Курсийн багш болсон нь
12 жил, 11 сар өмнө

“Идэхийн тулд амьдрах уу? Амьдрахын тулд идэх үү?” номыг минь уншсан хүмүүсээс биеэр ирж уулзаад буюу утсаар олон зүйл асуудаг, зарим нь санал хэлдэг байв. Зарим асуултад нь мэдэх хэрээрээ хариулна, заримыг нь хариулж мэдэхгүй учир мэдчихээд хэсэг хугацааны дараа хариулдаг байлаа. Хэрэгцээ сонирхол ихтэйгээр нарийн мэргэжлийн, танин мэдэхүйн ном хэвлэл уншиж, мэргэжлийн хүмүүсээс асууж, хажуугаар нь өөрийгөө ажиглан тасралтгүй суралцсаар байлаа.

Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн бараг бүх сумдад лекц уншиж явсан минь маш том сургууль болсон. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих сангийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Ч.Отгонбаяр, тус сангийн Баянхонгор аймгийн салбарын тэргүүн, доктор Ш.Чимгээ, тэр үед аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга байсан Д.Сайханцэцэг, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Н.Мэндбаяр, Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ё.Цэцгээ, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Саямаа зэрэг олон дайчин бүсгүйчүүд эрүүл мэндийн хариуцлагын тухай лекцийг хөдөөгийн хөдөлмөрчдөд хүргэх ажлыг зохион байгуулж, Өвөрхангайд аймгийн дэд хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран оролцсоноо дурсахад сайхан байдаг.

Номын минь агуулга цааш баяжсаар байсан болохоор сонирхсон хүмүүст сургалт явуулахаар шийдэж, курсийн хөтөлбөр хийгээд зарласан чинь 10 хүн ирснээр “Зохимжтой хооллолт – Амьдралын чанар” курс 2003 оны 3 сарын 24-нд эхэлсэн юм. Курсийн хөтөлбөрөө Эрүүл Мэндийн Яамны Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын Төвд танилцуулж, 2003 оны 9 сард хамтын ажиллагааны гэрээ байгуулан, хамтран баталсан шинэчилсэн хөтөлбөртэй болсон нь манай ВИП клубын хувьд том дэвшил болсон. Хоол судлалын Төвийн захирлаар ажиллаж байсан доктор Эржена, доктор Өлзийбүрэн, тус Төвийн эрдэм шинжилгээний ажилтнууд, Нийгмийн Эрүүл мэндийн Хүрээлэнгийн захирал доктор Нарантуяа нарт талархаж явдаг юм.

Өнгөрсөн хугацаанд энэ курс бараг л “хагас нууц” байдалд хичээллэж ирсэн бөгөөд 2000 гаруй хүн хамрагджээ.

Учрал, чөлөө нь бүрдэж, цаг нь болсон хүмүүс өмнө нь курсэд суусан хүмүүсийн эрүүлжсэн бодит үр дүнг үзээд, реклам заргүйгээр ирнэ. Телевиз, радио, хэвлэлээр ярилцлага үзэж, сонсоод ирнэ. Тун ялихгүй зүйлийг ойлгочихвол ийм үр дүн гардаг гэж жишээ дурддаг болохоос, курсээ тусгайлан рекламдаж байсангүй. Хүмүүст юм хэлж өгөх явцад би өөрөө улам ихийг сурч байсан учир курсийн агуулга тасралтгүй сайжирч ирсэн. Тийм ч учраас давтан суусан манай олон төгсөгч суух бүртээ сэтгэл хангалуун байдаг байх. Монголчуудын хооллолтын соёл, уламжлал, хүн ба дорно дахины анагаах ухаан, биоэнерги, биомэдээлэл, бие, сэтгэлийг эрүүл байлгахад тусалдаг дасгалууд гэх мэт сэдвүүдээр гүнзгийрсэн дараагийн шатны курсийн хөтөлбөр бэлэн болоод байна.

Жирэмсэн, хөхүүл эхчүүдийн болон хүүхдийн хоолны бие даасан курс 2008 оноос хичээллэдэг болсон.

