уран бүтээлчийн байр сууринаас л хандаж оролцдог. Өөрөөр хэлбэл, практик үйл ажиллагааны түвшинд ажил хэрэгч байдлаар оролцдоггүй, зөвхөн онолын өгүүлэл, трактакт бичиж хэвлүүлэх ч юм уу, сонин хэвлэлд философи сэтгэлгээний ярилцлага өгөх, өөрийнхөө үзэл бодлыг онол эрэгцүүллийн хэмжээнд боловсруулах хэлбэрээр идэвхитэй оролцдог. Тун хойшлуулж болшгүй нөхцөлд ганцаарчилсан мэдэгдэл ч хийдэг. Хүмүүстэй хамт гудамжны жагсаал цуглаанд орж хэлхэлдээд л, индэрт цагаан хоолойгоор хашгичаад л, туг урж хаях ч юм уу толгой дээрээ хийсгэж, улсын түрүүнд жороолоод байдаггүй. Бас сонгуульд нэрээ дэвшүүлэх, төр барилцах гэж зүтгэх, өмч хөрөнгөөр баяжих зовлонгүй замд гарах гэж улайрдаггүй. Энэ зарчим бол ”Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөний онцлог зарчим юм. Энэ хатуу зарчим намайг дотоод ертөнцөө л хөгжүүлэх, сэтгэлгээний чадвараа хурцлах, сэтгэлийн ахуйгаа аглаг дияанчийн хэв, хэмнэлд цагдах, онол-бясалгалын агаарт барих…За тэгээд, элдэв материаллаг арга, тэмцлийн хязгаар туйлшралыг тэвчиж, дотоод амгаланг олох зорилго, агуулгад дасгажээ. Ер нь би хар багаасаа л бие махбодоороо оролцсон минь бага, амьдралын хагацал зовлон, өвчин эмгэг, хатуу хүтүүд биеэрээ бус сэтгэлээрээ л оролцож, нухлагдаж, бодол, сэтгэлийн хөвчүүдээ маш хүчтэй доргиож явсан толгой шүү.
-Та залуугаасаа л нирваан чанарыг олохыг зорьсон юи шиг байна л даа. Бодь мөр, нирваан чанар зэрэг нь Бурханы шашны гүн ухааны гол ойлголтуудын зарим нь байх. Гэхдээ таны ойлголтоор нирваан чанар гэдэг юу вэ. Манай өнөөгийн нийгмийн мөн чанар, бодит амьдралд хэр нийцэх бол?
-Нирвааныг би сэтгэлийн тогтвор л гэж ойлгоод явдаг. Сэтгэл амьдрал ахуйн бодит юмс дээр суурилахаараа баттай, тогтвортой оршиж чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл, цаад юм нь хувьсамтгай, хөдөлгөөнтэй, чинагуух үнэнээрээ байгаа ч биш, байхгүй ч биш, бие биенээсээ шалтгаалан бүтсэн нөхцөлт чанартайгаар оршиж байгаа юм. Сэтгэл юун дээр хамгийн их тогтвор олж байна ва гэвэл, юмс үзэгдэл хоосон чанартай гэдэг бодол дээр л хамгийн сайн тогтвор олно. Юмс өөрөө дан дангаараа бүтэж чадахгүй. Ингэхлээр, байгаа нь бодитой бус, үнэн бус, бодит үнэн хаана байна вэ гэвэл, тэр нь юмс бусадтай харьцаж, бусдаас хамаарч, тэдэнтэй үүсгэсэн харилцаа, шүтэн барилдлагын үндсэн дээр оршин тогтнож байгаа гэдэг нь бодит үнэн юм. ”Байна”,“Байхгүй” гэх хоёр хязгаарыг арилгаж, бүх юмс бие биеэсээ хамааралтай, бие биедээ эх, үүтгэл болдгийг нотолдог шүтэн барилдлага нь “нэг юм нөгөөгүйгээр оршихгүй, ингэхлээр, хоосон чанартай!” гэдэг логик гаргалгаанд хүргэнэ. Юмсын хоосныг танин барих нь л сэтгэлийн хамгийн бөх тогтолт байж чадах юм.
-Хэрэв таны гаднах төрхийг нэвтлээд дотогш өнгийвөл ямар хөг аялгуутай, ямар өнгөтэй байх бол. Гол өнгө нь, Улаан, цэнхэр, хар, цагаан…ямар спектер голлох бол?
-Бүх өнгө л бий байх даа. Хурц, гил хар өнгө ч бий! Тэр хар өнгө алт мэт гялалзах ч цаг мөч байдаг л юм. Тэгэхдээ бүгд хоорондоо орчилдож сүлэлдээд, нийгмийн амьдралын хүчтэй татах хүчний үйлчлэлээр цэнэглэгдэж эргэлтэд ороод ирэхээрээ бүх өнгөний эх болсон цагаан өнгөнд л нэгдэнэ. Цагаан өнгө миний сэтгэлийн мөн чанарын өнгө болоод хэлбэр.
-Өнгө хэлбэртэй гэж үү?
-Өнгө тодорхой орон зайг дүүргэж, эсвэл тарж, тодорхой нэг дүрст биеийг хүний нүдэнд харагдуулж буй тохиол нь өнгөний хэлбэр юм.
-Та эдийн засгийн эргэлтэд оролцдог нийгмийн баялагт үнэ тогтоодгийг, бас эд юмсыг үнэлдэг болсныг хүн төрөлхтний түүхийн “Гурван том алдаа”-ны нэг гэж номлодог.Энэ номлол надад эргэлзээтэй санагддаг. Эд юмыг үнэлэхгүйгээр, үнэ цэнийг нь ойлгохгүйгээр яаж нийгмийн харилцаа үүсэх юм бэ?
-Энд нийгмийн харилцааны хоёр моментыг авч үзэх хэрэгтэй л дээ. Нэгдүгээрт, хүний амьдрал гэдэг биологи утгаараа ч хэрэгцээ юм. Хүний хэрэгцээг хангагч анхдагч өгөгдөаүүн нь байгалийн юмс, хүний хөдөлмөр юм. Байгалийн юмс буюу Бурханы бүтээл хүмүүст угаасаа үнэгүй, бэлэн хэрэглэгдэхүүн, “бэлэг” хэлбэрээр өгөгдөж байгаа. Цаана нь хүний өөрийн нь хөдөлмөр үлдэж байна. Хүн мөнгөтэй амьдрах гэж, хуримтлал үүсгэх гэж, өмч хөрөнгө эзэмших гэж хөдөлмөрлөж байгаа ч юм биш, амьдралынхаа хэрэгцээг хангах л гэж хөдөлмөрлөж байгаа юм. Хэрэгцээ л хүнийг хөтөлдөг. Ганц мод гал болдоггүй шиг ганц хүн дангаараа яаж ч хөдөлмөрлөөд бүх хэрэгцээгээ хангаж чадахгүй. Орчин үеийн чоёлт хүн төрөлхтөнд ухамсарт амьдралынхаа хэрэгцээг хангахад нь арван сая нэр төрлийн үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэгтэй гэж гадаадын нэг эдийн засагч тооцож гаргасан байна лээ.Хүний хэрэгцээг хүн өөрөө ганцаараа бус бусад хүмүүс, бусад олны хөдөлмөрийн үр бүтээл хангаж байгаа юм.Хоёрдугаарт, нийгмийн амьдрал бол тоо томшгүй олон хувь хүмүүс, иргэдийн хоорондын барилдлага юм.Энд гол хууль нь –хүмүүс бие биедээ харилцан үйлчилснээр, хамтран ажилласнаар, бие биедээ тусалснаар нийгэм оршин тогтноно.Энэ том шүтэн барилдлагын анхдагч үндэс нь, бас л хүмүүсийн хөдөлмөр! Нэгэнт нэг нь нөгөөгийнхөө амьдралын хэрэгцээг өөр өөрсдийн хөдөлмөрөөр хангаж, нэгнийхээ дутууг нөгөө нь хөдөлмөрөөрөө нөхөж, нийгмийн харилцаа, бүтцээ хөгжүүлж байгаа учраас хүмүүс хөдөлмөрөө бие биедээ худалдахгүй, зүгээр л харилцан бэлэглэж болохгүй гэж үү?
