Итгэх, үл итгэхийн суурь тавигдах үе (0- 1 нас)
10 жил, 11 сар өмнө

Нярай хүүхдийн амьдралд хүний ойр дотно харилцаа ус агаар мэт хэрэгтэй учраас тэднийг өдөрт хэд хэдэн удаа тэвэрч, инээмсэглэн харж, энхрийлэн хөхүүлж, бүүвэйлэн ярилцаж байх нь чухал.
Судлаач Э.Эриксоны үзэж байгаагаар 0-1 насны үед хүүхдэд хүрээлж буй ертөнцөд итгэх эсвэл үл итгэх хандлагын суурь тавигдаж эхэлдэг байна. Энэ нь юуны түрүүнд түүний ээжийн сэтгэл санаа, хүрээлэн буй орчин нь хэр зэрэг амгалан тайван, аятай байгаагаас шалтгаалдаг ажээ. Хэрвээ энэ үед ээжийн сэтгэл санаа тайван байвал хүүхдэд ертөнцөд итгэх хандлагын суурь бий болдог байна. Харин энэ үед ээжийн сэтгэл санаа тайван бус байвал хүүхдэд ертөнцөд үл итгэх хандлагын суурь бий болох сөрөг талтай. Энэ нь түүний цаашдын хөгжилд тодорхой хэмжээний сөрөг үр дагаврыг бий болгох тул анхаарууштай.
Сэтгэцийн хөгжлийн хувьд 0-1 насанд хүүхдийн хүртэхүй хөгжих таатай үе бөгөөд “70 чавганцын ажил” хийж юмсын шинж чанарыг таних процесс идэвхитэй явагддаг. Тиймээс харсан бүхнээ барьж үзэх, амандаа үмхэх зэрэг үйлдлийг хийдэг. Гэвч эцэг эхчүүд - наадах чинь муухай, үмхэж болохгүй, - битгий... хагалчихна, - хүүе болохгүй гэх мэт “болохгүй”, “болохгүй” гэж баахан л болохгүйг ярьж, өсөж хөгжиж буй ой ухаанд нь болохгүйн үрийг суулгадаг. Энэ нь хүүхдэд багаас нь болохгүй, бүтэхгүй, би чадахгүй гэсэн өөртөө үл итгэх үзлийг төлөвшүүлэх үндэс болж өгдөг. Тэгвэл энэ насан дээр нь хүүхэд барьж болохооргүй, хагарах зүйл байвал түүний гар хүрэхгүй газар тавих /бүр дээр/, муухай үмхэж болохооргүй тоглоомыг нь угааж цэвэрлэх, хүүхдийн өрөөг байнга цэвэрхэн байлгах, гарыг тогтмол угаан, барьсан зүйлээ чөлөөтэй үзэн, үмхэх, харах боломж олгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гэрээ хүнд таалагдах гэж биш хүүхдэдээ тохиромжтойгоор эд зүйлсээ байрлуулах, хүрч болохгүй зүйлийг хураах зэрэг арга хэмжээ авсан нь дээр. Таны хүүхэд хүссэнээ авч үзэж, харж, үмхэх нь хүүхдийн тань хөгжилд сайнаар нөлөөлнө. Тийм учир хүүхдийн шууд хүртэн мэдрэх үйлийг нь зөв зохион байгуулан таван мэдрэхүйн /харах, сонсох, үнэрлэх, амтлах, шүргэх/ хөгжилд онцгой анхаарах нь зүйтэй.

Ж.ХОРЛОО
Хүүхдийн хөгжил судлаач