Мерчандайзинг: Дэлгүүрийн худалдааны талбайн төлөвлөлт, барааны өрөлтийн онол арга зүйн үндэс
6 жил, 2 сар өмнө

Дэлгүүрийн худалдааны талбайн төлөвлөлт, барааны өрөлтийн онол арга зүйн үндэс

1.1 Дэлгүүрийн худалдааны талбайн төлөвлөлт

Худалдааны талбайн төлөвлөлт

Жижиглэнгийн худалдаачид дэлгүүрийн дотоод талбайг төлөвлөхдөө барааны нэр төрөл, тавиур, лангуу, худалдан авагчдын хөдөлгөөний чиглэл зэргийг харгалзна. Өөрөөр хэлбэл дэлгүүрийн худалдааны талбайн төлөвлөлтийг зөв зохистой хийнэ гэдэг нь худалдан авагчид бараагаа чөлөөтэй үзэж сонгох, худалдан авсан барааныхаа тооцоог хийхэд дараалал үүсэхгүй байх, худалдааны зөвлөх ажилтан, худалдааны ажилтнуудад ая тохитой ажлын нөхцлийг бий болгох замаар худалдааны талбайн тодорхой хэсгүүдэд хуваарилна гэсэн үг юм. 

Америкийн жижиглэн худалдаачид худалдааны талбайг төлөвлөх дараах аргуудыг түгээмэл ашигладаг байна.

Дэлгүүрийн талбай нь:

- Худалдааны

- Худалдааны бус хэсгүүдээс бүрдэнэ.

Дэлгүүрийн талбайн хэмжээ нь дэлгүүрийн хэлбэр, төрлөөс хамааран янз бүр байх боловч нийт талбайн 70-80%-ийг худалдааны талбай эзэлдэг. Худалдааны бус талбай нь худалдан авагчдад нэмэлт үйлчилгээ үзүүлэх бараа хүлээн авах, хадгалах хаяглах, савлахад зориулагдсан талбай, удирдлагын өрөө тасалгаанаас бүрддэг.

Дэлгүүрийн талбайн бүтэц                                                                            

Худалдааны талбай Худалдааны бус талбай

- Үзүүлэнгийн 

- Тоног төхөөрөмжийн

- Тооцооны цэгийн

- Нэмэлт үйлчилгээний

- Худалдааны зөвлөх ажилтны ажлын байрны 

- Худалдан авагчийн - Барааг хүлээн авах

- Барааны нөөцийг хадгалах

- Хяналтын

- Сав баглаа боодол хадгалах

- Удирдлагын болон ажилчдын өрөө тасалгаа

- Ариун цэврийн өрөө

- Сул  хонгил

Худалдааны талбай нь дэлгүүрийн худалдаа-технологийн үндсэн ажилбарыг гүйцэтгэхэд зориулагдсан, дэлгүүрийн байгууламжийн төвийн хэсгийг хамарч байрлана.

Барааг худалдаанд бэлтгэх, хадгалах, хүлээн авах байр нь барааг ачих, буулгах, хүлээн авах, агуулах, хөргөх камер, үзүүлэнгийн болон худалдан авагчдын захиалгыг бүрдүүлэх байруудаас бүрдэнэ.

Туслах байр нь худалдаа-технологийн ажилбарыг гүйцэтгэх зориулагдсан байх бөгөөд барааг худалдан авагчдын гэрт нь хүргэх сав баглаа боодлын хөдөлгөөнтэй холбогдсон технологи ажиллагааг зохион байгуулана. Энэ ажилбар нь худалдан авагчдын захиалгаар үйлчлэх, сав баглаа боодлыг хүлээн авах, хадгалах, боож савлах материалыг хадгалах хэсгүүдээс бүрдэнэ.

Захиргаа аж ахуйн байр нь захирлын өрөө, бусад алба хэсгийн ажилтнуудын өрөө, ажилчдын амрах, хооллох өрөө, хувцасны өлгүүр гэх мэт өрөө тасалгаанаас бүрдэнэ. Эдгээр хэсгийн талбайн нийлбэр дэлгүүрийн нийт талбайн 5%-иас хэтэрдэггүй.

Техникийн байр нь хөргөх төхөөрөмж, цахилгааны шит, хяналт, дохиололын байрнаас бүрдэнэ. Нийт талбайн 1-2%-ийг эзэлдэг.

. “Эрдэмтэд судлаачид дэлгүүрийн нийт талбайд эзлэх худалдааны талбайн хэмжээг 1%-р нэмэгдүүлэхэд өөртөө үйлчлэх дэлгүүрийн барааны борлуулалт 0.3-0.4%-р нэмэгддэг”  гэж тогтоожээ.

Дэлгүүрийн талбайг хуваарилахдаа дараах зарчмуудыг харгалзаж үзнэ. Үүнд: 

- Дэлгүүрийн худалдааны танхим нь худалдаанд бэлтгэх байр болон агуулахтай шууд холбогдож зэрэгцээ байрлах

- Захиргаа аж ахуй, техникийн болон туслах байрууд худалдааны танхим, агуулахаас тусгаарлагдсан байх

- Барааг хадгалах агуулах олны хөлөөс зайдуу, бараа хүлээн авах, ачих буулгах, талбайтай зэргэцээ ойр байрлах

1.1.1 Өөртөө үйлчлэх дэлгүүрийн талбайн төлөвлөлт, онцлог, зарчим

Өөртөө үйлчлэх дэлгүүр нь хүчин чадлаасаа хамаарч худалдааны талбайн төлөвлөлтийн янз бүрийн хэлбэрүүдийг боловсруулж ашиглана.

Худалдааны талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх үндсэн хоёр аргатай. Үүнд:

1. Эрчимт өөрчлөлт - энэ арга нь худалдааны талбайн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр дахин төлөлвөлт хийж худалдааны танхимын орон зайг үр ашигтай ашиглах, барааны зар сурталчилгааны ач холбогдлыг нэмэгдүүлэх хувилбар юм. Бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх энэхүү аргыг аль ч тохиолдолд түгээмэл ашигладаг.

2. Алгуур өөрчлөлт - худалдааны талбайн хэмжээг зориудаар нэмэгдүүлэх мөн салбар сүлжээ цэгүүдийг нэмж байгуулах зэрэг нилээд хөрөнгө оруулалт хийж байж борлуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх арга юм. Энэхүү арга нь хүссэн үр дүндээ хүрэхэд нилээд хугацаа зарцуулах боловч өндөр үр ашиг олж авдаг онцлогтой.

Худалдааны талбайн төлөвлөлтийн хэлбэр

Худалдааны танхим урт өргөний харьцаа 1:2, 2:3, 3:4 тэгш өнцөгт хэлбэртэй, ханын өндрийн хэмжээ 3,3 метрээс дээш байх нь төлөвлөхөд илүү тохиромжтой.

Дэлгүүрийн худалдааны танхимын төлөвлөлтөд дараах хүчин зүйлсийг тооцож тусгана.

- Худалдааны танхимын хэмжээ, харьцаа 

- Орох, гарах гарцын байрлал

- Гэрэлтүүлгийн систем

- Тоног төхөөрөмжийн систем, тооцооны цэгийн байршил

- Тасгийн байршил, дараалал, хоорондын уялдаа

- Худалдан авагчийн сэтгэл зүйн хүчин зүйлийн нөлөөлөл гэх мэт.

