Миний аав Самбуугийн Вандангийн уран бүтээлүүд (Artist Vandan Sambuu)
11 жил, 1 сар өмнө

Миний аав Самбуугийн Вандан нь Баянхонгор аймгийн Заг суманд Самбуугийн отгон хүү болж төрсөн. Аав минь урлагийн сургуульд сураагүй хэдийч чулуун сийлбэр, модон сийлбэр, хайчилбар, уран зураг, монгол зураг, хар зураг, хөрөг зураг гэх зэрэг урлагийн олон төрлийг бие даан судалж уран бүтээлээ туурвиж байсан. 30 гаруй насандаа зургийн сургуульд орох гэсэн боловч нас нь хөгшин байна гээд сургууль нь оруулаагүй гэдэг. Миний аав ажилсаг, юм бүхэнд авъяаслаг, олон төрлийн бүтээлүүдийг байнга цуглуулж судалдаг, юмыг амархан сурдаг хүн байсан. Миний аав байгалиас заяасан урлагийн хүн байсан хэдий ч аав минь хүссэн зүйлээрээ эцэст нь хүртэл явж чадаагүйд би жаахан харамсдаг. Тухайн үед нь туслаж дэмжих, хамтрах хүмүүс ховор, хийж бүтээх нөхцөл бололцоо нь бүрдээгүй юм болов уу гэж боддог юм. Ер нь бол Румын хотод Цаасны технологийн чиглэлээр мэргэжил эзэмшиж, дэлхийн олон орноор аялж эх орондоо олон шинэ санааг нэвтрүүлэхийг зорьж байсан хүн. Жишээ нь, Монголд ариун цэврийн цаас болон лааны анхны үйлдвэрийг оруулж ирж байсан.

Аав минь хамгийн сүүлд надтай уулзахдаа, “Аав нь хүний төлөө төрсөн хүн. Олон зүйлээ хүмүүст зориулж өгсөн. Тиймдээ ч амьдрал минь сайхан байна. Миний охин ч бас олон хүмүүст аз жаргал бэлэглэх сайн зураач болж чадна шүү” гэж хэлж байсан. Би ааваараа үргэлж бахархаж, хийж бүтээсэнээс нь суралцаж, урам зориг авч урагшилж явдаг. Аавынхаа гэгээн дурсгалд зориулж шүүгээнийх нь мухарт үлдсэн цөөхөн бүтээлээс нь энд оруулахаар шийдлээ.