Баялгийг баялаг нь ч бүтээж буй бус хүний хөдөлмөр л бүтээж буй. Хөдөлмөрөө бие биедээ үнэгүй бэлэглэдэг ёс суртахуунтай амьдралтхй болчихвол ямар ч үнэ өртөггүй “бэлэг” болно.Үнэ өртөггүй, тэгэхдээ хүнд асар хэрэгтэй, анхдагч хэрэгцээтэй юм л хамгийн үнэтэй юм мөн.
-Таныг үнэнч Буддист гэмээр. Гэтэл заримдаа Христианствог хүчтэй цухалзуулах. Марксын үзэл сурталтай социализмын үед таны оюун санааны орчин төлөвшсөн гэхэд та шашны үзлээр ертөнц, амьдралд хандаж байдаг тань хачин санагдах юм. Буддизм, Христианство хоёр таны дотоод ертөнцөд зөрчил үүсгэдэггүй юм уу?
-Тийм ээ, чиний энэ асууж байгаа өнцгөөс намайг гайхах, бас асууж сонирхох хүн ч таардаг. Буддизм Христианство хоёрын философи нь гол онол эш дээрээ зөрдөг. Ертөнц, юмсын үүсэл, хөгжлийн онол, Бурханыг ойлгох ойлголтонд нь маш ноцтой зөрөө бий. Бурханы шашны гүн ухаанд ертөнц, юмсыг өөрийнхөө дотоод зүй тогтлоор, шалтгаан, нөхцлийн шүтэн барилдлагаар, үйлийн үрийн эрхээр үүддэг, хөгждөг, мөхдөг гэж үздэг. Христын шашны үзэл онолоор болохоор бүх юмс, тэнгэр гэзэр, гэрэл харанхуй, хүн амьтад, ургамал ногоо цөм Ертөнцийн эзний санаагаар бүтсан, юмс орших, эс орших нь гагцхүү Ертөнцийг бүтээсэн тэр Бүтээгчийн тааллаас хамаарна гэж үзнэ. Бурханыг ойлгох ойлголт дээрч том ялгаа илэрдэг. Буддизм Бурхан гэж тусгай, бодитой юм байхгүй, Бурхан гэдэг бол хүний сэтгэлийн чанар юм гэж ойлгодог. Амьтан бүрийг хайрлах, нигүүлсэхүйн дээд хутгийг олж гэгээрсэн, амьтан олонд аврал тус болж чадах эрдэм төгссөн хүн бүхэн Бурхан мөн гэж номлодог.
-Тэгвэл Христын шашинд юу гэж үзэж байна?
-Бурхан гэж бий,тэрбээр бодитойгоор оршиж, ертөнцөд оршигч бүгдийг бүтээж байдаг бүтээгч үүтгэл юм. Түүнд хүрэх ганц л зам бий,тэр бол Есүсийг өөрийнхөө жинхэнэ эүэн, Аврагчаа гэж үнэн голоосоо итгэх итгэл үнэмшил юм гэж номлодог.Хоёр шашны энэ эш үзлийг задлаад гүнзгийрүүлээд бодоод байхаар Буддизм нь илүү их философилог, Христианство нь илүү их шашинлаг үзэл суртал шиг санагдаад байдаг юм.харин хүний оюун бодол, сэтгэл санааны ертөнц рүү нэвтрээд ирэхээрээ хоёулаа ав адилхан маш хүнлэг, ёс суртахуунлаг, эд юмсыг ч, хүнийг ч хайрлах, энэрэх, өрөвдөх, туслах үнэнхүү Бурханы бодь сэтгэлээр нигүүлсэн амьдрахыг хүний амьдралын үндсэн хууль болгодгоороо үндэс нийлдэг юм.Буддизм Христианство хоёрын аль алинд нь аугаа хүмүүнлэг зарчим бий.Хоёуланд нь “Бурхан бол хайр, бас, зөв амьдралын зам” гэсэн нэгэн язгуурт үндэс байна.Энэ нэг үндэс Буддизм Христианство хоёрын философи онол эшийн зөрчлийг миний сэтгэл зүрхэнд арилгаж, хооронд нь нэгдүүлж нэгтгэж байдаг юм.
-Ингэхлээр, та шашин шүтлэгийн олон урсгалуудад их плюрал үзлээр ханддаг юм шив дээ?
-Тийм шүү, үнэхээр тийм! Би өөрөө өвөг дээдсээсээ бөөгийн мөргөлтнй, олон үе дамжсан бөө удамтай хүн. Байгал дэлхийгээ амьтай, сүнстэй, нүдтэй, халуун амьсгаатай амьд цогц гэж үзэж сүсэглэдэг. Гэм хийвэл, ухаж төнхөж гомдоовол уурлах вий, хорлох вий! гэж айдаг.Өглөө бүр цайныхаа дээжийг мөнх хөх тэнгэртээ, уул усныхаа эзэд савдгуудад өргөж залбирдаг, газар лусын тарни уншиж аргаддаг. Ан амьтан алах, өвс цэцэг хамаагүй тасдах, мод хугалах, чулуу хөдөлгөхийг цээрлэдэг шүү!
-Ийм шашинлаг үзэл бодол, амьдралын заншил, зуршил тань таныг амьдралд хүлцэнгүй хандахад хүргэдэг байх даа. Бас таны Марксист онол, нийгмийн амьдралыг үнэлэх цэгнэх марксист байр суурь тань өнөөгийн зах зээлийн нийгмийн хуульд өдөр бүр дарлагдах юм шиг!
-Хүний амьдралын хувь тавилан нь л дээд хууль шүү дээ.Хувь тавилангаараа, үйлийнхээ үрээр ирж байгаа зовлонг ч, жаргалыг ч би хүлцэнгүйгээр хүлээж авдаг. Хүлцэнгүй байлаа гээд миний амьдрал бусдаас өчүүхэн байгаагүй, эмзэглээд байх хэмжээнд доошоо гудайгаагүй. Монголд хэн ч өөрийгөө миний дээр тавьж зүрхлэхгүй, нөгөө үзүүрээс, хэнийг ч би өөрийнхөө дор тавихыг өөртөө зөвшөөрөхгүй. Энэ миний шашинлаг зарчим. Харин Марксист байр суурины тухайд гэвэл, эдийн засгийн харилцааны хамгийн зөв, жинхэнэ шинжлэх ухааны онол бол таваарын /бүтээгдэхүүний/ нэмүү өртгийн механизмыг нээсэн, капитал, хөлсний хөдөлмөр хоёрын мөн чанарын зөрчлийг илчилсэн Марксист онол гэж үзсээр байгаа шүү дээ. Би бол яахав, Марксизм,Буддизм хоёрын завсархи хавчуурга юм.
Амьдралыг аль алинаар нь ойлгодог. Марксынхаар амьдрал бол тэмцэл. Буддагийнхаар, амьдрал бол хүлцэл, хүслээ тэвчихүй юм. Энд харилцааны хамгийн зөв тэнцэтгэлийг олох нь чухал. Энэ тэнцэтгэлийн үл мэдэгдэгч нь нийгэм, бусад хүмүүс тул уг тэнцэтгэлийг бодох аргачлал нь хүнийг зөв ойлгож, гүнээ хүндэтгэж харьцах харьцаа л юм. Хүний амьдрал гэдэг чинь олон тулгуур дээр тогтож байгаа юм шүү дээ.
-Тухайлбал, таныхаар, тэр тулгуурууд юу юу байна. Нийгмийн, хувийн, байгалийн …тэр байтугай, галлактикийг гээд олон нуугдиал хүчин зүйл байна уу.Эсвэл …бүхний мэддэг мөнгө?
-Мөнгө ч…/инээв/ хүчтэй байна шүү. Маш хүчтэй улстөр хийж байна. үзэл суртлыг дарангуйлж, захирч байна. Мөнгөний эдийн засаг, улстөр хувийн өмч, үйлдвэр үйлчилгээг хөгжүүлсэн ч, хүний дотоод байгууламжуудыг муухай хорлонтой эвдэж устгаж байна. За энэ ч яахав, хичнээн яриад ч тусаа барсан асуулт. Орхисон нь дээр. Харин хүний амьдралын жинхэнэ утга, зорилгын талаар жаахан философидвол надад сонирхолтой байна.