Худалдааны технологийн үйл ажиллагааны зориулалтаар дэлгүүрийн үндсэн талбай болох худалдааны танхимыг:

1. Худалдааны тоног төхөөрөмжийн талбай

2. Барааг өрж байршуулах талбай

3. Худалдааны тооцооны цэгийн талбай

4. Худалдан авагчийн зорчих талбай

5. Худалдааны нэмэлт үйлчилгээний талбай гэж хуваарилна.

Худалдааны талбайн төлөвлөлтийн үндсэн хэлбэрүүд :

1. Шугаман төлөвлөлт

Төлөвлөлтийн энэ хэлбэр нь танхимын захын хэсгүүдийг төв хэсгийн лангуу тавиурын эгнээний байршлуудтай холбож өгдөг, тоног төхөөрөмжүүдийг нэмж байршуулан талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх боломжтой түгээмэл ашигладаг хэлбэр юм. Шугаман төлөвлөлт нь хөндлөн, тууш, хосолмол  гэсэн гурван хувилбартай.




                А. Хөндлөн                Б. Тууш В. Хосолсон

2. Диогналь төлөвлөлт

Шугаман төлөвлөлтэй төстэй боловч лангуу тавиур төхөөрөмжийг ташуу хэлбэр гаргаж байршуулсан байдаг учир гоёмсог хэлбэр дизайныг бий болгох мөн талбайн ашигтай байршлыг золиослох ашиглалтыг бууруулах сөрөг талтай.

Зураг 2

                                  Диогналь төлөвлөлт



3. Чөлөөт төлөвлөлт

Дэлгүүрийн барилгын төлөвлөлтийн онцлог тухайлбал талбайд багана тусгаарласан хана зэрэг нэмэлт хэсгүүд байх тохиолдолд чөлөөт төлөвлөлтийг түгээмэл ашиглана.

Зураг 3

                                                            Чөлөөт төлөвлөлт

4. Хайрцагласан төлөвлөлт

Энэ төлөвлөлтийн хэлбэрийг томоохон хүчин чадалтай дэлгүүрүүд түгээмэл ашиглана. Овор хэмжээ ихтэй мебель тавилга цахилгаан бараа зэргийг үзүүлэн байдлаар байрлуулж худалдан авагчдад барааг сонгох тохиромжтой боломж олгодог төлөвлөлт юм.

Зураг 4

                Хайрцагласан төлөвлөлт

Худалдааны талбайн төлөвлөлт, үндсэн зарчим

Худалдааны талбайг оновчтой төлөвлөснөөр тухайн дэлгүүрийн худалдааны ашгийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой. Дэлгүүрийн худалдааны талбайг төлөвлөхдөө худалдан авагчдын зорчих урсгалыг харгалзан дэлгүүрийн халуун хүйтэн бүсийг тодорхойлно.

Худалдан авагчийн зорчих урсгал, чиглэл

Худалдан авагчид худалдааны танхимд цагийн зүүний эсрэг урсгалаар зорчиж үйлчлүүлнэ. Лангуу, тоног төхөөрөмжид байрлуулах барааны бүлгийн дараалал, уялдаа холбоог энэ чиглэл дагуу төлөвлөнө.

Зураг 5

                                                 

Худалдан авагчийн зорчих урсгал, чиглэл

Дэлгүүрийн халуун хүйтэн бүс

Худалдан  авагчдын зорчих урсгал, худалдан авалтын төвлөрөл, ачааллаас хамаарч худалдааны танхимыг “хүйтэн бүс”, “халуун бүс” гэсэн орон зайд ялгаж үздэг. Худалдааны танхимын худалдан авагч хамгийн бага зорчиж байгаа бүсийг “хүйтэн бүс”, хамгийн их зорчиж үйлчилгээ авч байгаа бүсийг “халуун бүс” гэж нэрлэдэг. Дэлгүүрийн талбайн төлөвлөлтийн шинжилгээний дүнг доорх зурагт харуулав.

Зураг 6

Худалдааны танхимын “халуун”, “хүйтэн” бүс




Тайлбар:

1. Хүчтэй бүс:

5,3 - Худалдан авагчдын зорчих урсгал чиглэл дагуух лангуу, тавиурууд /баруун тийш/

11 - Тавиурын эгнээний уулзвар хэсэг

1,4 - Худалдан авагчийн эгц өмнө сайн харагдах байршил

10 - Тооцооны цэгийн дэргэдэх байршил

9 - Тасгийн зэрэгцээ байрласан тусгай тавиурын хэсэг

2. Сул бүс:

2,6 - Худалдан авагчдын зүүн урсгал чиглэл дагуух тавиурууд

7 - Танхимын өнцөг булан

8 - Дэлгүүрийн орох хаалганы ойролцоох талбай

Худалдааны талбайн төлөвлөлтийн үндсэн зарчим

Зарчим 1. Худалдааны танхим талбайд худалдан авагчийн зорчих урсгал чиглэл, тасгийн төлөвлөлт, байршил нь барааны борлуултанд нөлөөлнө. Орох чиглэл дагуу баруунаас зүүн тийш барааны борлуулалт буурдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Зураг 7




Зарчим 2. Худалдааны танхим худалдан авагчдын зорчих урсгал чиглэл, тархац харилцан адилгүй байдаг гэдгийг ямагт тооцож тасгийн төлөвлөлт, барааны өрөлт байршлын хувилбараа сонгоно.

Зарчим 3. Худалдааны танхимын тасгуудын төлөвлөлт барааны өрөлт байршлын хувилбарыг сонгохдоо худалдан авагчдын хараа зүйд өнгө, өнгөний тусгалын хүртэгдэх байдлыг тооцох шаардлагатай. Улаан ногоон хөх зэрэг үндсэн өнгө бүх өнгөний суурь болж байдаг гэдгийг ямагт сана.

Зарчим 4. Худалдааны талбайг төлөвлөхдөө талбайн алтан гурвалжинг төлөвлөлж ашигтай хувилбарыг сонгоно.

Зураг 8





Ашигтай хувилбар Ашиггүй хувилбар

1.1.2 Худалдааны талбайн тасгуудын төлөвлөлт

Супермаркетэд дараахи тасгуудыг төлөвлөнө . Үүнд:

Мах, махан бүтээгдэхүүний тасаг

Хүнсний ногоо, жимс

Талх, талхан бүтээгдэхүүн, нарийн боов

Хөлдөөсөн бүтээгдэхүүн

Сүү, сүүн бүтээгдэхүүн

Хуурай хүнс

Зуушны болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн

Дагалдах барааны тасгууд

Мах, махан бүтээгдэхүүний тасаг

Мах, махан бүтээгдэхүүний тасгийг ихэвчлэн супермаркетын худалдааны танхимын гүнд буюу хажуугийн хананд байрлуулна. Ингэснээр худалдааны танхимын гүн рүү зорчих замдаа худалдан авагч бүх тасгуудын бараанаас сонголт хийх боломжтой болж худалдан авалтыг нэмэгдүүлдэг. Мах, махан бүтээгдэхүүний тасаг нь худалдаанд бэлтгэх байрнаас холгүй байх шаардлагатай. Энэ нь мах, махан бүтээгдэхүүний нөөцийг тасралтгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. 

