Маргааш
Хүн гэгч үргэлж биш хааяахан өөрийнхөө өмнө нь ямар хүн байсныг, юу бүтээсэн, юуг алдсанаа бодож тунгааж өөрийгөө сайн, муу зүгийн алинаар яваад байна вэ? гэдгээ ухамсарлах хэрэгтэй ажээ. Өөрийгөө сайн хүн болоод байна уу? муу хүн болж өөрчлөгдөөд байна уу? гэдгээ анзаарснаар л ухаарал ирдэг. Энэ мэтээр ӨЧИГДӨРӨӨ үгүйсгэлгүй суралцаж чадваас МАРГААШ-ийг итгэл төгс угтана.
МАРГААШ хэмээх энэ өдөр ирэх үгүйг, энэ өдөр юу тохиолдох үгүйг бидний хэн нь ч мэддэггүй ч гэлээ ирнэ гэдэгт, маргааш болно гэдэгт бат итгэж чин сэтгэлээр мөрөөдөн маргаашдаа бэлтгэн төлөвлөдөг. Хүмүүн гэгч итгэл үнэмшилээрээ, сэтгэлээрээ амьдардагийн хамгийн том жишээ бол энэ юм. Маргааш, миний хувьд МАРГААШ их чухал бас хүндтэй өдөр. Хүмүүс ярьдаг даа. Тавийн талыг насалчихлаа гээд л. 25 насанд их ач холбогдол өгнө. Харин би тэгээгүй. Би өчигдөрхөн мэт тод санаж байна. 25 нас хүрсэн өнгөрсөн жилийн тэр өдрийг. Амьдралд минь их олон өөрчлөлт ухаарлыг авчирсан 25 нас минь. Би тэр өдөр маш олон зүйлийг мөрөөдөн маш олон зүйлийг төлөвлөн байсан ч зүгээр л даруухнаар үдсэн юм. Гэвч 2012 оны 5 сарын 21ны тэр өдрөөс хэдхэн сарын дараа миний амьдралд ахин өөрчлөлт гарсан юм. Хэдийгээр төрсөн өдрөөрөө мөрөөдөн байсан мөрөөдлүүд хийсэн одохыг, хүслүүд минь замхрахыг харах хэцүү, асар хэцүү байсан ч гэлээ би бүх зүйл төлөвлөгдсөн гэдэгт л итгэсэн дээ. Алдалгүйгээр урагшилдаггүй энэ хорвоод алдаан дээрээ суралцан би босож өөрийн шийдвэртээ үнэнчээр хандан урагшилж байна. Хүний амьдрал хүссэнээр болдоггүй гэдгийг ухааруулсан, болохгүй зүйлийг болгох гэж хий дэмий хичээх хэрэггүйг ухааруулсан 25 насаа би МАРГААШ үднэ. Нэг мэдхэд нисэн ирсэн 26 насаа угтан авна. Сэтгэлд минь баяр гуниг жинхэнээсээ хослон байна. Цаг хугацаа яасан хурдан өнгөрдөгийг энэ л өдөр би чин зүрхнээсээ мэдэрч байна. Цаг хугацааг зогсоох ямархан ч арга байхгүй тул маргааш гэж хойш нь тавилгүй эрдэнэт биеийг төрүүлсэн ээжий, аавыгаа баярлууллаа. Баярлууллаа гэж дээ, намайг л сайн явахыг харахдаа баярладаг болохоор ажлаа л сайн хийлээ. Тийм ээ, ээжий аавынхаа төлөө ажлаа сайн хийе. Өө нээрээ ээжий аав, эгч дүүгээс минь дутахааргүй баяр гунигийг минь хуваалцаж үргэлж дэргэд байдаг найзуудтайгаа МАРГААШ чин сэтгэлээ дэлгэн нэгэн оройг хамт үднэ. Яасан сайхан вэ? Би анх удаа л ийнхүү мэндэлсэн өдрийн баяраараа найзуудаа урин тэднийгээ цуглуулах гэж байна. Ямар ч архи дарсгүй, сайхан Монгол хоолоо зооглон бид чин сэтгэлээсээ уулзана. Өөр юу ч үгүй эрүүл сайхан уулзалт. Гагцхүү сэтгэлээрээ учирна...