-За, тэгье! Хүний амьдрал хүнд хамаатай юу гэсэн шиг өнөөгийн хүмүүс амьдралын тухай янз янзын л ойлголттой байдаг?
-Хүний амьдрал олон багана дээр тогтоно оо. Хамгийн бөх, цул, хүчирхэг багана нь гэвэл, хүний зөв, ариун сэтгэл байгаа юм. Хүний амьдралын хамгийн өндөр оргил энэ багана дээр босдог, бас түүн дээр оршдог. Өөр нэг гол багана гэвэл зорилго байна.Хүний амьдралын хамгийн том зорилго бол өөрийгөө Бурханд аль болохоор ойртуулах, мөн чанараа Бурханы мөн чанартай нэгтгэх, хүмүүст Бурханы өгдөг хайр, аврал,итгэл, тусыг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, аль нэг хүний амьдрал өөрөөсөө гадна маш олон хүмүүст хэрэг болсон байх ёстой. Маш олон хүмүүст жаргал бэлэглэсэн байх ёстой. Хүн хэчнээн олон хүнийг жаргаана, өөрөө төчнөөн их жаргана. Хамгийн олон хүн жаргаасан хүн л өөрөө хамгийн их жаргалтай амьдарна. Ер нь амьдралыг том, хэцүү зорилго л сайхан болгож байгаа юм шүү дээ. Зорилгоо биелүүлж чадсан хүнд үхэл ч бас сайхан. Харин зорилгоо яаж биелүүлэх вэ гэдэг нь амьдралын нэг багана болох ёстой. Энэ багана бол шудрагаариун хөдөлмөр. Хөдөлмөргүй амьдрал бол идээ нь хоосон самрын хальс л гэсэн үг шүү дээ. Ер нь амьдралыг соёл л гэж ойлгомоор байгаа юм даа. Соёл гэдэг хүмүүн оршихуйн дотоод, гол чанар юм. Тэр хүний дотоод гэгээрэл дээр тогтдог, чинад чанарын үзэгдэл юм. Амьдралыг соёл гэх утга агуулгаар нь ойлгон хандвал, энэ маань зөвхөн мэдээлэл, мэргэжлийн мэдлэг чадварт тулгуурласан жирийн боловсрол, компьютер, интернет ашиглалтын сухцаас хавьгүй илүү дээд шатны оюун билгийн задралтын шатан дахь нийгмийн үзэгдэл.Оюун санааны хөгжлийн энэ түвшинд эд материалын хэт үйлдвэрлэл, утгагүй хэрэгцээ үгүйсгэгддэг.
-“Утгагүй хэрэгцээ” гэж та юуг хэлж байна вэ?
-Дээр өгүүлсэн ухаалаг, бурханлаг зорилго тавьж амьдрахад огт хэрэггүй, хүний философийн шаардлагаас илүүдэл хэрэглээг хэлж байна. Хүн хэчнээн оюунлаг, дотоод ертөнц нь хэчнээн гүн, амьдралын нь зорилго хэчнээн төгөлдөр байх тусмаа гадаад ахуйн нөлөөллөөс төчнөөн ангижирч, эд материалын хэрэгцээ, хэрэглээ нь минимум хязгаар руу тэмүүлдэг.Харамсалтай нь, бидний амьдарч эхэлсэн энэ нийгэм, энэ зах зээлийн харилцаа дэндүү муухай атейст, хатуу прагматик амьдралын харилцаа юм.Атейст /шашингүйн үзэл/ прагматик гэдэг нь юунаас их мэдэгддэг вэ гэхээр, хүнийг зөвхөн уурагт махбодын оршихуйн цагираг дотор л ойлгодог. Хүнс хоол идэх хэрэгцээтэй, үржих, үр удмаа үлдээх биологийн хэрэгцээтэй, өмч хөрөнгө эзэмших эрхзүйн болоод санхүүгийн эх үүсвэрийн хэрэгцээтэй ухамсрын бүтэц буюу зөвхөн бодисын солилцооны үрээр оршин амьдрах амьд бие махбод гэж ойлгодог.Гэтэл хүн бол зөвхөн бодисын солилцоо явагдсанаар амьдарч орших нь ч бус, хийн солилцоо, далд эрчим хүчний солилцооны нэгдэл дээр амьдрал нь хангагддаг олон давхар бүтцэт нийлмэл тогтоц юм.Хүний амьдралд нийгмийн үйлдвэрлэлээс авч хэрэглэж байгаа эд агуурс, бодит хэрэглээний үнэт юмсаас гадна үнэгүй хэрэглэдэг хийбод юмс, материаллаг бус хүчин зүйлүүд зонхилох үүрэгтэй оролцдог.Эдгээрийн нэг нь галлактикийн орчих хөдөлгөөн, од эрхсийн байрлалын нөлөө, сансрын эрчим хүчний эерэг, сөрөг үйлчлэлийн бодитой үр дүн байгаа юм. Галлактикийн болоод сансрын эрчим хүчний урсгал, хүний био эрчимийн харилцан үйлчлэл, эерэг сөрөг хүлээн авалтын нэгдэл нь хүний бие махбодод ч, сэтгэл санааны төрх төлөвт ч, үйлдэл, үйл ажиллагааны шинж чанарт ч хүчтэй долгион, таталт түлхэлт үүсгэж бараг амьдралын нь зам, заяа төөргийг тодорхойлох, магадгүй, удирдах хэмжээнд “Нууц код”-оор оролцдог зарчим хадгалагдаж байдаг шиг байгаа юм. Энэ “нууц код”-той сансрын мэдээлэл, эрчимийн урсгалын далд ивээл, хорлол зэрэг нь хүний нүдний үзэх чадвараас хамаагү й дээш квант чанарын хууль зүйтэй “удирдах хүч” болж хүний амьдралд оролцож, одоогоор шинжлэх ухаанд бүрэн нээгдээгүй, танин мэдэгдээгүй ахуй, бүтцээр хүний зүүд, зөн совин, уураг тархины бор бодис дахь пара-нейро эс болон эсийн бүтцээс нарийн зохион байгуулалттай дэд бүтцүүдэд мэдээлэгдэж, сэрэгдэж, тэгээд хүний үйл ажиллагааг өөрт нь мэдэгдэхгүй өдөөж, хүний үйлдсэн үйлийн нь хариу болгон захиран залж байдаг юм байна гэж итгэдэг болчихсон.
-Одоо хоёулаа Монголынхоо өнөөгийн нийгмийн амьдрал руу жаахан орж ярилцвал ямар вэ. Тухайлбал, Монголын ардчиллыг та ямар түвшинд байна гэж үздэг вэ. Улстөрийн болоод эдийн засгийн хүрээнд соёл-урлаг, хэвлэл мэдээллийн салбарт гээд задалж яривал ямар вэ?