Хүнсний ногоо, жимсний тасаг

Мах махан бүтээгдэхүүнээс сонголт хийсэн худалдан авагч хоол хийхэд тохирсон ногооны сонголт хийдэг. Иймд ногооны тасгийг мах, махан бүтээгдэхүүний тасгийн ойролцоо байрлуулдаг. Ихэнхи дэлгүүрт ногооны тасгийг орох урсгалын эхэнд байрлуулсан байдаг нь энэ бүлгийн бараа гүйлгээ ихтэй, нэг удаагийн худалдан авалтаар их хэмжээтэй худалдан авдагтай холбоотой. Гэхдээ хүнсний ногоог орох урсгал дээр байрлуулах нь тохиромжтой бус байдаг. Учир нь их хэмжээтэй худалдан авсан тохиолдолд овор ихтэй барааг худалдааны танхимд зөөвөрлөж авч явахад төвөгтэй байдал бий болох талтай. Энэ шаардлагын үүднээс ногооны тасгийг худалдааны танхимын хажуугийн ханын дагуу гарах урсгал чигт байрлуулах нь зүйтэй.

Талх, нарийн боовны тасаг

Талх, нарийн боов нь өдөр тутмын эрэлттэй, борлуулалт сайтай бараа байдаг. Ихэнхи дэлгүүрүүд нь ийм төрлийн барааг худалдааны танхимын орох урсгал дээр байрлуулсан байдаг. Энэ тохиолдолд талх, нарийн боовны зүйлийг хүнд овортой бараагаар дарж эвдэж болзошгүй байдаг. Жижиглэн савласан талх, нарийн боовны зүйлийг сүү, сүүн бүтээгдэхүүний тасгийн ойролцоо байрлуулах нь тохиромжтой. Хэрвээ нарийн боовыг дэлгүүртээ шууд үйлдвэрлэж худалдаалдаг бол тасгийг худалдааны танхимын гүнд зуушны газрын дэргэд байрлуулна. Дэлгүүрт нарийн боовны цехийг ажиллуулснаар шинэхэн жигнэсэн боовны үнэр худалдан авагчыг өөрийн эрхгүй худалдан авалтад дуудна.

Хөлдөөсөн бүтээгдэхүүний тасаг

Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг худалдааны танхимд худалдан авагчийн зорчих урсгалын төгсгөлд байрлуулна. Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг хөргөх камерт байршуулах учраас бусад тасгуудад нөлөөлөл байгатай байна. Мөн хөлдөөсөн бүтээгдэхүүнийг худалдааны талбайн хамгийн чухал стратегийн байрлалд байршуулах нь ашигтай. Жишээ нь худалдааны танхимын голд зэрэгцээ лангуун дээр байрлуулж болно.

Сүү, сүүн бүтээгдэхүүний тасаг

Худалдан авагчид хамгийн сүүлд энэ барааг худалдан авдаг учир тухайн тасгийг ханын дагуу ногооны тасгийн эсрэг талд байрлуулна. Мөн энэ тасгийг хөлдөөсөн бүтээгдэхүүний ар хэсэгт байрлуулбал худалдан авагчдын анхаарлыг хандуулахад энэ хоёр тасаг бие биедээ дэмжлэг болдог. Ийм загвар нь супермаркетуудын талбайг үр ашигтай ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Түргэн гэмтдэг барааг ийм байдлаар байрлуулсан тохиолдолд худалдан авагч худалдааны талбайгаар уг барааг эрэлхийлж бүхий л хэсэгт зорчих болно.

Хуурай хүнсний тасаг

Хуурай хүнсийг ихэнхдээ худалдааны танхимын голд лангуу тавиурууд дээр байрлуулна. Хуурай бүтээгдэхүүнийг худалдааны танхимын гүнд байрлуулсан байх тохиолдолд худалдан авагчид төдийлөн төвөгшөөдөггүй. Хуурай хүнсний бүтээгдэхүүнд янз бүрийн савлалттай жигнэмэг, өрмөнцөр, чихрийн зүйл болон нөөшилсөн бүтээгдэхүүнүүд орно. Эдгээр барааны лангуу тавиурыг худалдааны танхимд янз бүрийн хувилбараар байрлуулсан байдаг.

Хагас боловсруулсан бүтээгдэхүүний тасаг

Хагас боловсруулсан бүтээгдэхүүний тасаг нь худалдан авагчийн анхаарлыг хамгийн их татдаг. Ихэнх супермаркетуудад энэ тасгийг өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдаалахаар төлөвлөдөг. Энэ тасаг дээр хагас боловсруулсан бүтээгдэхүүн, үндэсний хоол, зуушийг дэлгэн тавьснаар худалдан авагчдын худалдан авах сонирхолыг өдөөж борлуулалт, ашиг орлогыг нэмэгдүүлдэг. 

Дагалдах барааны тасаг

Хөгжилтэй улс орнуудад гэрээсээ гадуур хооллох сонирхол ихэссэнээс хүнсний барааны худалдан авалтанд гарч байгаа өрчлөлт, хандлагыг дэлгүүрийн удирдлагууд анхаарч бараа гүйлгээ, борлуулалтыг нэмэгдүүлэх барааг зах зээлээс эрэлхийлэх болсон. Ихэнх дэлгүүрүүд ийм барааг дагалдах бараа гэж үзэж энэ бүлгийн барааны тасгийг нээж ажиллуулж байна. Дэлгүүрийн удирдлагууд ирээдүйд энэ тасгийн борлуулалтаас ихээхэн ашиг олно гэж үздэг. Дэлгүүрт энэ барааг эрэлт ихтэй барааны ойролцоо зэрэгцээ байрлуулдаг.

Эдгээр тасгуудаас гадна практик дээр худалдааны танхимын голд байршдаг үндсэн нэр төрлийн /ашиг олох зорилготой/ бараануудыг супермаркетууд барааны хэрэглэх байдал, зориулалт, онцлог шинж чанаруудаас нь хамааруулан хүнсний бараа, хүнсний бус бараа хэмээн ангилж дараах тасгуудад хамааруулан дэлгүүрийн талбайд байршуулдаг.

Хүнсний барааны тасаг:

Гурилын тасаг

Чихрийн тасаг

Архины тасаг

Хүнсний бус барааны тасаг:

Гоо сайхны тасаг

Хүснэгт 2

Супермаркетын үндсэн тасагт харьяалагдах барааны нэр төрөл

№ Тасгийн нэр Тасагт харьяалагдах дэд тасаг

1.







Гурил - Гурил

- Будаа 

- Майонез

- Цай, кофе

- Цуу, соус

- Бэлэн хоол

- Зөгийн бал

- Хүүхдийн сүү

- Лаазалсан загас

- Хоол амтлагч

- Чипс, поп корн

- Гоймон, пүнтүүз

- Элсэн чихэр, ёотон

- Лаазалсан эрдэнэ шиш, вандуй 

- Даршилсан ногоо /огурцы, салат/

2.



Архи - Архи

- Пиво

- Жүүс

- Цэвэр ус

- Виски, вино

- Гаазтай ундаа

- Энержи ундаа

3.

Чихэр - Набор

- Чихэр

- Самар

- Печень

- Компот

- Варень

- Хүүхдийн нухаш

- Школадны крем, молоко

4.



Гоо сайхан - Оо, сойз

- Үс арчилгаа

- Угаалгын нунтаг

- Гэр ахуйн бараа

- 00 цаас, салфетка

- Ариун цэврийн хэрэглэл

- Хуурай, нойтон салфетка

Гурилын тасаг

Гурилын тасгийг бүрдүүлэгч бараануудыг хэрэглээ талаас нь авч үзвэл өргөн хэрэглээний өдөр тутмын олон давтамжтай худалдан авалт хийдэг эрэлттэй бараанууд энэ тасагт хамаардаг. Иймээс энэхүү тасгийг худалдааны заалны төв хэсэгт мах, ногоо жимсний тасагтай ойр байрлуулбал зохино. Ингэснээр худалдан авагчид нэг дороос их хэмжээний худалдан авалтыг богино хугацаанд хийх боломжтой.