“Зохимжтой хооллолт – Амьдралын чанар” курсэд суусан хүмүүс “Та өөрөө гэртээ ямар хоол яаж хийж иддэгээ зааж өгөөч” гэж шахаж эхэлсэн. Болохгүй бүтэхгүй гэсэн шалтаг тоочоод, “би хэнээр ч  заалгаагүй, иймэрхүү юмнаас санаа ав” гээд зурагтай, зураггүй ном үзүүлээд суугаад байсан.

Гэтэл ашгүй Цэрмаа гэдэг буянтай бүсгүй “Багш аа надад заагаад өг, зөв хоол хийхийг би хүмүүст заая” гэснээр 2004 оны 11 дүгээр сараас “Эзэгтэйн курс”-тэй болж, өөрөө сурах ажилд минь маш их түлхэц болсон.

Хойш нь тавиад байдаг нарийн ширийн юмнуудыг яалт ч үгүй барьж авах хэрэг гарч, олон янзын хоол ундны жор цэстэй хөтөлбөртэй болов. Зарим нь сувиллын хоолны болон зохимжтой хооллогч гадаад хүмүүсийн номноос будаа идсэн бэлэн жор, ихэнх нь миний шинээр зохиосон жор байлаа.

Тодорхой шалтгаанаар Цэрмаа маань энэ курсийг авч явж чадахаа больчихвоо.

Бас л шавь нарынхаа шахалтаар арга буюу нөхөр, охин хоёроо дайчилж, дахин хичээллүүлсэн юм. Энэ хооронд эрүүл мэндийг дэмжих зохимжит хоолны жор, цэс гэсэн ашигтай загварыг Оюуны Өмчийн Газарт бүртгүүлж, зохиогчийн гэрчилгээг авсан нь хожим их хэрэг болсон.

Энэ курсийн хөтөлбөр мөн л байнга баяжиж байдаг бөгөөд цусны бүлэг ба хоол хүнс, өвчтэй хүний хоол, хүүхэд, жирэмсэн, хөхүүл эхийн болон улирлаар хооллох онцлог гэх мэт сэдвүүдийг бас хөнддөг. Хоёр курсэд маань цөөхөн ч гэсэн хүн сууж, бид ч сонсогчидтойгоо хамт эрүүл амьдрах ухаанд суралцаж байлаа.

Овоо дажгүй зохимжтой хооллодог болж чадсан шавь нар маань “хүүхдүүддээ учрыг нь олж ойлгуулж чадахгүй хэцүү байна. Та туслаач” гэж хүсэлт тавих нь нэмэгдсээр 2005 оноос “Хүүхдийн курс”-тэй болов. Мөн л зөвхөн эцэг, эх, эмээ, өвөө нь манай курсэд суусан хүүхдүүд ирж, хаалттай хүрээнд хичээллэдэг. 5-11, 12-15 гэсэн насны ангиллаар хичээллэдэг эдгээр сонсогчид шиг сайн сурагч байдаггүй бөгөөд эд нар маань тэр даруйдаа эргэлт буцалтгүйгээр зохимжтой хооллогч болж чаддаг нь үнэхээр урамтай.

Сэтгэлийн мөн чанарыг би тэднээс сурдаг.

Хүүхдүүдээс гадна хөдөөний малчин сайхан монгол хүн элдэв хогон мэдээллээр бохирдоогүй байдаг тул зөв юмыг зөвөөр хүлээж аваад, элдвээр шүүмжлэлгүй, дэмий эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр буруугаа даруй засаж чаддаг учир эрүүл болох нь төдий чинээ хурдан бөгөөд буруу зуршилдаа дахин автдаггүй. Үүнийг би хөдөө орон нутагт ажиллахдаа хардаг.

Өндөр боловсролтой гэгдэгч хүмүүс тэднээс илүү их бартаатай замыг туулан үр дүнд хүрч байгааг би бас хардаг.

Ийм ялгаа юунаас болдог юм бэ гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирдэг бөгөөд эхэндээ учрыг нь олдоггүй байсан. Харин одоо бол нилээд ойлгомжтой болж эхэлж байна.