-Ардчиллын хөгжлийг нийгмийн харилцааны салбаруудаар ангилаад харахаар янз бүрийн түвшин харагддаг. Тус тусад нь салгаж ярина гэвэл хоногийн яриа болно. Тэгэхээр, салгаж задлах бус, харин нэгтгэж базаад ерөнхий шинж чанар, дүн нурууг юу гэж дүгнэдгээ хэлье. Үүнийгээ ганц өгүүлбэрээр хэлбэл, нийгмийн амьдралд ардчилал шиг хэрэгтэй юм, хэрэгтэй Бурхан байхгүй атал монгол дахь “ардчилал” нийгэмд ардчилал шиг хэрэггүй юм, ардчилал шиг ад зэтгэр, санаандгүй гай байхгүй болтол нь ардчиллын утга чанарыг гажуудуулж байна. Монголын ардчилал бол ард түмэнгүй ардчилал юм. Манай хөөрхий ард түмний 80 хувь нь ядуу, тэдний тал хувь нь бүр үгээгүй хоосон, нийгмийн баялгийн хуваарилалтаас шудрагаар хүртэж чаддаггүй, эдийн засгийн эрх чөлөөгүй, амьдралын дарамтад өдөр шөнийг нойтон голтой өнгөрөөдөг. Тэдэнд хүний бодит эрх, эрх чөлөө, амьд явах урам зориг ч байхгүй. Тэд хүнэрхүү амьтад байна уу, адгуус араатан шиг амьтад байна уу, үхдэл хүүр болоод шороонд булуулна уу, Монголын ардчилалд ер пад байхгүй. Тэд зөвхөн сонгуулийн өдөр л санал өгөх “үүрэгтэй”, зөвхөн “сонгогч” гэдгээрээ л хэрэгтэй, хаа нэгтээх тойргийн анхааралд өртөж “тооцоологддог” “хоёр хөлт-сүрэг!”. Гэтэл “Ардчилсан Монгол”-ын хүн амын дөнгөж 4-5 хувь нь л хүний амьдралаар, “нийгмийн гишүүн”-ий ахуй амьдралаар амьдрах эрхтэй, үхэхгүй урт наслах эрхтэй, хууль зөрчих эрхтэй, нийгмийн баялгаас хүссэнээрээ өмчлөх эрхтэй, Сонголын ард түмний болоод Монголын түүхийн ямар ч үнэ цэнэт баялгийг хувьдаа эзэмшихээр луйвардах эрхтэй, хөдөлмөрийн бус аргаар оюунгүй толгойнхоо овсгоо залиар, авилга хуйвалдаанаар хэдэн үе удмаараа эдлээд үл барах хөрөнгө, хуримтлал гадаад дотоодод нөөцлөн хураах эртнй амьдарч байна.Ийм мөн чанартай, үр дүнтэй, ард түмнийхээ олонхийг хүний тооноос хассан эдийн засгийн механизмтай ардчиллын тогтолцоог би шийдвэртэй эсэргүүцэж байна.“Хувьцаа” нэрээр тараасан хоёр сая нэг зуун мянган “өнгөт цаас” өнөөдөр зуу гаруйхан хүний халаасанд л эргээд төвлөрсөн байна.Ийм “ардчилал” гэдэг хамгийн хүчирхэг дарангуйлал мөн.Монголын ард түмний наян хувь нь хөрөнгөлөг цөөнхийнхөө эдийн засгийн терроризмд эрсдэн аж төрж байна.Энэ бол дайн, аллага хоёрын дараа орох харгислал юм. XXI зууны эхний Монголын нийгмийн үндсэн шинж төрхийг өнгөрсөн зууны 80-90-ээд оныхтой нь хүн амынхаа 70-80 хувийн нь ахуй амьдралын хэв шинжээр харьцуулж ажиглавал, монголчуудыг нэгд, архичин үндэстэн, хоёрт, хулгайч үндэстэн, гуравт, оюуны тураалтай үндэстэн, дөрөвт, ажилгүй гуйлгачин үндэстэн болгосон үр дүн л ажиглагдаж байна.Хэн нэг судлаач, шинжээч нийгмийн хөгжлийг тодорхойлох дүгнэлт хийхдээ, нийгмийн харилцааны цөм бүтэц болсон хүмүүс мөн чанараараа хэн болов гэдэг үзүүлэлтээр дүгнэлт хийх ёстой.Манайд бүтээгч нийгэм байсан бол хэрэглэгч, авилгач нийгэм болов. Энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл, бид бүтээн байгуулагч, хөдөлмөрчин үндэстэн байсан бол дээрх дөрвөн шинжээр тодорхойлогдох үндэстний трансформацид орж хувьсчээ гэсэн үг. Дээр нь нэмээд хэлэхэд, хүн жинхэнэ капитал байсан бол ихэнх маань хүн чанараа алдсанаар монгол хүний үнэт чанар “дэлхийн зах зээл”-д тэглэгдэх нь байна шүү дээ.
-Эдийн засаг байнга өсөөд байгаа шүү дээ.Гадаадын хөрөнгө оруулалт зээл тусламж, ОУВС болон дэлхийн санхүүгийн байгууллагуудын хөнгөлөлттэй зээл их хэмжээгээр нэмэгдэж, ДНБ, хүн амын дундаж орлого, төсвийн орлого өссөөр л байгаа. Инфляци ч тогтмол буурч байгаа гэж мэдээлдэг!
-Яахав эдийн засагт ахиц гарч байгаа байгаа юм байна.Үйлдвэрлэл өсч, ДНБ жилд 8-10 хувиар өсч, хүн амын мөнгөн орлого 1000 ам.доллар руу тэмүүлж байгаа юм билээ. Дэлхийн эдийн засагт хөгжлийн түвшинг эдгээр үзүүлэлтүүдээр жишдэг болохоор манай эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг чиглэлтэй байгаа нь байгаа л юм байна.Гэвч энэ хөгжил бол бүтээлийн хөгжил биш бүрэлгэл, сүйтгэлийн “хөгжил” юм.
-Яагаад гэж асуумаар санагдлаа?
-Энд монголчууд бидний хүч хөдөлмөр маш өчүүхэн хувьтай. Монголын газар шороо, эх нутгийн маань хэвлийд агуулаастай эрдэс баялгаас л орж буй орлогын “хөгжил” болохоос бид хөдөлмөрөөрөө цогцлуулсан бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өсөлт, хөгжил биш шүү дээ.Энд юу байгаа вэ гэхээр, аанай л өнөө Бурханы бүтээл. Монгол нутгийн хөрс шороонд бэлэн зэхээстэй “бүтээгдчихсэн байгаа” зэс, алт, цайр, хар тугалга, нүүрс, төмрийн хүдэр, мөнгө, ой мод, элс хайрга, өвс ургамал, самар жимс л байгаа. Эдгээр байгалийн баялгаа, хэдэн малын маань буян болох арьс үс, ноос ноолуурын экспортын үнийг өсөлтөөс орж буй орлогын санаандгүй, азтай “хөгжил” л монголын эдийн засгийн дотоод “тогтвортой” өсөлт, хөгжилт мэт харагдаж байна.Энэ бол нөгөө талаасаа, газар нутгаа цөлмөсөн, орших ахуйгаа сүйтгэсэн “ойрын хараатай” наймааны бохир орлогонд л алгаа ташиж байгаа хэрэг. Зүйрлэж хэлэх вм бол, хөлөө тайрч хаяад, гадаадаас тусламжинд ирсэн, гоё, хурдан тэргэнцэрт суусандаа баярлах тай л адил! Өнөөдөр мөнгөөр хэмжигдэж, үнэлэгдэж буй орлогоосоо хэтдээ ямар ч үнэ өндөр ханштай гадаад валютын ямар ч их нөөцөөр нөхөхгүй гарлага байж мэдэх юм.Хүн амын дундаж мөнгөн орлого 950 ам.доллар болж байгаа үзүүлэлт ч маш маапаантай үзүүлэлт.Хүн амын давхрагын бүтцээр нь задлаад үзвэл 80-85 хувь нь 150-200 хүрэхгүй ам.долларын орлоготой, амь торгоож суугаа.харин 10-15 хувь нь л юун мянган ам.доллар байтугай 150-200 мянган ам.долларын орлоготой цулайж хэвтээ. Гэхдээ энэ цулайсан амьдрал, орлогын эх сурвалж нь бохир үйл ажиллагаа, авилга, хээл хахууль, аймшиггүй нүгэл, гэсгээл шийтгэлгүй гэмт хэргийн үйлдлүүд ыайгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй дээ!
-Жинхэнэ, зүй ёсны гэж үзэж болох гарц юу байна вэ.таны харцанд юу сүүмэлзэж байна?
-Хөгжлийн гарц бол гагцхүү хөдөлмөр л дөө. Хөдөлмөрлөдөг, бүтээдэг ард түмэнтэй улс орон л хөгжинө.Үндэсний бүтээмжээр, бүтээгч чадвараараа үндэстнийхээ материаллаг болоод оюун санааны эрэлт хэрэгцээг хангадаг дотоод бааз суурьтай, арга туршлагатай, үйлдвэрлэлийн динамик бүтэцтэй, сэтгэлгээний өндөр хурдтай, тэгээд ийм чадвар, ийм үйл явцыг хангаж чадах, удирдан зохион байгуулж чадах чадварт хүрсэн төр засагтай улс орон л жинхэнэ хөгжилд хүрнэ.Товчдоо, бүтээдэг ард түмэн л гоо сайхан амьдарна.Хөгжлийн хэмжүүр нь. Хүрэлцээтэй эд баялагтай ахуй нөхцөлийн дээр хүмүүсийн гоо сайхан амьдрал байх ёстой.
