Корпорацийн дотоод хурлыг шинэлэгээр зохион байгуулах зөвлөмж
11 жил, 8 сар өмнө

Хамгийн их нойр хүргэж удаан сунжирдаг урт хуралыг шинэлэг сонирхолтой, үр дүнтэй болгохыг хүсвэл доорх зөвлөмж танд хэрэг болно.

 

(Хувийн туршлага, ажиглалтанд үндэслэн бичсэн болно)


ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ:
Хөтөлбөрийг боловсруулахдаа лекц яриа (15 минут) + сэргээх сонирхолтой үйл ажиллагаа (5 минут) + лекц яриа + интерактив мэдээлэл гэх мэт өрөх байдлаар боловсруулвал үр дүнтэй байдаг.

БЭЛТГЭЛ АЖИЛ

  1. Зохион байгуулах газраа сонгох: Аль болох шинэлэг уур амьсгал төрүүлэхүйц газар сонгох. Хүнийхээ тоонд тохируулж сонгох. Өмнө нь тогтмол хурлууд хийж байсан газраас татгалзах нь зүйтэй. Нөгөө л 1 хурал гэсэн сэтгэгдэл анхнаасаа төрчихнө.
  2. Тайз засалт: Том хулдаасан хэвлэлээр фон хийх, компанийн туг болон Монгол улсын далбаа зэргийг ард байрлуулж өгөх нь сүр өруулж өгдөг.
  3. Орчинг тохижуулах: Корпорацийн хийж бүтээсэн зүйлээр жижиг үзэсгэлэн гаргах, үйл явдлын болон түүхэн зургуудаар фото зургийн үзэсгэлэн гаргах, корпорацийн түүхтэй холбоотой сонин содон түүхэн эд зүйлс, дурсгалын зүйлс зэрэгийг байрлуулах. (Жишээ нь: анхны шан татаж байсан хүрз, анхны үүсгэн байгуулагч хүмүүсийн зураг) (Энэ оролцогчдыг уйдаахгүй байх, сонирхолыг татах, бахархал төрүүлэх сэдэл болно.)
  4. Хөтлөгч бэлтгэх: Эрэгтэй, эмэгтэй мэргэжлийн хөтлөгч бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ сайн бэлтгэсэн хөтөлбөр хөтлөгчгүйгээр ар араасаа хөврөх маягаар бас зохион байгуулах хэлбэр бас бий. Муу хөтлөгч үйл ажиллагааг улам нуршуу болгодог.
  5. Индэр бэлтгэх: Албан ёсны индэр бэлтгэж, индэрийн урд корпорацийн лого, тэмдэгийг байршуулж өгснөөр илүү хүндэтгэлтэй харагддаг. Заавал индэр дээр зогсож ярих шаардлагагүй ч индэр байх нь зүйлтэй.
  6. Нийт ажиллагсадыг урих: Урилгыг тараах, эсвэл биечлэн урихдаа анхнаас нь оролцогчидод албан ёсоор зарлаж сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Урилга тараавал хөтөлбөрөө хавсаргах, урилга тараахгүй биечлэн урьж байгаа тохиолдолд компанийн удирдлагууд өөрсдөө амаар урих, хөтөлбөрөө танилцуулах зэрэг нь ажилчидад сэтгэгдэл төрүүлж эхнээс нь л сэдэлжүүлж өгдөг.
  7. Шагнал гардуулах ажиллагаа: Төрийн болон төрийн бус байгууллагаас тухайн компанид болон компанийн ажилтануудад шагнал тодорхойлуулж хуралын үеэр гардуулснаар ажилтануудад бахархах сэдэл болно.
  8. Компанийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулах: Тухайн хуралыг компанитай холбоотой ямар нэгэн тэмдэглэлт, түүхэн өдрийг тохиолдуулан хийвэл зүгээр байдаг.
  9. Мэдээ/ПР ажил: Шаардлагатай гэж үзвэл хурал зохион байгуулж байгаа тухай мэдээг телевиз, сонингуудад өгч болно.


ЭХЛЭЛ

  1. Машины зогсоол: Болох газрынхаа машины зогсоол зэргийг бас харгалзаж үзнэ. Зогсоолыг зохицуулж өгөх, зогсоол хүрэлцэхгүй бол таксигаар ирэхийг сануулах хэрэгтэй. Анхнаанаасаа машин тавих зогсоол олдохгүй бухимдалтай хурал эхлэчихвэл уур амьсгал эвдэрнэ гэсэн үг.
  2. Угтах орчин: Хүндэтгэлтэй болгохын тулд улаан биш юмаа гэхэд хивс дэвсэж дээгүүр нь алхуулсанаар оролцогчидод хүндэтгэлийн сэтгэгдэл төрнө.
  3. Угтагчид: Угтагч бүсгүйчүүд эсвэл удирдлагууд өөрсдөө ажилтануудаа үүдэнд угтаж гар барьж оруулснаар ажилтануудад сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Хуралын уур амьсгал анхнаасаа л сайхан болно гэсэн үг.


