ИРЭЭДҮЙ СУДЛАЛ
Улаанбаатар хотод 1970-аад оны эхээр “Экар” од дэлхийг мөргөж сөнөөнө гэсэн цуу яриа тархжээ. Тэр үед үймсэн олон гэртээ яаран орж чемодандаа хувцасаа хийж, хүүхэд хөгшдөө дагуулж хаашаа ч юм явж байснаас гадна зарим нь эхнэрээ хуурсан тухайга хэлж байсан гэдэг. Хамгийн гол нь дэлхий сөнөх гэж байхад тэд хаашаа яарсан юм болоо? Хүн төрсөн цагаасаа л тээж ирсэн “ирээдүйдээ сайхан амьдрана” гэсэн итгэл үнэмшил нь амьдрах урам зориг өгч зовлон бэрхшээлийг давах хүчийг хайрладаг ч харин ирээдүйгээ тооцохгүй байх нь бэрхшээлийг бий болгож байдаг нь харамсалтай. Гэвч бидний хийж буй үйлдэл бүрт ирээдүйн сэтгэлгээ ажиглагдаж байдаг. Хөгшин хүнд сандал тавьж өгөх, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах, боловсрол эзэмших, насныхаа ханийг сонгох зэрэг олон үйл явдалд бид ирээдүйг харсан сэтгэлгээгээ ашиглаж байдаг. Хөдөө аж ахуйн гэгдэх өмнөх зуунуудад суралцах цаг хугацааны чиг өнгөрсөн үедээ хамаатай байсан. Хүмүүс хэрхэн үр тариа тарьж, хурааж авах, хадгалах аргаа эмээ, өвөө, аав, ээж зэрэг туршлагатай хүнээсээ асууж суралцах боломжтой байлаа. Аж үйлдвэрийн зуунд ч энэ байдал үргэлжлэв. Харин хүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч байгаагүй мэдээллийн технологид суурилсан мэдээллийн зуун гарч ирснээр аав, ээж, эмээ, өвөө буюу өнгөрсөн үеийнхээ туршлагаас судлах хэрэгцээ багасаж, ирээдүйгээс суралцах шаардлагатай боллоо. Хэрэв ирээдүйг харж, ирээдүйгээс суралцахгүй бол энэ зуунд тохиолдох гэнэтийн их аюулыг та хэрхэн давж, угтан ирж буй санаанд оромгүй боломжуудыг хэрхэн ашиглах билээ.
Германы сэтгүүлч Роберт Жанк нийгмийн асар том алдаануудтай тэмцэхэд бүх амьдралаа зориулжээ. Тэрээр залуу байхдаа Нацист намын тэргүүн Адольф Гитлерийн эсрэг олон түмний хүчийг нэгтгэхийн тулд сонины өгүүлэл бичдэг байв. Дэлхийн хоёрдугаар дайнд Герман ялагдсаны дараа Жанк атомын бөмбөгийг аймшигт муу ёрын зүйл гэж үзэх болов. Тэрээр цөмийн зэсгийг эсэргүүцэн дэлхийг тойрон аялсан байна. Дараахан нь түүний үзэл бодлыг үндсээр нь өөрчилсөн нэг зүйл болов. 1960-аад онд Японд байхдаа тэрээр Хирошимад атомын бөмбөг хаяснаас болж хорт хавдар туссан нэг хүнтэй уулзжээ. Тэр хүн “Чи одоо атомын бөмбөгний эсрэг тэмцэж байна. Гэхдээ оройтжээ. Чи дандаа л өнгөрсөн хойно тэмцлээ эхэлдэг хүн юм” гэж харамсангүй хэлсэн гэдэг. Жанк Германд нацистууд хүчээ авсан цөмийн зэвсэг бүтээгдсэн гэх мэт аль хэдийнээ “болоод өнгөрсөн зүйл”-ийн эсрэг бүх насаараа тэмцэж байснаа гэнэт ойлгожээ. Хүмүүс урьдчилан сэргийлж чадаагүй учраас эдгээр үйл явдал тохиолдсон юм. Иймээс “бид маргаашийн хямралаас сэргийлж, гай гамшгаас зайлсхийхийн тулд өнөөдөр ямар нэг юм хийх ёстой. Бид хүмүүсийг цагаас нь өмнө сэрээх ёстой” гэж бодсоноор ирээдүйг судлаж эхэлснээр ирээдүй судлаач болсон байна.
Орчин үеийн нийгэм өндөр өрсөлдөөнтэй учраас насанд хүрч, боловсорч амьдралын захтай залган ажил төрөлтэй болонгуутаа урьдчилан төлөвлөгөөтэйгээр бодож эхэлнэ.