-Тэгэхээр гоо сайхан амьдрал гэдэг нь ямар хүрээг хамрах вэ?
-Оюун сэтгэлгээний хүчирхэг чадвар, сэтгэлийн гэгээрэл, ёс чуртахууны бурханлаг чанар зэрэг хүний хөгжлийн дотоод, гүн давхрагуудыг хамарна.Өөрөөр хэлбэл, юмс үзэгдлийн үнэнийг биеэ дааж сэтгэн бодож чаддаг, хулгай хийдэггүй, худлаа хоосон ярьдаггүй, бие биеэ үгээр болон мэсээр алдаггүй, өөртөө хэрэгтэйг өөрсдөө бүтээж чаддаг ард түмэн бол хөгжлийн хөгжилтэй ард түмэн.Ийм ард түмэн хамгийн хүчирхэг байдаг.Харин хэрэгтэйн хэмжээ, масштаб их, бага байж болно.Эд баялгийн хэрэгцээ, хэрэглээ нь бага хэмжээтэй, цөөн номенклатуртай байх нь хамаагүй.Энэ бол тийм ч сөрөг үзэгдэл биш.Гагцхүү оюуны, дотоод ертөнцийн хөгжлийн хэрэгцээ, шаардлага нь олон талтай, нийлмэл, гүн байх нь чухал.Ийм ард түмэн хамгийн баян ард түмэн байх болно.
-Тантай удалгүй уулзсаных эх орон, эх оронч үзлийн тухай яривал ямар вэ.Таны одоо бичиж буй “Ёст хаан Аригбөх” зохиол ч энэ талаар өгүүлсэн юм шиг байна?
-Эх орон маань нэг л өрөвдмөөр, уйлмаар харагдаад гунигтай л байх юм байна шүү дээ.Монгол гэдэг сайхан нутгийг…Бурханы энэ хосгүй бүтээлийг өнөөгийн монголчууд гэдэг үндэстэн даанч муухай эдэлж байна.Даанч балмад, харь, хүйтэн цэвдэг сэтгэлээр эзэмшиж, өмчилж, хувьчилж, даанч олхиогүй эзэд нь болон хувирч байгаад гунихрах юм.Их л харамсалтай, амьдралаас заримдаа татгалзмаар, эмгэнэлтэй буруу түүхийн гэрч болж амьдарцгааж байна шүү дээ.
Монгол гэдэг үзэсгэлэнтэй нутаг, баатарлаг үйлсийн өв зузаан түүхтэй улсын өнөөгийн иргэдийн ихэнх нь ядуу амьдралтай, хийх ажилгүй, сурсан эрдэм олсон олзгүй, нөгөө хөрөнгөлөг цөөнх нь болохоор сэтгэлгээ, сэтгэлийн хөгжлийн хувьд мунхагийн харанхуйгаас хагацаагүй хүмүүс. Тэдэнд уг нь өмч хөрөнгө бус оюуны, сэтгэлийн “ариун цэвэр” хэрэгтэй байгаа атал тэд эд агуурс хуримтлуулаад л, өнгө зүсээ, унаа байраа гоёод л байх юм.Оюун, сэтгэлийн “ариун цэвэр”-ийг шинжлэх ухааны томъёогоор дианектика гэдэг юм гэж дуулсан.
-Дотоод ертөнцөө цэвэршүүлэх, цэвэр ариун байлгах нь юуны төлөө вэ гэдгийг бусдад хэлээч?
-Хүний хөгжлийн шатны эхний гишгүүр шүү дээ. Гэтэл манай хөрөнгөт элементүүд энэ анхны гишгүүрт ч хүрч гишгээгүй байж л хөрөнгө мөнгөнийхөө “гишгүүр”-ээс л шууд улстөр рүү үхэлдээд орчих юм.Ийм “улстөрчид” чинь сэтгэлгээний чадавхийн хувьд, дианектик хөгжлийн түвшний хувьд зүгээр л улстөрийн “протозейнүүд” болчихдог. Үүнээс шалтгаалаад эх орны маань улстөрийн тогтолцоо явган хэрүүл маргааны “тойруулга” болж ажил нь гацдаг, төрийн үйл ажиллагаанд авилга, дампуурал үүсдэг.Эдийн засагт далд эдийн засаг нэвтэрч торонд нь баригддаг.Нийгэм бүхэлдээ системийн хямралд идэгдэж, завхрал, самуурал, анархизм газар авдагийн анхдагч шалтгаан, энд оршиж байна.
-Уучлаарай, би эх орон, эх оронч үзлийн тухай тодруулж асуусан?
-Харин тиймээ, би мартаагүй.Эх орны тухай асуусан болохоор л эх орон минь надад ямар харагдаж байгааг ярьж байна.Эх орон гэхээр хүн өөрийнхөө амьдралын эхлэл төгсгөл хоёртой заавал л холбож боддог юм даа.Хүн амьдралаасаа салгаж салангид бодож болдоггүй, ер чаддаггүй хэдхэн юм байна.Ижий аав, хань ижил, үр хүүхэд байна, эх орон байна.Бусад нь хүний хөдөлмөртэй л шүтэлцэж, ажил үйлстэй нь хамааралд оршино.Эдгээрээс ялгаатай, хамаагүй давуутай нэг аугаа чанар эх оронд байдаг.Юу гэвэл, эх орон хүнийг хэзээ ч ад үздэггүй, хялайн хардаггүй, үзэн яддаггүй, хэзээ ч хаядаггүй юм.Гэтэл үрээ үзэн яддаг эх, эцэг эхээ хөнөөдөг үр, ханиа хаядаг нөхөр зөндөө л байдаг, хаа сайгүй байдаг.Ингэхлээр хүнд насан туршид нь үнэнч байдгийн нь төлөө хүн эх орондоо насан туршдаа үнэнч байх хэрэгтэй юм. үнэнч байна гэдэг юу гэсэн үг вэ гэхээр эх орноо дэлхийн улс үндэстнүүдэд болон өөртөө амьдралын төгс төгөлдөр сайхны үлгэр дууриал байлгахаар өөрийнхөө чадах сайн үйл бүхнээ хийх, өөртөө байгаа сайн сайхны эх сурвалж бүгдээ зориулан зарцуулна гэсэн үг юм.Ийм ухаарал, элэг сэтгэлд эх оронч үзэл суурилбал сая материаллаг хүч болж гарч ирнэ. Үзэл бодол гэдэг маш үйлч, эрчимт хүч шүү дээ.Энэ хүчийг бодит бүтээлд хувиргаж амьдруулах хөдөлмөрийн идэвхийг л би эх оронч үзлийн жинхэнэ илэрхийлэл гэж ойлгож байна.Дээр ньхүний элэг сэтгэл гэдэг нэг сонин “нэмэгдэхүүн” заавал орж таарна.Хүний сэтгэл гэдэг, бодоод байхад, бас л нэг айхтар хүчтэй биоцэнэг байх шиг байна л даа.Цахилгаан сүлжээний шугам шиг гэрэл гэгээ улаалж түгээдэг, богино холбоо үүсгэж тэсэрдэг, хүчтэй дэлбэрэлт болж хол ойр орон зхйд хэмжээлшгүй их үр нөлөөтэй долгион, цохилт тархаадаг шидэт мөн чанартай юм байна.сэтгэл маш олон хэлбэрээр ч долгионоо цацлаг байх. Уур хилэн, уйтгар гуниг, бахархал, омогшил, хашгираан…,нам гүм…, тэгээд ямар нэг материаллаг хэлбэрээр.Жишээ нь, нулимс!...Би өөрөө их уйлдаг, нулимс султай.Сая Саддам Хусейнд Иракийн шүүхээс ялын дээд хэмжээ оноож, дүүжилж хороохоор тогтоол үйлдсэнийг сонинуудаас мэдлээ.С.Хусейн ялын тогтоол сонсож үхэлтэй нүүр тулгараад “Би нэр төртэйгээр, айдасгүйгээр үхнэ. Би эх орноороо, араб ард түмнээрээ бахархаж үхэх болно.Иракийн ард түмэн мандтугай!” гэж хэлснийг уншаад хоёр нүдэнд халуун манан буцлаад д явчихлаа.
