Ижий аав хоёрын минь хайр
13 жил, 1 сар өмнө

Алаг хорвоо дээр хүн болж төрөөд, хайрт ижий аав хоёрынхоо хайр халамжинд бөмбөрч явсаар насанд хүрсэн том хүн боллоо. Хүн болж төрсөн юм болохоор бусдын л адил амьдралд хөл тавьж, залуу хүний омголон зангаар бүхнийг өөрийнхөө бодож санаж байгаагаар хийхийг хичээж, өөрийн хийж бүтээсэн бага ч болов зүйлээ харан урамшиж, цаг хугацааг зорилгогүй өнгөрүүлбэл бухимдах сэтгэл төрж, хүний туулах ёстой амьдралын замд ороод явж байна.

Болохгүй бүтэхгүй зүйлүүд гарах бүр амьдралын хүнд хэцүүд бууж өгөлгүй, итгэл найдвараа алдалгүй, өөдрөгөөр тэмүүлж амьдрах хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулан, тэр хэрээрээ амьдралыг ойлгож, ухаан, тэвчээр хатуужил сууж байна.

Оюутан болсон цагаас хойш сонирхолдоо хөтлөгдөн амьдралын мөн чанар, хүний мөн чанар, аз жаргалтай амьдралын талаар бага боловч уншиж, судалж, олж мэдсэн зүйлээ бясалган боддог байсан. Өдөр тутмын амьдралд болоод өөрт тохиолдсон бэрхшээлүүдийг амжилттай даван туулахын тулд уншиж мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх гэж, өөрийн сэтгэл зүйгээ удирдаж сурах гэж хичээдэг байсан.

Үүний ачаар би амьдралдаа тохиолдсон жаахан ч гэсэн бэрхшээлүүдийг өвдөг сөхрөлгүй даван туулж чадсан. Хойшид амьдралд маань тохиолдох ямар ч бэрхшээлийн өмнө бууж өгөлгүй давж гараад, цааш өөртөө итгэлтэйгээр, сэтгэл өөдрөг амьдарч болдог юм байна гэдгийг ойлгож мэдэрсэн.

“Кунфу панда” гэдэг кинон дээр их багш мэлхий “Өнгөрсөн зүйл ул болж, ирэх цаг хаагдана. Тиймээс одоо цаг бол хишиг юм. Одоо цаг бол жинхэнэ цаг.” гэж хэлдэг. Тиймээ өнгөрсөн зүйлийн сайн сайхныг нь дурсамж болгон хадгалж, болохгүй бүтээгүйгээс нь сургамж аваад өнгөрсөн цагт нь орхих хэрэгтэй. Өнгөрсөн зүйлийг сэтгэлдээ тээн одоогийн болон ирээдүйн амьдралаа сүүдэрлэх хэрэггүй.

Яг одоо та сэтгэлээ санаа зовнил, айдас түгшүүр, бухимдал, гомдол хорсол, үзэн ядалтаар дүүргэж өвчлүүлэлгүй, хүүхдийнх шиг гэгээхэн хөнгөн байлгаж, таны нүд аз жаргалтайгаар гэрэлтэж, нүүрэндээ сэтгэлийн угаас инээмсэглэл тодруулан амьдрах хэрэгтэй.

Ингэж амьдрахын тулд амьдралдаа зоригтойгоор ухаалаг шийдвэрүүд гаргаж, бүхнийг уучилж өршөөж, хайрлаж, өөрийгөө болоод амьдралыг танин мэдэж, өөртөө итгэлтэйгээр, өөдрөгөөр, ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. 

Амьдралын замаар явж байгаад хүн бүрийн хайр  ижий аавын минь хайртай адилгүйг мэдрээд, ижий аав хоёрынхоо дуусашгүй агуу их хайрыг гэнэт санан, ухаарч, та хоёрыгоо илүү ихээр хайрлах сэтгэл төрөв.

Хүү нь та хоёрынхоо хайрыг мэдэрч өссөн болохоор аз жаргалтай амьдрах нь гарцаагүй.