Нас залуу цус шингэн үедээ боломжоороо мөнгө хадгалж эхэлдэг нь ирээдүйдээ баталгаатай амьдрах шинээр бизнес худалдаа хийх, насны эцэст хөдөлмөрийн чадвар буурахаараа хангалттай сайхан амьдрахад томоохон түлхэц өгдөг. Ийм учраас ирээдүйгээ нарийн тооцож, судлах шаардлага бий болдог. Улс төр нийгмийн системийн нарийн мэдрэг байдалтай адил хүн үйл явдал, үг хэллэгт хэрхэн хандаж байгаа нь ирээдүйн асар олон өөрчлөлтөд дам утгаар нөлөөлнө.
Заримдаа таны хэрэггүй зарцуулж буй хэдэн минут хэдэн жилийн дараах олон тэрбум төгрөгийн гэрээнээс хоцрох, насны эцэст үр хүүхэддээ “сүүлчийн үгээ хэлэх” хугацаа ч хүрэлцэхгүй хэмжээнд хүргэж болох талтай.
1914 онд Сараевогийн Балкан хотод Австрийн ханхүү Фердинанд алагдсан нь үүний тод жишээ. Хэрэв ханхүү Фердинанд Сараевод ирэхээс татгалзах ямар нэг нөхцөл байдал бүрдсэнсэн бол энэ аллага гарахгүй байх байсан. Нэгэнт тэр тэнд очсон гай болоход жолооч нь нэгэн зоогийн газрын үүдэнд зогссон, тэгээд тэнд нь нэгэн серб оюутан урьд аллага хийх оролдлого бүтэлгүйтсэнийг бодон сэтгэл засах санаатай сууж байсан нь ёстой аз таарсан гэлтэй. Гаврило Принцил хэмээх тэр оюутан санаандгүй байхад нь өөрөө хүрээд ирсэн энэ боломжид цочирдсон боловч босон харайж, буугаа цэнэглэн ханхүүг алах ухаантайгаа байлаа. Энэ нь шууд дэлхийн нэгдүгээр дайнд хүргэх үйл явдлуудын гижин хэлхээний эхлэл болсон билээ. Энэ дайн нь Оросын хувьсгал гарах нэг шалтгаан болж, улмаар коммунизмыг өндийлгөж, хорссон Германчууд нацизмыг талархан дэмжихэд хүргэсэн юм. Эдгээр нь цаашлаад дэлхийн хоёрдугаар дайнд хүргэж, үүний үр дүнд атомын бөмбөг дэлбэрсэн. Энэ үйл явдалд цочирдсон эрдэмтэд удирдагчдад ирээдүй судлах арга зүйг боловсруулах шаардлага бий болж, эрчимтэй хөгжсөн билээ. Өдгөө ирээдүй судлал нь ирээдүйн эдийн засаг, бизнес, ирээдүйн технологи, ирээдүйн нийгэм зэрэг маш олон салбаруудыг судалж ирээдүйн боломжийг харж, аюулыг багасгаж байна.
Нийгмийн ухааны салбар ирээдүй судлалын шинжлэх ухаан нь өнгөрсөн одоог системтэйгээр ойлгон судлаж, ирээдүйн хандлагыг тогтоох аргуудыг голчлон ашиглаж хамгийн зохистой, биелэж болохуйц дүр төрхийг уудлан гаргадаг. Үүндээ хүрэхийн тулд олон нарийн аргачлалыг ашигладаг юм. Ирээдүй судлал бол өчигдөр, өнөөдрийн өөрчлөлтүүдийг шинжлэн, нэгтгэн дүгнэж, ирээдүйн төрхийг гарган стратеги боловсруулж, ирээдүйгээ өөрчлөх талбар юм.
ИРЭЭДҮЙ СУДЛАЛЫН ТҮҮХ
Ирээдүй судлалын тухай бодит үндэслэлүүд 19-р зуунд тавигдсан гэж үздэг. Өнгөрсөн үеийн нийгмийн өөрчлөлтүүдийн загваруудыг судалдаг макро түүхчид судлаачдын судалгаанаас харахад бүр МЭӨ 145-90 онд Су Ма Чень анх ирээдүйн тухай үзэл санааг илэрхийлж байжээ.
Дэлхийн нэг хоёрдугаар дайны дараа ирээдүй судлалын шинжлэх ухааны үзэл баримтлал боловсруулагдаж, хөгжлийн суурь тавигдсан юм. Тухайн үед ирээдүй судлалыг хөгжүүлэх цэрэг зэвсэг, технологи, улс төр, геополитикийн шаардлага ч бий болсон байлаа.
1932 онд ВВС радио сувгаар ирээдүй судлаач Х.Г.Уэльсыг зочноор урьж ирээдүйн тухай анх яриулсан байна. Уг үйл явдал орчин үеийн академик ирээдүй судлалын хөгжлийг зөгнөж байсан гэлтэй.