-Би ч бас мэлмэрүүлэх нь байна шүү хө?
-За, энэ ч яахав, миний аль эртийн архаг өвчин.Нулимстай, нулимсгүй хэлэхэд, эх орноороо бахархах бахархал, хайр чинь, ганц үгээр хэлбэл сэтгэл л шүү дээ.Нэгэнт сэтгэл юм болохоор сэтгэлийн бүх шинж чанарыг агуулна.Тайвуун, тогтуун ажаарахдаа ажаарна, тэсэрч дэлбэрэхдээ дэлбэрнэ, гэрэлтэхдээ гэрэлтэнэ, харанхуйлахдаа харанхуйлна. Хүмүүст мэдэгдэх мэдэгдэхгүй,баригдах баригдахгүй хэлбэр, чанараараа хүний дотроос гадагшлана.Ямар ч хэлбэрээр задарч гадагшиллаа гэсэн үр дүн нь эх орондоо дандаа хэрэгтэй, ямар нэг бодтой материаллаг бүтээл болж гарна.Тэгээд оюуны болоод биеийн хөдөлмөрийн түүхэн дурсгал болж амьдран үлддэг. х орноо хайрлах хайр, ард түмэндээ тус бүтээх элэг сэтгэл л хүний амьдралын гол цөм байх шүү.Би хүний сэтгэлийн тухай дандаа ярьдаг, юуны түрүүнд л ярьдаг.Одоо ч дахиад л ярья.Сэтгэл л биеийг хүчирхэгжүүлж, цустай ав адил шимээр тэтгэж, өчүүхэн, эмзэг хүний бие махбодод хүмүүн бус хүч чадал, эр зориг, тэнгэр бурхадын увьдас ивээлийг оршоож байгаа юм.Дорно дахины гүн ухаанд сэтгэл ноён, бие боол гэж үздэг.Биед хүч өгдөг юм чинь бие өөрөө бус, булчин шөрмөсний үйл ажиллагаа ч бус, сэтгэлийн удирдлага гэж би ойлгож аваад байгаа.Хүний хөгжил гэдэг явж явж сэтгэлийн л хөгжил юм.
-Сэтгэлтэй холбогдуулаад шашны тухай асуумаар байна л даа.Шашин хоорондын мөргөлдөөн гарсаар байна.Шашныг улстөрд ашигладаг.Монголд ч ийм хандлага ажиглагдаж эхэлсэн.Энэ талаар ямар бодолтой байна вэ.ер нь сүсэгтэн гэж хэн бэ?
-Шашин бол хүн төрөлхтний танин мэдэхүйн хамгийн гүн салбар, хамгийн хүнлэг үзэл суртал, хүнийг жинхэнэ сүсэгтэн болгодог шинжлэх ухаан юм.Чи “сүсэгтэн гэж хэн бэ?” гэж асууж байна.Сүсэгтэн гэдэг бол жинхэнэ ариун, зөв явдалтай гэгээн хүн. Сүсэгтэн хүнийг тодорхойлох, бусдаас /атейстүүдээс/ ялгарах хэд хэдэн онцлог шинж чанарууд бий.Нэгд, хүний амьдрал, хувь заяанд орчлонгийн хязгааргүй гүнээс зайлшгүй нөлөөлдөг, идэвхитэй оролцдог нэг далд, нууцлаг, ариун гэгээн, аугаа их хүчин шид оршсон юм бий.Тэр бол Бурхан гэж итгэн үнэмшдэг. Хоёрт, хүний амьдрал гагцхүү өнөө цагт оршин хамаарагдах бус өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт тасралтгүй залгалдах үйлийн үрийн холбоотой үйл явц гэж ойлгодог.Өөрөөр хэлбэл, хүнд урьд нас буюу урьд төрөл, хойт нас буюу хүн үхсэнийхээ дараа олох төрөл гэж давтамж байдаг гэж ойлгодог. Гуравдугаарт, хүнд сүнс гэж нэг хий амь байдаг, хүн үхэхээр бие нь газарт үлдээд сүнс нь биеэсээ гарч тэнэн оддог, хүн энэ насандаа нүгэл үйлдэж амьдарвал сүнс нь их зовдог буюу тамд унадаг, хэрэв хүн энэ насандаа буян их үйлдэж, зовсон олонд туслаж, баярлуулж амьдарвал үхсэний нь хойно сүнс нь амирлаж, мөнхийн амар амгалан жаргалыг олдог буюу диваажинд очдог. Ингэхлээр, хүний энэ насны амьдрал бол буян, нүглийн дэнс юм гэж ухаарч амьдардаг.
-Тэгэхээр сүсэгтэн гэдэг нь…?
- Сүсэгтэн хүн гэдэг бол ийм үзэл бодолтой, сэтгэл санаатай улс.Өнөө, маргаашийн ахуй амьдралынхаа жаргалыг бодох нэг хэрэг, хойд амьдрал буюу сүнснийхээ амьдралын жаргал зовлонг давхар бодон амьдралын хуулиа болгодог.Ийм хуулиар амьдардаг онцлогтой учраас сүсэгтэн хүмүүс үргэлж буяныг хичээж, нүглийг тэвчиж, хүний ариун, зөв амьдралын дээд үлгэр-бодь мөрийг эрхэмлэж амьдардаг мөн чанартай. Энэ чанарыг нь гүн гүнзгий ойлгохгүйгээр, сэтгэлзүйг нь нарийн судлахгүйгээр шашнаар зэвсэг хийх, шашинд өнгөцхөн, мөнгөнд ханддаг шигээ хандаж улстөрд ашиглахыг яаран хүсэгчид улстөр, эдийн засгийн хүрээнд олон бийгээс нийгмийн амьдралд ухваргүй зөрчил үүсдэг нь үнэн. Гэвч энэ зөрчилд аль нэг шашин сүсэг буруутай биш, харин шашин ёсыг үл ойлгон, үл хүндэтгэн нийгмийн зөрчил, хагаралд турхиран оруулсан “ашиглагч”-ийн буруу бөгөөд нүгэл.
-Гэтэл шашин хоорондын дайн өнөөдөр дэлхийд гарсаар л байна шүү дээ.Жишээ нь, лалын болон иудей, христос шашинтны хооронд?
-Тэр бол Ертөнцийн эзэн, Аллах хоёр хоорондоо хийж буй дайн биш, лалын тулгар үзэлт фанатикууд болон Ж.Буш, Т.Блейр мэтийн нидэр дээрээ атейст улстөрчдийн өс хорсол, алдар нэрийн төлөөх тэмцлийн урхагаар хийгдэж буй аллаганд гэм зэмгүй олон эрсийн амь золиослогдож байгаа үзэгдэл. Ер нь өнөөгийн дэлхийн аль нэг өзс нутаг, улс оронд болж буй дайн байлдааны үйл ажиллагаа бол нэг талаас эзлэн түрэмгийлэгчид, нөгөө талаас эрх чөлөө, нутаг орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалсан, нутаг дэвсгэрийнхээ хуваагдлыг үл зөвшөөрөн эсэргүүцсэн тэмцлийн хэлбэр, агуулгатай байгаа санагддаг.
-Терроризм гэдэг үг өөрийн эрхгүй аманд дэлбэрэх нь?
-Терроризм бол философи утгаараа ч, практик утгаараа ч анхдагч буруу үйлдлийн буруу хариу.Аль аль талаасаа буруу шийдэл.Ер нь дэлхийн том дайн хаана ч, хэзээ ч, ямар ч хэлбэрээр гарч болно.Монголын төлөө биш мөртлөө, Монголд, Монголын нутаг дэвсгэр дээр ч дэлхийн дайн хэд ч гарч болох.Гэхдээ хэүээ ч шашин шүтлэгийн юм уу соёл-иргэншлийн ялгаа, зөрөө, өрсөлдөөн тэмцлээс болж гарахгүй.Дайн гардаг ганцхан шалтгаан байдаг юм.Тэр нь эдийн засгийн шалтгаан.
