Ирээдүйн саятанг хүмүүжүүлэх ухаан
13 жил өмнө

Угаас түмний төлөө сэтгэл гаргаж түмний төлөө үйлс бүтээсэн хүн баяжиж хөлжиж саятан болдог хуультай. Ирээдүйн саятанг өсгөхийн тулд аав ээжийгээ, ахан дүүсээ, хамаатан саднаа, хүн ардаа, эх орноо гэсэн үзлийг суулгаж өгөх ёстой. Хүн хэзээ ч ганцаар амьдардаггүй гэдгийг ухааруулбал зохино. Хүн нийгмийн дунд, түмний дунд амьдардаг. Бусдын хийсэн бүтээснийг хэрэглэж бусдаас тусламж авч амьдардаг. Хүн хичнээн эрдэм боловсролтой боллоо ч ганцаараа гэр орноо бариад, бүх хувцас хунар, хоол хүнсээ үйлдвэрлэх боломж байхгүй.

            Гэтэл өөрөө юу ч хийж бүтээхгүй, дандаа бусдын хийсэн бүтээснийг авч амьдрах юм бол тэр хүүхэд ядуу зүдүү амьдарна. Харин бусдаас авч байгаагаас илүүг бусдын төлөө хийж байж саятан болдог номтой. Хүүхдийг шударга, журамт нэгэн болгон өсгөвөл тэр хулгай хийхгүй. Хулгай хийх гэдэг нь бусдын төлөө юм бүтээхгүй байж бусдын юм бүхнийг авч хэрэглэхийг хэлдэг. Хулгайч хүн, хулгайч удам, хулгайч ард түмэн өөдөлдөггүй. Хэрэв хүүхдээ бусдын төлөө цохилох зүрхгүй нэгэн болгон өсгөвөөс таны тэтгэврийн мөнгөнөөс гуйх, орон байранд чинь ажилгүй архайж хэвтэхэд гайхах зүйлгүй. Хэнээс ч хулгай хийхгүй, хэнийг ч гомдоохгүй ажиллаж амьдарч чадах хүүхэд өсгөвөөс та саятан өсгөсөн гэдэгтээ итгэлтэй байж болно.

            Саятан хүн цагийг дэмий балай зүйлд огт үрдэггүй. Тэгэж чадаж гэмээнэ тэр саятан болдог. Гэтэл цагийг дэмий зүйлд үл үрэх ухамсар сэтгэхүйг тэр том болоод гэнэт олж авдаггүй ба хар багаас нь суулгадаг юм. Хэрэв та ирээдүйн саятан хүүхэд хүсч байвал яг одооноос урлаг соёлын нарийн мэдрэмж бас суулгаж өгөөрэй. Тэгвэл тэр хиртэй залуучууд архитай амаар хашгирч, тамхины утаан дунд хөвөх баар цэнгээний газар, эсвэл авъяас чадваргүй дэмий дуучдын шоу гэх мэт наад захын балай юмсад цагаа хэзээ ч үрдэггүй нэгэн болдог. Үзэгчид рүү дунд хуруугаа гозойлгож, хиртэй хувцасны эхүүн үнэр танхимаар тарааж, үрчгэр гутлаар тайз дэвсэж, авъяасгүй хоолойгоо шахан хашгирах тийм зүйл үзэн цаг хэзээ ч үрэхгүй. Энэ бол нэг жишээ. Ерөнхийдөө танай хүүхэд хийж бүтээхээс бусад зүйлд цагаа үрэхгүй нэгэн болж өсөх тэр үед л та саятан хүмүүжүүлж байна гэдэгт сая итгэлтэй байж болно.

            Гоо зүйн мэдрэмж нь сул байхын хэрээр хүүхэд муу муухай бүхэнд амархан уруу татагддаг. Тамхи татах, архи дарс уух, олон цагаар чалчиж суух, өдрийг ямар ч үр бүтээлгүй өнгөрөөх, гадуур тэнэх, дээрэм тонуул хийх, зодоон цохионд орооцолдох, биеэ үнэлэх, бохир заваан бие хаа, хувцас авч явах, үг сөрөн өрвөлзөх, эцэг эх ахмад хүмүүсийг хүндлэхгүй харьцах, эсрэг хүйстэн рүүгээ бүхнээ мартан тэмүүлэх гээд хүний хийж бүтээх үнэт цагийг хулгайлсан зүйлст өдрийг өнгөрөөвөл мэдээж баян болох мөрөөдөлтэйгөө насыг барна.