МАХАТМА ГАНДИ БУЮУ ҮНЭНИЙ ЭРЭЛ
11 жил, 8 сар өмнө

О.Дашбалбар  3- р боть Хүн ертөнц           

Махатма Ганди буюу Мохандас Карамчанд Гандийн үлэмж их амьдралын тухай бичье гэвэл хэдэн жил нойргүй хонож, хэдэн мянган хуудас тэрлэх бөлгөө. Учир иймд миний бие Энэтхэгийн ард түмний их хүүгийн утга төгөлдөр амьдралын нэгэхэн хэсэг болох зан суртахуун хийгээд бишрэл шүтлэгтэй холбоотой санаа бодлыг нь толилуулахыг хичээв. Ертөнц дахинаа хийгээд улс оронд минь болж буй үйл явдал өдгөө анхаарал татаж, яг л ийм үед хүлцэнгүй байх, тэвчээртэй байх, хүч үл хэрэглэх онол бидэнд ус, агаар шиг хэрэгтэйн улмаас үүнийг толилуулах нь зүйн хэрэг хэмээн үзвээ!

Энэтхэгийн Порбандар нутагт 1869 онд төрж, дал гаруй насандаа хоёр шашинтны хооронд хагарал гарахад эвлэрүүлэх гэж яваад алагджээ. Өөрийгөө буудсан хүнд “үйлс тань бүтэг” гэж хэлээд таалал төгссөн энэ их хүний шарилыг Энэтхэг ёсоор зандан модны галд шатааж, үнсийг нь ганга мөрөнд хийж ёсолсон газарт нь “Үнэн буй” гэсэн бичээстэй гантиг самбар тавьжээ.

Насан туршдаа үнэн хийгээд бурхныг эрхэмлэн дээдлэж “над мэтийн зуу зуун хүн сөнөг, гэвч үнэн ялна. над мэтийн төөрөлдөгч мөнх бус хүний тухай шүүн бодохдоо үнэнээс хялгасан төдий ч ухарч болохгүй” гэж “Миний амьдрал” номынхоо оршилд бичжээ. Бүхий л амьдралдаа архи, тамхи, самуун явдлыг цээрлэж, мах иддэггүй байсан энэ хүн төрөлхийн ийм ариун явдалтан байсан уу? гэвэл үгүй! Тэр бидэнтэй л адилхан нүгэлт хүн бөгөөд сэтгэл зүрх, бие махбодь нь мах идэж, архи дарс ууж, садар явдалд нэг бус удаа татагдаж байсан ч өөртэйгээ тэмцэх, өөрийнхөө сул талыг ялах хүчийг “өөрөөсөө олсон юм”. Хэлэх ёстой хүндээ чин сэтгэлээр үнэнээ хэлж, дахин нүгэл үйлдэхгүйгээ амлах нь гэмшихийн хамгийн ариун хэлбэр мөн гэж тэрээр бичжээ. Тэрбээр:

“Аяга ус өгвөл амтлаг хоолоор хариу барь

Амрыг чинь эрж мэндэлбэл арай илүү бөхий

Алтаар хариу барь, бутархай мөнгө өгвөл

Амиа бүү хайрла, хэрвээ түүнийг чинь аварвал

Цэцэд гэдгийн үйл хэрэг, үг хэл нь ийм юм.

Чиний өчүүхэн тусыг чинээнд нь хүртэл хариулдаг юм.

Жинхэнэ ариун явдалт хүн гэгч бүгдийг ижил үзэж

Жигшүүрт зовлон авчрагчдад ч жаргал цэнгэл амладаг...”

гэсэн сургамжит энэ мөрүүдэд дуртай байв. “Өвчтэй хүнийг асрамжлах нь миний хамгийн дуртай ажил” гэж Махатма Ганди хэлжээ. Зөвхөн ганц энэ мөрөөс л түүний хэн болох нь танигдана. Түүний бишрэн хүндэтгэдэг хүн нь Оросын их зохиолч Л.Н.Толстой байв. Толстой бол бас л хүч үл хэрэглэх аргыг сайшаадаг, насан турш үнэний эрэлд зүтгэсэн хүн. хорыг ачаар хариул, хүн муу юм хийвэл хариуд нь сайн юм хий гэдэг зан суртахууны аугаа их зарчим өрнийн суут зохиолч, дорнын гүн сэтгэгч хоёрыг мөнхөд холбожээ.

“Зан суртахуун бол бүх юмны үндэс мөн, үнэн бол зан суртахууны мөн чанар юм” гэж тэд үзэж байлаа. Нийт хүн төрөлхтний оюуны үнэт зүйлийн тухай авч үзэх нь өөрчлөн байгуулалтын үед амьдарч буй бидний хүсэл сэтгэлд нийцэх ёстой. Бид бачимдаж, түгшиж яарч сандарч байна. Энэ бол алдаа юм. Бид дорнын хүмүүс гэдгээ үл мартаж, уужуу тайван, ухаалаг, хүлцэнгүй байх нь өөрчлөн байгуулалтыг амжилтанд хүргэнэ. Бие биеэ доромжлох, гүтгэх, хувийн өс хонзон авах явдал ихэссэн одоо үед гагцхүү хүлцэнгүй байх, хүлээцтэй хандах л биднийг аварна.

Энэ ертөнц дээр ганцхан чи, эсхүл би л доромжлуулсан юм уу?.. Чамаас өмнө, чамаас хойш, чамтай цуг доромжлуулагсдын зовлонг яахав? Ийм асуулт өөртөө тавь! Тэгээд Бруно, Пушкин, Чингүнжав, Нацагдорж, Махатма Ганди, Шекспирийг бодогтун. Тэдний гүтгүүлж, доромжлуулж байсан агшныг сэргээн санагтун. Доромжлогдсон сая сая эгэл жирийн хүмүүсийг хайрлан бод, яг энэ үед л бид нийтийн зовлонгоос гадна бус гэдгээ мэднэ. Ертөнцөд хамгийн аймшигтай гэмт хэрэг бол гүтгэлэг билээ.

“Тэнгэрийн зарлигийг Муза минь дуулгавартайхан дагаарай

Тэнэг мугуйд улстай тэрсэлж битгий тэмцээрэй

Гайхал тэнэгүүд шоолж, галгүй юмнууд муулж байг,

Гавихгүй тэр шуугианыг дажгүй тайван сонсоорой...

Өргөн харгуй чөлөөтэй, өөртөө чи бол хаан юм шүү

Өөрийгөө тоосон оюунаар өмнөх замаа гийгүүлээрэй!

гэсэн Пушкины шүлгийг л эгэл олон минь санаж явтугай!