-Баруунд Хантигтон гэдэг эрдэмтэн дэлхийд соёл иргэншлүүдийн хооронд том мөргөлдөөн болно гэж оношилсон.Би хувьдаа бодохдоо, хүн төрөлхтнийг ахин хуваагдалд орно гэж боддог.Гэхдээ дайн тулааны улмаас бус хэн сайн соёлын түрэлт хийнэ, тэр үндэстэн үлдэх болов уу.Энэ талаар бичиж байсан юм?
-Монголд Урианхай гэдэг эрдэмтэн дэлхийн шашин шүтлэг, соёл-иргэншлийн ялгаа зөрөө, хөгжлийн өрсөлдөөнөөс болж хүмүүст аюул гамшиг учруулах мөргөлдөөн гарахгүй гэж оношилж байна. Хүн төрөлхтнийг зөвхөн дайн л хуваагдалд оруулдаг шүү дээ.Учир нь, тэдний нэгдэл нь дайнаар нэгтгэгдсэн хүчирхийллийн нэгдэл байдаг.Тиймээс дахин дайнаар л хуваагддаг.Дайныг юу өдөөдөг вэ гэвэл, улстөр өдөөдөг.Цаана нь ганцхан шалтгаан байдаг.Тэр нь эдийн засгийн ашиг сонирхол.Эдийн засагт стратегийн ач холбогдолтой газар нутгийг эзлэх, эзэмших, үйлдвэрийн түүхий эд, хямд ажиллах хүчийг нь ашиглах өөрийн үндэстний амьдрах орон зайг тэлэх материаллаг ашиг сонирхол л алив дайны үндсэн гол шалтгаан юм.Шалтаг нь янз бүрээр тайлбарлагддаг. Түүнээс биш аль нэг соёл иргэншил, ёс заншил нь аль нэгийгээ устгах, өөрөө үлдэхийн тулд хэзээ ч мөргөлдөөн, сөргөлдөөн, дайн байлдааныг зэвсэг хэрэгслээ болгохгүй. Дайн болон алив хэлбэрийн мөргөлдөөнүүдийг зөвхөн улстөрчид, геополитикийн зөвлөхүүд л өдөөн турхирч, гардан зохион байгуулдаг.Тэгэхдээ тэд өөрсдөө дайтахгүй. Ард түмний аль бүл чадалтай нь, эрүүл саруул биетэй нь дайтаж бие биеэ алдаг.Дайнд эгэл жирийн ард иргэд л ашиглагдаж амь насаа алддаг. Би энэ “онол”–ыг Даян дэлхийн энхтайвны элчин сайдын хувьд хэлж байгаа юм шүү./Инээв/
-Манай улстөрийн тогтолцоог нэг л бишээ гэх болов.Энэ парламент гээч зүйл хэрэгтэй юу. Засаглал хуваах хэлбэр маань мухардалд ороод байх шиг?
-Уг нь манайд Үндсэн хуулиар хувьчлагдсан засаглал хуваарилалтын бүтэц их зөв, сайн бүтэц санагддаг. Ерөнхийлөгч, УИХ, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар гэсэн гурвалжин байна.Энэ гурвалжин адил талт, адил өндөрт, өдил өнцөгт, адил эзэлхүүнт гурвалжин.Үйл ажиллагааны нь зарчим маш нарийн уялдаатай. Бие биеэ харилцан тайлагнана, бие биеийн функцид харилцан туслах үүрэг хүлээж, нэг зүг чиглэлийн вектортой ажиллана.Өөрөөр хэлбэл, бүх үйл ажиллагаа нь ард түмэн рүүгээ чиглэсэн зорилгод нэгдэнэ.Түүнийг нэмээд бодвол, геометрийн тэгш өнцөгт дөрвөлжин үүсэх нь. Дөрвөлжний талууд бие биеэсээ эхэлнэ, бие биедээ шүтэлцэнэ.Ингээд бодвол, манай засаглал хуваарилалтын механизм маш сайн механизм.Гэхдээ бид нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Юу гэвэл, ямар ч сайн механизм өөрөө ид шидтэй зүйл биш.Механизмын ид шид эерэг зөв үйлчлэл зөвхөн хүмүүсээр л дамжиж илэрнэ.Засаглалын бүтцийн механизм сайн үр дүнтэй ажиллахгүй, өгөх ёстой үр ашгаа өгөхгүй байгаа нь механизмын мууд байгаа бус, уг механизмыг зохих ёсоор нь ажиллуулж чадахгүй байгаа хүмүүсийн муутай холбоотой. Механизм өөрөө тогонд залгагдаагүй цахилгаан тоног төхөөрөмжтэй л адил тул түүнийг ажиллуулж, хэрэг бүтээлгэхийн тулд цахилгаан эх үүсвэрт холбох ёстой шиг тэр механизм дээр сууж буй удирдагчид, улстөрчид, эрх мэдэлтнүүдийн мэдлэг боловсрол, авъяас чадвар, ёс зүй, ухамсар, эх оронч үзэл, хөдөлмөр зүтгэлийн идэвхид уг механизм холбогдож байж л амьдралд үр дүнгээ нэвтрүүлнэ.Цаад хүмүүс нь “цэнэггүй” бол механизм ажиллахгүй. Тэгэхээр механизмыг ажиллуулах ганц гарц нь механизмын удирдлага дээр суух хүмүүсээ л зөв сонгох явдал юм.Энэ сонголтыг хийхдээ бид маш их алддаг.Иймд манай сонгуулийн тогтолцоог шал өөрөөр өөрчлөх шаардлагатай.
-Хэрхэн яаж вэ?
-Үнэхээр тулгамдаж буй асуудал. Өнөөдөр дэлхийн ардчилсан төрт улсуудад авч хэрэгжүүлж буй сонгуулийн гурван хэлбэр гурвуулаа аль алинаасаа давуу ч талтай, дутуу ч талтай юм байна.Би дэлхийд тогтсон сонгуулийн гурван тогтолцооноос хахь өөр тогтолцоог, тэгэхдээ Монголынхоо улстөрийн нөхцөлд тун сайн тохирох тогтолцоог санал болгосон.Тэнд Монголын парламентыг бүрдүүлэх цоо шинэ зарчим, арга, аргачлалыг боловсруулж тавьсан.Юу гэвэл, Монголоо бүхэлд нь буюу хоёр сая хүрэхгүй сонгогчдоо нэг тойрог болгох /76 тойргоо томсгож, тоог нь цөөлөхийг олон хүн санал болгож байгаа/, мандатын тоог дээрээс тогтоохоо больж “n” тоотой болгон чөлөөлөх, өөрөөр хэлбэл, сонгогч заавал нэг нэр дэвшигчид л албан шаалтаар саналаа өгдөг тулгалтыг болиулж хэдэн ч хүнд саналаа давхар өгч болох эрхийг нээх, парламент /УИХ/ -ын гишүүдийн тоог 76 гэсэн “тайзны тоо”-гоор тогтоох бус сонгуулийн саналын дүнгээр тогтоогддог “х” тоотой болгох зэрэг зарчмын өөрчлөлтүүд тусгагдсан.Энэ тогтолцоогоор УИХ-ын гишүүдийн тоо нэгэнт урьдчилан тогтоогдоогүй байх учраас сонгуульд оролцох субъектүүд заавал “76” нэр дэвшигчийг өрсөлдүүлэх албагүй, хэдийг ч өрсөлдүүлэх боломжтой.Энд нэр дэвшигчийн тооны хувьд тодорхой лимит хязгаарлалт байхгүй.Боломж нь ганцхүү тухайн субъектийн /нам эвслийн/ боловсон хүчний потенциал, санхүүгийн чадавхаар хязгаарлагдана.Сонгогчдод ч саналын эрх чөлөө нээгдэнэ. Учир нь, тэр сонгогч саналаа зөвхөн ганц хүнд өгөх бус, саналаа өгмөөр санагдаад байгаа хэдэн ч хүнд тэр байтугай, нэр дэвшиж байгаа бүх хүнд зэрэг өгсөн ч болно. Эцэст нь Монгол хэмээх нэг бүхэл тойрог, 2.1 сая гаруй сонгогчдоос нийтэд нь 50-иас илүү хувийн санал авч чадсан хэчнээн нэр дэвшигч тодорно, тэдний тоогоор л парламент бүрдэнэ.Үүнийгээ би сонгуулийн “бүхэллэг тоталитар тогтолцоо” гэж нэрлэсэн.Яагаад “бүхэллэг”вэ гэхээр Монгол бүхэлдээ нэг тойрог болсон, яагаад “тоталитар” вэ гэхээр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нэр дэвшигч эхлээд боловсруулах бус, харин сонгогчид өөрсдөө тухайн бүс, аймаг, сумынхаа болон нийт улс орныхоо эдийн засгийн глобаль хэрэгцээ, шаардлага, амин чухал эрх ашгийн хүрээнд ээлжит сонгуулийн хугацаанд төр, засгаар шийдвэрлүүлэх тулгамдсан асуудлууд дээрээ тулгуурлан боловсруулж нэр дэвшигчдэд захиалга-даалгавар хэлбэрээр өгөх тул нийт сонгогчдын даалгавар нь тоталитар чанар агуулах юм. Харин нэр дэвшигчид ямар айхтар үүрэг ногдох вэ гэвэл, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр сонгогчдын захиалгат даалгаврын үндсэн дээр тэр захиалга-даалгаварт тусгагдсан асуудлыг хэрхэн шийдэх, яаж хамгийн бага зардлаар хамгийн өндөр чанар, үр ашигтайгаар амьдралд хэрэгжүүлэх замыг боловсруулсан шинжлэх ухааны арга, шийдэл байх юм.Ингэхлээр сонгуульд оролцох нь сонгогчдын дэвшүүлсэн асуудлыг хамгийн ухаалгаар шийдэхтендерт оролцож байгаатай адил утга чанар болно. Энд сонгогчдын өгсөн санал, итгэл хүлээлгэлт бол тоталитар чанартай хатуу даалгавар гэдгийг нэр дэвшигчид ухаарах хэрэгтэй.