Чихрийн тасаг

Чихрийн тасагт харьяалагдах бараанууд гурилын тасгийн барааг бодвол эрэлт султай хэдий ч дэлгүүрийн борлуулалтын хэмжээнд ихээхэн нөлөөлдөг. Учир нь энэ тасгийн дийлэнх бараа өндөр үнэтэй байдаг. Эл тасгийг хүмүүсийн хэрэглээнд үндэслэн гурилын тасгийн ойролцоо хөрш байдлаар зохион байгуулбал зохино.

Архины тасаг

Архины тасгийг практик дээр ихэвчлэн чихрийн тасаг, гоо сайхны тасгийн дунд байрлуулж өгдөг. Учир нь гоо сайхны тасгийн зарим нэр төрлийн бараанаас хурц үнэр гардаг тул /угаалгын нунтаг, саван/ эрүүл ахуй, ариун цэврийн шаарлагын улмаас хүнсний болон хүнсний бус тасаг, барааг хольж өрөхийг хориглодог. Энэ тасагт харьяалагдах бараа харьцангуй эрэлт өндөртэй байх тул хаана ч байрлуулсан худалдан авагчид өөрт хэрэгцээт бараагаа авахын тулд худалдааны талбайгаар хайж зорчиход дургүйцдэггүй.

Гоо сайхны тасаг

Гоо сайхны тасагт хамаарах бараанууд бусад тасгуудыг бодвол эрэлт бага хэдий ч тодорхой зорилтот худалдан авагчидтай хамгийн их ашиг олох боломжтой тасаг байдаг. Иймээс энэ тасагт хамаарах барааны эргэцийг сажруулахын тулд худалдааны талбайн халуун бүсэд байршуулж өгвөл зохино.



1.1.3 Худалдааны талбайн лангуу тавиурын төлөвлөлт

Супермаркетад лангуу тавиурыг байршуулах олон янзын хувилбаруудыг ашигладаг. Диогналь эсвэл салбарласан байдалтайгаар байршуулах нь худалдан авагчдад төдийлөн таалагддаггүй. Лангуу тавиуруудыг худалдан авагчдын зорчих хөдөлгөөнд саад болохгүйгээр худалдааны талбайд байрлуулах хэрэгтэй. Худалдан авагчдын чөлөөтэй зорчих, худалдааны талбай дахь хөдөлгөөнийг сайжруулахын тулд дараах арга хэмжээнүүдийг авна . Үүнд:

1. Тасгуудын заалтуудыг товч тодорхой бичиж өлгөх

2. Дэлгүүрийн бүх тасгууд ил тод харагдаж байх

3. Өдөр тутмын эрэлттэй барааг худалдан авагчдын хөдөлгөөнийг идэвхижүүлэх газар байрлуулах

4. Илүүдэл ашигладаггүй тоног төхөөрөмжийг худалдааны танхимд байлгахгүй байх

Урт, тасралтгүй байрлуулсан лангуу, тавиурууд нь худалдан авагчдад таагүй байдлыг бий болгож дараагийн эгнээнд шилжих хүртэл нилээд хугацааг зарцуулдаг. Худалдааны танхим дахь худалдан авагчдын хөдөлгөөнийг чөлөөтэй байлгахын тулд гарцуудыг 1.8 м-с багагүй зай хэмжээтэй байхаар төлөвлөнө. Жижиг хүчин чадалтай дэлгүүрт гарцыг 1.4 метр хүртэл хэмжээтэй төлөвлөж болно. 

Лангуу тавиурын өндрийн хэмжээ, тавиур хоорондын зай, хэмжээний харьцаа

Лангуу тавиур хоорондын худалдан авагч нэг гартаа сагс барьж зорчиход 0,875 метр өргөн зай хэмжээг, харин хоёр худалдан авагч барьж зорчиход 1,5 метр өргөн талбайг шаардана. Худалдан авагч зэрэгцээ байрласан хоёр лангуунаас зэрэг сонголт хийж зорчиход 1,25 метр өргөн зай талбай тохиромжтой байдаг.



Худалдааны талбайн төлөвлөлтийн үр ашгийн үзүүлэлтийг тооцох 

Худалдааны талбайн төлөвлөлтийн нормативыг ашиглан дэлгүүрийн техник эдийн засгийн үр ашгийн үзүүлэлтийг тооцож, үнэлгээ хийдэг . Үүнд:

1. Талбайн итгэлцүүр

Кэ = St/So

Кэ – Талбайн итгэлцүүр

St – Дэлгүүрийн худалдааны талбай

So – Дэлгүүрийн нийт талбайн хэмжээ

Дэлгүүрийн нийт талбайд эзлэх худалдааны талбайн хэмжээ их байх тусам ашиглалтын үр ашиг өндөр байдаг. Хэрвээ итгэлцүүр нь 0.6-с их байвал худалдааны талбайн ашиглалт хэвийн гэж үздэг. Европын орнуудад худалдааны, худалдааны бус талбайн харьцаа 70:30 буюу итгэлцүүр нь Кэ=0.7 байх нь оновчтой гэж тооцдог.

2. Суурилуулсан тоног төхөөрөмжийн талбайн итгэлцүүр

И тс = Т ст/Тх

И тс – Суурилуулсан тоног төхөөрөмжийн итгэлцүүр

Т ст – Суурилуулсан тоног төхөөрөмжийн эзэлж буй талбай, м2

Тх – Худалдааны талбай, м2

Дээрх итгэлцүүрийг тооцсоны дараа үр ашгийн үзүүлэлтэд үнэлгээ өгнө. Дэлгүүрийн хүчин чадал, хэв маяг, төрөлжилтөөс хамаарч итгэлцүүр нь харилцан адилгүй байх боловч дараах дундаж үзүүлэлтийг үндэслэл болгоно.

Өөртөө үйлчлэх дэлгүүрт - 0.3-0.2

Их дэлгүүрт – 0.29

Гутлын дэлгүүрт – 0.33

Хувцасны дэлгүүрт – 0.28

Гэр ахуйн дэлгүүрт – 0.32

3. Үзүүлэнгийн талбайн итгэлцүүр

И үт = Тө/Тх

И үт – Үзүүлэнгийн талбайн итгэлцүүр

Тө – Өрөлт хураалт хийсэн талбай, м2

Тх – Худалдааны талбай

“Дэлгүүрийн худалдааны талбайд лангуу төхөөрөмжийг байршуулахдаа стандарт нормативийн дараах өгөдлүүдийг ашиглах ба худалдааны танхим дахь зорчих талбайн өргөний хэмжээг худалдан авагчийн урсгал хөдөлгөөний нягтрал, тав тухтай байх шаардлагад нийцүүлэн стандарт ”-н дагуу төлөвлөх хэрэгтэй.

Лангуу тавиур хоорондын зайн стандарт Хүснэгт 3

№ Стандарт Хэмжээ /м/

1. Зэрэгцээ байрласан лангуу тавиур хооронд 4.2

2. Кассын кабинаас үйлчилгээний лангуу 2.2

3. Кассын кабинууд хооронд 0.6

Үүнд дараах үндсэн хэмжээсүүдийг харгалзан үзнэ.