ӨРНӨЛ

  1. Видео үзвэр: Холдингийн видео шторк, видео танилцуулга, ажилтан ажиллагсадын видео сэтгэгдэл зэргээр нэтрүүлэг бүтээх үзүүлэх.
  2. Хүндэтгэлийн мэндчилгээ: Олны танил хүмүүсээр урьдчилан видео мэндчилгээ бичүүлж авч хурлын дундуур үзүүлж гэнэтийн бэлэг болгох.
  3. Удирдлагууды үг: Кордорацийн алсын хараа, үнэт зүйл, карьерийн шатлалыг танилцуулах, гол нь компанийн өсөн дэвжих зөн алсын харааг нийт ажилтануудад тод томруунаар ойлгуулах нь чухал.
  4. Дуу хуур: Олны танил хамтлаг дуучидаас урьж оролцуулах.
  5. Хүндэт зочин: Бас олны танил хүнээр үг хэлүүлвэл хүмүүс их чухлаар хүлээж авдаг.
  6. Туг гардуулах ёслол: Байгуулагын андгай өргөх ёслол, эсвэл туг гардуулах ёслол хийх. Корпорацийн тугийг бүтээж бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудад албан ёсоор гардуулж өгөх.
  7. Төрсөн өдөр: Тухайн өдөр нь ажилтануудын төрсөн өдөр байгаа эсэхийг нягталж үз. Хэрвээ байвал тухайн ажилтанд гэнэтийн бяцхан бэлэг барьснаар нийт ажилтануудад дотно сэтгэдэл төрүүлж чадна.
  8. Хөгжөөнт тоглоом: Хурлын уур амьсгалыг задлах зорилгоор хөгжөөнт тэмцээн, уралдаант тоглоом зохион байгуулж болно.


ТӨГСГӨЛ

  1. Архив бэлтгэх: Нийт үйл ажиллагааны хүрээнд фото, видео сурвалжлага бэлтгэх хэрэгтэй. Компанийн ажилтануудаас компанийхаа тухай бодож явдаг сэтгэгдэлийг нь видео бичлэг хийх, өдөр тутмын үйл ажиллагааг видео болгож нэвтрүүлэг оруулж өгвөл ажилтануудад маш хөгжилтэй дотно сэтгэгдэл төрүүлж, хурлын уур амьсгалыг халуун дотно болгодог.
  2. Гэнэтийн бэлэг: Сонин содон гэнэтийн бэлэг барих, уралдаан зарлах, өмгөмжлөл шагнал олгох гэх мэт.
  3. Хүндэтгэлийн зураг авалт: Нийт ажилтанууд болон алба хэлтэсээрээ зурагаа даруулах боломж олгох. Хамт олны зураг дээрээ уриа үг, компанийн логог эвлүүлж ажилтануудын тоогоор угаалгаж, жаазлаад нийт ажилтануудад дурсгал болгож өгвөл маш гоё дурсгал болно. Мэдээж тэр зургийг хамгийн хүндэтгэлтэй газараа байршуулж өдөр бүр харагдаж байх нь дамжиггүй.
  4. Бэлэг дурсгалын зүйл гардуулах: Хурал тарах үед, холдингийн жижиг тэмдэг, логотой будболк, бал, тэмдэглэлийн дэвтэр гэх мэт бэлэг дурсгалын зүйлс гардуулж өгснөөр мөн л компаниа дурсах код үлдээж байна гэсэн үг.
  5. Хүлээн авалт: Халуун хоол, дарс, зууш эсвэл цай, жигнэмэг бэлтгэж болно.


СУЛ ЦАГИЙГ АШИГЛАХ (завсарлага, хий цагийг хийх зүйлтэй байлгах)

  1. Фото зургийн жижиг үзэсгэлэн гаргах
  2. Корпорацийн үйл ажиллагаатай холбоотой үзмэр бэлтгэх.
  3. Фото зураг шууд угааж өгөх үйлчилгээ

"Нью Медиа Маркетинг" ХХК
Гүйцэтгэх захирал Ж.Лувсандорж 

Жишээ болгож Нью Медиа Маркетинг компанийн 1 ойн баярын хуралын бичлэг орууллаа.