-Хэрвээ нэр дэвшигчид Монголынхоо нийт сонгогчдоос 50-иас илүү хувийн санал авч чадахгүй бүгд уначихвал яах болж байна.Ийм өндөр, хатуу босгыг давж чадах хүн Монголд олон байж чадах уу?
-Хэрэв нэр дэвшигчдээс нэг нь ч “Монгол” гэдэг бүхэллэг тойргоос 50-иас илүү хувийн санал авч эс чадсан тохиолдолд парламент /УИХ/ бүрдэхгүй. Энэ ямар үзэгдлийн шинж дохио вэ гэхээр Монголын парламентын гишүүн болж чадах, эрдэм ухаантай, нэр хүндтэй, Монгол даяараа хүндлэгдэх нэр дэвшигч байхгүй байна шүү гэдгийг хэлж буй хатуу дохио, хатуу сануулга, анхааруулга!
-Монголд даяаршлын олон хүрээ хүчтэй нэвтэрлээ.Бас дангааршил гэдэг нэр томъёо ч Монголын нийгмийн сэтгэхүйд хэвшиж бий болсон.Та даяаршлыг хэтэрхий ганцаарчилсан үзэл бодлоор дайраад, зөрүүдлээд байх шиг санагддаг?
-Дангааршил нь даяаршлынхаа эсрэг сөргөлдсөн, харшилсан үйл явц байх нь буруу,харин зэрэгцсэн, энх тайвнаар зэрэгцэн оршсон, /инээв/ хамтдаа хөгжсөн, бие биеийнхээ алдаа бурууг зассан, дутууг нь нөхсөн, тухайн улс орныхоо нийгэм түүх, ахуй, соёл, оюун сэтгэлгээний хөгжлийг баяжуулсан “хам” үйл явц байх нь зөв.Би даяаршил руу дайрч, зөрүүдлээгүй л дээ.Даяаршил маань угтаа бага, буурай орнуудын ч санаачлага биш шүү дээ.Тэд ийм уриа тунхаг гаргаагүй.АНУ тэргүүтэй эдийн засгийн “акул”-уудын л зөөлхөн, аяархан гулгуулан түлхэж буй улстөр-эдийн үасгийн бодлого.Үндсэн зорилго нь дэлхийг бүхэлд нь өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл болгох, дэлхийн хүн амыг бүгдийг нь тэднийхээ хэрэглэгчээр “нэгтгэх” гэсэн л зорилго.Энэ зорилгодоо л тэдний улстөр, геополитик, гадаад харилцаа, диплоиат алба, соёл, урлаг, спортын бодлого, хөрөнгө оруулалтын болоод зээл тусламжийн хэлэлцээрүүдийн тл далд утга, чиглэл захирагдана.Улстөр-нийгмийн бүхий л үйл ажиллагаа нь дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд дайчлагдана.
-Даяаршлын мөн чанар, жинхэнэ утгыг ингэж л ойлгох хэрэг үү?
-Тийм.Үүнийг сайн ойлгосны үндсэн дээр даяаршилд татагдан орвоос зохино.Гол нь, харилцан ашигтайгаар татагдан оролцох. Хэдийгээр муур хулгана хоёрт харилцан ашигтай “хамтран амьдрах” нийгмийн нөхцөл бүрдлээ гэхэд хулганад ашигтай нь юу гэхээр муурандаа бариулчихгүй, дорхноо идүүлчихгүй тодорхой цаг хугацааг завших боломж олдох ч байгалийн жамын эрхшээлээр муурнаасаа үргэлж айж, түгших сэрэл хулганыг ямагт зовоосоор байх болно. Энд эрсдэлтэй “хамтын амьдрал”-ын давуу тал хулганад илүү “ашигтай” байх мэт ч байгалийн жамын хууль ямагт нийгмийн амьдралын дээр байдгийг, бас санаандгүй, тооцоолоогүй нэг эгзэгт нийгмийн хуулийн шаардлаг, нөхцлийг нулимж чадахыг санах л хэрэгтэй.Иймд даяаршлын үйл явцыг ч хүчтэй дэмжиж, ухаалгаар зохион байгуулж, даяаршлаас зугтах бус, зожигрох бус, зэрэгцүүлэн хөгжүүлэх, зохицуулан удирдах нь төрийн байгууллагуудын нэг том бодлого байхгүй бол болохгүй. Дангааршлыг эрчимжүүлэх, хүчирхэгжүүлэх үндсүүд нь, үндэсний эх хэл, бичиг үсэг, сочл урлаг, амьдралын уламжлалт дэвшилт ёс заншил, үндэсний зан үйл, байгаль орчинтойгоо гоо сайхнаар зохицон орших арга ухаан, хүмүүсийн мах цусанд шингээтэй эх оронч үзэл зэрэг урт настай хүчирхэг сууриуд байна.
Даяаршлыг дагаж хөгжилтэй, хүчирхэг гүрнүүдийн бараа таваараас гадна хэл, соёл, ахуй заншлын хэв загвар, үзэл суртал үерийн ус шиг сад тавьж, эсэргүүцэх чадал султай дорой буурай орон, ард түмнийг уусган эрхшээнэ.Өнөөгийн монголчууд бид хэрэглээний сэтгэхүйтэй шүү дээ. Аль улсын ямар барааг эдэлж хэрэглэж байна,тэр улсаа, тэр улсынхаа юм болгоныг, аягүй бол гудамжны нь хогийг ч сайханд бодон дээдлэхээр нүд нь бүгийж, тэр улсынхаа нэг хулгайчийг ч, “дурак”-ийг ч, магадгүй алуурчныг ч өөрийнхөө шүтээнд залж мэднэ.Цаадах нь машин унасан, интернет ухсан, валют цацсан нэг муу хөгийн сармагчин байхад л хангалттай.Ийнхүү бараа таваарын хэрэглээний фетишизм хүний тархи толгойг эзэлж, сэтгэлгээ сэрэхүйг нь боолчилно.Нэг үндэстэн нөгөө үндэстнийхээ боол болдог нийгмийн хийгээд хувь сэтгэлзүйн нэг нууц энд орших болов уу.