0.875- сагстай нэг худалдан авагчийн зорчих өргөний хэмжээ

1 м- худалдан авагч лангууны доод тавиурт байгаа бараатай харьцаж тонгойход эзлэх өргөний хэмжээ

1.25 м – тэргэнцэртэй худалдан авагч хорго үзүүлэнгийн өмнө зогсож харьцахад эзлэх өргөний хэмжээ

1.2 м – тэргэнцэртэй зорчих худалдан авагчийн эзлэх өргөний хэмжээ

1.7-1.8 м - өөртөө үйлчлэх дэлгүүрийн талбайд зорчих урсгал эгнээний өргөөний хэмжээ 

3.5 м – том хүчин чадалтай үйлчилгээний нягтрал ихтэй супермаркетын талбайд зорчих урсгал эгнээний өргөний хэмжээ



Дэлгүүрийн талбайн төлөвлөлт ба аюулгүй байдал

Дэлгүүрийн худалдааны талбайг нарийн бодож төлөвлөсөн цагт бараа, мөнгө хулгайлах эрсдэлийг бууруулж болно. Дэлгүүрийн талбайг төлөвлөхдөө худалдагчийн нүдэнд худалдааны талбай бүхэлдээ харагдаж байх нөхцөлийг бүрдүүлбэл зохино. Эрсдэлийг багасгая гэвэл худалдааны заалыг бүхэлд нь хянаж байх кино камер, тусгаж ажиглах толь байрлуулах хэрэгтэй. Өндөр үнэтэй барааг байнга байх газрыг байрлуулах эсвэл мэдээлэл дамжуулах электрон хэрэгсэлтэй холбох ёстой. Хулгай хийгч түргэн зугтах болзошгүйг харгалзан өндөр үнэтэй барааг гарах хаалганд ойрхон байрлуулах хэрэггүй. Мөн кассыг дэлгүүрийн орох, гарах хаалга үзэгдэж байх газар байрлуулах ба хяналтын ажилтан, хамгаалагчдын өрөөг кассын ойролцоо төлөвлөж өгсөнөөр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өндөр ашиг тустай 



1.2 Барааны өрөлт, стандарт, худалдааны танхимд байршуулах зарчим

Худалдан авагчид бараатай хоромхон зуур танилцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор барааг оновчтой түвшинд байршуулах шаардлагатай. Барааг зөв байршуулж хураах нь тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулж, хэрэглэгчдийн барааг саадгүй үзэж сонгох боломжийг нэмэгдүүлдэг байна. Барааны өрөлт гэдэг нь худалдааны танхимд худалдаалж буй барааны нэр төрлийг сурталчлан нөөцийг өрж байршуулах арга юм. Томоохон хүчин чадалтай дэлгүүрүүд болон супермаркетууд дарах тусгай өрөлтийн аргуудыг ашигладаг. Үүнд:

Их хэмжээний барааны өрөлт нь гол төлөв өдөр тутмын эрэлттэй барааны өрөлтийг хийхэд ашигладаг арга юм.

Олон нэрийн барааны өрөлт нь өөр хоорондоо хамааралтай хэрэглээний иж бүрдэл бүхий барааг олон нэр төрөл, янз төрлөөр бүлэглэн өрж байршуулах арга юм.

Бөөний барааны өрөлт нь нэг төрлийн барааг сагс тэргэнцэр ханын шүүгээ ширээ болон үйлдвэрлэгчийн хайрцаг, сав баглааг ашиглан задгайгаар их хэмжээтэ байрлуулах арга юм.

Дэлгүүрийн барааны өрөлт байршилд нөлөөлөх хүчин зүйл

- Дэлгүүрийн гадаад орчин

- Дэлгүүрийн гадаад орчны зар сурталчилгаа, гэрэлтүүлэг

- Орох бүс

- Дэлгүүрийн доторх зар сурталчилгаа

Өөртөө үйлчлэх дэлгүүрт бараа өөрийгөө борлуулж байх ёстой гэж үздэг учир барааг өрж хураахдаа янз бүрийн аргуудыг ашигладаг.

Барааг өрж байршуулах түгээмэл аргууд:

- Барааг эгнүүлж өрөх

- Барааг дээр дээр нь чацуулж давхарлаж өрөх

- Барааг зэрэгцүүлж босоо, хэвтээ, хосолмол тогтолцоогоор өрөх 

- Барааг хос хосоор өрөх

- Барааг овоолж өрөх

- Барааг дүрслэл-чимэглэлийн аргаар өрөх гэх мэт

Барааг өрж хураахдаа хэрэглэгчдийн анхаарлыг татах зорилгоор тусгай өрөлтийг хийж болно. Тусгай өрөлтийн үед нэг дор нэг барааг их хэмжээгээр овоолох, олон төрлийн барааг тавих, барааны загвар байрлуулах, олон янзын гэрэл асаах, хөдөлгөөнтэй үзүүлэн, хорго үзүүлэн ашиглаж болно. Тусгай өрөлтөд олон төрлийн хорго, үзүүлэнг ашиглана. Үүнд:

- Холимог

- Төрөлжсөн

- Нарийн төрөлжсөн

- Барааны-чимэглэлийн

- Экспресс – хорго үзүүлэн гэх мэт.

Барааны өрөлтийн үндсэн арга

Өөртөө үйлчлэх дэлгүүрт өрөлт хураалтын хэвтээ, босоо, хосолсон тогтолцоог ашиглана. 

1. Босоо өрөлт. Нэг нэр төрлийн барааг тавиурын доод хэсгээс  дээд хэсэг хүртэл босоо чиглэлээр өрж байрлуулдаг.

2. Хэвтээ өрөлт. Хэд хэдэн барааг тавиур төхөөрөмжийн уртын дагуу өрж байршуулдаг.

3. Хосолмол өрөлт. Практикт дээд хэвтээ босоо чиглэлээр байршуулах өрөлтийг хослуулах байдлаар илүүтэй ашигладаг.

4. Чимэглэх өрөлт. Дэлгүүрийн шилэн хорго, тавиуруудад болон худалдааны зөвлөх ажилтны ажлын байрны лангуу тавиурт чимэглэх  зохиомжийн өрөлтийн хийж худалданн авагчдын сонирхолыг татах барааны борлуулалтыг идэвхжүүлэх арга юм.

Эдгээр өрөлтийн аргуудыг ашиглан барааг худалдааны төхөөрөмж дээр /лангуу, хорго, үзүүлэн/ байршуулахдаа харааны тохиромжтой бүс, тавигдах үндсэн шаардлагуудыг харгалзан үзнэ.

Барааны өрөлтөд тавигдах үндсэн шаардлага:

- Тодорхой нөөцийг ашиглан худалдан авагчийн анхаарлыг татах

- Тавиурт барааны нөөцийг бүрдүүлж тавиурын орон зайг үр ашигтай ашиглах

- Тавиур дахь барааны эгнээний тоог нэмэгдүүлж, борлуулалтын үр ашгийг өсгөх нь чухал юм.

Худалдан авагчийн өндрийн түвшин-барааны босоо өрөлт гэсэн зарчимд “халуун бүс нь худалдан авагчийн нүд, гарын түвшин” “хүйтэн бүс нь худалдан авагчийн хөл, малгайн түвшин” загварыг өргөн ашиглана.

Барааны өрөлт - худалдан авагчийн өндрийн зарчим

1. Малгайн түвшин \1.7-метрээс дээш\ 10% борлуулалт

2. Харааны түвшин \1.1-1.7м\ 40% борлуулалт

3. Гарын түвшин \0.6-1.1\ 30% борлуулалт

4. Хөлийн түвшин \0.2-0.6м\ 20% борлуулалт

Жишээ нь дундаж 160 см өндөртэй эмэгтэй худалдан авагчийн худалдан авалтын идэвхитэй түвшин шалнаас 120-150 см-ийн өндөрт байрласан тавиур буюу нүдний харалдаа түвшин, худалдан авалтын идэвхи сул бүс 80 см-с доош, 150 см-ээс дээш байрласан тавиурын түвшин байдаг. 

Сонирхолтой судалгаа: “Худалдан авагчийн бүснээс цээж хүртэлх түвшинд барааны борлуулалтын хэмжээ 34 хувь нэмэгдэж байсан бол бүснээс нүдний түвшин хүртэлх зайд 78 хувь буюу хоёр дахин нэмэгдсэн байна” .

Ямар ч худалдаачин барааны хамгийн сайн борлуулалтын байршил нь худалдан авагчийн харааны түвшин дэх байрлал гэж тооцдог. Харин худалдан авагчийн харааны түвшингээс доош 15 градусын налууд байрласан бараа хамгийн сайн нүдэнд тусдаг гэдгийг худалдаачин бүр тооцож чаддаггүй. Мөн худалдан авагчийн бараанд гар хүрч худалдан авалт хийх оновчтой дундаж хэмжээг шалнаас 78 см-ийн өндөрт байрласан түвшин бөгөөд энэ түвшинд байрласан бараанд худалдан авагч хамгийн түрүүн гар хүрдэг байна.

Дэлгүүрт үйлчлүүлэхээр ирж буй худалдан авагчийн ихэнх нь юуны өмнө барааны худалдах үнэ хаягтай танилцаж эхлэдэг. Иймд хүнсний барааны дэлгүүрүүд нь хамгийн хямд үнэтэйгээс өндөр үнэтэй барааг дагуулан өрж байршуулах зарчмыг түгээмэл ашигладаг. Барааны сэтгэл татам үнийг хараад худалдан авагч өөрийгөө илүү чөлөөтэй, тавлаг байдлаар мэдэрдэг. Ийм учраас дэлгүүрийн орох бүсийн ойролцоо хямдрал зарласан бараа, тусгай санал болгож байгаа бараануудыг байршуулах нь худалдан авагчдад хүчтэй нөлөөлөл үзүүлж худалдан авалтыг идэвхижүүлэх хөшүүрэг болно. 

Барааг худалдааны технологид байршуулах стандарт

Барааг худалдааны танхим болон лангуун дээр байршуулахдаа барааны өрөлт, байршилын “ Таван алтан дүрэм”-ийг баримтална.

1. Тавиур дахь бараа богино хугацаанд борлогдох 

2. Бараа худалдан авагчийн гарын түвшинд байрласан байх

3. Барааны нэр төрөл сонголт ихтэй, тавиур дүүрэн байх

4. Барааны нэр төрөл тус бүр үнийн хаягтай байх

5. Бараа нь худалдан авагчийн хараа зүйн түвшинд байрласан байх

Мөн барааг лангуунд байршуулахдаа өрөлтийн дараах стандартуудыг баримтална.

Барааг блокоор өрж байршуулах загварыг түгээмэл ашиглах

Худалдан авгч хэрэгцээт бараагаа хялбар олж худалдан авах боломжийг нэмэгдүүлэх

Барааны нэр төрөл ил тод харагдахаар нүүрэн талыг худалдан авагч руу эгц харуулж өрж байрлуулах

Бараа нь бүхэлдээ бүтэн харагдаж байхаар тавиурт байрласан байх 

Барааны үнийн хаяг нь үнэн зөв гоёмсог хялбар уншигдах ойлгомжтой мэдээлэл агуулсан байх

Тасгуудад барааны танилцуулга үнийн мэдээлэл бүхий зурагт хуудас каталоги байрлуулах

Худалдааны танхимд худалдан авагч чөлөөтэй зорчиж барааны сонголт хийх зай талбайгаар хангагдсан байх

Алтан тавиурыг бүрэн дүүрэн үр ашигтай ашиглах

Хурц хүчтэй үнэртэй барааг бусад бараатай холихгүй байх 

Худалдааны танхимд өндөр үнэтэй чанартай барааны зориулалтаар талбайн тодорхой хэсгийг төлөвлөж өрж байршуулах

Худалдан авагчийг аль болох танхимын гүн рүү зорчих боломжоор хангах

Худалдааны зөвлөх ажилтны дэмжлэггүйгээр барааны сонголт хийх боломжийг бүрдүүлэх

Барааны ангиллын уялдаа холбоог үндсэн тасгуудыг төлөвлөх гэх мэт.



Барааны өрөлт, байршлын үндсэн дүрэм 

Дүрэм 1. Нэр төрөл, эмх, цэгц

Нэг бүлгийн барааны нэр төрлийг эмх замбараагүй тархаан өрж байршуулж болохгүй. Харин маш системтэй зөв ангилан нэг нь нөгөөгөө орлох шинж чанарыг нь харгалзан өрөлтийг хийнэ.

Дүрэм 2. Нэр төрөл, янз төрөл, бүлэг

Тухайн бүлгийн барааны нэр төрөл, янз төрлийг бусад бүлгийн барааны нэр төрлөөс тодорхой хил заагаар хязгаарлаж тавцан дээр өрж байршуулна. Ингэснээр худалдан авагчид нэр төрлийн сонголтыг хялбар хийж цаг хугацааг хэмнэнэ.

Дүрэм 3. Блок өрөлт

Нэг төрлийн худалдааны тэмдэгтэй бүтээгдэхүүн нэг бүлгийн бараа учраас нэг блоконд өрж байршуулна.

Дүрэм 4. Барааны өрөлтийн урт борлуулалт

Нэг төрлийн барааг тавиурын уртын дагуу 40см хүртэл эгнээ үүсгэж өрж байршуулах нь үр ашиг муутай байдаг.

Дүрэм 5. Өргөн сонголт, дүүрэн бараа

Нэг нэр төрлийн барааг хамгийн багаар бодоход тавиурын уртын дагуу 3-5 эгнээ үүсгэж гадна хайрцаг, сав баглаа боодлын нүүрэн талыг нь худалдан авагчид ил тод харагдахаар өрж байрлуулах нь хэрэглэгч барааг харьцуулан сонголт хийж худалдан авах боломжийг бүрдүүлнэ.

Дүрэм 6. Тавцангийн нэгж, борлуулалтын үр ашиг

Барааг тавиурын тавцан дээр худалдан авагчийн хараанд бүрэн дүүрэн өртөх боломжит хувилбараар өрж байршуулах нь тавцангийн нэгжийн үр ашгийн үзүүлэлтийг нэмэгдүүлж, борлуулалтыг нэмэгдүүлнэ.

Дүрэм 7.  “Нүүрний эгнээ” харьцуулалт

Тавиурын нүүрний эгнээн дэх барааны нэгжийн тоо нь борлуулалтын хурдац, өөрчлөлт, нөөцийг хянах мэдээллийн зурвас юм. Өөрөөр хэлбэл нөөцийн сэлбэлт, давтамж нь борлуулалтын хэмжээг богино хугацаанд тооцох энгийн арга болно. 

Дүрэм 8. Цэвэрч байдал, борлуулалт

Лангуу, тавиурын тоос шороог үргэлж угааж, цэвэрлэж арчилж байх ёстой. Дутуу тоноглогдсон, хонхойж хотойсон, өнгө үзэмж нь муудсан тавиур дээрх барааны борлуулалт буурдаг. Тавиурын ариун цэвэр, өнгө үзэмж нь барааны үнэ цэнийг илэрхийлж байдаг учраас борлуулалтанд ихээхэн нөлөөлдөг.

Дүрэм 9. Барааны үзэмжтэй, анхаарал татахуйц хайрцаг сав

Худалдан авагч өөртөө үйлчлэх дэлгүүрт үйлчлүүлэхдээ дунджаар 25 минут зарцуулдаг. Энэ нь тавиур дээрх олон мянган бараанаас маш хурдацтай сонголт хийнэ гэсэн үг. Иймээс худалдан авагч барааны хайрцаг савны гадаад үзэмжийг болон танил хоногшсон имидж, төрхийг илүүтэй анхаарч сонголт хийдэг гэдгийг өрөлт, байршлын загвар боловсруулахад сайтар тооцож тусгах хэрэгтэй.

Дүрэм 10. “Хоёр хуруу” дүрэм

Өрж байршуулсан барааны өндрийн хэмжээ лангууны тавиурын өндрийн хэмжээтэй харьцах харьцааг хоёр хурууны дүрмээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл давхарлаж өрж тавьсан бараа дээд хэсгийн тавиураас хоёр хуруу (2.5 см) зайтай байрласан эсэхийг л зохицуулж буй дүрэм юм.

Дүрэм 11. Тавиур дүүрэн өрөлт

Дэлгүүрт барааг өрж байршуулахдаа юуны өмнө худалдан авагчийн сонголт хийх хамгийн тохиромжтой байршлын хувилбарыг сонгож төлөвлөх нь чухал. Худалдан авагчид өдөр тутам 10-15 мянган нэр төрлийн бараанаас зөвхөн 30-40 нэр төрлийг сонгоход хагас цаг зарцуулдаг байна . Зарим дэлгүүрт барааны өрөлт байршлын оновчтой загвар ашиглаагүйгээс худалдан авагчид хэрэгцээт бараагаа богино хугацаанд олж сонгох боломж хомс болж гомдоллох, тэдний дэлгүүрийн талаарх үнэлгээ, ханамж буурах хандлагатай болдог. Өөртөө үйлчлэх дэлгүүрт энэхүү асуудлыг шийдэх гол зарчим нь хүссэн хэмжээнд хүртэл борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд тавиурыг бараагаар дүүрэн байлгах, дүүрэн бараа нь зөв дүрмээр өрөгдсөн байх, худалдан авагч бараагаа чөлөөтэй үзэж сонгох хангалттай зай талбайг гаргаж төлөвлөх гэсэн энгийн дүрмүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Дүрэм 12. Худалдааны танхимын үнэр

Худалдан авагчид хамар цоргим шинэ бүтээгдэхүүний үнэрт өөрийн эрхгүй татагдаж, сэтгэл хангалуун барааг сонгож тааламжтайгаар зорчино. Танхимын дулаан гэрэл, модон тавиурууд, тавиурын дээрээс эгц тусах дизайнлаг гэрлийн тусгал, торт, нарийн боовны шилэн хорго нь тасгийн орчныг тансаг болгож бүтээгдэхүүний нэр хүнд, чанарын үнэлэмжийг нэмэгдүүлдэг. Энэ бүсэд цай, кофены тасаг байрласан байх нь таны зөв төлөвлөлт, зөв ашиг.

Дүрэм 13. Эрчимт борлуулалт

Сурталчилгааны барааны нэр төрлийг ил тод харагдах түвшинд өрж байршуулна. Үе үеийн эрэлттэй барааны ойр орчимд эрэлт ихтэй барааны нэр төрлийг өрж байршуулах нь бие биенийхээ борлуулалтыг дэмжих, үр ашгийг нь нэмэгдүүлэх таатай боломжийг бүрдүүлнэ.

Дүрэм 14. Загвар анхаарлын төвд

Бараа бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Үүнийг өрөлтийн загварт залшгүй тусгана. 

Дүрэм 15. Хүүхдийн өндрийн түвшинд

Йогуртын ихэнх дэлгүүрүүд тавиурын дээд хэсэгт өрж байрлуулсан байдаг. Гэтэл энэ бүтээгдэхүүнийг хүүхдийн гол хэрэглээ гэж үздэг учраас тэдний өндрийн түвшинд өрж байрлуулах нь оновчтой.

Дүрэм 16. Хамгийн шилдэг бараа

Өндөр чанартай барааны нэр төрлийг нэг түвшинд, нэг тавцанд олон эгнээгээр зэрэгцээ байршуулах нь бусад барааны борлуулалтын хэмжээг бууруулах магадлалтай байдаг гэдгийг тооцох шаардлагатай. Үүнд шилдэг барааны нэр хүндийг зээлэх дүрмийг ашиглана.

Дүрэм  17. Орон зайн дүүргэлт

Борлуулалт өндөртэй, эргэц сайтай нэр төрлийн бараануудыг харьцангуй том хэмжээний талбайд өрж байршуулдаг бол эргэц удаантай барааг бага талбайд өрж байршуулах загварыг практикт түгээмэл ашигладаг.

Дүрэм 18. Нийлүүлэгчийн үнэ тавцан дээр

Барааны өрөлтийн онцлог нь: “Тусгай үнийн хаяг”, “Бодит үнэ, чанар” гэсэн зарчмуудыг давхар шийдэж өгсөн өрөлт, байршлын шийдвэр юм.

Барааны өрөлтөнд тавих хяналт, түүний ашиг тус

Барааны өрөлт нь аливаа супермаркетуудад цаг тутамд хийгдэж байдаг тасралтгүй үйл явц юм. Энэ утгаараа тодорхой албан тушаалтан, хувь хүний хайхрамжгүй байдлаас үлэмж хэмжээний хохирол учрах магадлал өндөр байдаг. Жишээ нь: Барааны хугацаа дуусах, өрж амжаагүй бараанд худалдан авагч тээглэн унаж бэртэх гэх мэт. Ийм учраас гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, худалдан авагчдын аюулгүй байдал, эрх ашгийг хангах үүднээс худалдааны зөвлөх, удирдах албан тушаалтны зүгээс барааны өрөлт, худалдааны танхимд хайрцагтай бараа байршуулах зэрэгт үргэлж хяналт тавьж, тогтсон нарийн дэг барьж байх шаардлагатай. Үүнд:

Хайрцагтай өрөх гэж байгаа барааг цаг алдалгүй өрж худалдааны танхимыг чөлөөлөх эсвэл өрж амжаагүй хайрцагтай бараагаа худалдан авагчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр аль болох лангуу, тавиур руу шахаж тавих

Олон хайрцагтай барааг давхарлаж өрөхгүй байх /ялангуяа хагарч, гэмтэж болзошгүй бараа/

Бараа өрөхдөө хуучин барааг өмнө нь шинэ ирсэн ижил төрлийн барааг ард нь өрөх, барааны хугацаа, хадгалах горим алдагдсан эсэхийг шалгаж байх гэх мэт

Энэхүү үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлсэнээр барааны хугацаа дуусах, унаж хагарах, худалдан авагчид бэртэх аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Барааг худалдааны танхимд байршуулах арга

Барааг худалдааны танхимд байршуулах 2 арга байдаг. Үүнд:

Зураг 9





Эх сурвалж: “Мерчандайзинг” Д.Нарантуяа, Ж.Ариунаа, Т.Мөнх-Эрдэнэ 2013 он

Барааг бүлгээр, хэрэглээний иж бүрдлээр нь ангилна. Барааг бүлгээр ангилж байршуулахдаа:

Хүнсний бараа, хүнсний биш бараа гэсэн 2 ерөнхий бүлгээр

Хүнсний барааг мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, талх, талхан бүтээгдэхүүн гэх мэт дэд бүлгээр

Мах махан бүтээгдэхүүнийг мах хиам нөөцилсөн махан бүтээгдэхүүн гэх мэт төрлөөр

Махыг нэр төрөл янз төрлөөр нь бүлэглэж нэр төрлийн бүрдүүлэлт хийсний үндсэн дээр худалдаалах

Барааг хэрэглээний иж бүрдлээр бүлэглэж ангилахдаа дараах онцлогуудыг харгалзан үзнэ. 

Хэрэглээний онцлог

Зориулалтын онцлог 

Ажил мэргэжлийн онцлог

Хэрэглээ улирлын онцлог

Мөн дээрхи ангиллаас гадна барааг хэд хэдэн шинжээр ангилж байршуулж болдог . Үүнд:

Эрэлт сайтай нэр төрлийн бараа

Онцгой рекламдуулагч бараа

Худалдан авахыг өдөж сануулдаг бараа

Эрэлт сайтай нэр төрлийн бараа

Үүнд хэрэглэгчдийн байнга худалдан авдаг бараа орно. Эрэлт сайтай барааны зарим хэсгийг дэлгүүрийг яг орох хаалга, худалдан авагчдын урсгал дагуу байрлуулах нь ашигтай байдаг. Энэ нь худалдан авагчдаар оронгуут нь худалдаа хийлгэж, дэлгүүрт саатуулан барих арга болдог. Ийм байрлал нь дэлгүүр дотуур тойрон явуулж үзүүлэн худалдан авагчдыг төлөвлөөгүй бараа худалдан авахад хүргэнэ.

Худалдан авахыг өдөж сануулдаг бараа

Дэлгүүрт орохыг гол зорилго болгохооргүй бараанууд юм. Худалдан авагчдад сануулах зорилгоор худалдан авах гэж байгаад мартдаг барааг онцгой анхаарч өрөх хэрэгтэй. Зарим бараа тухайлбал чихэрлэг амттан өөрийн эрхгүй худалдан авахыг сануулна. Энэ байдлыг харгалзан үзэж уг бараануудыг аль болохоор худалдан авагчдын хараанд өртөхөөр, тэр даруй худалдан авах шийдвэр гаргахаар үндсэн тасаг дагуу гэнэтийн худалдан авалт хийлгэхээр бодож байршуулна.

Онцгой рекламдуулагч бараа

Ямар нэг давуу тал болон үнийнх нь үндсэн дээр рекламдаж борлуулдаг бараа юм. Ийм бараанууд бусад барааны борлуулалтыг бууруулах магадлалтай тул эрэлт ихтэй бараатай ойр байрлуулсаны хэрэггүй байдаг. Дэлгүүрт орж ирсэн худалдан авагчдын хамгийн их урсгалыг хангахын тулд рекламдуулагч барааны бүлгийг хоорондоо зайтай, нүдэнд ил харагдах газарт байрлуулна.

Ерөнхийдөө хамгийн гүйлгээ сайтай барааг босоо тавиурын харааны түвшинд, алдаг оног гүйдэг барааг түүнтэй харалдаа дээд тавиурт, дунд зэрэг эрэлттэй барааг хамгийн доод нүднүүдэд байрлуулах ёстой. Нэр төрлийг ийнхүү босоо байрлалаар бүлэглэх нь хэвтээ байрлалд бүлэглэснээс илүү тохиромжтой байдаг. Худалдан авагчид нэг байрнаас барааны өрөлтийг шууд дээрээс нь доошлуулан үзэж сонирхох бөгөөд  хараагаа ийш тийш гүйлгэж харах шаардлагагүй. 

Хүснэгт 4

Худалдааны танхимд барааг байршуулах зарчим

Худалдааны танхимд барааг байршуулах зарчим

Өргөн сонголт хийж болохуйц барааны нэр төрлийг байршуулж өрөх Барааны бүлэг бүрийн хэвшиж тогтсон байршлыг өөрчлөхгүй байх

Худалдаанд тасрахгүй байх барааг сонгож байршуулах Дагалдах бараарнуудыг үндсэн барааны ойролцоо байлгах

Барааны байршил, өрөлт нь худалдан авагчдын урсгал хөдөлгөөнд саад болохгүй байх Шинэ бараа болон яаралтай борлуулах шаардлагатай барааны олны хараанд өртөх газарт байршуулах

Худалдан авагчдад аль болох ойроос үзэж харах боломжтой байх Овор ихтэй буюу хүнд жинтэй барааг худалдан авагчдын урсгалын төгсгөлд худалдааны танхимаас гарах хаалганы дэргэд байршуулах 

Барааны хөрш байж болох зарчмыг мөрдөх Барааг үзэж сонгоход худалдан авагчдад хамгийн аятай байдлыг бүрдүүлэх

Эх сурвалж: “Мерчандайзинг” Д.Нарантуяа, Ж.Ариунаа, Т.Мөнх-Эрдэнэ 2013 он

Барааны үнийн хаяг

Барааны үнийн хаяг нь худалдааны үйл ажиллагааны чанарыг илэрхийлэх нэг үзүүлэлт болдог. Гол үүрэг нь худалдан авагчдад барааны шинж чанарын болон үйлдвэрлэгчийн талаар бодит мэдээлэл өгөхөөс гадна үнийн хамгийн бодит баталгаа, баримт бичиг болж байдаг.

Хүнсний барааны үнийн хаягт зайлшгүй тусгах заалт:

- Барааны нэр төрөл

- Барааны чанарын зэрэг

- Нэг килограммын болон 100гр-ын үнэ

- Нэгжийн үнэ

Үнийн хаягт тавигдах шаардлагад түүний хэлбэр, хэмжээ дизайн, нэмэлт элемент ашиглах заалтууд  тусгагдсан байдаг. Үүнд:

1. Өнгө: Барааны үнийн хаягийн өнгө барааныхаа шинж чанарт зохиоцох хослолыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

- Сүү, сүүн бүтээгдэхүүнд – ногоон

- Далайн гаралтай бүтээгдэхүүнд – цэнхэр

- Шаазан, вааран эдлэлд – бор

- Хүнсний биш бараанд – улбар шар, тод хөх, улаан өнгө зонхилох

2. Үсгийн шрифт: Барааны үнийн хаягт мэдээллийн агуулгыг товч, тодорхой, энгийнээр гаргацтай бичиж тэмдэглэсэн бол худалдан авагч богионо хугацаанд танилцаж барааны сонголт хийнэ.

3. Хэлбэр, хэмжээ: Үнийн хаягийн хэлбэрийг сонгохдоо:

- Хаяг дахь мэдээлэл нь тод, гаргацтай шууд уншигдах

- Нэг бүлгийн барааны үнийн хаяг нь ижил хэмжээ, хэлбэртэй байх

- Үнийн хаягийн дэвсгэр өнгө, хэмжээ нь үсгийн шрифт, түүний хэмжээтэй зохицох